Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 СЕКУНДЭД МОД ТАРЬЖ, ЦӨЛИЙГ ОЙ БОЛГОСОН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАВ


Хөршийн өөрчлөлт-шинэчлэлтийн 40 жилээр “аялав”-7

“Өөрчлөлт шинэчлэлт-40 жил, Нэг бүс-нэг зам Хятад дахь аялал” буюу Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баруун бүсийн багийнхны маань дараагийн маршрут нь Ордос хот.
Бид тус хотын Хангин хошууны Дугуй тал багийн Амгалан хэмээх газарт байх Хөвчийн элсэн цөлийг 30 жилийн турш ойжуулсан “Элион” корпорацийн үр дүнтэй танилцахаар яваа нь энэ.
Эхэлж бид 30 гаруй төрлийн хүнсий ногоо тарьж ургуулж, Ордос хотоосоо гадна Бээжин, Хөх хот, Бугатад өөрсдийн худалдааны цэгээрээ дамжуулан борлуулалт хийдэг хүлэмжийн аж ахуйтай танилцаж, ямар ч химийн бордоо ашиглалгүй тарьж ургуулсан өргөст хэмхийг нь амтлав.

Хүйтэнд болон гантай үед ажралгүй ургадаг ургамлын төслийн ажлыг анх 2016 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалттайгаар эхлүүлж байжээ. Өмнө нь халцгай элс байсан гэх энэ талбайд өнөөдөр амтат гуай, улаан сонгино, тарвас гээд олон төрлийн жимс жимсгэнэ, хүнсий ногоо зэргээс гадна лаванда, чихэр өвс ч тариалсан байгаа харагдана лээ. Ямар нэгэн химийн бодисоор бус аргал, хорголоор борддог, нарны энерги ашиглан газрын гүнээс ус татаж, тарьсан ногоогоо услахаас гадна тариалангийн талбайнхаа чийг, дулааны хэмжээ, салхины чиг гээд бүхий л мэдээллийг нь нэг дороос авчихдаг шинэлэг технологитой юм билээ.

Мөн хөвчийн элснийхээ гуравны нэгийг ойжуулж чадсан гэх тус корпорацийн брэнд бүтээгдэхүүн нь чихэр өвс гэж хэлж болно. Дэргэдээ  гурван ч эмийн үйлдвэртэй учир брэнд бүтээгдэхүүнээ тарьж ургуулахаас эхлээд эм болгон гаргах бүхий л процессыг өөрсдөө хийж гүйцэтгэдэг аж. Түүгээр ч зогсохгүй малчиддаа чихэр өвс хэрхэн тарих талаар зааж сургахаас гадна хураалтын ажилдаа туслуулж хөлс мөнгийг нь өгдөг байна. Ингэж ядуусаа тэтгэж ажилдаа оролцуулдаг гэж хөтөч бидэнд тайлбарлав.  
Элсэн манханг ой болгосон туршлага
Амьтан оршин тогтнох битгий хэл ургамал ургахад ч бэрх элсэн манханг тус корпорацийнхан 30 жилийн хугацаанд ойжуулахаар ажиллаж буй. Анх ойжуулалтыг эхлүүлэх үед энэ газар ус цахилгаан, ямар ч амьтан байхгүй зүгээр л нэг элсэн цөл байсан гэх. 18700 км квадрат хэмжээтэй хөвчийн элсний гуравны нэгийг ойжуулж чадсан тус корпорацийн ажилтнууд бидэнд туршлагаасаа хуваалцав.

Ингэж ойжуулахдаа хүйтэнд, шуургатай үед нэн тэсвэртэй элсэнд ургадаг тусгай мод суулгажээ. Энэхүү модоо хамгийн сүүлийн үеийнх гэж хэлж болохоор газраа ухах, суулгацаа суулгах, услах зэргийг нэгтгэсэн шинэ арга хэлбэрийн гурван аргаар тарьж ургуулсан байна. Аль ч аргыг нь хэрэглэсэн нэг модыг суулгахад ердөө 10 секунд л хангалттай.
Нэгдүгээрт нь, энгийн даралттай усны хоолойгоор элсийг нүхэлж мод суулгах. Энэ аргыг элсний дор хангалттай чийг байхгүй үед ашигладаг байна. Хоёрдугаар арга нь тусгай өрөм ашиглаж элсийг нүхэлж модоо суулгах. Хангалттай чийгтэй үед энэ аргыг хэрэглэдэг бөгөөд суулгацаа хоёр хоёроор нь хийдэг аж. Учир нь зарим тохиолдолд хоёулаа, зарим үед нэг нь л нахиалдаг гэв.

Гуравдугаар арга нь, халуун тогоо шиг хэлбэртэй сав дотор суулгацаа хийгээд нүхэлсэн газраа хийсний дараагаар өнөөх тогоогоо усаар дүүргэх. Халуун тогоо шиг сав доторх ус нь 2-3 сар байдаг учир модоо усаар хангаж чаддаг байна. Энэ тогоог эргэж авах ямар ч шаардлагагүй. Яагаад гэхээр модны үртсээр хийсэн болохоор хөрсөндөө шингэж эргээд модондоо бордоо болдог гэж байв. Хавар 3-5 сарын хугацаанд модоо тарьдаг бөгөөд дахин ямар ч усалгаа шаарддаггүйгээрээ онцлогтой. Ийн сонирхолтой аргуудыг хэрэглэж элсэн манханг ойжуулж чадсан туршлага нь бидэнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэв.

Нутагтаа үлдсэнийхээ үр шимийг хүртсэн буурай
Дараагаар нь бид Хангин хошууны Дугуй тал сууринд амьдардаг малчин Нямбуугийн гэрт зочлов. Хоёр хүү, хоёр охинтой тэрээр өдгөө 70 дөхөж яваа аж. Найман га бэлчээр, зургаан га орчим тариан талбай, хоёр га усалгааны тариан талбайтай хэдий ч элсний нүүдлээс болж нүүмээр санагдах үе бишгүй л гарч байжээ.
Учир нь, итгэхэд бэрх ч энэ газар өмнө нь элсэн манхан сүндэрлэж, хүүхдүүд элсэн манхны орой булаалдан тоглодог байсан гэх. Элсний нүүдэл малчдын байшин, цонх, хаалга гээд бүхнийг нь бүрхэж ихэд төвөгтэй байдал үүсгэдэг байсан болохоор орой болгон хүрзээ барин элсээ зайлуулдаг байлаа хэмээн Нямбуу гуай бидэнд хуучилсан. Аргаа барсан олон малчин өрх нутгаа орхин гарсан болохоор Нямбуу гуайд ч гэсэн нүүе гэсэн бодол толгойд нь үе үе эргэлддэг байж. Өөрийн дураар газар нутгаа сэлгэх боломжгүй учир удирдлагуудаасаа зөвшөөрөл хүсч амьдрах газар олъё хэмээн бодож эхэлсэн тэр л үед “Элион” корпорацийнхан хөвчийн элсийг нь ойжуулах ажлаа эхлүүлэхийн тулд газар нутгийг нь 30 жилээр түрээслэх санал малчдад тавьжээ.
Нам засгийн удирдлагууд нь тус корпорацийн удирдлагуудтай хамт ирээд “Энэ газрыг их сайхан хөгжүүлье” гэж ярихад нь нутгийн иргэд “бидний газар нутгийг авах гэж байна” хэмээн хардаж, дургүйцлээ илэрхийлж байсан удаатай гэнэ. “Элсэн манханд мод тарина гэж юу байдаг юм” гэцгээдэг байсан талаар ч Нямбуу гуай бидэнд ярьсан.

Тухайн үед элсэн манханг нь ой болгож өгье гэхэд нь нутгийн иргэдийн 90 гаруй хувь нь итгэж яддаг байсан бол өдгөө эсрэгээрээ их сайн сайхан зүйл хийлээ хэмээн ам уралдан ярьдаг байна. Ямартай ч тус компани малчидтай 30 жилийн гэрээ байгуулж, газрыг нь түрээслэх болсныхоо үр дүнд өрх бүрт мөнгөн урамшуулал олгожээ. Нямбуу гуайнх гэхэд 20 жилийн өмнө 600 мянган юаниар газраа түрээслэсэн байна. Одоо элснээс айх аюулгүй болсон болохоор 4-5 өрөөтэй тухтай сайхан байранд амьдарч байгаагаас гадна мал маллах, мод, тариа тарих ажлынхаа алиныг нь ч орхигдуулалгүй хийсээр байгаа аж.
Мод тарьсан орлого нь жилдээ 70 гаруй мянган юань, тариалангаасаа 40 гаруй мянган юанийн орлого олж басхүү тэжээсэн малын тоо толгой нь хэдэн арваасаа хэдэн зуу болон өсчээ. Хүүхдүүдээ бичиг үсэгтэй болгочихвол боллоо доо гэж боддог байсан энэ буурай өдгөө түрээсийнхээ мөнгөөр хүүхдүүдээ хамгийн сайн их сургуулиудад сургаж чадсан байна билээ.
“Энэ корпорацийн хүмүүсийг гэрээ дуусгавар болсны дараа өөр тийшээ явчих вий гэхээс л их айдаг” гэж байсан Нямбуу гуайн “Төр, засгийн бодлого иргэн бүртээ хүрч, үр нөлөөгөө өгч байгаагийн илрэл нь энэ юм шүү дээ” хэмээн бидэнд бардам өгүүлж байв.

Ийнхүү элсэн манханг ой болгосон туршлагатай нь танилцсан багийнхны маань дараагийн өртөө нь тус хотын Хя багш дүүрэг, Чингис хааны онгонтой танилцсанаар үргэлжилсэн. Энэ талаарх сурвалжлагаараа эргэн уулзая.
                                                                                                   Үргэлжлэл бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан