Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮЛГЭР АВМААР ”ТОРГОНЫ ЗАМ” СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН


Хөршийн өөрчлөлт-шинэчлэлтийн 40 жилээр “аялав”-3
“Өөрчлөлт шинэчлэлт-40 жил, Нэг бүс-нэг зам Хятад дахь аялал”-ынхаа тухай өмнөх сурвалжлагуудаараа бид Хөх хот, хотын “Метроны төсөл”, “Жорлонгийн хувьсгал” зэрэг бүтээн байгуулалтыг онцлон хүргэсэн. Харин энэ удаад цэцэрлэгт хүрээлэнгүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Хөх хот нь ӨМӨЗО-ы төв томоохон хот бөгөөд иргэдийнхээ амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан ногоон байгууламж, гудамж талбайн тохижилтыг өдөр бүр улам сайжруулан хийх болжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэнэ.
Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн стандартад хүрсэн ногоон хот болох зорилтоо биелүүлэхийн тулд нэгэн сэтгэлээр хөдөлмөрлөж буй тус хотынхны “Тал нутгийн торгоны зам” соёлын хүрээлэнд бид түр саатав. ӨМӨЗО-ы төв Хөх хот бий болсон үүх түүхээс үзвэл Хөх хот нь тал нутгийн торгоны замын хөгжлийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байсан зангилаа хот юм. Энэхүү түүхэн ул мөрийг нь үндэслэж “Тал нутгийн торгоны зам соёлын хүрээлэн” цогцолборыг байгуулжээ.

Таван хэсгээс бүрдэх энэхүү хүрээлэнгээс Чин Мин гүрний үеэс орчин үе хүртэлх Хөх хотын хөгжлийн түүхэн улбааг баримал сийлбэр, ханан зураг зэргээс харж болно. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь нэг сая 200 мянган квадрат метр талбайтайгаас гадна уртаашаа 4 км, өргөнөөрөө 340 метр.
Өнөөдөр энэ цэцэрлэгт хүрээлэн хотын иргэдийн амарч зугаалах дуртай газрын нэг болсон төдийгүй гадаадын жуулчдын Хөх хотын түүх соёлтой танилцах төв болж чаджээ. Нийт 400 сая юанийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан энэхүү хүрээлэнгийн “Монгол наадам” гэх утгыг агуулсан хэсэгт бид хэдэн хором саатав. Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөх цагаан хадаг бүхий баримлыг дээрээ хөх тэнгэртэй, доороо эх дэлхийтэй, голд нь хадаг намирч буйгаар дүрслэн бүтээжээ.

Мөн тэнд буй гэрүүдийн орой дээр нь монгол ахуй амьдрал, баяр наадам, нүүдлийн соёлыг илтгэсэн зургууд байх. Торгоны зам гэх их замын дунд Хөх хотод байгаа монголчуудын эрт, эдүүгээ үеийн амьдралыг зураглаж бүтээсэн нь энэ ажээ.
Энэ дашрамд сонирхуулахад, Хөх хотын цэцэрлэгийн хамааралтын газраас шинжлэх ухаанчаар бүтээн байгуулалт хийж, өөр өөрийн хэв загвартай олон цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. 2016-2017 оны хооронд гэхэд л хотын тойрог зам дагуух 19 шар шороон овоолгыг өөрчлөн 140 га бүхий 9 цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулсан байна. Үүнд нийт 160 сая юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, 95 сая юанийн хөрөнгийг зарцуулжээ.


ХӨРС АШИГЛАХГҮЙ, УСЛАХГҮЙ Ч ОЛОН ТӨРЛИЙН УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
Эндээс гараад өнгө өнгийн цэцэгс алагласан, дэлхийд нэн ховорт тооцогддог ургамлуудыг тариалж буй Сайхан дүүргийн Хөдөө аж ахуйн цэцэрлэгт хүрээлэнтэй танилцав.
Энэ цэцэрлэгт хүрээлэнг шинэ техник, технологи ашиглан бүтээн байгуулжээ. Өмнөд орны жимсний модыг авчирч тарьж ургуулахад илүүтэй анхаарал хандуулдаг байна. Одоогоор халуун бүсэд ургадаг, дэлхийн өнцөг булан бүрт байдаг ховор ургамлаас бүрдсэн 57 нэр төрлийн 6000 гаруй жимс жимсгэнэ, хүнсний ногоо цэцэг, навч, бутлаг ургамлыг энд тарьж ургуулаад байгаа аж.

Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд Төв Америк, Мексик, Колумб орчимд ургадаг нийт 30 гаруй төрөлтэй, олон давхар дэлбээт мандарваа цэцгийг авчирч тарьжээ.
Сонирхолтой нь, энд тарьж ургуулах явцад амжилтгүй болсон  нэг ч тохиолдол гараагүй гэнэ. Мөн бидний сонирхлыг илүүтэй татсан нэг мэдээлэл нь ямар ч хөрс ашиглахгүйгээр уураар усалж ургамал ургуулж болдгийг эндээс харав.  Олон төрлийн ургамлыг энэхүү аргаар тарьж ургуулж байгаа гэх. Гэхдээ ямар ч химийн найрлагагүйгээр. Хүрээлэн байгуулагдахаас өмнө тус газарт айл амьдарч байсан болохоор хөрс нь эрүүл үлдсэн талаар мэргэжилтнүүд нь олзуурхан ярьж байв.
Ямартай ч бидний сайн мэдэх манго, банана, жүржээс эхлээд л хүнсний бүхий л ногоог энд тарьсан харагдана лээ. Гэхдээ зөвхөн тарьж ургуулаад байх биш нэг л сууриас хэдэн мянган жимс жимсгэнэ авах төлөвлөгөөтэйгөөр ажилладаг байна. Жишээлбэл, нэг л улаан лоолийн модноос 1000 улаан лооль хурааж авна гэсэн тооцоололтой.

160 сая юанийн хөрөнгө оруулалтаар бий болсон энэхүү шувууны үүр шиг хэлбэртэй хүрээлэнгийн нийт талбай нь 133 кв.метр. Ердөө 12 хүн ажилладаг гээд гайхршуулах зүйл дэндүү олон. Мөн  Бүх Хятадын хамгийн том аз жаргалын модыг та энэ хүрээлэнгээс л харж болно.
Үүнээс гадна энд ирсэн хүмүүст зориулж олон нэр төрлийн жимс жимсгэнэ тариалахаар төлөвлөжээ. Одоогоор зөвхөн судалгааны, хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх, жуулчдад үзэж харуулах төдийхнөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ.
Биднийг тус хүрээлэнтэй танилцаж байх зуур анги хамт олноороо үзэж сонирхохоор ирсэн хүүхдүүд ар араасаа дугаарлан зогсч байлаа.

Ийнхүү ногоон хот гэж нэрлэж болохоор Хөх хотын хоёр ч хүрээлэнтэй танилцсан манай аяллын багийнхны дараагийн маршрут Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжилд шинэчлэлт авчирсан “И Ли” групп. Тус группын талаар бид дараагийн сурвалжлагаараа мэдээлэл болно.
Үргэлжлэл бий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан