Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийгмийн даатгалын нөхөн төлбөрийг сарын 9600 төгрөгөөр тооцно

Шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө өнөөг хүртэл ялгавартай мөрдөгдөж ирсэн нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөхөөр тусгасан. Харин тус хөтөлбөрт даатгалын шинэчлэлийг  хэрхэн тусгасан талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  дарга Д.Батжаргалтай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийн тухай хуулийг  баталсан. Хэзээнээс хэрэгжүүлж  эхлэх бол?
-Хууль хэрэгжүүлэх журам батлагдаагүй байгаа. Энэ журмыг хүн амын хөгжил,  нийгмийн хамгааллын яамнаас  батална. Хуульд  тусгаснаар 1990-2000 оны хооронд  ажиллаж байсан иргэдийг даатгалын нөхөн төлбөрт хамруулах боломжтой. Харин 1990-1995 оны хооронд ажиллаж байсан иргэд нотлох баримтаа өгвөл ямар нэгэн шимтгэл төлөхгүй шууд нэмэгдэнэ. Харин 1995-2000 оны хооронд ажиллаж байсан иргэд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувиар тооцно. 1995 оны  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тухайн үед 9600 төгрөг байсан. Тэгэхээр нэг хүн 1995 оноо бүтэн төлүүлнэ гэвэл сард 9600 төгрөг төлнө гэсэн үг. Харин 1995-2000 оны хооронд ажиллаж байсан гэсэн нотлох баримтаа аваад ирвэл 78 мянга орчим төгрөг болно.
-1990-2000 он хүртэл гэхэд хэчнээн хүн нийгмийн даатгал төлөхөөр  байгаа вэ.  Энэ талаар судалгаа бий юу?
-Нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн санд зөвхөн тэтгэвэр авагчид, даатгуулагчдын судалгаа байдаг. 1990-2000 оны хооронд хэчнээн  иргэн даатгал төлөөгүй юм бэ гэдэг нь тодорхойгүй.
-Тэтгэврийн тогтолцоог гурав болон олон давхаргат тогтолцоо руу шилжүүлнэ гэсэн. Үүнийг зарим иргэн сайн ойлгохгүй байгаа.  Энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Бид тэтгэврийн тогтолцоонд анхаарч байгаа. Одоо нэг давхаргат тогтолцоогоор явж байгаа шүү дээ. Харин энэ тогтолцооноос гурван давхаргат буюу олон давхаргат тогтолцоонд шилжих бэлтгэл ажлаа хийж байна. Тэгэхээр гурван давхаргат тогтолцооны хөрс нь суурь тэтгэвэр байна. Суурь тэтгэврийн тухай хууль  одоо байнгын хороонд хэлэлцэх шатанд явж байгаа. Дараа нь, нийгмийн даатгалын болон  нэмэлт тэтгэвэр гэсэн хэлбэрээр явах юм.
-Иргэд даатгуулсан мөнгөндөө дүйцэхүйц тэтгэвэр авч чадахгүй байна хэмээн гомдоллодог. Үүнийг хэрхэн зохицуулах хэрэгтэй юм бол?
-Манай улс эв санааны нэгдлийн даатгалын  тогтолцоог сонгосон. Энэ таны өнөөдөр төлсөн шимтгэлээр ямар нэгэн эрсдэл тохиолдсон хүмүүс тухайлбал, өндөр настай болох, жирэмсний амралтаа авах, тахир дутуу болох гэх мэт эрсдэлд даатгалын санд төлсөн шимтгэлийн хэмжээнээсээ хамаарахгүй шимтгэл авдаг. Өөрөөр хэлбэл, дундаж цалингаасаа тэтгэврээ тогтоолгож байгаа. Тийм учраас өнөөдөр  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлдөг. Хамгийн доод тал нь 145 мянга 300 төгрөгийн тэтгэвэр авдаг.  Манайд  нийгмийн даатгалын тогтолцоо үүсч хөгжөөд 18 жил болж байна. Тиймээс  энд төлсөн шимтгэлтэйгээ уялдаад авна гэвэл зарим хүний тэтгэврийг бага нэг хэсэг нь огт авахгүй болно гэсэн үг. Төлсөн шимтгэлдээ уялдуулан тэтгэвэр авдаг тогтолцоо нь бүрэн хуримтлалын тогтолцоо. Өнөөдөр би шимтгэлийнхээ мөнгийг төллөө гэхэд тэр нь банкны харилцах дансанд хадгаламж  хэлбэрээр байж байдаг. Насны эцэст тэр мөнгөө сард нь хуваагаад юм уу ямар нэгэн хэлбэрээр авдгийг хэлээд байгаа юм.
-Ер нь, хувиараа хөдөлмөр эрхлэгчид сайн дурын даатгалд хамрагдахад хойрго байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Албан бус дүнгээр 250 мянга гаруй иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна гэсэн мэдээ  бий. Үүний 25 гаруй хувь нь буюу 60 гаруй мянган иргэнийг даатгалд хамруулсан. Харин хамрагдахгүй байгаа шалтгааныг бид өнгөрсөн жил зах, үйлчилгээний төвүүдээр явж судалсан л даа.Тэгэхэд захуудын удирдлага, иргэд, нийгмийн даатгалын газар гурвалсан гэрээ байгуулж ажиллахгүй бол ямар ч үр дүнгүй юм байна гэдгийг мэдсэн. Бид сайн дурын даатгалд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулахын тулд эхний уулзалтаа өнөөдөр /өчигдөр/ зохион байгуулж байна. Уулзалтаар хамтран ажиллах гэрээгээ ярилцана.  Хамгийн гол нь, захын удирдлагууд хэрвээ та манайд лангуу түрээслэгч  болбол заавал сайн дурын нийгмийн даатгалд хамрагдана гэсэн заалтыг  гэрээндээ  оруулж өгөх хэрэгтэй юм билээ.
-Танай байгууллагын зүгээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг сайн дурын даатгалд хамруулахын тулд юу хийж байна вэ?
-Даатгалд хамрагдахгүй гол шалтгаанаа наймаачид завгүй гэж тайлбарладаг. Мөнгөө яаж төлөх, гэрээгээ хэрхэн хийх нь хүндрэлтэй байна гэж ярих нь ч бий. Тиймээс “Нарантуул”  ОУХТ-д суурин ажилтан ажиллуулж байгаа. Энэ ажилтан маань наймаачдыг нийгмийн даатгалд хамрагдахад нь туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Цаашид цахим хэлбэрээр явах бололцоо бий. Энэ мэт үйл ажиллаагаа зохион байгуулбал хувиараа хөдөлмөр эрхлэгчид даатгалын үр шимийг ойлгож хамрагдах хүрээ нь тэлнэ.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан