Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардын намд дөнгөлүүлсэн анхдугаар чуулган

Монгол Улсын хууль тог­тоох байгууллагын 69 гишүүн тангаргаа өргөсөн ч одоо хэр нь түр үнэмлэхтэй байсаар. Учир нь, анхдугаар чуулганаар УИХ-ын даргаа сонгох ёстой атал өнөөг хүртэл уг үйл ажиллагаа явагдаагүй байна. Зөвхөн анхдугаар чуулган үргэлжилж байгаа гэхээс илүү мэдээлэл, үйл явдал алга. Түшээд ангийн даргаа тодруулж чадахгүй яваа гол шалтгаан, шалтаг нь МАН болоод байна. Тус намынхан “Бидэнтэй зөвшилцөөгүй байж дарга сонгох асуудлыг хэ­лэлцэх гэлээ” хэмээн ту­нирхаж, чуулганыг гацаанд оруу­лаад буй. Ард түмний төлөөлөл болон суугаа, тус намаас төр түшилцэхээр орж ирсэн эрхмүүд хууль тогтоох байгууллагын ажлыг урагшлуулж, түмэн олны төлөө ажиллах сонирхолгүй байх шиг. Уг нь, сонгуульт ажлынхаа үеэр хүссэн бүхнийг чинь биелүүлнэ гэж үлгэр, домогт гардаг бирд шиг л элдэв зүйл амлаж байсан даг. Гэтэл өнөөдөр гомдож тунирхан, ард түмнээсээ харцаа бууруулав. Парламентын зогсолтгүй үр­гэлжлэх үйл ажиллагааг гацаанд оруулж, садаа болсоор. УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 11:00 цагт товлосон боловч МАН-ынхан мөн л орж ирсэнгүй. Учрыг нь лавлавал, намын бүлэг нь хуралдаж, баасан гаригт байгуулагдсан зөвшилцөх ажлын хэсгийнх­нийхээ мэдээллийг сонсч буй гэв. Албан ёсоор бүлэг бай­гуулагдаагүй атлаа ийн­хүү хуралдаж, буй нь ч ха­чирхалтай. Хууль журмын да­гуу парламентын дарга сонгогдсоны дараа УИХ-д наймаас дээш суудал авсан намууд бүлэг байгуулах тухай хүсэлтээ илэрхийлэх ёстой. Үүнийг нь ангийн дарга батламжилснаар албан ёсоор бүлгийн үйл ажиллагаа эхэлдэг. Гэтэл албан бус бүлэг хуралдаж, даргын асуудлыг хэлэлцэж байгаа нь нэг талаар ойлгомжгүй гэсэн яриа ч байгаа. Уг нь, бүлгээрээ бус нам дотроо шийдэх ёстой гэх нэгэн ч бий. Мөн чуулганыг гацааж, завсарлага авах тухай хууль алга. Тэгэхээр тус намынхан ямар зорилготой ийм зүйл хийж буй нь таамаг төдий байна. Өөрөөр хэлбэл, АН-ынхан МАН-тай эвсээгүй нь ийм зүйл хийх эхлэл бол­жээ. Тиймээс л өнөөг хүртэл айлын эрх хүүхэд шиг дур зоргоороо аашилж байгаа аж.

Эрх нь дэндсэн хүүхдэд хатуухан үг хэлж, алганы амт үзүүл гэж хөгшчүүл хэлдэг. Үүнтэй адил тус намынханд ч гэсэн ийм зүйл хэрэгтэй болж. Тиймээс хуульд хэрхэн тусгасан байна түүний дагуу явах нь зүйтэй биз. Тодруулбал, чуулганы ирц 50-аас дээш хувьтай байсан тохиолдолд даргаа сонгох боломжтой. Гэхдээ АН болон бусад хүчин Ардын намын шийдвэрийг хүлээсээр. Энэ нь, улс төрийн соёлоо харуулж байгаа хэрэг. Уг нь, тус намынхантай, үгүй ч даргаа сонгоод явах боломж бий. 69 гишүүний 40 гаруй нь анхдугаар чуулганаа үргэлжлүүлж, даргаа сонгохоор Ардын намын гишүүдийг хүлээн хууль тогтоох танхимд суугаа болохоор. Гэтэл бас нэгэн тээг гарч ирэв. Энэ нь хэн хурал даргалах вэ гэсэн асуудал. Дүрэм, журмаар парламент дахь хамгийн ахмад нь удирдан явуулах үүрэг хүлээнэ. Харин тэр ахмад настай, азай буурал нь МАН-ын гишүүн Д.Дэмбэрэл. Энэ хүн орж ирэхгүй байх аваас хурал үргэлжлэхгүй гэсэн үг. Мэдээж хэрэг, тэрээр намынхнаасаа зөрж хурал даргалаж, зүрхлэхгүй. Учир нь, удирдлагууддаа загнуулж, нөхөддөө адлагдах болохоор тэр. Иймд яасан ч өөрийн толгойгоор явахгүй гэсэн үг.

Нөхцөл байдал нааштай эргэх магадлал муутай л байна. Үдээс өмнө төвлөсөн хурал хойшилж, 15:00 цагт зарлагдав. Гэвч МАН-ынхан бас л алга. Бүлгийн хурал нь үдээс хойш үргэлжилж, хурлын даргад нэр дэвшигч З.Энхболдыг дэмжих эсэхийг ярилцсаар. Харин 40 гаруй гишүүн тэднийг чуулганы танхимдаа хөшөө болтлоо хүлээв. Арга ч үгүй. Хурал даргалах ёстой Д.Дэмбэрэл орж ирэхгүй байгаа болохоор тэр. Хэрэв эрхэм хүндэт хүн орж ирвэл асуудлыг хэлэлцэж, хууль тогтоох байгууллага үйл ажиллагаагаа эхлэх юм.

Өнөөдөр улсын төсөв хасах цэг рүү зааж, төрийн данс улайчихаад байхад төрийн эрх барих дээд байгууллагын ажлыг МАН-ынхан гацаах нь хэр оновчтой юм бол. Магадгүй МАН-ынхан нийгмийн асуудал, улс орны хөгжил дээд цэгтээ тулж “ОК” болж гэсэн байр суурь илэрхийлж буй нь энэ юм болов уу. Уг нь, цааш хөгжих, бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, иргэдийн амьжиргааг өөд татна хэмээн сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө тусгасан. Харин сонгуулийн дараа энэ бүхнийг хийх шаардлагагүй болчихсон юм шиг байна. Энэ хэвээр явж, ирэх сонгууль хүртэл бусдынхаа үйл хэрэгт дэгээ тавьж, хууль тогтоох ажлыг дөнгөлөхөөр шийджээ.

Иймэрхүү зүйл хийж дөрвөн жилийг үдэх нь тэдний хувьд ямар ашигтай гэдэг нь ойлгомжтой. Магадгүй дөрвөн жилийн дараа эвслийн Засгийн газар юу ч хийгээгүй, АН олонхи учир тэд л буруутай гэсэн зүйл ярих биз. Бид гацаа тавьсан, завсарлага авсан болохоор гэж ганц ч үг унагахгүй. Иймэрхүү маягаар пиар хийж, дараагийн ээлжит сонгуульд ялалт байгуулахаар тооцоолж суугаа байх. Үүнийх нь эхлэл өнөөдөр тавигдчихсан анхдугаар чуулганыг гацаасаар байна. МАН УИХ-д зүүсэн чөдөр, дөнгө, хүлээгээ хэзээ тайлна тэр цагт л хууль тогтоох ажиллагаа эхэлж, улс орны цаашдын хөгжил яригдах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан