Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ази дахь “АНХНЫ” үхэл


1981 оны энэ өдөр Ази тивд ДОХ гэсэн оноштой хүн нас барсан хамгийн анхны тохиолдол бүртгэгдэсэн түүхтэй. Манай улсад 1992 онд анхны тохиолдол бүртгэгдсэнээр ДОХ–гүй улсын тооноос хасагдаж байсан юм. Нэг хэсэгтээ л “Цаана чинь ДОХ” гэж хүн бүр  айдас хүйдэст автан бөөн дуулиан дэгдэж байв. Гэтэл өнөөдөр “Аан, тийм тийм. Яасан бас нэг хүн тусчихсан байна уу”  гээд тоохгүй шахуу болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Дэлхийн олон оронд жирийн хүмүүсийн хувьд  ДОХ-д хандах хандлага ингэж үл тоосон гэж болох байдлаар солигдсон. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсны хүчинд дэлхийн хэмжээнд өвчлөл нь 21 хувиар буурсан нь ийм үл тоосон гэмээр байдал үүсэхэд ч нөлөөлсөн байх. Үүний дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр байсхийгээд л ДОХ-ыг эмчилдэг эмийг эрдэмтэд бүтээсэн тухай дуулиан дэгддэг болсон нь тайвшралын байдал үүсэхэд нөлөөлсөн биз.
Гэвч эдгэрэшгүй хэвээр байгаа аймшигт эмгэгт энэ мэтээр хандах нь болчимгүй хэрэг. Мянга мянган залуус номын дуу сонсохоор хот суурин газарт төвлөрдөг ийм үед бүр ч болохгүй.

Анх 1981 онд АНУ-ын Сан Франциско хотод эмийн эмчилгээ авахгүй эмгэг туссан гомосекс залуу эмнэлгийн тусламж авахаар  хандаж, эмчилгээ хийж байсан эмч, мэргэжилтнүүд дархлалын систем нь огт ажиллагаагүй болдог онцгой өвчин тусч гэдгийг тогтоосноор хүн төрөлхтөн Дархлалын Олдмол Хомсдол нэртэй өвчин байдаг гэдгийг мэдэж авч байсан. Түүнээс хойш 30 жилийн дараа дэлхий дээр ДОХ гэсэн эмгэгтэй 34 сая хүн байна. Өмнөд болон Зүүн Өмнөд Азид ХДХВ/ДОХ гэсэн оноштой нийт хүмүүсийн 18 хувь нь оршин сууж байна. Бүр нарийвчилбал энэ ДОХ гэсэн оноштой хүн манай урд хөршид сая гаруй, хойд хөршид сая гаруй байна. Өөрөөр хэлбэл, ийм олон сая хүн ойрын хэдэн жилийн дотор гарцаагүй үхнэ.

Даяарчлалын давалгаанаар улс хоорондын харилцаа чөлөөтэй болсон энэ үед ДОХ-ын үүсэл, тархалтын талаарх эрдэмтдийн хийсэн судалгаа бас нэгийг бодогдуулмаар. Өвчний вирусийг тээгч нь Төв Африкийн ногоон сармагчин байсан гэдэгт судлаачид санал нийлдэг. Тэднээс өвчин ямар нэг байдлаар хүнд халдан аажмаар тархсаар 1970-1980 онд  Карибын тэнгис орчмын арлуудад хүрсэн байна. Хоорондоо хэдэн мянган километрийн зайтай Карибын тэнгис орчмын арлын орнуудад өвчнийг “хүргэж ирсэн” нь мэдээж хүмүүс. Харин 1970-аад оны үед нийгмийн зүгээс гол төлөв хавчигдан шахагддаг байсан Америкийн гомосекс хүмүүс Карибын тэнгис орчмын арлуудад бусдын нүднээс далд, чөлөөтэй амардаг байв. Ингэж яваад 1970-аад оны үед Гаити арлаас өвчний халдварыг авсан гэдэгт судлаачид санал нийлдэг. Гаитийн эрх баригчид үүний үгүйсгэдэг ч ДОХ-той төстэй өвчин анх гарсан тохиолдлууд 1979 онд Гаити арлын нийслэл Порт-о-Пренс хотод бүртгэгдэж байсан гэдгийг судлаачид хөдлөшгүй баримтаар тогтоосон юм. Үүнээс хоёр жилийн дараа Сан Франциско, Нью-Йорк хотуудад гурван тохиолдол бүртгэгдэж, судлаачид урьд нь мэдэгдэж байгаагүй өвчинд ДОХ гэсэн нэр өгч албан ёсоор бүртгэн авсан.

Тухайн үед Зөвлөлт тэргүүтэй социалист орнуудын жирийн иргэд чөлөөтэй гадаадад явж болдоггүй, “төмөр хөшиг”-ний ард суудаг байсан. Иймдээ ч соц орнуудад ДОХ өвчний тархалт бараг байхгүй шахуу, хүн ам нь өвчний талаар мэддэггүй байлаа. Улмаар ДОХ-ыг “ялзарч байгаа” капиталист нийгмийн гаж донтон, гомосекс хүмүүс, биеэ үнэлэгчдийн өвчин гэж суртал ухуулгадаа ашигладаг байсан юм. 1985 онд ЗХУ-д ирсэн гадаадын жуулчнаас анх удаагаа ДОХ-ын вирус илэрч нэлээд сандаргаж байсан түүхтэй. Энэ үеэр өдгөө үгүй болсон Зөвлөлт нэртэй их гүрэнд “Өөрчлөн байгуулалт. Ил тод байдал” нэртэй шинэчлэл бий болсноор төмөр хөшиг суларч, соц системийн хүмүүс гадаад орнуудад очих боломж нэмэгдсэн. Төд удалгүй Зөвлөлтөд нарийвчилсан судалгаа явуулахад 1988 онд ДОХ туссан 30 гаруй хүн илэрч, ДОХ-ын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж байсан билээ. Эмнэлгийн ажилтнуудын дунд ДОХ-ын талаарх мэдээлэл, мэдлэг бага байсны улмаас 1988 онд Халимагийн нийслэл Элист  хотод цус юүлэх явцад 29 хүүхэд, 4 том хүнд ДОХ-ын халдвар тараасан эмгэнэлтэй тохиолдол бүртгэгдэж байсан билээ.

БНМАУ-ын иргэд энэ үеэр БНХАУ, ЗХУ гэсэн хоёр том “төмөр хөшиг”-ний цаана, “капиталист” орнуудыг шохоорхохоос цаашгүй байсан болохоор дэлхий даяар өндөр хурдтай тархаж байсан ДОХ-ын халдварын цар тахал дайраагүй үлдсэн юм. Удалгүй Зөвлөлт задран унаж, социалист систем үгүй болсноор иргэн болгон дуртай улс руугаа чөлөөтэй зорчих, аялах эрхтэй болсон. Энэ байдал ДОХ өвчний тархалтад маш хүчтэй нөлөө үзүүлж өвчний тархалтын хамгийн оргил үе нь 1990-ээд оны сүүл болсон юм. Хатуу ширүүн коммунист хүмүүжлийн дор нухлагдаж өссөн, бэлгэвч гээч зүйлийг авахаас ичдэг байсан нь ДОХ-ын тархалтад мөн л нөлөөлсөн биз.

Цаашлаад хуучин социалист байсан орнууд нь зах зээлийн систем гэгч хатуу ширүүн зүйлтэй тулгарч эдийн засаг нь огцом уналтад орж нийгэм дэх ядуурал эрс газар авсан. Үр дүнд нь социализмын үед хүмүүс зөвхөн “ялзарсан капиталист” орнуудад л байдаг гэж бодож явдаг байсан биеэ үнэлэх гэгч тун таагүй үзэгдэл бий болсон. Иймдээ ч 1992 онд манай улсад ДОХ-ын хамгийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Дэлхий дээр 1997 онд ДОХ-ын тархалт хамгийн оргил цэгтээ хүрсэн бөгөөд энэ онд халдвар авсан 3.4 сая хүн бүртгэгдэж байсан аж.

Энэ мэтээр аялал жуулчлал, төвлөрөл зэрэг хүн амын шилжилт хөдөлгөөн ба ДОХ-ын тархалт хоёр хоорондоо салшгүй холбоотой байна. Эрх баригчид ч ДОХ-ын тархалтыг зогсоохын тулд бодит үр дүнтэй арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Жишээлэхэд, залуу насны олон хүн нэг дор цуглардаг, жуулчид олноор ирдэг арга хэмжээний үеэр бэлгэвч үнэ төлбөргүй тараах болсон. Лондоны Олимпын тоглолтын үеэр, Евро 2012 тэмцээний үеэр ч зохион байгуулагчид нь асар  олон тооны бэлгэвч үнэгүй тараасан. Зарим улс ДОХ-ын халдвар их гарсан хотууддаа бэлгэвчийг үнэ төлбөргүй тараах хүртэл арга хэмжээ авч байгаа. АНУ-ын Массачусетс мужийн Провинстаун хотын удирдлага нь ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын бэлгийн боловсролын талаар мэдлэг олгох зорилгоор бэлгэвч үнэгүй тарааж байгаа. Ингэхдээ бэлгэвчийг зөвхөн ахлах ангийхан гэлтгүй бага ангийн сурагчдад ч адилхан тараадаг.

Манай улс ч яг ийм биш юм гэхэд ДОХ-ын аюулыг олон нийтэд ухуулан таниулах ажлыг бодит үр дүнтэй байдлаар явуулах хэрэгтэй. Нисдэг тэрэгнээс бэлгэвч үнэгүй цацаж шоу хийсэн төдийг бодит арга хэмжээ гэхэд хэцүү. ДОХ-ын халдварыг дэлхийн хэмжээнд өдөрт 7000 хүн авч байгаа тухай НҮБ-ын мэдээнд гарсан. Долоон мянган хүн хэдэн жилийн дараа гэхэд гарцаагүй үхэх боллоо л гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан