Х.Хатанбаатар:Манай тамирчдын амжилтууд Гиннессийн номонд бичигдэхээр болжээ
2017 оны 12 сарын 7

Монголын Оюун Ухааны Академийн захирал, Ой тогтоолтын спортын ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар цахим хуудсаараа дамжуулан нэгэн баярт мэдээг дуулгалаа. Тэрээр “Хятадад болж буй 100.000$-ын шагналын сантай тэмцээнд 320 тамирчин өрсөлдөж байна. Манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин оролцож байгаа. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд манай охидын гаргаж буй амжилтууд гадныхныг алмайруулж, хэвлэл мэдээллийнхэн тасралтгүй ярилцлага авч байна гэнэ дээ. Одоогоор манай тамирчид 3 дээд амжилт шинэчилсэн төдийгүй амжилтууд нь Гиннессийн номонд бичигдэхээр болсон сайхан мэдээ дуулгалаа. Гайхамшгаа үргэлжлүүлээд байгаарай, охид минь!” гэжээ.
100.000$ -ын шагналын сантай оюуны спортын тэмцээнд эх орноо төлөөлж дэлхийд чансаагаараа хоёрт эрэмбэлэгдэж буй ОУ-ын их мастер Н.Мөнхшүр, зургаад эрэмбэлэгддэг ОУ-ын их мастер Н.Энхшүр, долоод эрэмбэлэгддэг ОУ-ын их мастер Э.Лхагвадулам, 22-т эрэмбэлэгддэг ОУ-ын их мастер З.Цэцэгзул нар оролцож буй юм.
Дашрамд сонирхуулахад, энэ сарын 1-3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "Олон багц хөзөр" төрөлд ОУ-ын их мастер Н.Мөнхшүр, "Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд ОУ-ын мастер Э.Лхагвадулам нар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Мөн ОУ-ын их мастер, Өсвөрийн Дэлхийн аварга, Азийн аварга Н.Мөнхшүр "Азийн хамгийн шилдэг тамирчин - 2017" цомын эзэн болсноос гадна Н.Энхшүрийн хамтаар ОУ-ын Их Мастерын зэргээ ахиулсан билээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.