Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азгүй 25 гишүүн

МАН-ын 25 гишүүн чуулганы хуралдаанд суух хувьгүй бололтой. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгогчдод мөнгө тарааж намынхаа нэрийг хөөдсөн. Үүнээс болж УИХ-ын гишүүн болох болзлоо хангасан МАН-ын 25 гишүүн чуулганы дугуй танхимд суух “эрхгүй” болов.

МАН-ын дарга Ө.Энхтүвшин нэгэнт л гүрийснийх Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийн асуудал шийдэгдэх хүртэл чуулганы танхимын үүдээр шагай ч  болохгүй гэсэн үүргийг намын нөхөддөө өгсөн бололтой.
Чуулганы хуралдаанд суух эрхгүй байгаа МАН-ын гишүүд албан ёсны болж баталгаажиж чадаагүй бүлгийн хуралдаа долоо хоногт хааяа нэг сууна. Ийм л байдалтайгаар 2012 оны УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаандаа орол­цож байна даа МАН-ын азгүй 25 гишүүн.

Чуулган өчигдөр хуралдаж Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу нэг Байнгын хороо 10-19 гишүүнтэй байхаар болсон. Харин МАН-ын гишүүд Байнгын хороонд орох нэрсээ өгөөгүй. Тиймээс аз нь дутсан МАН-ын гишүүд Байнгын хорооны гишүүн болж чадсангүй. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхнаас бүрдсэн найман Байнгын хороог тус бүрт  нь 16 хүний бүрэлдэхүүнтэй баталсан.

Тэгэхээр МАН-ынхан АН-тай учир зүйгээ ололцож чадвал нэг Байнгын хороонд Ардын намын гурван гишүүн л багтах нь. Энэ байдлаараа бол МАН-ынхан Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авах ч эрхгүй болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл Байнгын хорооны хуралдаан дээр АН-ынхны гаргасан саналыг эсэргүүцэх эрх МАН-ынханд байхгүй болсон гэж ойлгож болно.

Чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш хуралдаж дөрвөн Байнгын хорооны даргыг баталсан. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Цолмон, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар нарыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хороодын дарга нарыг сонгохдоо намуудын төлөөллийг тэнцүү оруулах бодолтой байгаа гэсэн.  Харин МАН-ын гишүүдэд Байнгын хорооны хуралдааныг даргалах хувь мөн дутах нь. Учир нь УИХ үлдсэн Байнгын хорооны даргаа өнөөдөртөө багтаад томилно гэсэн.

 Ийнхүү парламентад бүлэг ч үгүй, Байнгын хорооны гишүүн ч болж чадаагүй МАН-ын гишүүд тун ч өрөвдөлтэй байдалд орох нь. Тиймээс МАН-ын дарга Ө.Энхтүвшин та омголон зангаа татаж намынхаа гишүүдийг ажлаа хийлгэх боломжийг олгох хэрэгтэй болох нь. Эс бөгөөс УИХ-д суудалтай АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхан МАН-ынхангүйгээр хуулиа баталж дур зоргоороо аашлаад эхлэх нь. Сөрөг хүчний дуу хоолой болно гэсэн та нарын хяналт энэ байдлаараа багассаар байх нь дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан