ОУВС аврагч мөн үү
2017 оны 2 сарын 22

-Бусдын тусламж өр болж үлддэг -

Х.ӨЛЗИЙБАЯР

ОУВС бол НҮБ-ын төрөлжсөн ЮНЕСКО, ДЭМБ, Олон улсын шинэчлэл хөгжлийн банк зэрэг бусад байгууллагын нэг. Вашингтонд төвлөрсөн, олон улсын санхүүгийн тогтвортой байдал, олон улсын худалдаа, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах үүрэгтэй.

Гэхдээ ОУВС нь дэлхийн улс орнуудын үндэсний эдийн засгийг хувийн зорилгоо биелүүлэхэд ашиглах барууны капиталын зэвсэг гэгдэж байсан үе бий.
1947 оны гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн тус байгууллага нь 1945 оны арванхоёрдугаар сарын 27-нд байгуулагдсан гэдэг. Түүхийнхээ хугацаанд энэ байгууллага олон улс оронд эдийн засгийг нь хөгжүүлэхэд “тусалсан”. Гэхдээ ОУВС-гийн зээлийг авч, зөвлөгөөг авсан олон орон байж боломгүй байдалд орсныг хэлэх хэрэгтэй.

ОУВС дэлхийн улс орнуудын үндэсний эдийн засгийг хэрхэн захирч байдаг талаар  Америкийн санхүүч Жон Перкинс “Эдийн засгийн алуурчдын ичгүүр” номдоо тодорхой өгүүлж, ОУВС үндэстэн дамнасан корпорациудын зэвсэг болон шинэчлэл нэрийн дор зээлийн тусламжтайгаар улс орнуудын эдийн засагт хяналтаа тогтоодог тухай бичсэн байдаг. Тэрээр зөвлөгөө өгөх фирмүүд байдаг ч тухайн орнуудын эдийн засгийн гол судсыг АНУ болон ОУВС барьдаг гэжээ.
Ерөнхий аргачлал, зураг нь тун энгийн. Хөгжиж байгаа орнууд, тэдний элитүүдэд хэрэгцээтэй байгаа асар их хэмжээний буцалтгүй зээл тусламжийг олгоно, гэхдээ тухайн орны зах зээлд америкийн компаниудыг оруулах болзол тавина. Шинэ зээл олгох бүртээ улам хатуу харгис шаардлага болзолтой болж, эдийн засгийг либеральчлах, зарлагыг танах шаардлага тавина. Энэ нь чухамдаа “зөөлөн колончлол” гэсэн үг.
Перкинс үүнийг “ийм капитализмын үндсэн зарчим нь байгалийн нөөцийг хувьчлах нь зөв гэдэг итгэл үнэмшил төрүүлэх, компаниудын удирдлагад хэмжээгүй эрх мэдэл олгож, хүмүүст зээл бол чухал гэдгийг сурталчлан хувь хүмүүс, бүхэл бүтэн улс орныг аажмаар өрийн дарамтад оруулан орчин үеийн боолчлолд оруулах” гэж томъёолжээ.

Тэрээр Латин Америкийн болон Арабын ертөнц, зүүн Азийн тодорхой орнуудыг жишээ болгон, удирдагчидтай нь уулзан тэд хэрхэн барууны сангийн “зээлийн урхи”-нд орсныг “эдийн засгийн алуурчин” хэмээн тодорхойлон бичсэн байна.
Ливийн удирдагч Каддафи байна. Түүний эдийн засагчид сулхан байсны гайгаар л барууныхан түрж орж ирээд НАТО-гийн цэргийн хүчийг ашигласан шүү дээ гэж тэр бичжээ.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ОУВС ийм “ЗЭЭЛИЙН УРХИ”-аа Руанда, Сомали, Перу, Эквадор, Индонези, Аргентин, Югослав, Мексик, Орос, Украинд тавьжээ.
Бусдын тусламж гэдэг өр болж үлддэг. Зөвлөхүүд болохоор ямагт өөрийнхөө эрх ашиг сонирхлыг дагадаг байхад хариуцлага нь итгэгсдэд ачаа болно.
Өнөөдөр бид эдийн засгийн алуурчин ОУВС-гийн тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл ОУВС-ийн зээл тусламж аваад, эдийн засгийн реформ шинэчлэл хийгээд сүйрэлд хүрсэн улс орнуудын жишээг ярих гэж байна. Эдийн засгийн  ийм тусламж иргэний дайн, бөөнөөр хядах аллага, улстөр газарзүйн сүйрэл, мөнхийн өр үлдээдэг тухай гэсэн үг.
 
ОУВС-гийн золиос бологсдын жагсаалт Югославаас эхэлжээ

Югослав нь 1980-аад оноос өөрийн эдийн засгийн бүтэц, бодлогоо ОУВС-гийн заавраар өөрчлөхөөр шийдсэн зүүний блокийн анхны орон байлаа. Тухайн үедээ олон үндэсний ХБНГУ-д багтаж, эдийн засгаараа эндээ тун амжилттай хөгжиж байсан орны нэг. 1980-аад онд энэ орны ДНБ-ний өсөлт 6,1 хувьтай, эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй, хүн амын 91 хувь нь бичиг үсэгтэй, дундаж нас нь 72 байлаа.
Югослав задарч эхлэх үед АНУ, Рейганы засаг захиргаа Югославын эдийн засагт оролцох замыг сонгосон юм. Үүнийг 1984 онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Югославын эдийн засгийн талаар АНУ-ын баримтлах бодлого” нэртэйгээр “маш нууц”-ын зэрэглэлтэй баримт бичгээр тодорхойлсон байна.
1980-аад онд ОУВС энэ бүсийн эдийн засгийн хөгжлийг тэнцвэржүүлэх санал тавиад Югославаас татгалзсан хариу сонсч байсныхаа хариуд албаничуудыг ашиглан Косовод өөрийн нууц байгууллагаа байгуулсан байна. 1984 он гэхэд нууц байгууллага хүчний үйл ажиллагаа явуулахад бэлэн болж, үүнд санхүүгийн багагүй хөрөнгө зарахдаа ОУВС-гийн зээлийн 70 хувийг зарцуулсан байна. Мөн 25 хувийг нь сангийн шинжээчдэд зориулсан гэдэг.

ОУВС-гийн “зөвлөснөөр” тус улсын эдийн засаг хямран унаж, ДНБ нь 1990 онд 7,5, 1991 онд 15, үйлдвэрлэлийн нийт бүтээгдхүүн нь 21 хувь унажээ.
Үүний дээр ОУВС-гийн зээлийг буцааж төлөх хугацаа эхэлсэн. Югославт үүнийг төлөх нь хүндрэлтэй байснаас тусламж авахын тулд дахиад л ОУВС-гийн мэргэжилтнүүдийг урилаа. Ингэснээр Югославт өмчийн хувьчлал явуулахыг шаардаж энэ сангийн бүрэн хяналтад орох нь тэр.
Намын зальтай зүтгэлтнүүд энэ санг хурууны үзүүрээрээ хөдөлгөхийг зорьж шинэчлэлийг хувьчилж байгаа аж ахуйн нэгжүүдийн зөвхөн 10 хувийг гадаадынхан эзэмших нөхцөлтэй хийхийг оролдсон. Хувьчлал уг нь, сайн дурын үндсэн дээр эхэлсэн. Гэхдээ энэ нь ОУВС, барууны сонирхогчдод таалагдсангүй, улмаар холбооны улсыг тараах ажилд орсон байна.
Ингэж л энэ улсад үндэстэн хоорондын дайн эхэлсэн. Серби, хорват, босничууд бие биеэ хядаж эхлэх нь тэр. Югославын баялгийн 80 хувь нь баруун руу гарлаа. Үүний 70 хувь нь АНУ-ын банкууд руу орсон гэдэг.
1989 оноос 1990 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд Югославын 1000 гаруй компани дампуурчээ.

Хамгийн их хэлмэгдэж сүйрсэн салбар бол Югославын хүнд үйлдвэрлэл байлаа. Бусад аж ахуй нэгжүүдийн хувьд ажилчдынхаа цалинг хасах, хаах замаар л оршин тогтнож байсан. Хагас сая орчим ажилчин, албан хаагч 1990 оны сүүл хүртэл цалингүй байсан. Гэхдээ эд бол цалингүй ч ажлын байртай, өөрөөр хэлбэл азтайчууд. 1990 оны есдүгээр сар гэхэд 600 мянга орчим хүн ажлын байраа орхин халагдсан нь зөвхөн эхлэл байлаа. Дэлхийн банкны шийдвэрээр 2435 аж ахуйн нэгж хаагдаж, 1,3 сая ажилчин ажлын байраа орхин халагдсан байна.
1991 он гараад нийгмийн хөтөлбөрүүд зогсч, ажилчдын бодит цалин чөлөөт уналтаар доошилж, ажилгүйчүүдийн тоо эрчимтэй өсөх нь тэр.
Хамгийн аймшигтай нь үндэстэн хоорондын дайн өдүүлснээр иргэний эл дайнд 600 мянган хүн амь үрэгдэж, нэгдсэн Югослав улс задарсан юм.

Руанда

Руанда бол олон жилийн туршид Хөдөө аж ахуйн хөгжлөөрөө хамгийн амжилттай загвар болж чадсан улс байлаа. Харамсалтай нь, 1980-аад оны сүүлчээр их ган болж ургац алдсан. 1989 онд Руанда ОУВС-гаас зээл авсан ч тэр жил дэлхийн зах зээл дээр кофений үнэ унах нь тэр. ОУВС шинэ зээлээ өгөхдөө фермерийн аж ахуй дахь төрийн дэмжлэгийг зогсоохыг шаардав. Өөрөөр хэлбэл, үүнийг зах зээлийн бодлого биш гэх нь тэр. Бас үндэсний валютынхаа ханшийг өсгөхийг шаарджээ.
Энэ бүхэн иргэдийн бодит орлогыг эрс буурууллаа. ОУВС-гийн шинжээчид энэ талаар тухайлбал, улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэж, энэ нь иргэний дайнд хүрнэ гэдгийг маш сайн мэдэж байлаа. Руанда бол угсаатны хоёр бүлэг, 90 хувь нь хуту буюу газар тариалан эрхэлдэг, үлдсэн 10 хувь нь тутси нар бол мал аж ахуй эрхэлнэ.

Тутси нар хутуг дарангуйлж, улс орондоо феодалын эзэнт гүрэн байгуулах бодолтой. Үүнийхээ тулд 10, 100 жил харгис террор үйлдэж ирсэн улс. Ийм болохоор хуту нар тутсиг үзэж чадахгүй.
Ингээд л эдийн засгийн хямрал ч эхэллээ, иргэний дайн ч дэгдлээ. Ердөө жил хагасын дотор 1,5 сая хүн амь үрэгдлээ. Улсын бүх баялаг, мөнгөний нөөц үгүй боллоо. Улсын эдийн засаг бүрэн сүйрсэн. ОУВС-гийн шаардлагаар Руандагийн шинэ Засгийн газар улс орондоо хадгаламж зээлийн хоршоонууд байгууллаа. Мэдээж, фермерүүд олноороо хошуурч эхлэв. Харамсалтай нь, тэд сүйрч зөвхөн 1992 онд л гэхэд кофений 300 мянган модоо тайрч хаяхад хүрсэн байна. Харин газар нь Үндэстэн дамнасан компаниудын мэдэлд шилжжээ.
Руандагийн гадаад өр ч 150,3 сая доллараас 804,3 сая доллар хүртлээ өслөө. Өнөөдөр Руанда энэ өрөө төлөх, цаашид хөгжих ямар ч ирээдүй харагдахгүй бүрхэг улс орон болоод байна даа.
 
Грек

Уг нь, зүүний хүчний “СИРИЗА”  эвсэл Засгийн эрхэнд гарч, Ерөнхий  сайд Алексис Ципрас барууны банк болон сангуудын хатуу шаардлагын эсрэг байхыг оролдсон. Харамсалтай нь, Грек тэднээс бүрэн хараат болж үлдсэн юм. Зээлдүүлэгчдийн өмнө Грекийн нийт өр 321 тэрбум евро. ОУВС-гийнх 31,8 тэрбум.  Бусад нь Европын төв банк, Евро бүсийн орнууд, хувийн зээлдүүлэгчид. Грекийн Сангийн сайд асан Янис Варуфакисын хэлснээр ОУВС Грекийг Ангела Меркелээр шууд дарамтлуулж байгаад өвдөг дээр нь сөхрүүлэх гэсэн хэрэг байлаа.
Зээлдүүлэгчид нийгмийн өөрчлөлт, шинэчлэл хийхийг, зардлыг аль болох танах, ингэхдээ тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг багасгах, ер нь нийгмийн бүхий л хөтөлбөр арга хэмжээг багасгахыг шаардсан. Ингээд тэтгэврийг хоёр ч удаа бууруулж, тэтгэврийн насыг өндөрсгөсөн.

Нийгмийн хамгааллын санг 20 хувь танав. Үүнтэй зэрэгцээд татваруудыг нэмсэн. 230 орчим мянган аж ахуйн нэгж хаалгаа барилаа. Зөвхөн 2016 онд гэхэд л 10 мянгаас илүү аж ахуйн нэгж дампуурсан гэнэ. Зээлдүүлэгчдийн шаардлагаар Грек төрийн өмчөө хувьчилж, өөрийн үнэт цаас, бүхэл бүтэн арал, усан боомтоо худалдахад хүрсэн.
Хамгийн аймшигтай нь, эдийн засаг нь ядуурч сүйрсэн энэ орон асар удаан хугацааны өрийн дарамтад орж байгаа. Грек улс дээрх их өрийг 2040 он хүртэл төлж барагдуулах ёстой ч ОУВС их л “харж үзээд” үүнийг нь дахиад 40 жилээр сунгаж, 2080 он хүртэл төлөхөөр болгож.
Өнөөдөр Грект ажилгүйдэл 25 хувь. Одоо Грек улс дампуурлаас гарахын тулд Европын холбооноос санхүүгийн дэмжлэг гуйж сууна.

Мексик

Мексик бол социалист лагерийн орон биш байлаа. 1980-аад онд нефтийн үнэ хямдарсан нь энэ орныг эдийн засгийн уналтанд оруулав. Үүнийг даван туулахад нь ОУВС шуурхайхан “дэмжиж” тусалж, зээл олгож эхлэх нь тэр. Харамсалтай нь, Мексик өрөө төлж чадсангүй. ОУВС  улс орны эдийн засгийг удирдаж өмчийг нь хувьчилж эхлэв.
Зөвлөхүүдийн зааврыг дуулгавартай дагасан Мексикийн Засгийн газар барууныханд таалагдаж, ОУВС “мексикийн эдийн засгийн гайхамшиг” хэмээн зарлаж, эдийн засагт нь АНУ-ын хөрөнгө оруулалтын урсгал орж ирлээ. Гэтэл үнэн хэрэгтээ Мексикийн 20 мянган аж ахуйн нэгж үгүй болж, 700 мянган хүн ажилгүй болж байв.
Мексик Умард Америкийн чөлөөт худалдааны бүсэд нэгдэн нутгийн ажиллагсдын цалин 26 хувь буурлаа. Америкчууд Мексикт үйлдвэр завод барьж, үүнийгээ хил орчимд байгуулснаар татвар нь Мексикийн төсөвт орохгүй болов. Ийм үйлдвэрүүдэд үйлдвэрчний эвлэл байгуулахыг хориглосноор ажилчдын цалин хамгийн бага байсан ч, хэн ч юу ч хэлэхээ болив.
 
Аргентин

Аргентины Эдийн засгийн сайд Доминго Кавалио ОУВС-гийн зөвлөгөөнөөр улс орондоо 40 тэрбум долларын зээл авлаа. Харамсалтай нь, үүний үр дүнд тус орны эдийн засгийн 28 хувь нь Америкийн корпорациудын гарт орсон юм. Барууны хөрөнгө оруулагчид, зөвлөхүүд Аргентинд  хааны үеийн татварын бодлого, хөнгөлөлтийн санал тавьжээ. Тухайлбал, 5-25 насанд татвараас чөлөөлөхийг санал болгосноор үр дүнд нь 280 тэрбум долларын ашиг шууд л энэ улсаас гараад явчих нь тэр.

Сомали

Эфиопын дайны уршгаар эдийн засаг нь доройтсон Сомалид санхүүгийн туслалцаа үнэхээр хэрэгтэй байлаа. ОУВС аанай л хатуу эдийн засгийн бодлого явуулах зөвлөгөө өгөн Америкийн үр тариаг худалдан авахыг санал болгосноор Сомалийн шиллинг үнэгүйдэж эхлэв. Энэ нь аажимдаа Сомалийн эдийн засгийн хоёр гол тулгуур болох “нүүдлийн” мал аж ахуй, “суурин” газар тариалан болон хотын эдийн засгийн холбоо уялдааг сүйрүүлж тасалсан юм.
Үндэсний валют үнэгүйдсэнээр шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, Америкийн үр тариа тариачдыг ажилгүй болгов. Ингэснээр тариачид хоосорч, худалдан авах чадваргүй болж эхэлсэн. Тэд малчдаас мах авч чадахаа болихоор малчид бас мөнгөгүйдэх нь тэр. Улсын эдийн засаг сүйрч эхэллээ.
Үүний зэрэгцээ ОУВС-гийн  шахалт шаардлагаар газар тариалангийн төрийн мэдлийн аж ахуйнуудыг хааж, хүмүүс нь цалин орлогогүй болов. Эрүүл мэнд, боловсролын талаарх төрийн хөтөлбөрүүдийг зогсоолоо. Улс төрийн албан хаагчиддаа цалингаа тавьж чадахгүй болж, төрийн аппаратуудыг цомхотгов. Улмаар иргэний дайн дэгдэж, 60 орчим мянган хүн амь үрэгдсэн дээ.
 
Украин

Зарим хэсэг нь Оросын нөлөөгөөр салан тусгаарлаж, дотооддоо ч Засгийн газартаа итгэх итгэл нь суларч байгаа Украин бас л ОУВС-гийн хараанд өртөөд байна.

Украин 2015 оны гуравдугаар сард Өргөтгөсөн санхүүжилт гэдэг хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг санхүүгийн тухай санамж бичигт гарын үсэг зурж, 17 тэрбум долларын зээл авах болсон. Одоогоор 7,7 тэрбум долларыг нь хэдийнэ авчихсан.
2016 оны есдүгээр сард ОУВС эднийд гурав дахь ээлжээр нэг тэрбум долларын зээл  олгохоор болов.

Украины Засгийн газар ОУВС-гийн зээлийн дөрөвдэх ээлжээр дахиад нэг тэрбум долларын зээл авах болж байгаа юм. Үүнийгээ энэ сард авна гэж байгаа юм.
ОУВС өнөөдөр Украинд шинэ  зээл олгохын тулд дараахь хэдэн шаардлага тавьж байна. Энд тэтгэвэрт гарах насыг нэмэх, төсвийн ажилтнуудын тоог цөөлөх, газрын шинэчлэл хийж, зах зээл нээх зэрэг шаардлага тавьж байгаа. “Эдийн засгийн үнэн” хэвлэлд бичсэнээр “ОУВС, Украин хоёрын хамтран ажиллах санамж бичиг”-ийн сүүлчийн хувилбар гэгчийг гаргасан байна. Энд нийт 12 шаардлага байгаагаас долоо нь шинэ шаардлага гэж хэвлэлд бичжээ.

1.    Засгийн газар 2017 оны нэгдүгээр сарын сүүлчээс өмнө эргэлтийн хөрөнгийн татаас авах шийдвэр гаргах.

2.    2017 оны гуравдугаар сард багтаж, тэтгэврийн шинэчлэл хийх. Уг нь энэ шаардлагыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гүйцэлдүүлэх байсан ч хийгээгүй учраас дахин хатуу шаардсан нь энэ. Энэ нь 2017 оны зургадугаар сараас эхлэн эрчүүдэд жил бүрт дөрвөн сар, эмэгтэйчүүдэд 2021 оноос эхлэн жил тутамд зургаан сар нэмэх байдлаар 2027 он гэхэд тэтгэвэрт гарах насыг 63 болгохыг шаардаж байгаа юм.
Мөн 2017 оны нэгдүгээр сараас улсад хөдөлмөрлөх жилийг 25 болгох, хамгийн бага нь 16 жил болгохыг шаардаж байна.

3.    Газрын шинэчлэлийг 2017 оны гуравдугаар сар гэхэд хийж дуусгах. Мөн л өнгөрсөн оны есдүгээр сард хуульчлах байсан ч хийгээгүй. Одоо бол гуравдугаар сар гэхэд хууль гаргахыг хатуу шаардаж байна.

4.    “Приватбанк” Банкинд аудит хийлгэхдээ заавал олон улсын компани сонгон авах. Хугацаа энэ нэгдүгээр сард багтаах. Тэд нь зургаан сарын хугацаанд аудит хийж дуусгах гэнэ.

5.    “Приватбанк” банкинд бүтцийн өөрчлөлт хийх нөхцөлд үнэлгээ гөхөд мөн л гадаадын шижнээч компанийг урих, 2017 оны зургадуцгаар сард багтаан дуусгах.

6.    Нийгмийн халамж авдаг хүмүүсийн нэгдсэн бүртгэл бий болгох.

7.    Авлигын эсрэг шүүхийн ажиллагааг баталгаажуулсан эрх зүйн орчин бий болгох....
ОУВС-гийн  зөвлөгчдийн заавраар бол Киев ёстой диваажин болохоор байж. Гэвч яг одоо ДНБ нь унаж, инфляцийн өсөлт гааран байдал тун хэцүү байлаа.
 
Тэд эрх баригчидтай ажилладаг

Дээрх орнуудад ОУВС-гийн “зээлийн урхи” хэрхэн үйлчилснийг ажигла. Хэн, юуны төлөө шийдвэр гаргаж байсныг....хар.
Тэд зөвлөнө, санал болгоно, аажимдаа эдийн засгийн бэрхшээлээр нь далимдуулан дарамтална, гэхдээ арай хүч хэрэглэхгүй, харин эрх баригчидтай ажиллана...
Эрх баригчидтай...
Киршнерийн үеийн Аргентин, Силвагийн үеийн Бразиль ОУВС-гийн дарамт шахалтыг зөөлрүүлж, хамтын ажиллагааны нөхцөлийг хянаж болох байсан. Зээл авлаа ч гэсэн тухайн улс орон тэдний санал зөвлөгөө, нөхцөлийг хянаж, тохиролцож аймшигтай алдааг давтахгүй байж болно. Тиймээс л өнөөдрөөс эхлэн Монгол Улс аль ч шатандаа нэн сэрэмжтэй байх цаг ирснийг дээрх жишээнүүд баталж байна.

Эх сурвалж: http://
aktiv.com.ua/archives/9347

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.