Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Номура Кэнжи: Монгол хүүхдүүдэд зориулсан, стандартад нийцсэн сорил 2019 онд бий болно

Аль ч улс орны хөгжлийн ирээдүй нь хүүхэд залуучуудын боловсролоос шалтгаалах нь хэн бүхэнд ойлгомжтой. Дэлхийн улс орнууд боловсролын шинэчлэлдээ хүүхдийн онцлог хийгээд тэдний хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмшүүлэх тэгш боломжийг бүрдүүлж үүнийгээ  боловсролын бүх шатны сургалтын хөтөлбөр, стандартад тусган хэрэгжүүлэхэд онцгой анхаардаг байна. Харамсалтай нь, манай улс Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын /2014-2024/ баримт бичигт энэ талаар тодорхой тусгасан байдаг ч бодит амьдрал дээр ажил хэрэг болсон нь үгүй.

Хүүхдийн оюун ухаан, сэтгэл нийгэмшлийн хөгжилд тулгамдаж буй олон асуудлыг шинжлэх ухааны үндэстэй илрүүлж, оношлох болон тэдний хөгжлийн түвшинг бодитой тогтоох арга аргачлал өнөөгийн сургалтад дутмаг хэвээр байна. Харин сүүлийн жилүүдэд МУБИС дээрх тулгамдсан асуудлын хүрээнд Японы Нагоя их сургуулийн Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх судалгааны төвийн эрдэмтэн, судлаачдын дэмжлэгтэйгээр боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг олон улсын мэргэжлийн байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрч, туршигдсан оношилгооны аргачлалыг Монголын нөхцөлд хувирган буулгаж, туршин хэрэгжүүлж байгаа юм.   Энэ  төслийн зохицуулагч Номура Кэнжитэй ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэдийнээс энэ төслийн ажилд оролцож эхэлсэн бэ. Хэний санаачилгаар хэрэгжиж буй төсөл юм бэ?

-Дөрвөн жилийн хугацаанд танай сайхан оронд ирж, очино ажиллаж байна. Миний хувьд 2013 оноос энэ төсөл эхлэх үеэс нь л оролцсон. Нагоя их сургуулийн олон салбар чиглэлийн багш нар Монголд ажилладаг байсан. Тэр багш нар Монголд тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр дэмжлэг, туслалцаа хэрэгтэй юм байна гэсэн саналыг анх тавьж байлаа. Монголд ажиллаж байсан профессор багшаас ийм санал ирсэн учраас 2013 оны зургадугаар сард Монголд анх ирж байв. Хамгийн түрүүнд тусгай 55 дугаар сургууль дээр очсон. Ингэж л тусгай хэрэгцээт боловсролын нөхцөл байдалтай танилцсан. Монгол Улсын хэмжээнд зургаан тусгай сургууль байдаг юм билээ. Гэхдээ бүгд Улаанбаатар хотдоо үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдэж авсан. Түүнээс гадна мэргэжлийн хүмүүстэй уулзсан. Гэвч мэргэжлийн хүмүүс нь оюуны болон хөгжлийн бэрхшээлийг бүрэн төгс ялгаж ангилж чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон. Мөн тухайн хүүхэд ямар бэрхшээлтэй байна вэ гэдгийг хэрхэн ангилах нь тодорхой биш байсан л даа. 

-Харин хамтын ажиллагаа хэдийд эхлэв. Хамгийн эхний ажил юу байв?

-2013 оны долдугаар сард МУБИС-ийн, Нагоя их сургуулийн багш нар болон бидний төлөөлөл хамтарч хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулсан. Тэр үед Монголын болоод Японы нөхцөл байдал ямар байна вэ гэдэг талаар харилцан мэдээлэл солилцсон. Үүний үр дүнд энэ чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрч, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Эхлээд харилцан мэдээлэл, туршлага солилцох хэрэгтэй гэж үзээд Нагоя их сургуульд доктор, профессор Д.Одгэрэл зочин багшаар ажиллаж, оюутнууд, багш нарт энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан. Мөн туршлага судлахаар холбогдох олон газраар явж ажилласан. Харин дараагаар нь буюу 2014 оны аравдугаар сард Нагоя их сургуулийн найман хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ирж ажилласан. Тэр үед 25, 79 дүгээр сургууль, 186 дугаар цэцэрлэг дээр очиж танилцсан. Энэ үед 25 дугаар сургуулийн хүүхдүүдэд үзлэг хийсэн. Тухайн хүүхэд ямар бэрхшээлтэй байна вэ гэдэг онош тодруулах үзлэг хийж, үнэлгээ гаргасан хэрэг. Ингэж тусгай сургуулиудаар явж танилцсаны үндсэн дээр эхлээд багш нарт ямар сургалт зохион байгуулах ёстой вэ гэдгээ олж авсан. Тэгээд Улаанбаатар хотын тусгай сургуулиудын 64 багшид сургалт зохион байгуулж, зохих хэмжээний мэдээллээр хангасан. Мөн олон улсын хурал хүртэл зохион байгуулсан.

-Харилцан туршлага солилцсоны үндсэн дээр ямар ажил хийж хэрэгжүүлэхээ тодорхойлсон нь лавтай?


-2015 он бол бидний хувьд хамтын ажиллагаа, судалгааны эрэлхийлэл буюу юу хийх вэ, ямар ажил эхлүүлэх вэ гэх цаг үе байсан. Мэдээж тусгай хэрэгцээт боловсрол дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ гэдэг талаас нь бид харилцан ярилцсаны үндсэн дээр гурван үндсэн чиглэлийг гаргаж ирсэн. Эхнийх нь илрүүлэлт. Хөгжлийн бэрхшээл болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг эрт илрүүлэх зорилготой. Хоёрдгаарт, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдээ илрүүлчихсэн болохоор ямар хэрэгцээ, шаардлага байна вэ гэдгийг тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй болсон. Гуравдугаарт, дэмжлэг. Хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн ямар дэмжлэг үзүүлэх ёстойгоо тодорхойлох хэрэгтэй болсон. Ямарч гэсэн бидний энэ эрэлхийлэл 2016 оноос үндсэн үйл ажиллагаа руугаа чиглэх боломжтой болж ирсэн. Өөрөөр хэлбэл, 2016 оны гуравдугаар сард МУБИС, Нагоя их сургууль хамтарсан судалгаа хийх санамж бичигт гарын үсэг зурсан юм. Дараагаар нь ЖАЙКА-гийн Старт буюу тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийнхөнтэй хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн.

-Хамтын ажиллагааны үр дүнд одоо “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” байгуулагдаад нэг жилийнхээ ойтой золгож байна. Энэ төвийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу. Зарим эцэг, эх энэ төвийн талаар мэдээлэлгүй байж мэднэ?

-Үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Эхнийх нь зөвлөгөө. Үүнд хүүхдийн хөгжил, сэтгэлзүйн талын зөвлөгөө ордог. Дараагаар нь үнэлгээний арга хэрэгслийг Монголд нутагшуулах. Гуравдугаарт судалгаа байгаа. Энэ нь судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд хийгдэнэ. Дөрөвт, багш боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Одоо бол Нагоя их сургуулийн багш, МУБИС-ийн багш нартай хамтарч зөвлөгөө өгөөд явж байна. Нийтдээ 15 хүүхдэд зөвлөгөө өгсөн. Хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зөвлөгөөнд хамрагддаг байгаа.

-Үнэлгээний арга хэрэгслийг Монголд нутагшуулах гэж ярилаа. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Үнэлгээ хийхийн тулд олон сорил, тест хэрэгтэй болдог. Японд гол төлөв их ашиглагддаг “Танака-Бине” гэж оюун ухааны сорил гэж бий. Харин Монгол хүүхдэд зориулагдсан, стандартад нийцсэн сорил тест гэж байдаггүй гэсэн мэдээллийг бид авсан. Сурах чадвар муутай эсвэл хичээлд оролцохдоо муу, аливаа зүйлийг хүлээж авахдаа тааруу хүүхдийг бид зөвхөн оюун ухааны хоцрогдолтой, бэрхшээлтэй гэж дүгнэхээс илүүтэйгээр үндсэн хүчин зүйл нь юунд байна вэ гэдгийг илүү тодорхой гаргаж ирэхийн тулд оюун ухааны сорилыг ашигладаг. “Танака-Бине” сорилын Монгол хувилбарыг бид гаргаж ирэхийн тулд ажиллаж байна. Энэ сорилыг авч ашиглахын тулд зохиогчоос нь зөвшөөрөл авдаг. Бид өнгөрсөн жил зөвшөөрлөө авч, Монгол хувилбарыг гаргаж ирэх эрхээ олж авсан. Ямар ч гэсэн дээрх сорилыг монгол хэл рүү орчуулах ажил маань дууссан. Гэхдээ шууд тэр чигээр нь орчуулсан гэж ойлгож болохгүй. Монгол ахуйд, монгол хүүхдэд нийцүүлэх гээд олон байдлаар орчуулсан байгаа. Энэ ч үүднээс олон удаагийн шалгуурыг давж, эцсийн хувилбараараа бэлэн болж байна.

-Энэ сорилоо хэдийнээс ашиглаж эхлэх вэ?

-Ирэх долоо хоногт туршилт болгож 58 хүүхэд дээр судалгаа явуулна. Харин туршилт судалгааныхаа үр дүнг эргэж хараад засч сайжруулсны дараа хоёр дахь урьдчилсан судалгаагаа хийнэ. 160 хүүхдийг хамруулахаар зэхэж байна. Эцсийн буюу үндсэн судалгаагаа 2018 онд 800  хүүхдээс авахаар төлөвлөсөн. Энэ ажил маань амжилттай болбол 2019 оны хавар гэхэд Монгол хүүхдэд зориулагдсан, стандартад нийцсэн сорилтой болно гэсэн үг.

-Тэгвэл тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай гэх хүүхдүүдийг хэрхэн тодорхойлдог юм бэ?

-2012 онд Японы Боловсролын яамнаас явуулсан судалгааны үр дүнд бага сургуулийн хүүхдүүдийн 6,5 хувь нь тодорхой хэмжээгээр тусгай хэрэгцээ шаардлагатай юм байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгвэл Монголд нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг тодорхой болгохын тулд судалгаа явуулсан. Гурван төрлийн судалгаа хийхээр төлөвлөсний хоёр нь хийгдсэн. Эхнийхийг нь багш нарын дунд явуулсан. Ангид нь хамгийн ихээр анхаарал татдаг хүүхдийн талаар. Энэ судалгааны үр дүнд онцгой анхаарал шаардлагатай гэж авч үздэг хүүхэд гэх ойлголт нь Японы багш нарынхаас өөр байсан. Япон, монгол хүүхдүүдийн онцлог өөр учраас хүүхдийн онцлогийг илүү тодорхой болгох шаардлагатай юм байна гэж үзээд дараагийнхаа судалгааг хийсэн. Эхний судалгаа маань онцгой анхаарал шаардлагатай гэх ямар хүүхэд байна вэ гэдгийг тодорхойлох байсан. Храин хоёр дахь судалгаа нь таны дааж авсан ангид анхаарал татаж байгаа нэг л хүүхдийг нэрлэж, онцлогийг нь илүү тодорхой гаргаж өгнө үү гэсэн асуулгаар явуулсан. Судалгаандаа нийслэлийнхнээс гадна дөрвөн аймгийн багш нарыг хамруулсан. Багш нарын гаргасан дүгнэлт япон багш нарынхтай ойролцоо байсан. Тодруулбал, тайван байдаггүй, хичээлдээ анхаардагггүй, хэт их хөдөлгөөнтэй, ямар нэгэн байдлаар тусгай шаардлага хэрэгтэй, хөгжлийн хоцрогдолтой байж болохуйц хүүхдүүдийг оноож гаргаж ирсэн байсан. Харин одоо бэлтгэгдэж байгаа судалгаа маань тэр хүүхдүүдэд ямар хэрэгцээ, шаардлага байна вэ гэдгийг гаргаж ирэх зорилготой юм. Энэ судалгааны үр дүнгээр нийт хүүхдүүдийн хэдэн хувьд нь тусгай хэрэгцээ шаардлага байна вэ гэдэг нь гарч ирнэ гэж найдаж байгаа.

0 Сэтгэгдэл
Монголд огт байгаагүй зүйлийг хийж байгаа мэт ойлголт өгсөн байна. Оюуны бэрхшээлтэй хүүхдийг судалдаг олон арга зүйг 50 жиүлийн турш хэрэглэж ирсэн шүү. Харин бодлого гаргачид болон боловсролын их дээд сургуульд ажиллаж байгаа мэргэжлийн бус хүмүүс буруу ойлголт тарьсаар байна.
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01