Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайнхан нөхөн сэргээлтээр амьсгалав


“Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба нөхөн сэргээлт- нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт бага хурал Бороо гоулд ХХК-ийн уурхайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр боллоо. ЭБЭХЯ, ХХААХҮЯ, АМГ, УУАА, ТББ, аж ахуйн нэгжүүд гээд 180 гаруй төлөөлөгч оролцсон энэ бага хурал тус салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хууль эрхзүйн орчны шинэчлэл гээд олон илтгэл тавигдаж, салбарынхан санал сэтгэгдлээ солилцсон юм.

Бага хуралд оролцогчид Бороогийн уурхайн
нөхөн сэргээлтийн талбайд

Гэхдээ хамгийн гол ярилцсан сэдэв нь яах аргагүй нөхөн сэргээлт байсныг онцлох хэрэгтэй. Хурлын төлөөлөгчид Бороогийн уурхайд зочилж, юун түрүүнд тус уурхайн нөхөн сэргээлттэй танилцаж эхний өдрийг өнгөрөөсөн юм. 2008 онд анхны мод үржүүлгийн талбайг байгуулсан энэ компани 10 орчим га талбайг ойжуулжээ. 2011 онд мөн 10 га талбайг ойжуулах хэмжээний суулгац бүхий мод үржүүлгийн талбайг 70 сот газарт байгуулж дараагийн жилүүдэд хийх нөхөн сэргээлт, ойжуулалтад шаардлагатай модны суулгацыг өөрсдөө бэлтгэх боломжтой болсоноо танилцуулав. Энэ жилийн хувьд 1200 орчим суул­гацыг уурхайн талбайдаа тарьсан гэнэ. Шар хуайс, чацаргана, хайлаас, сибирь ширгэс, гүйлс, агч монос гээд олон төрлийн суулгац бүхий талбайг зочид их л шагшиж байсан юм. Урин цагт зөвхөн мод таригч хүмүүсийг орон нутгийн иргэдээс авч ажиллуулдаг байна. Зочдын бас нэгэн анхаарлыг татсан зүйл нь Бороогийнхон нөхөн сэргээгээд орхигдуулдаггүй хяналт, шинжилгээний ажлыг ч тогтмол хийдэг тухай юм. Хяналт, шинжилгээ гэдэг нь нөхөн сэргээсэн талбайн ургамлын хөгжил, ургамал, амьтны төрөл зүйлийн шинээр нутагшсан эсэхийг тогтмол хянаж байдаг аж. Ингэхдээ нөхөн сэргээсэн газраа байгалийн талбайтай харьцуулах замаар ажиглаж байдаг гэнэ. 

Нөхөн сэргээлт хийхэд ашиглах мод суулгацын талбай

Тэдний нөхөн сэргээсэн талбайд ХААИС-ийн Биологийн тэнхим, ШУА-ийн шавьж судлалын лабора­тори, микробийн нийлэгж­лийн лаборатори, Ургамал хамгаал­лын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын бэлчээрийн менежмен­тийн холбоо гээд үндэсний байгуул­лагын эрдэмтэн судлаачид хянаж шалган хамтран ажилладаг байна.

Уурхайд жимс тарьжээ

Өнгөрсөн жил 60 зүйлийн ургам­лыг нөхөн сэргээсэн талбайнуудад нь байгааг бүртгэжээ. Нөхөн сэргээ­сэн талбайн ургамлын зүйл нь жил өнгөрөх тусам байгалийн жамаар нэмэгдэж байгаа нь тэдний ажил үр дүнтэй байгаагийн илрэл аж. Мөн 76 зүйлийн шавьж нөхөн сэр­гээсэн талбайнуудаасаа олж тэмдэг­лэжээ. Шавьжнуудаас шулуун да­лав­­читангууд зонхилж буй нь бэл­чээ­рийн хэв шинжид хурдацтай шилжиж байгаатай холбоотой гэнэ.

Шавьж дотроос 11 өдрийн эрвээхэй тэмдэглэгдсэн нь нөхөн сэргээсэн талбайнуудын цэцэгт ургамлын хөгжил сайтай байгаатай холбоотой. Байгаль орчны аливаа сөрөг нө­лөөлөлд эмзэг, өртөмтгий хоёр нутагтан, мөлхөгч амьтад монгол бах, гүрвэл, бамбай хоншоорт могой одоо нэгэнт суурьшжээ. Өнөөдөр тэнд 11 зүйлийн хөхтөн амьтан нутагшсанаас зөвхөн монгол тарвагыг л уурхайн байгаль орчны хэлтэс зориуд нутагшуулсан байна. Тэд уурхайг олборлож эхэлсэн цагаас эхлэн нөхөн сэргээлтээ зэрэгцүүлсэн явсаар өнөөдөр гэхэд 360 орчим га-д нөхөн сэргээлт хийжээ.

Өнгөрсөн жилийн нөхөн сэргээсэн талбай

Мөн бага хуралд оролцогчдын хамгийн их сонирхож олон асуултаар булсан зүйл нь тус уурхайн хаягдлын далан байсан юм. Доогуураа нэвчдэггүй хулдаасан дэвсгэртэй энэ байгууламж нийтдээ 135 га талбайг эзэлдэг. Гэхдээ түүнээсээ 15 га-д нь нөхөн сэргээлт хийжээ. Долоо хоног бүр Хаягдлын далангаас шүүрэлт үүсч буй эсэхийг далангийн биед суурилуулсан 13 ширхэг пизометрийн тусламжтайгаар хэмжилт хийдэг аж. Энэ нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг уурхайчдын сонирхлыг бас л татаж байсан юм. Сар бүр хаягдлын тунасан уснаас дээж авч судлан энэ усаа эргээгээд үйлдвэрлэлдээ ашигладаг байна.

Хаягдлын далан

Нөхөн сэргээсэн талбайгаас гадна бага хурлын төлөөлөгчдөд Бороогийнхон өөрсдийн аврах ба­гийнхаа чадварыг гайхуулаад амжив. Осол гарсан тээврийн хэрэгслээс хүн осолдогчийг аврах, гурван давхар цамхагаас хүний амь аврах, гал унтараах гээд хэд хэдэн үзүүлбэр үзүүлсэн нь зочдод их л таалагдсан бололтой алга нижигнүүлнэ. Бороо гоулд компаниас жил бүр зохион байгуулдаг уурхайн аврах багуудын нөхөрсөг уулзалт тэмцээн нь уламжлал болж үндэсний хэмжээ­ний арга хэмжээ болсноороо Бороогийнхон бахархах дуртай. Өөрийн уурхайдаа сайн дурын ажилчдаас бүрдсэн авах багийг бий болгосон тэд Киргиз улсын Кумторын уурхайд болсон олон улсын аврах багуудын нөхөрсөг тэмцээнд амжилт гаргаж дэд байрын эзэн болж байсан түүхтэй. Тэдний энэ ажил салбарын хэмжээнд давалгаа болж өдгөө уул уурхайнхан өөр өөсдийн сайн дурын аврах багийг бүрдүүлэн хөдөлмөр хамгааллын сургалт, аюулгүй ажиллагааг тус тусын шугамаар орон нутагтаа дэлгэрүүлж байна. Өнөөдөр улсын гэх ганц аврах алба аливаа осол гэмтэлд хүрч үйлчлэхэд цаг алдсанаас болж хүний амийг аврахад оройтох аюултай учир уул уурхайнхан өөрсдийн аврах баг, техник хэрэгсэлтэй байх нь юу юунаас чухал байгааг энд цуглагсад дуу нэгтэй ярьж байлаа. 

Аврах багийнхан үзүүлэх сургалт хийв




2007 онд Сэлэнгэ аймгийн Баруун­хараагийн нэгэн бичил уурхайд гарсан ослын үеэр Монгол улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны хүсэлтээр Бороогоос 10 хүнтэй аврах баг ажиллаж дөрвөн хүний алтан амь аварсан нь энэ хамт олны хэр мэргэшсэний илрэл байх. Түүнээс гадна орон нутагт гарсан хээрийн болон ахуйн гал түймэр, янз бүрийн ослын үед аврах баг бүрэлдхүүнээр болон техник машин механизмын туслалцаа үзүүлсээр байгааг ч сум орон нутгийн удирдлагууд дурдах юм билээ.

Тиймдээ 2008  онд МАОЭХ-оос ЭМААБО-ны шилдэг менежменттэй байгууллага, 2009 онд Эрдэс баял­гийн салбарын аюулгүй ажилла­гааны холбооны шагнал гээд олон олон амжилтаар салбартаа манлайлан жишиг гэдэг нэрээ бататгасаар ирсэн хамт олон юм билээ.


Энэ удаагийн хурал яг бодит орчинд болж байгаагаараа онцлогтой


Бороо гоулд ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казаковтой цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн зохион байгуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар сэтгэгдлээ хэлээч?
-Сентера гоулд, Бороо гоулд компани өнөөдрийн энэ үйл ажиллагааг уурхайн талбай дээрээ зохион байгуулж байгаадаа маш их нэр хүндийн асуудал гэж бодож байна. Түүнээс гадна Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулж манай дээр энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бүр ч их нэр хүндийн асуудал. Тэгэхээр бид аль болох сайхан зохион байгуулахаар бэлдсэн. Өнөөдрийн энэ үйл ажиллагааны сэдэв нь байгаль орчин аюулгүй ажиллагаа гэсэн байгаа. Тэгэхээр бид зочдоо нөхөн сэргээсэн талбай, хуучин шороон орд явуулж байсан талбайн сэргээлт, хаягдлын атвал гээд нөхөн сэргээсэн талбайгаараа зочдыг дагуулж үзүүллээ. Мөн манай хаягдлын даланд хийсэн нөхөн сэргээлтийг ч үзлээ.

-Танай ажилчид бас өөрсдийн сайн дурын аврах баг байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд осол гэмтлийн тоо хэр байв?
-Тэгэхээр манай ажилчид хоёр сая цаг буюу хоёр жил ямар нэг осол гэмтэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан амжилттай ажилласан байгаа. Ингэж осол гэмтэлгүй ажиллахад манай 500 орчим ажилчдын хувь нэмрээ хамгаас чухал. Гэхдээ Бороогийн ажилчдаас гадна бүх гэрээт ажилчид ч үүнд хамрагдаж осолгүй ажилласан. Бид гэрээт ажилчиддаа ч аюулгүй ажиллагааны дүрэм журмыг маш өндөр сахиж ажиллах шаардлага тавьдаг. Тэгээд манайд ажилласан хүмүүс ажлын байран дээрээ гэлтгүй гэр орондоо ч гэсэн аюулгүй байдлаа хангах ажлаа дэлгэрүүлэн хэвшүүлээсэй гэж хүсдэг. Тэр нь ч хэрэгжиж байгаад баяртай байдаг.

-Өнөөдрийн үйл ажиллагааг танай компани санаачилсан юм уу, эсвэл АМГ-аас санаачилсан юм уу?
-АМГ-аас ийм ажиллагааг танай уурхай дээр зохион байгуулж болох уу л гэж асуусан. Бидний хувьд мэдээж маш таатайгаар хүлээж авсан. Олон хурал зүгээр л нэг хурлын зааланд болдог бол энэ удаагийн хурал яг орчинд нь аюулгүй ажиллагаа гэж юу юм, нөхөн сэргээлт гэж яаж хийдэг юм гэж газар дээр нь нүдээр үзэж ярилцаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой ажил болж байна.

-Нөхөн сэргээлтийнхээ талаар жишиг гэж яригддаг.
-Тэгэхээр уул уурхай дэлхий даяар байгаль орчин талаасаа их муу нэртэй байдаг л даа. Тийм болохоор бид байгаль орчин үйлдвэрлэл хоёр нягт хобоотой ажиллах ёстой гэж ажилладаг. Манайх байгаль орчинд учирч болох хохирлыг аль болох бууруулж ажилладаг.  Өөрөөр хэлбэл бид үйлдвэрээс гарч байгаа хаягдлыг хоргүйжүүлэх цехээр оруулж цианид болон хүнцлийг саяны нэг болтол бууруулж байж хаягдлын даланд хийж чадаж байна. Нөхөн сэргээл хийсэн талбайнууд ч ялгаагүй их үр дүнтэй байгаа. Бид бол байгаль орчны хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөрөө маш их бахархдаг.

0 Сэтгэгдэл
Бороо тэгээд ажилчдаа хэр харж үздэг юм бол
Ямар ч байсан дотор нь ажиллаж байсан хүний хувьд Бороогийн уурхайд ажиллаж байсанаараа бахархаж явдаг шүү,
Бороо тэгээд ажилчдаа хэр харж үздэг юм бол
Одоо Гацууртын орд ашиглах гэж байгаа энэ компани нөхөн сэргээж чадах болов уу. Ухаад будаа болгоод алтыг нь аваад явчх болов уу
Бороогийн уурхайг хаацан уу яасан одоо ашиглаж байгаа юм уу тэгээд
тэр тийм шүү. Бороо шиг нөхөн сэргээлт хийдэг компани ховор шүү
наадах чинь угаасаа л хамгийн лаг уурхай биздээ
тэр тийм шүү. Бороо шиг нөхөн сэргээлт хийдэг компани ховор шүү
овоо доо нэг нь ч гэсэн нөхөн сэргээж байвал
Buren horguijij chadaj bgaan boluudaa yamarch bsan saihan l haragdaj bnoo
Нөхөн сэргээлт нь гоё болжээ
Хамгийн их уншсан