Хадгаламжийн хүүгийн татвар үнэт цаасны зах зээлийг 1.8 тэрбум төгрөгөөр өсгөжээ
2017 оны 11 сарын 14
Тамир нь муудсан манай эдийн засагт өссөн, нэмэгдсэн гэх таатай мэдээлэл гарч эхлэх болсон. Бас нэг чихэнд чимэгтэй мэдээлэл нь Банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өсчээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.1 их наяд төгрөгт хүрсэнийг Санхүүгийн зохицуулах хороо онцолж байна.  Энэ нь өнгөрсөн оныхоос 100 хувиар буюу хоёр дахин өссөн дүн аж. Өөрөөр хэлбэл  манай улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч байсан 2011 оны түвшинд дөхөж очжээ.



Ингээд үнэт цаасны зах зээлийн арилжаа ямар байгааг сонирхоё. Хэдийгээр зах зээлийн үнэлгээ нь өсч байгаа ч саар мэдээ бас бий. Жишээ нь өнгөрсөн онд  үнэт цаасны зах зээл дээр нээлттэй хувьцаат компанийн 7  тэрбум ширхэг хувьцаа байж.  Үүний 5 хүртэл хувийг нийт хувьцаа эзэмшигчдийн 99.6 хувь нь эзэмшдэг. Харин 33 хувиас дээш хувьцаатай буюу томоохон хувьцаа эзэмшигчид нийт хувьцаа эзэмшигчдийн ердөө 0.1 хувь нь болно. Тэгэхээр хувьцааны төвлөрөл хэт өндөр байгаа нь хөрвөх чадварыг бууруулж байна. Иймд Хөрөнгийн биржээр арилжаалах шинэ бүтээгдэхүүн бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Нэг ёсондоо дэлгүүрт шинэ бараа байхгүй тул түүнд үйлчлүүлэгчид тоож ордоггүй гэсэн үг. Нөгөө талаас  хувьцааны арилжаанд оролцдог иргэд, аж ахуйн нэгжийн тоо хэтэрхий цөөн, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаггүй, энэ зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, туршлага тааруу  зэрэг  шалтгааны улмаас Хөрөнгийн бирж унтаа байдалд байгаа юм.  
Эдийн засагчид хөрөнгийн зах зээлийг зохицуулах  зарим журам,зааврууд төдийгүй холбогдох хуулиудыг шинэчлэх, өөр хооронд нь уялдуулах, сайжруулах шаардлага бий хэмээн хэлдэг.  УИХ-аас энэ оны нэгдүгээр сард “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийг баталсан байдаг. Үүнд санхүүгийн салбарын  10 гаруй хуулийг шинэчлэхээр тусгажээ. Бас  “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг ч  саяхан баталсан. Тус хөтөлбөрт санхүүгийн зах зээлийн хөгжлийн гол тулгуур нь хөрөнгийн зах зээл гэж тодорхойлсон байна.
Даатгалын салбарын нийт активын хэмжээ 251.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4 хувиар өслөө. Түүнчлэн салбарын хэмжээнд 85.5  тэрбум төгрөгийн хураамжийн орлоготой, 6.9 тэрбум  төгрөгийн цэвэр ашигтай ажилласан дүн гарчээ. 




Энэ оны эхний хагас жилээс хойш хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах болсон. Уг үйл явдал нь урт  хугацааны даатгалын компанийн хөрөнгө оруулалтын  бүтцэд томоохон өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл үнэт  цаасны хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 1.8 тэрбум төгрөгөөр буюу 187.7 хувиар  өсхөд нөлөөлжээ.  Товчхондоо  дээрх хэмжээний мөнгө банкнаас гарч үнэт цаасны зах зээлд шилжсэн аж. Харин  хадгаламж хадгаламжийн сертификат 1.7  тэрбум төгрөгөөр буюу 54.5 хувиар буурчээ.
Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь ББСБ-ын тоонд хязгаарлалт болохоос илүүтэйгээр эдийн засаг дахь санхүүгийн урсгалыг сайжруулж, нөөцүүд зохистой хуваарилагдахад эерэг нөлөө үзүүлж буй хэмээн тус хороо дүгнэж байна. Мөн   үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өсөхөд ч нөлөөлжээ.  Бас  зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлсэн хэмээдэг. Иймд ББСБ-ын зээлийн хүү сарын 2 хувь болж буураад байгаа билээ.
ББСБ-уудын нийт хөрөнгө өмнөх оноос 25.1 хувиар өсч  906 тэрбум төгрөгт хүрэв.  Уг  хөрөнгийн 20 хувийг зээлийн өсөлт бүрдүүлсэн аж. Мөн өөрийн хөрөнгө нь СЗХ-ны шаардлагаар 35 хувиар өсч  716.8 тэрбум төгрөгт хүрлээ. ББСБ-ын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 592.4 тэрбум төгрөгт хүрээд байна. Харин сарын  жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж өмнөх оны мөн үеийнхээс 0.8 пүнктээр буурсан судалгаа гарав.
ХЗХ-дын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар өсч 142.7 тэрбум төгрөгт хүрсэн аж.
ҮЦТХТ ХХК д бүртгэлтэй нийт 893,646 данс, 140,882 холболтын данс бүртгэлтэй байна. Эдгээрийн 888,879 нь дотоодын иргэн, 1,994 нь гадаадын иргэн, 2,591 нь дотоодын аж ахуйн нэгж, 182 нь гадаад аж ахуйн нэгжийн данс юм. Харин үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд энэ оны 3 дугаар улирлын байдлаар нийт 318 ХК-ийн 1.4 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 22,245,285,497 ширхэг үнэт цаас хадгалагдаж байна. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.