Сүхбаатарын талбайн авто зогсоолыг нээлээ
2017 оны 6 сарын 29

Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайн өмнө стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн 200 автомашины зогсоол байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын төвийн хэсгийн замын түгжрэлийг бууруулах, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зогсоолыг байгуулсаныг Улаанбатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.

Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг ийнхүү хүлээлгэн өгч байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Манай мэргэжлийн байгууллагууд судалгаа хийгээд Улаанбаатар хотод авто зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой 70 орчим байршил байгааг тогтоосон. Эдгээр байршилд ил болон далд зогсоол барьж байгуулснаар нийслэлийн түгжрэлийг 25 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн юм. Сүхбаатарын талбайн өмнөх энэ хэсгийг ямар хэлбэрээр ашиглах вэ гэдэг асуудал олон жил маргаантай явж ирсэн. Үүнийг хотын удирдлагууд хэлэлцээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дахин тохижуулж, авто зогсоолын хэлбэрээр ашиглах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ зогсоолын ажлыг маш богино хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн “ЭСТО” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.