Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цацраг идэвхт бодисын ид шид

Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станц хүчтэй газар хөдлөлтийн улмаас сүйрсэн. Үүнээс хойш дэлхий нийтээр цөмийн цахилгаан станцаас татгалзах хандлагатай болсон. Гэвч хүн төрөлхтөн амьдрал ахуйдаа цацраг идэвхт зүйл өргөн хэргэлсээр байна. Энгийн жишээ татахад, өрөөнд байрлуулсан утаа мэдрэгч төхөөрөмж юм. Уг төхөөрөмжид  “Америци-241” цацраг идэвхт изотоп ашигладаг. Үүнээс ялгарах цацраг туяа нь богино зайд нэвтэрдэг учир хүнд хоргүй хэмээдэг аж. Эдүгээ хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглэж буй. Монгол Улс 1965 онд Цөмийн шинжилгээний лабораторитой болжээ. Тэгээд 1973 онд Олон улсын атомын энергийн агентлагийн /ОУАЭА/ гишүүнээр элсэв. Үүнээс хойш тус агентлагийн  хамтын ажиллагааны хөтөлбөрөөр 60 гаруй төсөл хэрэгжүүлж, 12 сая ам.долларын тусламж авсан судалгаа бий. Энэ мөнгөний 60 гаруй хувийг тоног төхөөрөмж багаж худалдан авахад зарцуулсан бол үлдсэнээр нь мэргэжилтэн бэлтгэх, ОУАЭА-аас зөвлөгөө авчээ. Энэ оны байдлаар тус агентлагтай хамтарч, цацрагийн хамгаалалт, анагаах ухаан, мал аж ахуй, газар тариалан, боловсролын салбарт 11 төсөл хэрэгжүүлж байна. Хүн хүссэн, хүсээгүй ч цацрагийн үйлчлэл дунд амьдардаг аж. Судалгаагаар нийт цацрагийг 100 хувь хэмээн үзвэл гурван хувь нь өөрийнх нь бие махбодиос ялгардаг. Үлдсэнийг нь байгалиас хоол хүнс, агаараар дамжуулан шингээж авна. Энэ цацраг нь хэвийн хэмжээнд байхад биед сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. Ингээд Монгол оронд цацраг идэвхт үүсгүүр, цөмийн технологи хэрхэн ашиглаж буй талаар дор өгүүлье.

 
Хавдраар өвчлөгсдын 60 хувийг цацрагаар эмчилдэг

Цөмийн технологи анагаах ухаанд тэсрэлт хийсэн билээ. Эдүгээ цацрагийн тусламжтайгаар хүний эд эрхтэний үйл ажиллагааг шалгаж тодорхойлох болов. Германы эрдэмтэн В.К Рентген 1895 онд нэгэн үл мэдэгдэх цацраг туяа нээжээ. Үүнийг хожим рентген туяа хэмээн нэрлэх болсон. Уг туяаг нээснээс хойш анагаах ухаанд ургацаг, шарх эмчлэхэд ашиглаж эхэлжээ. Өнөөгийн байдлаар дэлхийд 10 мянга гаруй цацраг идэвхт изотоп ашиглаж байна. Үүний 90 хувийг нь өвчин оношлоход хэрэглэдэг. Хамгийн түгээмэл ашиглаж буй цацраг идэвхт изотоп нь хагас задралтай “Тс-99m” юм. Одоогоор өндөр хүчин чадалтай позитрон ялгаруулдаг томографийн оношлогоонд хэрэглэдэг.

Ийм багаж хүний эд эрхтэний зургийг маш нарийвчлалтай гаргана. Оношлогооны явцад өвчтөн дунджаар 4.6 м куб цацрагийн тун авах нь. Энэ нь хүний биед сөрөг нөлөөгүй бөгөөд стандартаас хэтрээгүй үзүүлэлт аж. Мөн бүх төрлийн хавдрын өвчнийг цацрагаар оношлох, шарж эмчлэх боломжтой. Хурдан хуваагддаг эд эс цацрагийн үйлчлэлд маш эмзэг. Уг шинж чанарыг ашиглаж хавдрын эсийг устгах, тархалтыг зогсоох эмчилгээ хийдэг. Үүнд, цацрагийн “Со-60” үүсгүүрийг ашигладаг байна. Хавдрын тархалтыг зогсооход хар тугалган буюу “Pb-212” ашиглана.  Дэлхийд жилд доод тал нь 30 мянган өвчтөн цацрагийн ийм эмчилгээ хийлгэдэг судалгаа гарчээ. Бас бамбай булчирхайг “Иод-131” гэсэн цацраг туяагаар эмчилж буй. Тархины хавдрыг Бор нейтроноор эмчилнэ. Өвчтөнд Б-10-ийг залгиулсны дараа цацрагаар шардаг байна. Дулааны нейтроны нөлөөгөөр “Б-10” нь урвалд орж, өндөр энергитэй альфа бөөм ялгаруулдаг аж. Ингээд хавдрын эсийг зогсоож эмчилдэг. Ийм эмчилгээний үед өвчтөнд үзүүлдэг цацрагийн тун нь ойролцоогоор 20-60 гр байх нь.

Монгол Улс 1959 онд Улаанбаатар хотын нэгдсэн төв эмнэлэгт анхны рентген төхөөрөмж суурилуулжээ. Энэ үеэс эхлэн туяа эмчилгээний түүх эхэлсэн байна. Эдүгээ “Иод-131”, “Техниций-99”, “Алт-99”, “Рени-188”  зэрэг изотоп ашиглаж бамбай булчирхай, элэг, цөс, яс, үе мөчний өвчний шинжилгээ, эмчилгээнд хэрэглэж байгаа юм. Манай улсад хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь цацраг эмчилгээ хийлгэдэг судалгаа бий. Ирэх онд ХСҮТ шинээр цацраг эмчилгээний хоёр төхөөрөмж суурилуулах ажээ.


Хөдөө аж ахуйд “Цези-137”, “Берилли-7” изотоп ашигладаг

Хөдөө аж ахуйн тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнийг цацрагаар шардаг. Ионжуулсан цацрагаар хүнсний бүтээгдэхүүн шарахад бактери, нян устаж хадгалах хугацаа уртасдаг.  Ийм технологи хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнд тусгай тэмдэглэгээ заавал тавьдаг аж. Үүнээс гадна хортон шавьж устгах, хөрсний үржил шим дээшлүүлэх, үржүүлгийн генетикийг мутацлах аргаар сайжруулдаг байна. Монгол орны хувьд цөмийн технологийг малын генетик, үржлийг сайжруулах, бордоо хийх зэрэгт өргөн ашиглаж буй. Жишээлбэл, бэлчээр, тариалангийн газрыг сайжруулах зорилгоор “Цези-137”, “Берилли-7” изотоп ашигладаг. Ингэснээр хөрсний элэгдлийг тогтоож, ургамлын гарц сайжруулах судалгаа хийж, зургаан төрлийн бактерийн бордоо үйлдвэрлэж байна. Өнөөдөр Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэн жилд 10-15 тонн бактерийн бордоо үйлдвэрлэдэг. Уг бордоог Сэлэнгэ, Төв, Булган, Хэнтий зэрэг аймгийн тариаланчид хэрэглэж байгаа юм. Нийтдээ жилд 10 га талбайд уг бордоог хэрэглэдэг ажээ. Мал аж ахуйн салбарт мах, сүүний гарц нэмэгдүүлэхэд цөмийн технологи гол үүрэг гүйцэтгэдэг. Одоогоор дөрвөн төрлийн дарш бэлтгэж мал бордож буй. Мөн Мал эмнэлгийн хүрээлэн ОУАЭА-тай хамтарч шүлхий, бруцеллёз, ям, сүрьеэ өвчний тархалтын судалгаа хийж, эм бэлдмэлийн туршилтын үйлдвэр байгуулжээ. Ингээд хоёр жилийн өмнө 230 мянган тун вакцин үйлдвэрлэж, зүүн аймгуудын мал сүрэгт хэрэглэсэн аж.


Дэлхийн насыг ураны задралаар тогтоосон

Манай аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэлийн технологийн процессийг хянах зорилгоор зургаан байгууллагад нягт, төвшин хэмжихэд цацраг идэвхт үүсгүүр ашиглаж байна. Мөн автозамын 10 байгууллага зам, далангийн чанар шалгах, хөрсний чийг нягт тодорхойлох ажилд ашиглаж буй. Үүнээс гадна геологи хайгуулын ажилд 17 байгууллага цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа. Ялангуяа, нүүрс, газрын тосны үе давхарга дахь судалгаа хийхэд өргөн ашигладаг. Бас эрдэс чулуулгийн шинжилгээ хийхэд зөөврийн рентген чухал үүрэг гүйцэтгэж байна.  Мөн шинжлэх ухааны салбарт цацраг нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, эртний олдвор, дэлхийн насыг цацраг идэвхт элементээр тогтоодог. Зарим элемент нь олон тэрбум жилийн турш хагас задралын үетэй байхад нөгөө нь хэдхэн секундийн хугацаанд хагас задарна. Нарны аймгийн насыг “Уран-235” элементээр тогтооно. Уг элемент нь хүчтэй цацраг туяа ялгаруулдаг бөгөөд задарсны үр дүнд “Хар тугалга-207” болж хувирдаг. Уран нь эхний үедээ зуун хувь байна.
Тэгээд 700 сая жилийн дараа тал нь хар тугалга болно.  Үүнийг хагас задралын үе хэмээн нэрлэдэг аж. Ингээд 1.4 тэрбум жилийн дараа 75 хувь хар тугалга болж, үлдсэн нь уран хэвээрээ байх нь. Эрдэмтэд дэлхийн олон газраас дээж авч, шинжилж дэлхийн насыг тогтоожээ. Судалсан дээжнээс нь үзэхэд 1.5 хувь нь уран үлдсэн нь хар тугалга байж. Ингээд дэлхийд ураны хагас задралыг зургаан үе туулсан гэж тооцоод 4.2 тэрбум жилийн настай хэмээн тогтоосон байна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан