Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Молор: Манай улс энэ жил 600 мянга орчим жуулчин хүлээн авна


Б.МЯГМАРЖАВ

Жилийн дөрвөн улиралтай,  эрс тэс уур амьсгалтай  манай орны хувьд зуны хэдэн сардаа жуулчид хүлээн авдаг. Тэгвэл урин дулаан орж байгаа энэ үед жуулчид хүлээн авах бэлтгэлээ хэрхэн хийж байгаа талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Н.Молортой ярилцлаа.

-Энэ жил манай улс хэдэн жуулчин хүлээн авах төлөвлөгөөө гаргаад байна вэ. Ер нь, манай улсад ирэх жуулчдын тоог нэмэх талаар яамны зүгээс ямар ажил хийж байна вэ?
-Жуулчдыг өөрийн орон руу татахад сурталчилгаа  чухал байдаг. Яамны зүгээс гуравдугаар сард ХБНГУ-д зохион байгуулагдсан  “ITB Берлин” олон улсын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчилсан. Мөн БНХАУ-д зохион байгуулагдсан  олон улсын үзэсгэлэнд оролцсон. Харин дотоод сурталчилгааны хувьд  аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг оролцуулж энэ жил хэдэн жуулчин хүлээн авах талаар гэрээ хэлцэл хийсэн. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт аялал жуулчлалын туслах үйлчилгээний үзэсгэлэнг нийслэлд зохион байгуулсан.  Бид 2020 онд сая жуулчин хүлээн авсан гэсэн төлөвлөгөө гаргаад байгаа. Энэ жилийн хувьд 600 мянган жуулчин авахаар бэлтгэлээ базааж буй. Өнгөрсөн онд 404 мянган жуулчин хүлээн авсан гэсэн статистик тоо бий.

-Манай оронд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэд бүтэц муу гэдэг. Үүнийг сайжруулах талаар ямар ажил хийж байна вэ. Ядаж л зам дагуу нийтийн бие засах газар ховор байдаг шүү дээ?
-Сүүлийн жилүүдэд дэд бүтэц тэр дундаа авто зам сайжирч байгаа. Хөвсгөл ороход шууд хатуу хучилттай авто замаар яваад ордог болсон. Түр буудлах цэгүүдэд 200 метр тутамд нэг амрах цэг байгуулахаар зураг төслийг нь хийж байгаа. Мөн Хэнтий аймгийн Дадал суманд Эзэн Чингис хааны цогцолбор барихаар судалгааны ажил хийгдэж байна.

-Долдугаар сард жуулчид олноор ирэх болоход онгоцны тийз захиалга дууссан гэдэг. Энэ тал дээр ямар зохицуулалт хийж байна вэ?
-Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн үнэ, тарифийг жил бүрийн аравдугаар сараас дараа оны тавдугаар сар хүртэлх хугацаанд бууруулах урамшуулал үзүүлэх арга хэмжээ авахыг салбарын сайдад үүрэг болгосон. Орон нутагт нислэгийн тоо хүртээмжийг нэмэгдүүлж бага оврийн онгоц явуулахаар МИАТ  судалгаа хийж байна. Ингээд ирэхээр ачаалал тодорхой хэмжээгээр буурах байх. Одоо бол орон нутагт “Хүннү эйр”, “Аэро монголиа” ХХК гэсэн хоёр компани нислэг үйлддэг.
-Манай улс АСЕМ-ийг амжилттай зохион байгуулснаар  Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд бэхжиж гадаад сурталчилгаа сайжирна гэж байсан. АСЕМ зохион байгуулагдснаар манай улсад ирэх жуулчдын тоонд нөлөөлсөн үү?
-Манайд жуулчид ихэвчлэн зун тэр дундаа долдугаар сард ирдэг. Гэтэл өнгөрсөн жил АСЕМ яг энэ үетэй давхцаж бүх буудлуудыг хаасан. Ингэснээр энэ үеэр авах жуулчдаа жуулчны комданиуд хөдөө орон нутагт хүлээн авах болсон. Энэ нь  аялал жуулчлалын салбарт хүнд туссан. Ер нь, олон нийтийн хамарсан дээрх маягийн уулзалтыг жуулчны бус улиралд зохион байгуулах нь манай улсад ашигтай. Жуулчид ирэх хэдхэн сарын хугацаанд бид аль болох нээлттэй байж олон жуулчин татах учиртай. Гэтэл ийм байдлаар тээг болох нь буруу. Иймээс 2017 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр олон улсын гэрээ конвенцид заасан болон олон улсын байгууллагаас тогтмол зохион байгуулдаг хурал, арга хэмжээнээс бусад  Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулах олон улсын хурал зөвлөгөөнийг жил бүрийн есдүгээр сараас дараа оны зургадугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулж байхыг үүрэг болгосон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан