Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албаны бужигнаан эхлэв

Монголчууд сонгуулиа хэл ам, хэрүүл тэмцэл багатай зохион байгуулж, үндэсний их баяр наадмаа ч ярих дуурсах зүйл ихтэй сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Парламентад олонхи суудал авсан АН бусад нам, эвсэлтэй хамтран төр засгаа эмхлэн байгуулах ажилдаа шамдаж, гэрээ хэлцэл хийж эхлэв. Тун удахгүй шинэ Засгийн газар байгуулагдана. Хэн, ямар яамыг тэргүүлэх нь ч тодорхой болно. Үүнтэй зэрэгцээд төрийн албаныхан ч бужигнана даа. Төрийн зарим байгууллагын албан тушаалтнууд сонгуулийн дүн гарсан мөчөөс л бужигнаад эхэлчихсэн. Учир нь, манайд шинэ дарга, сайд ирлээ л бол, ширээний бүтээлэг сольдог гэхэд болно. Бүр өөрийн багаа бүрдүүлэхээр гар, хөл бологчдоо тухайн яам, агентлагтаа дагуулж ирдэг жишиг тогтоод удаж буй. Тиймээс төрийн албан хаагчид ч “Намайг шинэ дарга ажлаас халах юм болов уу. Албан тушаалыг минь өөр хүнд өгөх болов уу” хэмээн сэтгэл түгшиж суугаа байх.

Тэгээд ч сонгууль болгоны дараа төрийн албаны халаа сэлгээ идэвхждэг. Эрх баригч болсон нам өөрийн хүмүүсээ хууль дүрмээ уландаа гишгэн байж төрийн албанд томилдог нь энгийн үзэгдэл болсон.  “Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө үндэсний холбоо”-ныхон энэ талаар “1996, 2000, 2004, 2008 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар төрийн албаны томилгоог улс төрийн ашиг сонирхлоор хийж, олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажилласан, мэргэшсэн төрийн албан хаагчдыг хохироосон” гэж ярьсан юм.

Захиргааны хэргийн шүүх сүүлийн дөрвөн жилд төрийн албаны хууль бус томилгоо, халаа сэлгээтэй холбоотой хэрэг, маргаан шийдвэрлэх нь нэмэгджээ. Шүүхийн шийдвэрийн олонхи нь төрийн албан хаагчдын талд гарсан байх жишээтэй. Гэтэл сайд, дарга нар хууль бус томилгоо хийчихээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, том толгойлох нь ч энүүхэнд. 

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа төрийн албанд ийм хууль бус халаа сэлгээ, томилгоо өрнөхгүй гэх газаргүй. Хэд хэдэн нам хамтарч Засгийн газар байгуулах болохоор тэдний хооронд албан тушаал, сандал ширээний төлөөх “дайн” бүр ч ширүүн өрнөх биз. Хэдэн яамны сайдын суудлыг аль намын, хэнд өгөх вэ гэснээр “дайн” эхэлчихээд байна. Дараа нь мэдээж, тухайн яамны харьяа агентлаг, газар, хэлтсийн дарга нарын асуудал яригдана. Бас л манай, танай нам хэмээн хэрэлдэж, хэлэлцэн суудал хуваарилах байлгүй. Ийм тохиролцоо өнөөгийн нийгэмд тогтсон ёс болчихоод байна. Үүний үр дүнд, ажил, мэргэжлийн туршлагагүй, албан ажлаа ч мэдэхгүй, “утсан хүүхэлдэй”-нүүд төрийн албанд шургална. Олон жил тогтвортой ажилласан, туршлагатай, чадвартай, салбараа биш юм аа гэхэд, ажлаа арван хуруу шигээ мэддэг төрийн зарим албан тушаалтан лааз өшиглөж, золиосонд гарна. Ингэж муу амласан ч юм биш. Энэ бол өнөөгийн нийгэмд үйлчилж, хэрэгжиж буй бичигдээгүй хууль.

Тэгээд ч төрийн албаны чадавхийн үндсэн үзүүлэлт нь мэргэшсэн, тогтвортой байдлаар хэмжигддэг нь гадаадын улс орнуудад жишиг болсон аж. Энэхүү жишгийг  манайд хүчин төгөлдөр мөрдөж буй Төрийн албаны тухай хуульд тусгасан. Төрийн албаны дархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн учраас.

“Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө үндэсний холбоо” нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх нөхцөлийг хангуулах, төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчдын зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, олон нийтэд мэдээлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тэд УИХ-д суудалтай улс төрийн намууд, эвслийн Засгийн газарт орж ажиллах улс төрийн хүчин, эвслийнхэнд хандан уриалга гаргасан байна. Уриалгадаа “Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, УИХ, Засгийн газраа эмхлэн байгуулсны дараа төрийн албанд улстөрчдийн шахалтаар халаа сэлгээ хийхгүй байх, төрийн албан хаагчдыг хууль бусаар үндэслэлгүйгээр халж, эрх ашгийг нь ноцтойгоор хохироож байгаа албан тушаалтнуудтай тууштай тэмцэх, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэх, төрийн албанд дэвшүүлэн ажиллуулахдаа зөвхөн ажлын туршлага мэргэжлийн төвшинг харгалздаг байхыг уриалж байна” гэсэн байв.  Амьдралд хэрэгжүүлдэг бол сайхан л уриалга. Даанч үүнийг улс төрийн нам, эвслийнхэн дэмжих нь юу л бол. Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэгч л болно гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Гэхдээ тэд энэ уриалгыг дэмжинэ, хэрэгжүүлнэ гэж жүжиглэх л байх. Тийм бол хэрхэн хэрэгжүүлэхийг нь хүлээе дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан