Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Болормаа: Заамарт 14 уурхай олборлолт хийдэг


Төв аймгийн Заамар сум 5000 гаруй хүн амтай. Нийт нутаг дэвсгэрийнх нь 90 орчим хувийг алтны орд газар эзэлдэг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олноор олгогдсон сумуудын жагсаалтыг тэргүүлдэг. Саяхан орон нутаг дахь нөхөн сэргээлтийн II үзүүлэх сургалтыг Заамар сумын Өгөөмөр тосгонд зохион байгуулсан юм. Энэ үеэр тус сумын Засаг дарга Д.Болормаатай ярилцлаа.

-Танай сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар хэчнээн уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-2008 оноос хойш бүртгэлтэй 19 уурхай бий. Өнөөдрийн байдлаар 14 уурхай үйл ажиллагаа явуулж байна.

-Заамар гэхээр энд тэндгүй ухсан нүх, нинжа нараар төсөөлөгддөг цаг үе ард хоцорчээ?
-Тийм шүү. 2000 онд нинжа буюу хууль бусаар алт олборлогч олон байсан. Ингээд 2006 онд Төв, Булган, Орхон аймгийн цагдаа нар хамтарч 10 мянган нинжаг Заамар сумаас гаргаж байлаа шүү дээ. Тэр үеийг бодвол өнөөдөр байдал харьцангуй гайгүй болсон.

-Бичил уурхайчдыг нөхөр­­лөл болгох талаар орон нутгийнхан хэрхэн анхаарч байгаа бол?
-Өнгөрсөн оноос эхлэн “Уул уурхайн үндэсний олборлогч аж ахуй нэгж”-тэй гурвалсан гэрээ байгуулж, хувиараа алт олборлогч 50 хүнийг ажилд оруулсан. “Алтан Дорнод Монгол” компанитай гэрээ хийж, 28 хүнийг ажилтай болголоо. Бичил уурхайчдыг аймаг, орон нутагт нь зохицуулалт хийж ажилд оруулаад байвал хууль бусаар алт олборлогчдын тоо буурах боломжтой.

-Гэхдээ нинжа нар хэн нэгэн албан тушаалтанд захирагдан цагт баригдаж ажил хийхийг хүсдэггүй.  Дуртай үедээ металл илрүүлэгчээ бариад явж байх сонирхол нь давамгайлдаг юм шиг ээ?
-Тийм дутагдал байна. Металл хайгч гарч ирснээс хойш хууль бусаар алт олборлогчид нэг газраа бөөгнөрч суурьшихаа больчихсон. Мотоцикльтой, жийптэй энд тэндгүй явцгааж дуртай газраа сэндийчих болсон. Манай цагдаагийн хэлтэс, байгаль орчны хяналтын байцаагч нар боломжоороо л ажиллаж байна. Нинжа гэж голдуу Булган, Эрдэнэт болон бусад аймгийн харьяалалтай хүн байдаг. Заамарын унаган иргэд бол бараг байдаггүй.

-Уул уурхайн компаниуд нэг үеэ бодвол, нөхөн сэргээлт сайн хийдэг болж. Харамсалтай нь, нөхөн сэргээлт хийсэн талбайг нь нинжа нар ухаад хаячихдаг юм байна шүү дээ?
-Манай суманд уул уурхайн олборлолт эхэлснээс хойш 6446 га талбай хөндөгдсөн. Сүүлийн таван жилд 58 хувьд нь техникийн нөхөн сэргээлт хийсэн. Харин нөхөн сэргээлт хийсэн талбайн 69 хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн үзүүлэлт бий. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар уул уурхайн нөхөн сэргээлтээ ажлын явцыг хэлэлцсэний дараа үр дүн нь гардаг. Миний бодлоор уул уурхайн нөхөн сэргээлтийг нөөцийг нь бүрэн ашиглаж дууссаны дараа хийвэл зөв юм болов уу. Тэгэхгүй болохоор хууль бусаар алт олборлогчид нөхөн сэргээлт хийсэн талбайг 10-20 метр ухаад хаячихдаг. Түүнийгээ эргээд хэзээ ч булдаггүй. Компаниуд нөхөн сэргээлтээ хийгээд орон нутагт нь хүлээлгээд өгчихсөн хойно бид хариуцах болдог. Гэтэл орон нутагт хамгаалах зардал байдаггүй. Үүнийг цаашид анхаарч хөрөнгө мөнгө суулгаж өгөх хэрэгтэй.

-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ажлыг төрийн өмчийн компаниуд эхлүүлж байна. Жишээ нь, “Шижир алт” компани нөөцийг нь бүрэн ашиглаж дуусаагүй ч уурхайн хаалтын менежментээ эхлүүлж 2014 он хүртэл 325 га талбайд нөхөн сэргээлт хийхээр боллоо?
-Усаа хамгаалахын тулд урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх нь зөв. Бид усны хамгаалалтыг хийхдээ уул уурхайн компани ашиглаад хөндөгдчихсөн талбайг 200-250 м, хөндөгдөөгүйг нь километрээр тогтоосон юм. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд эерэг, сөрөг хоёр тал байдаг. Яагаад гэвэл, нөөцийг нь бүрэн авч дуусаагүй учраас хууль бусаар алт олборлогч иргэд тухайн талбайд ирж бөөгнөрчих вий гэсэн болгоомжлол бий. Мэдээж, бид өдөр бүр эргэж тойрон хамгаалж чадахгүй.

