Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад улс нэг тэрбум ам.долларын зээл, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж өгөхөөр тохирчээ

Т.ЦЭЛМЭГ

БНХАУ-д айлчлал хийгээд ирсэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил зарим мэдээллийг дэлгэрүүлж өгөхөөр хэвлэлийн хурал зарлав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах зорилготой байсныг онцлоод Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, яриа хэлэлцээр хийжээ. Улс төр болон нийгмийн хувьд зөрчилтэй зүйл Монгол Хятадын хооронд байхгүйг энэ уулзалтаараа тэмдэглэсэн байна. “Нэг зам-Нэг бүс” олон улсын хуралд Монгол Улсын ЕРөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар оролцохоор болжээ. БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, буцаж ирэх, тээвэрлэн явуулах Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийг Хятадын талаас соёрхон баталсан.  Ингэснээр Хятадын долоон боомтыг Монгол Улс ашиглах бололцоо нээгдэж. Манай улс одоо Тяньжин, олон улсын Сянган боомтыг ашиглаж байгаа аж.
Хятадын талаас Улаан­баатар хотын гэр хорооллыг дахин барилгажуулах, 1000 айлын орон сууцны цогцолбор болон Монголын талыг боомтуудыг бэхжүүлэхэд зориу­лахаар нэг тэрбум ам.дол­­ларын зээлийн талаар энэ айлчлалаар хөндөөгүй бай­на. Гэхдээ тус улс эдийн засгийн хувьд дэмжлэг туслал­цаа үзүүлэхээр илэрхийлжээ.

-ОХУ-д хийсэн айлчлалын үеэр “Ростех”-ын удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан хариулт авсан гэх мэдээлэл гарсан үнэн үү?
-Худал мэдээлэл. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг хүсэлт тавиагүй. Албаны яриа хэлэлцээрийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудал огт яриагүй.

-Хятадын Ардын банктай Төв банк хоёр тэрбум ам.долларын своп хэлцэл хийхээр болсон. Своп хэлцлийн хэмжээг хэдээр нэмэхээр болов?
-ОУВС-тай хийсэн тохиролцоонд “БНХАУ-ын Ардын банк, Монгол Улсын Төв банктай байгуулсан своп хэлэлцээрийг сунгана” гэсэн заалт орсон. Хятадын Ардын банк албан ёсны шийдвэрээ гаргаж, хугацааг сунгаж байгаа. Хоёр банк хэмжээг нэмэгдүүлэх асуудал ярьж байгаа юм билээ. Яг хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх нь банкуудын хоорондын асуудал. БНХАУ-ын талаас энэ хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллана гэсэн хариуг өгсөн.

-БНХАУ-ын талаас хэдэн ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болсон бэ?
-Эхний ээлжинд БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж өгөхөөр тохирсон.

-Засгийн газраас томоохон төслүүдээ хөдөлгөхдөө хоёр хөрштэйгээ хамтрах асуудлаар ярилцсан уу?
-Ярилцсан. ОХУ-тай 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг тус улсын хөрөнгө оруулалт, технологи, хувийн хэвшлүүдтэй хамтарсан байдлаар томоохон төслүүд хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. ОХУ-ын тал үүнийг маш сайн дэмжиж байгаа. Ялангуяа төмөр зам, гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудалд манай улстай хамтрахад бэлэн гэсэн. Хятадын талтай ярьж буй томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг очиж яриа хэлэлцээрийг хийнэ. У.Хүрэлсүх сайд эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц гэсэн маш том салбаруудыг зангидаж, Хятадтай уул уурхай, төмөр зам, эрчим хүч дамжуулах шугамуудын асуудлаар хэлэлцээр хийнэ. Ажлын хэсэг ирэх гуравдугаар сард, амжихгүй бол дөрөвдүгээр сард явна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан