Д.НАЦАГДОРЖ: Эрдэмтэн мэргэд нэгдэж олон улсад гаргах стандартыг боловсруулах нь зөв
2017 оны 7 сарын 22
ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ОХУ-ын Ар байкал хязгаар улсын Засгийн газар, ОХУ-ын Буриад улс хамтран энэ удаагийн шинжлэх ухаан, техникийн үзэсгэлэнг БНХАУ-ын баруун хойд хязгаар хилийн томоохон боомт Манжуур хотод зохион байгуулсан юм. Гэхдээ 14 дэх удаагаа болж байгаа эл арга хэмжээнд жилээс жилд өргөжин тэлж оролцох улсын тоо нэмэгдсээр байгаа аж. Өдгөө гурван улсын гэхээс илүүтэй олон улсын шинж чанартай болжээ. Тухайлбал, “Нэг бүс-нэг зам” форумын хүрээнд болсон Олон улсын шинжлэх ухаан, техникийн үзэсгэлэнд гэхэд 24 улс өөрийн орны шинжлэх ухаан технологийн шилдэг бүтээлийг үзүүлж байсан юм. “Нэг бүс-нэг зам” форумын хүрээнд Олон улсын багачууд залуучуудын шинжлэх ухаан техникийн хөгжил, Монгол Хятадын эм эмнэлгийн хэрэгслийн хөгжил, Хөдөө аж ахуйн техникийн хамтын ажиллагаа гээд салбар салбарын мэргэжилтнүүд харилцан туршилга солилцох таатай боломж бүрдүүлсэн байлаа. Хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагаа болоод хөгжлийн хүрээнд зохион байгуулж байгаа хурал зөвлөгөөнд л гэхэд Америк, Турк, Монгол, Герман улсын 35 мэргэжилтэн оролцож салбарынхаа талаар санал солилцож цаашдын хөгжлийг ярилсан. Эрчимтэй хөгжиж байгаа эл салбарын уулзалт, үзэсгэлэнд оролцохоор БНХАУ-аас 260 орчим төлөөлөгч ирсэн юм.

Жилээс жилд өргөжин тэлж байгаа Манжуур хот бол Азийн зүүн умрадын аж ахуйн тойргийн төвд байдаг. Түүнээс гадна тус хот нь Европ Азийг холбосон уулзав хот төдийгүй хамгийн шуурхай зам харилцааны цэг болоод байна. Тиймдээ ч эртнээс нааш зүүн Азийн цонх гэсэн нэртэй байдаг билээ. Манжуур одоо бүх Хятадын хуурай замын хамгийн том хилийн боомт болоод байгаа. Тухайлбал Хятад, Оросын хуурай замын тээврийн 65 хувийг энэ боомтоор дамжуулан хийдэг болоод байна. 2002 оноос энэ хотыг Хятадын Ардын Засгийн газраас чухалчлан дэмжиж ирсний үр дүн өнөөдөр биеллээ олоод байна. 2012 оноос Хятадын намын хорооноос Манжуурыг чөлөөт хөгжлийн туршилтын хот болгоод байгаа юм. Сүүлийн хэдэн жил Манжуур хот Нэг бүс-нэг зам гэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж жил бүр аялал жуулчлалын баяр, олон улсын умардын шинжлэх ухаан техникийн үзэсгэлэн, олон улсын соёл урлгийн наадам зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан аялал жуулчлалаа хөгжүүлсээр байна. Энэ мэт Манжуурын цуврал үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж Хятад, Монгол, Орос гэсэн гурван улсын арилжаа наймаа, аялал жуулчлалыг хөгжүүлсээр байна.

Манжуурт зөвхөн зуны улиралд олон улсын үйл ажиллагаа болдог гэвэл өрөөсгөл. Өвлийн улиралд ч эл хотод олон улсынхан чуулах нь олонтой. Хамгийн нэр хүндтэй арга хэмжээ нь л гэхэд 12 дугаар сард болдог “Манжуурын мисс” олон улсын тэмцээн нь гурван улсын гоо бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болоод байгаа юм.

Өнөө жил Манжуур хот дахь “Нэг бүс нэг зам” сэдвийн хүрээнд Олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн үеэр улс орнуудын эрдэмтэн мэргэд мэдлэг мэдээллээ солилцсон нээлттэй форум болсон юм. Тус арга хэмжээнд Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар бусад орныхонд таниулан оролцож байгаа оролцож байгаа Манба дацан хийд, Манба Дацан эмнэлэг, Оточ Манрамба их сургууль, Манба дацан эмийн үйлдвэрийг төлөөлч үүсгэн байгуулагч Д.Нацагдорж гуйтай форумын үеэр цөөн хором хөөрөлдсөн юм.

-Та ямар чиглэлээр энэхүү форумд оролцож байна вэ?
-Манжуур хот дахь “Нэг бүс нэг зам” олон улсын арга хэмжээ явагдаж байна. Үүний нэг том арга хэмжээ нь уламжлалт анагаах ухаан, шинжлэх ухаан түүнтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Нөгөө талаар уламжлалт анагаах ухааныг бүс нутгууд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт олон улсын форум болж байгаа. Энд Мамба дацан монголын уламжлалт сургалтын төвийг төлөөлж илтгэл тавьж байна.

Мөн оточ маарамба их сургуулийн доктор Сайнбуян ирж уламжлалт анагаах ухааны сургалтын чиглэлээр илтгэл тавьж байгаа юм.

-Хуралд оролцсоны ач холбогдол юу вэ?
-Хятадын уламжлалт анагаах ухаан, Монголын уламжлалт анагаах ухаан болон энэ форумд ирсэн зургаан орны төлөөлөгчид байж байна. Энэ бүгд нийлж уламжлалт анагаах ухааныг ямар бодлогоор хамтарч хөгжүүлэх вэ. Ингэхдээ шинжлэх ухаан талаасаа хөгжүүлье мөн өв соёл, өөрийнх нь мөн чанараар нь хөгжүүлэх нь маш чухал юм байна.

Уламжлалт анагаах ухаан нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бодлого зөвлөмжөөр явж байгаа учраас дэлхийд энэ салбарыг гаргах асуудал яригдаж байгаа юм.

-Энэ удаагийн хуралд уламжлалт анагаахын салбарынхан ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Армонгол, Өвөрмонгол, Халимаг, Тува, Буриад, Нипалын зарим үндэстэн ястан, Энэтхэгийн зарим үндэстэн ястан, Түвдийн анагаах ухаан нь нэг урсгалын анагаах ухаан юм. Тийм учраас энэ өв соёлыг олон мянган жил тээж яваа улс үндэстнүүд, үүнийг судалж буй эрдэмтэн мэргэд нэгдэж олон улсад гаргах стандартыг боловсруулах нь зөв юм байна гэдгийг ярих юм. Энэ бол маш чухал асуудал.

-Монголын зүгээс тавих илтгэлийн ерөнхий агуулга юу байх вэ?
-Монгол Хятад эмнэлэгийн форум дээр Оточ манрамба их сургуулиас уламжлалт анагаах ухааны сургалтын түүхэн болон өнөөгийн байдлын талаар илтгэл тавих юм. Уламжлалт анагаах ухааны сургалт өмнө нь яаж явагдаж ирсэн, ямар онцлогтойгоор эмч мэргэжилтнүүийг бэлтгэж ирсэн бэ гэхчилэн яригдах асуудал юм. Өнөө үед дэлхийн олон улсын жишигт хөл нийлүүлэн яаж уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа сургалтынхаа агуулга, бүтэц, онцлогийн талаар танилцуулж ярих юм.

Монгол улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ази, баруун номхон далайн бүсэд багтдаг. Уламжлалт анагаах ухааны талаар төрийн бодлоготой 25 анхны орны тоонд ордог юм. Уламжлалтын тусламж, үйлчилгээ сургалтын чанараараа бүсдээ тэргүүлэгч орны тоонд ордог. Тиймээс өөрийн орны уламжлалт анагаах ухааны онцлог давуу талыг танилцуулах болно.


Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.