 -Дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн “Өгөөмөр” тосгонд өдгөө 7000 хүн амьдарч байна. Уул, уурхайн компаниуд хаалтын менежментээ хийж эхэлснээр тосгоны хойч ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?  
-Сүүлийн таван жилийн хугацаанд хаалтын төлөвлөгөө хийсэн уурхай гэвэл “Алт гоулд”, “Шижир алт” гэж компани байгаа. “Шижир алт” Заамарын алтны үйлдвэр нь 1995 оноос хойш “Өгөөмөр тосгон” дахь нийгмийн салбарын байгууллагын төсвийг дааж ирсэн. Сүүлийн 10 жилийн байдлаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг улсын төсвөөр санхүүжиж, тус компанийн түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин өнгөрсөн тавдугаар сард “Шижир алт” компани орон нутгийн өмчид хүлээлгэж өгсөн. Халаалтын асуудлыг орон нутаг хүлээж ав гэсэн. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ажлын хэсэг гарсан. Энэ долоо хоногт ажлын хэсэг ирж нөхцөл байдалтай танилцаж нэг шийдвэр гаргах байх аа. Орон нутгийн санал ирэх оны тавдугаар сард хүлээж авах бодолтой байгаа. Шугамандаа их засвар хийгээгүй, уурын зуухын шинэчлэл, цэвэрлэх байгууламжийн засвар хийх мөнгө төгрөгийг төсөвт суулгах хэрэгтэй байна. Хүний амьдрал ажилтай, орлоготой байхаас шалтгаална. Бид тосгоны нийгмийн салбарын үйл ажиллагааг хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэх болно. 

-Заамар сумын хувьд уул уурхайгаас төсвөө бүрдүүлж өөрийгөө санхүүжүүлдэг байх. Жилд  хэчнээн төгрөгийн орлого орж байгаа бол?
-Төв аймгийн 27 сумаас Баянжаргалан болон манай сум өөрийгөө санхүүжүүлдэг. Манайх жилд 3.4 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлдэг. Нийтийн ерөнхий үйлчилгээ гээд тамгын газар, баг, хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад 280 гаруй сая төгрөг зарцуулдаг. Бусдыг нь Төв аймагт төвлөрүүлдэг. Суманд уул уурхайгаас ордог орлого гэвэл ус ашигласны төлбөр. Газрын төлбөр болон бусад төлбөрийг аймагт татаасаар шилжүүлдэг. Уул уурхайн компаниуд орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу 2009 оноос хойш 480 орчим сая төгрөг төсөвт оруулсан. Үүнийгээ сургууль, цэцэрлэгийн засвар, тохижилт, халуун ус барих зэрэг ажилд зарцуулсан.
Сүүлийн хоёр жил бүтэн болон хагас өнчин, амьжиргааны төвшин доогуур айлын 70 гаруй оюутны сургалтын төлбөрийг даах зэргээр дээрх мөнгийг зарцуулсан байгаа.

-Уул уурхайн компаниуд гүний усыг шууд хэрэглэж байгаатай холбоотойгоор нөөц болон хэрэгцээнд өөрчлөлт гарч байна уу?
-Усны нөөц гайгүй. Жилд бэлчээрийн талбайд 5-6 худаг гаргаж байгаа. Улиралд нэг удаа усны шинжилгээ өгдөг, гайгүй гардаг. Уул уурхайн компаниудад хандаж хэлэхэд лицензтэй байсан ч орон нутгийн иргэд, малчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Энэ жил “Алтан Дорнод Монгол” компани болон малчдын дунд үл ойлголцох асуудал гарсан.  Учир нь, лицензтэй талбайд нь малчид буучихсан байсан. Тиймээс өвс тэжээлийг нь тус компаниас бэлтгэж өгөхөөр зохицуулсан.

-Сумын хэмжээнд шилжих хөдөлгөөн хэр байна вэ. Ажилгүйдэл гайгүй юу?
-2011 оны байдлаар 200 хүн манай  суманд шилжин ирсэн. Нийт хүн амын тоо 5084. Ер нь, алтны уурхайн компаниудад ажилд оруулна гэсэн сургаар шилжих хөдөлгөөн ихсэх хандлагатай  байна. Хэдийгээр механик шилжилтээс сэргийлэн хязгаарлаж байгаа ч монгол хүн хаана ч амьдрах эрхтэй учраас хүчээр барьж болохгүй байх. Сумын хэмжээнд 686 хүн ажилгүй гэсэн статистик тоо бий. Уул уурхай хөгжсөн газар гэхэд бас л өндөр тоо л доо.

0 Сэтгэгдэл
нутгаа худалдсан ***** . зовж үхнэ дээ чи
Хамгийн их уншсан