С.Эрдэнэцогт:Шударга байцгаая
2018 оны 1 сарын 12

Ардчилсан хувьсгалын анхдагчидтай холбоотой зарим асуудлын талаар МоАХ-ны ХЭГ-ын дарга С.Эрдэнэцогттой ярилцлаа.
-Ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан ахмадуудад төрөөс одоогоор ямар хөнгөлөлт тусламж үзүүлж байна вэ?

-Монгол төрийн мэлмий булингартсан гэж ойлгохуйцаар тусгайлсан ямар ч хөнгөлөлт, туслалцаа ардчилсан хувьсгалын анхдагчдад огт алга.
-Анхдагчдын нэрийг баригсад ч олшрох нь. Ойролцоогоор хэдэн анхдагч ахмад партизан бүртгэлтэй байна вэ?
-Халуун өдрүүдэд араас нулимж, хутга шааж эсвэл тээнэгэлзэж явсан этгээдүүд анхдагчийн нэрийг барих нь олонтаа. Азаар цөөнгүй гэрчүүд, манлайлагчид амьд байгаа учраас хот, хөдөөгүй хуурамч Дамбийжаануудыг ялгахтайгаа шүү. 2013 оны 12 сараас эхлэсэн МоАХ-ны анхдагч гишүүдийн бүртгэл тодорхой шалгуураар явагдаж 2014 оны эхний улиралд дууссан.
Ний нуугүй хэлэхэд ардчиллын давлагаа хүчтэй өрнөсөн газруудын гишүүдийн тооноос хэн ч мэддэг зарим сул газруудын гишүүдийн тоо эхний удаа давж гарсан нь, басхүү нэлээд үндэслэлтэй гомдол, мэдээлэл ирсэн нь бидний анхаарлыг татсан. Түүнчлэн салбар зөвлөлийн удирдлага хэт хавтгайруулсан нь мэдрэгдсэн. Энэ бүртгэлд “Танилын нүүр халуун” гэдгээр биш түүхэн үнэний үүднээс хандах ёстой. Бүртгэлийн материал хяналтын шатны хоёр ч дамжлагаар орсон л доо.
2014 оны 4 сар гэхэд 5000 илүү хүн байсан бол шударгаар, баримттай шүүгээд ирэхээр одоогийн байдлаар 2 дахин багасч байна.
“Ардчиллын түүх аль ч шатанд худал бичигдэх ёсгүй, үнэлэх гавьяатай хүн үлдэж болохгүй, хуурамч этгээд завших ёсгүй” гэсэн зарчмаар МоАХ-ны Хэрэг Эрхлэх Газар сум, хороо бүрийн бүртгэлд анхааралтай хандаж ирсэн. Одоо ч цэгнэж, цэгцэлсэн хэвээр байна. Сонирхсон анхдагч гишүүд танилцахад нээлттэйг дашрамд хэлье.
Үүх түүхээ бичгээр баринтаглан үлдээхдээ тун тааруу, суурин соёл иргэншилд шилжээд удаагүй монголчуудын сул тал, ардчиллын удирдагчид, орон нутгийн зохицуулагчид, архивын ажилтан нэр бүхий хүмүүс хариуцлагагүй хандсан зэрэг 2007 оноос өмнөх алдаа бидний ажилд хүндрэл учруулсан шүү. Архив бүрэн бүтэн, цэгцтэй байсан бол дахиж бүртгэл явуулах шаардлагагүй, шүүгээд л гүйцээ. Мөн анхдагчдын нэр барьсан, тэмдэг тараах төдийхөн явцгүй, амбицын байгууллагууд Дамбийжаануудыг өөгшүүлж ирснийг нийтээр мэдэж, жигших нь зүйтэй болов уу.  
-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийн тухай?
-Бид эсрэг хүчнээс илүүтэй өөрсдийгөө бодитой үнэлж, үнэнийг хэлэх ёстой.МоАХ-ны анхдагч гишүүдийн бүртгэлийг шалгаж дууссаны дараа тэдний 70-аас дээш хувь нь амьжиргааны түвшин доогуур, өөрийн гэх орон сууцгүй гэх статистик гарсан. Үүнийг үндэслээд МоАХ-ны дарга Х.Баттулга тэргүүтэй УИХ-ын 5 гишүүн ардчилсан хувьсгалын анхдагчдын нийгмийн хамгааллын талаар 2 заалттай тогтоолын төслийг 2014 оны 6 сард Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар/ Ардчилсан намын шүү/ хуулийн хугацаанд санал өгөөгүй. Журмын дагуу 10 сард дахин УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Бид ч АН-ын бүлэгт итгэж, дагалдах тушаалын төслийг боловсруулсан байсан. Уг нь тэр тогтоолын эдийн засгийн үндэслэлийг нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр тооцсон л доо. Тогтоолын төсөлд хамрагдах холбоодоос угшилтай төлөөлөл/МоАХ, ШДХ, АСХ, МОХ/ УИХ-д цөөнгүй шигдэн суусан атлаа тэд ч, Ерөнхий сайд ч, УИХ-ын дарга ч ойшоогоогүй. 8 жил төрийн тэргүүний суудалд заларсан Элбэгдорж ч зарлиг гаргаад асуудлыг шийдчих боломжоо ашиглаагүй . Э.Бат-Үүл ч Засаг даргаар ажиллахдаа зоригтойхон шийдвэрлээд орон сууцны фондоос ардчиллынхны ачааг хөнгөлж болох л байсан. Одоо байдал асар хүндэрсэн.
С.Эрдэний санаачилсан хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцад чамбайрах нь мэдээж. Өнгөрсөн оны Монгол бахархлын өдрөөр Булган аймагт зохион байгуулагдсан МоАХ-ны хангайн бүсийн уулзалтаас энэхүү хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор парламентад суудалтай улс төрийн хүчнүүд зөвшилцөн батлах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү санал хуулийг батлах нэг гарц болох талтай.
-Бусад улс оронд эх орондоо ардчилал хүний эрх, эрх чөлөөг авчирахад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа хэрхэн халамжилж хамгаалдаг талаар мэдээлэл өгнө үү?
-Европын пост социалист орнуудад орон сууцны асуудал тэргүүн зэргийнх биш учраас ардчилсан хувьсгалаар нийгмээ өөрчилсөн хүмүүст голлон үзэл санааны хоригдол, улс төрийн хэлмэгдэгсэд гэдэг үүднээс нөхөн олговор олгож бусад дэмжлэг үзүүлсэн туршлага бий. Монголчууд харь гүрнээс хайлгүйгээр монгол төрийн уламжлалаа даган ардчилсан хувьсгалын анхдагчдад ивээлээ үзүүлэх нь шударга ёсонд нийцнэ.  
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.