Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүдийн 81 хувь нь ямар нэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй байна


ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал, АУ-ны доктор Б.Баясгалантай “Эрүүл хүүхэд” аяны үр дүнгийн талаар цөөн хором ярилцлаа.

-Танай эмнэлэг “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хэчнээн хүүхдийг үзлэгт хамруулаад байна вэ?
-Манайх нийт 67 байгууллагын 10514 хүүхдэд “Эрүүл хүүхэд” аяны үзлэг эмчилгээ хийх ёстой. Үүнээс өнөөдрийн байдлаар 9644 хүүхдийг үзлэгт хамруулаад байна. Улсын асрамжид байдаг, тодруулбал асрамжийн болон хаяг тогтоох байр, хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хорих ангид байгаа, хогийн цэг дээр амьдардаг, өнчин ядуу, гэр оронгүй гэхчлэн нийгмийн эмзэг давхаргын эрсдэлтэй хүүхдүүдэд үйлчилсэн. Үүнээс гадна хувийн дунд сургуулийн сурагчдыг хамруулсан. Учир нь, энд тэндээс ирсэн хүүхэд суралцдаг учраас дүүргээр нь зохион байгуулах боломжгүй гээд манай эмнэлэг хүлээж авч үзсэн юм.

-Аяны үр дүнгийн тухайд юу хэлэх вэ. Хүүхдийн дунд өвчлөл хэр байна вэ?
-Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 81.3 хувьд нь эрхтэн тогтолцооны эмгэг илэрсэн. 91.3 хувь гэдэг нь өвчлөл их байгааг харуулж буй хэрэг.  Үүний 49 хувь нь амны хөндийн эмгэг буюу шүд цоорол, буйлны үрэвсэлтэй бол 32 хувь нь дунд чих, гүйлсэн булчирхайн үрэвсэл гэхчлэн чих хамар хоолойн эмгэгтэй гэж оношлогдоод байна. Сул хараатай, нүдний шил зүүх шаардлагатай 24, шээс, бэлгийн тогтолцооны эмгэг 12 хувьд нь илэрсэн. Харин зүрх судас уушгины эмгэг 10-аас доош хувьтай байна.

-Эрсдэлтэй бүлгийнхнийг хам­руул­сан болохоор харьцангуй өвч­лөлийн хувь өндөр байгаа байх?
-Өвчлөлийн бүтцийг аваад үзвэл эрс­дэлтэй бүлгийнх гээд онцгойрох зүйл ажиглагдаагүй. Улсын хэмжээнд үз­лэг явуулсан бусад эмнэлгийн мэ­дээ­лэлтэй л ойролцоо гарсан. Яахав гу­­дамж, хогийн цэг дээр амьдардаг хүүх­­дүүдийн тухайд олон эрхтний эм­гэг хавсарсан байх тохиолдол бий л дээ.

-“Эрүүл хүүхэд” аяны хүрээнд үзэж, оношлохоос гадна эмчилнэ гэсэн. Эмчлүүлж эдгэрсэн нь хэд байна вэ?
-Аяны хоёр дахь үйл ажиллагаа эрүүлжүүлэх юм. Үзлэгт хамруулсан хүүхдээ эмчлэхээс гадна бусад дүүрэг, орон нутгаас гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж шаардлагатай  хүүхдийг хүлээн авч эмчилнэ. Өнөөдрийн байдлаар үзлэгт хамрагдсан 6500-аад хүүхдэд эмчилгээ хийгээд байна. Засгийн газрын гаргасан мөрийн хөтөлбөрийн дагуу амны хөндийг эрүүлжүүлэх том компанит ажил явж байгаа шүү дээ. ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургууль болон шүдний эмнэлгийн 30 хувь нь оролцож, амны хөндийн эмгэгтэй хүүхдийг амьдарч буй газар нутгийнх нь харьяаллаар хуваарилан үйлчилж байна. ЭХЭМҮТ-ийн тухайд одоогоор 2000 шахам хүүхдэд шүдний эмчилгээ хийснээс 1000 гаруй нь бүрэн эрүүлжсэн. Мөн 350 хүүхдэд мэс ажилбар хийгээд байгаа бол цаана нь орохоор төлөвлөгдсөн 300 орчим хүүхэд байгаа. Ихэвчлэн хоолойны мах авах гэхчлэн жижиг мэс ажилбарууд л даа.

-Хүнд эмгэг өвчтэй хүүхэд хэр олон байна вэ?
-“Эрүүл хүүхэд” аянаар сул хараатай гэж оношлогдсон нэг хүүхэд Увс аймгаас ирсэн. Аймгийнх нь нүдний эмч үзээд нүд нь угандаа маш их өөрчлөлтэй байна гээд хот руу явуулсан байгаа юм. Энд ирсэн хойноо тархины хорт хавдартай болох нь тогтоогдсон. Иймэрхүү хүнд тохиолдол мэр сэр гарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан