Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Амарбаясгалан: Нам хагарч хоёр талд гарсан юм биш, үзэл бодлын өрсөлдөөн л байсан

МАН-ын XXVIII Их хурал энэ сарын 20-24-ны өдөр хуралдсан. Их хурлаас гарсан шийдвэр болоод намын дүрэмд орсон зарим өөрчлөлтийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын зүгээс өнөөдөр мэдээлэл өглөө.

Их хурлын нийт төлөөлөгчдийн  23,4 хувь нь эмэгтэй байсан бол 18 хувь нь 18-35 насны залуус, 40 хувь нь 36-45 насныхан, хамгийн ахмад нь 100 настай, залуу нь 22 настай төлөөлөгч оролцсон байна. Дүрмийн өөрчлөлтөөр намын Бага хурлын гишүүдийн тоог 310-аас 369 болгон өөрчилсөн бол Удирдах зөвлөлийн гишүүнийг 33-29 болгон цөөлсөн гэнэ. Мөн эмэгтэйчүүдийн квотыг 25 хувь байсныг 30 болгон нэмэгдүүлсэн аж. Өмнө нь Удирдах зөвлөлөө намын дарга өөрөө даргалж, шийдвэр гарахад нөлөөлдөг байсан бол шинэчилсэн дүрэмд намын ерөнхий нарийн бичгийн дарга нь даргалахаар тусгажээ. Ингэснээр намын даргынхаа эрхийг хазаарлах, хяналт тавих боломжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.

Их хурлын үеэр төлөөлөгчдийн зүгээс онцгойлон анхааруулж байсан асуудал бол намын эв нэгдлийг бүхий л төвшинд хангаж ажиллах байсныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцлон ярьсан. Мөн намын эв нэгдлийг алдагдуулсан, хариуцлага алдсан гишүүдэд дүрмээрээ шийтгэл ногдуулж байхыг Их хурлын төлөөлөгчид сануулсан байна. Энэ дагуу намын хяналт, ёс зүйн хороог хоёр салган, Хяналтын хороог М.Батбаатар,  Ёс зүйн хороог Г.Баасанцогт даргалж ажиллахаар болсон аж.

Их хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тэргүүтэй зарим гишүүн нь шинээр нам байгуулж, өрх тусгаарлах тухай яригдаж байсныг Д.Амарбаясгалан үгүйсгэв.

Мөн намын дарга, Их хурлын төлөөлөгчид Их хурлын үеэр намын эв нэгдлийг хангах нь чухал юм гэдгийг онцгойлон ярьж, УИХ, Засгийн газар болон аймаг нийслэлийн удирдах төвшинд ажиллаж байгаа гишүүд бүхий л төвшинд үүнийг анхаарч ажиллахыг даалгасан гэлээ. УИХ дахь МАН-ын гишүүд 33, 32 гэж хоёр хуваагдсан зүйл ер нь байхгүй. Нам хагарч, хоёр талд гарсан юм биш, үзэл бодлын өрсөлдөөн л байсан.  Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөлийн хурал дээр нөхдүүд маань эв эеээ олж, бие биенээсээ уучлал эрж, учир зүйгээ ололцсон хэмээн хэлсэн юм.

“Өнөөдөр бидэнд олон түмний хүлээлгэсэн өндөр хариуцлагаа ухамсарлаж, МАН-ын мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө ажиллах нь чухал байна” хэмээн 28 дугаар Их хурлаараа улиран сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярьсан юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсаны хариуцлагыг хэрхэн тооцох тухай асуусан сэтгүүлчийн асуултанд “ Намын дүрмэнд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээвэл намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга огцрох тухай тусгасан байдаг. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлага хүлээнэ гэсэн зүйл байдаггүй” гэсэн хариулт өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан