Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмын өмнөх Ардчилсан Нам


Ардчилсан нам гишүүддээ чихээ наадаг, тэднийхээ үгээр явдаг болж шинэчлэгдэнэ гэдэг уриа лоозонтойгоор жинхэнэ хөнжилдөө хөлөө жийлцэнэ гэгч нь болж байна. Гэхдээ энэ нь зөвхөн дээд түвшиндээ бус бүүр анхан шатанд хороо, сум, тэр байтугай гудамж, хашаа гэртээ хүртэл үл ойлголцолд хүрч, гарал угсаагаа ярьцгааж байна. Гэхдээ АН сонин онцлогтой нам, энэ бүхнийг давж гараад нэг тийшээ харах өдөр ойрхон байгаа, угийн ингэж чаддаг. Таван нам нэгдэж бүрдсэн улс төрийн энэ том хүчинд энэ дайны хямралыг даваад гарах бяр байгаа, гишүүдэд нь ч тийм дайны сэтгэл зүй бий. Намын даргын сунгаа, дотоод сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа гээд шил дарсан олон сонгууль нь намдаа идэвхтэй сэтгэлтэй гишүүдийг хийх ажилтай, зорилготой болгож намын ажилд нь улам ч идэвхжүүлж байна. Нөгөө талаас энэ бүх сонгуульд төлж байгаа дэнчин, хураамж, нэр дэвшигчдийн өөрсдийнхөө төлөө хүн ажиллуулах зардал нь тус намыг санхүүгийн хувьд бэхжүүлж, анхан шатны үүрт бүртгэл ч үгүй байсан олон хүнийг албан ёсоор татан оруулж ирлээ. Яг үнэндээ энэ бүх үйл явдал намаа шинэчлэх гэдэг зорилго дээр 150 гаруй мянган хүнийг нэгтгэж сэрээсэн үйл явдал гэж хэлж болох юм. Түүнчлэн ирэх сонгуулиудын бэлтгэл ч болж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоод сонгууль бол гадаад буюу МАН-тай үзэх бэлтгэл. Мориор бол тэд одоо наадмын өмнөх бага сунгаагаар зам үзэж, хүүхэд морь, уяач аль аль нь дадлагажлаа. Одоо их сунгаа ирэх долоо хоногт болох нь.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр бол АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа С.Эрдэнэ даргын амласан ёсоор бүх гишүүдийнхээ саналыг асууж таарах нь. Гэхдээ ямар үйл ажиллагаа өрнөж, хэрхэн ямар байдлаар зохион байгуулагдах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Энэ нь нэг талаас замбараагүй зохион байгуулалт сул байгаа мэт харагдаж байгаа ч нөгөө талаас АН-ын өрсөлдөгчөөсөө бултаж цаг хожих нүүдэл ч байж болох. Их сунгаанд сайн байсан хүлэг наадамд жолоогоо өргүүлэх магадлалтай. Гэхдээ АН төрийн тэнцвэрийг хангах, 65-ын бүлэг болоод хүүхэлдэй адил М.Энхболдын гарын аяар хөдөлж байгаа тоглоомын Засгийн газар аль алины нь, өөрөө хэлбэл М.Энхболдын эрх ашгийн нэгдэл, төрийн хэт нэг тал руу хэвийсэн хүчний эсрэг зогсох хүчтэй удирдагч хайж байгаа нь тодорхой. АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд үзэхээр шийдэж хэдийнээ зарласан олон хүний хувийн болоод хувьсгалын намтар түүх, харлуулахад чиглэсэн хавтаст хэргүүд М.Энхболдын ширээнээ эгнэж байгаа дуулдах. Э.Бат-үүлийн оффшоор, Лу.Болдын онгоцны мотор, Н.Алтануягийн хүргэн Дэнзэн дээр нэмэх нь нэлээд хэдэн тоо баримттай холбоотой асуудал гэх мэтээр тэр хавийнхан хэн юу олж ирснээ сайрхан шуугиж байна. Харин Р.Амаржаргалтай холбоотой ярих юм тун маруухан байгаа аж. Гэхдээ юу ч хийгээгүй хүн л нэр цэвэр байдаг бас нэг тал бий.

Тэд Амаржаргалын хийсэн ажил, бусдад тусалсан тус юу байв, ядаж ганцыг нэрлээч гэж бие биеэсээ асууцгаан хайж явна. Аль хэдийнээ байгуулагдсан М.Энхболдын сонгуулийн штабаар сонин хачин нэг иймэрхүү дуулдана. Дорлигжав, Баабар, Батхүү, Буян Жагаа гээд бусад нөхдийн хувьд намаасаа гарвал МАН-д ашигтай өгөөш болох тул тэднийг харин ч өөд нь татаж, их сунгаанд нь дэм тус болъё гэсэн бас нэг менежмент яваа аж. Юутай ч, АН-д их сунгаа болох нь, наадамд жолоо өргөх нэр хүндтэй, итгэлтэй, төсөв төлөвлөгөөтэй нэгэн нь өнгөлөөсэй дээ.

Сэтгүүлч Ж.Цэсэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан