Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт нутгийн 40 гаруй хувь зудын эрсдэлтэй байна



Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг гаргасан байна. Өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц,  цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж тус зургийг гаргажээ.

Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргэжээ.
Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай, Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0,10-0,28 г/см3 байгаа аж.
Харин Баян-Өлгийн Даян /Сагсай/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Эрдэнэхайрхан, Архангайн Хашаат, Өвөрхангайн Есөнзүйл, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Баян, Бүрэн, Цээл, Дэлгэрхаан, Улаанбаатарын Налайх/Тэрэлж/ Хэнтийн Дархан, Өндөрхаан, Мөрөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,31 г/см3 байгаа юм байна.
Мөн Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Гурванбулаг,  Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд цас 21-45 см зузаан, 0,12-0,36 г/см3 нягттай байгаа гэнэ.
Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн  40 гаруй хувьд их (18% нэн их, 24% их),  20 гаруй хувьд (23%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна.
Тодруулбал, 11 аймагт буюу Увсын зүүн тал, Завханы баруун хагас, Баянхонгорын зүүн хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн залгаа нутаг, Булганы өмнөд хагас, Орхон аймаг, Төв аймгийн баруун хагас болон зүүн өмнөд хэсэг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун болон зүүн хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарчээ.
Мөн Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун хойд, Баянхонгор, Сүхбаатарын төв хэсэг, Өмнөговь, Дорнодын зарим сумдын нутгаар их эрсдэлтэй байна.
Иймээс зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдыг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах шаардлагатайг албаныхан онцолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан