Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаар хэвлэгдлээ

Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэж эхэлсний 91 жилийн ой, “Төрийн мэдээлэл” сэтгүүл гарсны 26 жилийн ой болж байна.




Монгол Улсад хууль тогтоомжийг албан ёсоор хэвлэн нийтэлж ирсэн түүхийг сөхвөл, хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл /“Албан сэтгүүл”/-ийг 1926 оноос өдгөө хүртэл бараг тасралтгүй 90 гаруй жил хэвлүүлж иржээ. Тухайлбал, “БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл”-ийг Засгийн газрын 1925 оны 14 дүгээр хурлын тогтоолын дагуу 1926 оны 03 дугаар сараас 1930 он дуустал, 1931-1939 онд “БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхэтгэн хавсруулсан сэтгүүл”, 1941-1970 онд “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл”, 1971 оноос 1990 оны эцэс хүртэл “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл”, 1991 оноос эхлэн өнөөг хүртэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэн гаргаж ирэв.



1971 оноос 1990 оны эцэс хүртэл “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл” нэртэйгээр хэвлэгдэн гардаг байв.


1991 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 тоот захирамжаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсээс эрхлэн сар тутам гаргаж байхаар болжээ. Мөн сэтгүүлийн анхны дугаарыг туршилтын журмаар 10 мянган ширхэг хэвлүүлсэн. Үүний   5000-ыг нь Ардын Их Хурлын депутат, Бага Хурлын гишүүд, улс, нам, олон нийт, хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тарааж, үлдсэн хэсгийг холбоо, номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдахаар шийдвэрлэсэн байдаг.





1991.03.19-ний өдөр Улсын Бага Хурлын дарга төрийн хууль, тогтоолыг бүрэн эхээр нь хэвлэн нийтлэх зорилготой “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газраас эрхлэн гаргаж байх тухай захирамж гаргав.



“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн анхны дугаарт, БНМАУ-ын Албан татварын хууль, Ерөнхийлөгчийн тухай, Бага Хурлын тухай, Засгийн газрын тухай хууль, тогтоол тус тус нийтэлсэн байна.



1994 оноос эхлэн “Төрийн мэдээлэл”-ийг сар тутам эмхэтгэл болгож гаргах болжээ.



1996.12.27-ны өдөр УИХ-ын Тамгын газраас “Парламентын мэдээлэл” нэртэй сонины туршилтын дугаарыг анх гаргаж байжээ.



1991 оноос эрхлэн гаргасан эмхэтгэлийн бүх дугаарыг 2014 оноос зурган файл болгон http://parliament.mn/m/bcno хаягаар байршуулах боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан