Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН-ын горилогч нэмэгдсээр...

АН-ынхан өдөр бүр “сюрприз” барьдаг боллоо.  Ерөнхийлөгчид нэр дэвшихээ ил далд хэлбэрээр илэрхийлсэн хүмүүс нь Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Б.Дорлигжав, Г.Батхүү, Лу.Болд хамгийн сүүлд Б.Батбаяр /Баабар/ гээд л өдөр өдрөөр нэмэгдэх бололтой.

Энэ сарын 25-ныг хүртэл АН-ын гишүүн ийн хүслээрээ нэр дэвших сонирхлоо илэрхийлж болно. Маргааш магадгүй өөр нэг нь нэрээ дэвшүүлнэ. Зарим нь ар өврөөсөө чангаах зүйлтэй болохоор чанга дуугаар нэрээ хэлчихэж чадахгүй суугаа.

Одоогоор нэр дэвших сонирхол бүхий 8 хүн байгаа гэсэн боловч хэрвээ 25-ныг хүртэл нэг нэгээрээ нэрээ зарлаад байвал ахиад 10 гаруй хүн ч нэмэгдэж болзошгүй нь.

Гэхдээ тав хоногийн сунгаанд орж, намын гишүүдийнхээ саналаар нэг нь л гарч ирэх нь тодорхой.Ингээд тавдугаар сарын 2-нд болох намын 8 дугаар Их хурлаараа чанга дуугаар зарлах юм гэсэн. Угаас нэр дэвшигчид хуулийн дагуу 5 дугаар сарын 02-ноос 5 дугаар сарын 6-нд нэрээ зарлан 5 дугаар сарын 11 гэхэд бичиг баримтаа Сонгуулийн Ерөнхий хороонд бүрдүүлж өгөх ёстой.

Хэдийгээр өмнөх жилүүдэд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлууд дуулиан шуугиантайхан эхэлдэг байсан бол энэ жилийн хувьд их л даруухан байгаа нь ажиглагдана.  Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх өдрийг 6 дугаар сарын 26 гээд зарлачихсан учраас нэр дэвшигчид хуулийн дагуу 6 дугаар сарын 6-наас сурталчилгаагаа эхэлн.

Парламентад суудалтай намууд л нэр дэвшүүлэх эрхтэй болохоор АН, МАН, МАХН энэ эрхээ эдэлнэ.

МАН-ын хувьд намын дарга М.Энхболдын нэр “чанга” сонсогдож байгаа ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн гол чухал үзүүлэлт бол ард түмний дунд рейтинг өндөртэй байх. Харин УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хувьд энэ үзүүлэлт дээр өндөр довжооны ард зогсч байгаа нь үнэн. Саяхан Сант Марал судалгааны төвийн судалгаагаар тэрээр намын нөхөр Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нарын ард, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ч гүйцэж чадаагүй харагдсан. Тэр байтугай жинхэнэ өрсөлдөгч байж болзошгүй АН-ын Р.Амаржаргалын ард байгаагаас харвал МАН-ын нэр дэвшигч хүчгүйхэн нэгэн байгаа нь нууц биш.
М.Энхболдоос гадна Батлан хамгаалахын сайд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга даагаа нэхэх магадлалтай хэмээн үзэх нэгэн ч байна. Учир нь, сүүлийн хэдэн өдөрт энэ эрхмийн телевизийн хоймор “эзэгнэх” нь цөөнгүй болсон. Б.Бат-Эрдэнэ гишүүн 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг багагүй бажга авхуулж байсан нь маргашгүй үнэн. Ганнам бүжиг бүжиглэж, хүн бүртэй хөөрөглөж давхиад МАН гэхээс илүүтэйгээр мань аваргын нэр хүнд ард түмний дунд нэлээн дээгүүр байгааг “чи ч харлаа, би ч мэдэрлээ” гээчээр АН,МАН аль аль нь мэдэрсэн.

Харин АН-ын хувьд 27 жилийн тэртээх хувьсгалын “өвгөн партизанууд” нь намаа сүүлийн жилүүдэд үүрч явсан хуучин бууны хугархай нартайгаа ана мана авалцаж, намаасаа “чи гарах уу би гарах уу” хэмээн үзэлцэж эхэлсэн. Энэ нь нэг талаар шударга өрсөлдөөн мэт харагдавч нөгөө талаар өөр хоорондоо нэр нүүрээ барчих байдал ч харагдаж буй юм.

Фракцгүй АН-ын төлөө хэмээн сүржин зарласан 7 дугаар их хурлынхаа дараа явуулсан АН-ын дотоод сонгуулиудад өнөөх фракцуудынх нь тэмцэл ил цухалзаж л байсан. Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхлоо илэрхийлэгчдийнх нь ард ч фракц нь цухалзах. Тиймээс ч эдэн дундаасаа ард түмний дунд арай рейтинг өндөртэй гэгдэх Р.Амаржаргал гишүүнийг намаасаа гарах уу гэх асуулт өөрийн эрхгүй дагасаар байгаа юм.

МАН-ын тактик нь АН-ын хэдийг хоорондоо хэрхэн үзэж тарахыг алсаас нь харах.
МАХН-ын хувьд бараг л ганц хүний нам гэгдэж байгаа учраас уг нь Ерөнхийлөгчид “горилогч” нь тодорхой. Гэвч тэр хүн нь хуулийн дагуу ял эдэлсэн нэгэн болчихсон тул Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлтийн босгыг давж чадахгүйд хүрээд буй. Тиймээс хэрвээ Н.Энхбаяр биш бол гэх хувилбар тэдэнд хэрэгтэй. Гэхдээ одоогоор тэр хувилбар нь тодроогүй л байна.
 Ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зарлахад 20 хүрэхгүй хоног үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан