Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дүнжингарав”-ыг цуцалж эр бяраа нэг гайхуулаач, улстөрчид өө


Б.ЦЭДЭВСҮРЭН

Морьдын хөлд хайлсан цас шороотой холилдон хурдан морь болон унаач хүүхдүүдийг “будна”. Хасах хэмийн хүйтэнд салхи сөрөн хурдлахын хэрээр шалбааг хөлдөж хайрах ч уралдаж буй морь, унаач хүүхэд хоёрт болж өгвөл түрүүлэх, болохгүй бол бариандаа дээгүүрхэн орох хүсэл л оволзох аж. 18-20 км энэ байдлаараа хурдалсаар барианд орох сайхан ч морины хөлснөөс авч хийморио сэргээх гэсэн хүмүүс бүчих. Морь бариалсны дараах энэ байдал багахан хэмжээний үймээн аятай. Унаач хүүхдүүдийг мориноос нь татаж унагах гэнэ. Уралдаад ирсэн морийг өргөж явах нь холгүй...

Эхийнхээ хөхнөөс гарч амжаагүй шахуу хүүхдээ хурдан морины нуруун дээр тавиад хацар хайрагдам хүйтэнд уралдуулдаг цэнгэл монголоос өөр газар үгүй. Хурдан морины уралдаан нь төрт ёсны уламжлал, өв соёл хэдий ч түүхийн сурвалж бичгийг сөхөөд үзэхнээ өвөл, хаврын энэ цэнгэл эртнээс бус энүүхэнээс улбаалж буй ч төдийлөн дагуулах сайхангүй ч саар зүйл нь давах. Хавар, өвлийн уралдаан зохион байгууллаа гээд жуулчид монголыг зорьж ирдэггүй. Зохион байгуулж буй орон нутагтаа ч өгөөжгүй. Ганцхан хурдан моринд ухаанаа алдчихсан, хэдэн тэрбумаар нь мориндоо зарцуулдаг, хурдан мориныхоо тоо, амжилтаар зиндаархдаг эрх мэдэлтнүүдийн л зугаа төдий байсаар...

Морины эр бяр бус эрхтэн дархтнуудын эр бяраа үзсэн Дүнжингарав

Жил жилийн өвөл, хавар өргөн уудам тал нутгийн хаа сайгүй зохион байгуулагддаг хурдан морины уралдаануудын хамгийн том нь төвийн бүсийн Дүнжингарав уралдаан. 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болгон зохион байгуулж буй. Хэдийгээр энэхүү уралдааныг зохион байгуулагдсан үеэс нь эхэлж хүүхдийн төлөө байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллага эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэсэн ч найман жилийн хугацаанд зогсоож чадаагүй юм.

Өнгөрсөн жил л гэхэд Хөдөлмөрийн сайдын тушаал хоёрдугаар сарын 8-нд гарч арваннэгдүгээр сараас тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Үүгээр ч зогсохгүй Төв аймгийн Засаг даргаар 2016 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл тус аймгийн нутаг дэвсгэр дээр морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргуулсан. Тус аймагт гэхэд л 2013-2015 онд болсон нийт 235 удаагийн уралдаанд 405 хүүхэд унаж, 55 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр бэртэл авсан гэсэн тоо баримт дээрх захирамжийг гаргуулахад хангалттай үндэслэл байв. Ийнхүү Дүнжингарав төвийн бүсэд зохион байгуулагдах нутаггүй болоод байтал гэнэт л Монголын морин спорт уяачдын холбооны хүсэлтийн дагуу өнөөх Засаг дарга маань гаргасан захирамжаасаа няцаж, Хөдөлмөрийн сайдынхаа гаргасан тушаалыг Засгийн газрын тогтоол гарч хүчингүй болгосноор өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-нд Дүнжингарав уралдаан жам ёсоороо болсон юм.
Гэтэл өнөө жил дахиад л сар шинийн баяр наадмын дараа ирэх сард Дүнжингарав наадмаа хийхээр тов зарлаж, мэдээлээд эхэлсэн тул Хүүхдийн төлөө төрийн бус байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагаас уралдааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байна. Энэ удаагийн УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүнд хамгийн олон уяач багтсан тул үлгэр жишээ үзүүлээд, нэрээ хичээгээд хаврын уралдааныг хийхгүй байх шийдвэр гаргах байх хэмээн найдах хүн ч олон байна.

Хаврын уралдааныг хавчихийн учир

Хаврын гэх нэртэй ч өвлийн тэсгим хүйтэнд сунгаа, үсэргээгээ хийдэг нь унаач хүүхдүүдийн эрүүл мэндэд хортой төдийгүй, хүүхдийн хамгаалагдах эрхийг ноцтой зөрчиж буй. 2008 оноос хойш жил бүрийн 2-3 дугаар сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болон зохион байгуулдаг “Дүнжингарав” уралдаанд их нас, азарга, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны морьд уралддаг. Энэ уралдааны жишгээс харахад нэг хүүхэд дунджаар 2-3 насны морь унаж уралдахаар тооцвол хасах 20 хэмийн хүйтэнд гараа, зурхай, барианд ирэх хүртэл өдөрт 80-100 км замыг морь унаж туулах тооцоо гарна.  Сүүлийн таван жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлсэн тоо байна. Олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдэж, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амиа алджээ. 

Монгол Улсад 560 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 80 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхтэй холбоотой заалт тусгагдсан байна. Гэвч энэ нь хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг хангалттай бүрдүүлж чадахгүй байгаагийн нотлогоо дээрх тоо баримт юм. Монгол Улс нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны Конвенцид 1990 онд, ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай (1999) 182 дугаар Конвенцид 2001 онд, Насны доод хязгаарын тухай (1973) 138 дугаар Конвенцид 2002 онд тус тус нэгдэн орсон ч хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хаврын хурдан морины уралдаан дахь унаач хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, тэдний эрх зөрчигдсөөр байгаатай холбоотой болж байна. Хамгийн сүүлд л гэхэд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Конвенц, Зөвлөмжийн хэрэгжилтийн шинжээчдийн хорооноос Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182-р конвенцийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шууд хүсэлтэд уралдааны морь унах нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд аюултай буюу осолтой гэдгийг дурьдаад, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдүүдийг морь уралдаанчаар ажиллуулахгүй байх тал дээр анхааран дорвитой арга хэмжээ авахыг хүссэн байна. Гэвч энэхүү хүсэлтийг хүлээн авч, арга хэмжээ аваагүй байсаар л байгаа бөгөөд олон улсын байгууллагад гишүүнээр элссэн тусгаар улсын хувьд цаашид “үг хэлэх” эрхээ хязгаарлуулж байгаагаас өөрцгүй хэрэг болж буйг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэнд, эрхийг хамгаалах болон олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд заавал хавар, өвлийн уралдааныг таслан зогсоох шаардлага тулгараад байна.

Хуулиас дээгүүр Засгийн газрын шийдвэр гарч болдгийг найман жилийн турш Дүнжингарав уралдаан батлаад буй. Хэдийгээр хүүхдийн төлөө төрийн бус байгууллагууд хамтран эсэргүүцлээ илэрхийлдэгч Засгийн газрын шийдвэр нэгэнт гарчихсан учраас харьяа газрууд нь ажиллахаас өөр аргагүйд хүрдэг байна. Өнгөрсөн жилийн Дүнжингарав уралдааны үеэр л гэхэд ММСУХ-ноос байгуулсан Зохион байгуулах комисс нийт 14 хоногийн хугацаанд ажиллахдаа Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Төрийн Засгийн аж ахуй үйлчилгээ эрхлэх газар зэрэг 13 байгууллагын 975 хүн, 277 техник хэрэгслийг татан оролцуулсан байдаг. Гэвч “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаанд 300 гаруй уяачийн 729 морийг 350 гаруй хүүхэд унаж уралдсанаас 16 хүүхэд мориноос унаж хоёр хүүхдийн зүүн хөлийн шилбэ хугарсан байна. Мөн тус наадмыг 20 мянган тээврийн хэрэгсэлээр 70 мянга гаруй хүн зорин очиж үзсэн мэдээг Замын цагдаагийн газраас гаргажээ.

Хөл хугаралыг хөнгөн бэртэл гэж хэлж болохгүй биз дээ

Дүнжингарав уралдаан Засгийн газрын шийдвэрийн дагуу болдог учир харьяа байгууллагууд ажиллахаас өөр аргагүйд хүрдэг. Хүүхдийн төлөө байгууллагаас томилогдсон хэн нэгэн тэнд хүүхдүүд хамгаалалтын хувцсаа өмссөн эсэхийг хянаж, бүртгэл явуулдаг. Мөн хүүхэд мориноосоо унасан, бэртсэн эсэхэд хяналт тавьдаг. Гэтэл өнөөх эрхэм үүрэг хүлээсэн хүн маань хүйтэн жаварт “дотроо халаачихсан”, уралдаан зохион байгуулагчидтай ёстой л “дундаа орчихсон” ажлаа хийж байдгийг уралдааныг сурвалжлахаар очсон ямар ч сэтгүүлч хэлэх биз ээ. Нас насны уралдаан бүрийн дараа хэвлэл мэдээлэлийнхэн тэднээс мориноосоо унаж, бэртсэн хүүхдийн тоог авна. Тэд ч дуртай мэдээлэл өгнө. Гэхдээ өнгөрсөн жилийн уралдаанаар л гэхэд 14 хүүхэд мориноосоо унасан ч хоёр хүүхэд хөнгөн бэртсэн хэмээн мэдээлээд өнгөрсөн боловч уралдаан тэмцээний тухай яриа, цастай хамт газар шингээд алга болчихсон үед өнөөх хоёр хөнгөн гэмтсэн хүүхдийн зүүх хөлийн шилбэ хугарсан байж таарав.

Өвлийн уралдааны үеэр хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэлээ бүрэн зэхсэн ч хөлдүү, цасаар хучигдсан газрын хаана үлийний нүх байгааг ч таамаглах аргагүй аж. Тиймээс л өвлийн уралдааны үеэр олон хүүхэд мориноосоо унаж, бэртдэг байна. ХЭҮК-оос гаргасан “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгаанд хурдан морь унаач хүүхдүүдэд толгой болон мөчдийн гэмтэл хамгийн элбэг тохиолддог хэмээн тусгажээ. Энэ нь хүүхэд мориноос унах үедээ толгойгоороо газар харуулдан унадаг, гараараа газар тулж унадагтай холбоотой гэнэ. Мөн уралдааны үеэр нас барж буй хүүхдүүд бүгд тархины гэмтэл авсан байсан нь тогтоогджээ.

Хавар, өвлийн уралдааны үеэр хүүхэд эд эрхтнээ хөлдөөх, осгох байдал элбэг бөгөөд үүнээс үүдэн амьсгалын замын төрөл бүрийн өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг байна. Мөн морь унаач хүүхдүүдийн биед яг тэрхэн үедээ илрэхгүй ч хожим гарах хүндрэл бол уралдааны үеэр дотор эрхтнүүд нь доргисноос гарах хүндрэлүүд, эрэгтэй хүүхдүүд төмсөгөө гэмтээснээс үргүйдэлд хүрэх эрсдэл байдаг аж.  Мөн хүний нүдний шилгүй хүйтэн агаар сөрж давхиснаас хараа муудаж, сохрох хүртэл эрсдэлтэйг судалгаагаар тогтоожээ.

Бяцхан биедээ ахадсан хөдөлмөр эрхэлж, мөнгө олох учиртай гэж үү, ХҮҮХЭД

Бие махбодиороо хохирч ийнхүү хүнд хөдөлмөр эрхлэх хүүхдүүд хэр их цалин хөлс авдагийг ч хүүхдийн төлөө байгууллагууд мэдэхгүй. Тэдний хариулт нь “Биднийг эсэргүүцлээ эрчимжүүлэхийн хэрээр бүх зүйл нууц болж байна” гэсэн.
Өнгөрсөн жилийн өвлийн уралдааны үеэр нэгэн хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага 552 хүүхдээс судалгаа авчээ. Тэдний 44 хувь нь эцэг эхийнхээ буюу өөрийнхөө морийг унадаг гэсэн бол 36,4 хувь нь төрөл садангийнхаа, 23,8 хувь нь мөнгөөр хурдан морь унадаг гэж хариулжээ. Гэхдээ Улаанбаатар хотын Хан-Уул болон Налайх дүүрэг, Төв аймгийн Зуун мод, Зүүндэлгэр сумын судалгаанд оролцсон уралдаанч хүүхдүүдийн хувьд мөнгөөр хүний морь унадаг гэсэн хариулт нь бусад хариултаас илүү хувийг эзэлж, Төвөөс алслагдсан аймаг, сумдын уралдаанч хүүхдүүдийн хувьд өөрийн болон хамаатан садангийн морийг унадаг гэсэн хариулт нь давамгайлж байсан аж. Мөн судалгаанд хамрадсан эдгээр хүүхдийн 87.3 хувь нь сонирхлоороо буюу хурдан морь унах дуртай гэсэн бол 9.2 хувь нь мөнгө олохын тулд хурдан морь унадаг гэсэн хариултыг сонгосон байна.

Хурдан морь унаж байгаа хүүхдүүд нь 6-16 насны буюу бие даан бусадтай хэлцэл хийж, өөрийгөө бүрэн төлөөлөх чадамжгүй насан дээрээ байгаа бөгөөд тэднийг морь унах сонирхол дээр нь үндэслэн түүний эцэг эх, уяач нар хоорондоо тохиролцож, морь унасан хөлсөнд өгөх мөнгийг нь амьжиргааны түвшингээр дунд болон түүнээс доогуур орлоготой эцэг, эх нь авч амьжиргаагаа залгуулдаг нь нэгэнт нууц биш болжээ. Дээрх судалгаанаас харахад унаач хүүхдүүд уламжлалт ёсыг сахиж, өөрийн болон хамаатан садангийнхаа морийг унадаг байлаа гэхэд мөнгө олохын тулд хурдан морь унадаг хүүхдийн хөдөлмөрийн ханш байдаг бол. Эрүүл мэндээрээ дэнчин тавьж, гэр бүлээ тэжээх гэж яваа тэдний хөдөлмөр хангалттай хэмжээнд үнэлэгдэж чадаж байна уу гэдэг дээр хариулт авахаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяачтай холбогдлоо. Тэрээр “Хурдан морь унуулах хүүхдээ найз нөхдөөрөө дамжуулж олж байна. Би найзынхаа дүүгийн хүүхдийг хөлсөөр авч байна. Бага овооны наадамд хүүхдэд нэг удаад морь унуулахад 50,000 төгрөг нөгөө хүн мөнгөгүй бол багадаа 40,000 төгрөг, тэгээд аймгийн наа­дамд айрагдвал хүүхэд өөрөө бай шагналаа авна. Бас 10 дотор орвол 70,000-80,000 төгрөг өгнө. Хурдан морио унуулж байгаа хүн бол 250,000-400,000 төгрөг өгч бай­на. Манай энэ хавьд бол бү­тэн жилийн турш сар бүр 250,000 байдаг. Ер нь 250,000 төг­рөгөөс доош байдаггүй” гэв.

Бүртгэлгүй хүүхдүүд

Хаврын уралдааны хүүхдүүдэд бас нэг хортой тал нь хичээлийн хоцрогдол. Унаач хүүхэд зөвхөн ганц уралдаанд морь унахын тулд хичээлээсээ нэг сарын чөлөө авдаг аж. Ихэнхидээ тасладаг гэхэд болно.

Энэ байдлын талаар нэрээ нууцалсан нэгэн багш үнэн байдлыг өгүүлсэн юм. Тэрээр “...Унаач хүүхдүүдийн тухайд аймаг орны иргэдийн хурлын дарга, аймгийн удирдлагууд л хүүхдийг морь унуулж байгаа нь ажиглагддаг. Тэр даргын морь, тэрний унаач хүүхэд гэх мэтээр яригддаг. Тэгээд яаж хүүхдүүд хохирдог вэ гэхээр хүүхдүүд маш олон хоног, сараар уралдаанд бэлдэхийн тулд сунгаа гэх мэтээр сургуулийн удирдлагад нь хэлж чөлөөлөгддөг, багш нарт чөлөө өгч болохгүй гэж сургуулийн удирдлага хэлдэг мөртлөө хэн нэгэн дарга утасдахад сургуулийн удирдлага менежерийг дуудаж тэр дарга яриад байна тэр хүүхдийг чөлөөлөөд явуул гэх жишээтэй. Эцсийн эцэст сурган хүмүүжүүлэгч хүний зүгээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хэдэн бор төгрөгний төлөө хүүхдүүдээ золиослоод байгаа юм шиг санагддаг. Хожим нь хүүхэд морь унаж яваад тархи толгойны хүнд гэмтэлтэй болох, унаж саажих өвчинтэй болох зэргээр насан туршдаа хохирох вий. Ямар ч мэдлэг боловсролгүй зөвхөн морь унасаар хүн амьдрахгүй шүү дээ...” хэмээн ярьсан.

Унаач хүүхдүүдийг хичээлээс нь чөлөө аваад, таслуулаад явуулах энүүхэн. Үүнээс цаад асуудал нь унаач хүүхдүүдийг сурч байгаа сургуулиас нь шилжүүлж, өөр сумд сургахаар авч явж буй нэрээр бүртгэлгүй болгож, сургууль завсардуулдаг үзэгдэл их болж. Өөрөөр хэлбэл хурдан морио унуулахын тулд тухайн хүүхдийн хаана ч бүртгэлгүй болгож байгаа юм. Энэ үйл ажиллагаанд тухайн хүүхдийн эцэг эхийн оролцоо ч байдаг нь эмэгнэлтэй зүйл.

Мөн сүүлийн жилүүдэд зүүн аймгуудын хилийн ойр сумдаас унаач хүүхдүүдийг ӨМӨЗО-руу авч явж морь унуулдаг тохиолдол бүртгэгдэж байгаа талаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа ярьсан юм. Тэрээр “108 утсанд хүүхдийн эрх зөрчигдөж буй мэдээлэл авдаг болсон. Гэхдээ хаврын уралдааны талаар санал гомдол ирж байгааг хэлж мэдэхгүй байна. Зүүн аймгуудаас ӨМӨЗО-руу унаач хүүхэд авч явж морь унуулж байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Гэвч тухайн нутаг орны Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс судалгаа хийх хөрөнгө мөнгөгүйгээс үүнийг таслан зогсоож, баримт тоотой нийтэд мэдээлж чадахгүй байна” гэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “бялууны том хэсэг” бололтой

“Дүнжингарав” хаврын уралдааныг таслан зогсоох асуудлаар өчигдөр Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг сүлжээ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн, Бүх нийтийн боловсролын төлөө ивээх сан зэрэг төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ. Эдгээр төрийн бус байгууллага судалгаа хийж, зөвлөмж гаргах л эрхтэй. Төр захиргааны байгууллагад хариуцлага тооцох эрхгүй учир хаврын уралдааныг болохоос нь өмнө гарч болох эрсдлүүдийг бодит судалгаан дээр тулгуурлан сэргийлэх, уралдаан зохион байгуулахгүй байх талаар Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох сайдуудад хүсэлт хүргүүлсэн байна.

Төрийн бус байгууллагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд ийнхүү ажиллаж байхад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагын дарга нь аймгуудын салбар хэлтэсүүддээ чиглэл өгсөн ганц бичиг л гаргаж. Хүүхдийн эрх зөрчигдөж буй явдлыг илрүүлэх гол суваг болох 108 утсандаа ирсэн гомдол саналыг ч нийтэд мэдээлж чадахгүй л сууна. Засаг барьж буй намын нөлөө бүхий эрхэмд бэлэг болон очдог энэ байгуулага “бялууны томоохон хэсэг” бололтой.

Удирдаж буй улс төрчийнхөө нэрэнд дагалдаж хаа нэг сонсогддог тус байгууллагыг өнгөрсөн дөрвөн жил АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон И.Нарантуяа удирдсан. Түүнийг намдаа багагүй хөрөнгө оруулалт хийсэн нэгэн гэдгийг хэн хүнгүй ярьдаг. Харин энэ удаа МАН засгийн эрхийг атгаж энэ байгууллагыг залуу насаа намдаа өгч буй нэгэнд бэлэглэсэн. Тэр бол 2000 онд “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, 2003-2004 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, 2004-2005 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын ерөнхий газарт менежер, 2005-2008 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоонд нарийн бичгийн дарга, 2008 онд УИХ-ын Тамгын газрын Бодлогын шинжилгээний хүрээлэнд референт, 2008-2009 онд УИХ-ын гишүүний шадар туслах, 2009-2012 онд НАМЗХ-нд ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН Хэрэг эрхлэх газар Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Ачаа, шуудан терминалын газрын дарга, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Алтансүх юм. Үүнээс харахад жилдээ 1,7 тэрбумын төсөвтэй ч “намын бэлэг” болчихсон тус байгууллага хүүхдийн төлөө хэмээн хэр чанга дугарах нь ойлгомжтой болж байна.
Уг нь олон улсын жишгээр Хүүхдийн төлөө байгууллага хамгийн “том” эрх мэдэлтэй байх ёстой. Хүүхдийн эрхийг зөрчиж буй хэнбэгуайтай ч хариуцлага тооцох хүчтэй байдаг аж.

Гайхамшгийг үзүүлж, хэнийг ч тогтоогоогүй өндөрлөгт хүрээч гишүүд минь

Телевизээр хурдан морины уралдаан гарч байна. Морь мэдэхгүй мань мэт юун УИХ-ын чуулган бэ гэж андуурмаар. УИХ-ын дарга хамгийн олон хурдан удмын адуутай бас хамгийн том цолтой уяач бололтой. Түүний араас хашир туршлагатай уяачид Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Сү.Батболд, Наранхүү гээд л хөвөрч байтал Н.Учрал, А.Сүхбат, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Э.Сумъяабазар гээд л таньдаг нэрс дурайна. Хамгийн залуу гишүүн гэгддэг Д.Гантулга хүртэл Монголын морин спорт залуу уяачдын холбооны ерөнхийлөгч гэх “хурган” сэтэртэй. Тэгээд Ерөнхий сайд маань ч муугүй уяач, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Улаанбаатар хотын дарга, нийслэлийн захирагч Су.Батболд удам дамжсан уяач гээд жагсаалт зурайна. Улсын Ерөнхийлөгч маань хүртэл улсдаа морио түрүүлүүлчихээд байхад эдгээр хүмүүсийг буруутгах гэсэнгүй.

Харин хамгийн олуулаа УИХ-ын танхимд нэгдчихсэн уяачид маань улсын ажилдаа анхаарлаа хандуулж, зугаа цэнгэлээ жаахан хойш тавиад хаврын уралдаануудыг цуцалж, Засгийн газрын шийдвэрийг гаргуулахгүй байвал сүүлийн найман жил хэний ч бүтээж чадаагүй гайхамшиг болно. Хэрвээ тэгвэл хүүхдийн эрх зөрчиж, олон улсын байгууллагуудад хүртэл нүд үзүүрлэгдэх болсон өвөл, хаврын уралдааныг зогсоох шийдвэр гаргасан төрийн түшээдийг магтан сайшаая.




0 Сэтгэгдэл
Eniig bichsen hund salaawch ug. Chi hezeech Mongol soyoliig ustgaj chadahgui
Хамгийн их уншсан