Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ZAZAA: НАМАЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ ШУУРГА БҮХЭНД САЙН ЗҮЙЛ БИЙ


Түүний бүтээлүүдээс  салхи исгэрч, бүжиг бүжих мэт бас гоо үзэсгэлэнд ховсдуулах мэт тийм мэдрэмж үнэртдэг. Бүсгүй хүний гоо үзэмжийг магтан дуулж чаддаг нэгэн уран бүтээлч бүсгүйг бид онцлон урилаа. Түүнийг Ганболдын Наранцацралт гэдэг. Уран бүтээлийн нэр нь Zazaa. Магадгүй та хаа нэгтээ түүнтэй тааралдаж байсан ч биз.

-Таны бүтээлүүдээс өвөрмөц гоо үзэсгэлэн үнэртдэг. Эмэгтэй хүний ялдам, энхрий байдлыг өөрийн эрхгүй мэдэрдэг. Тэгэхээр зураач бас бүсгүй хүнийхээ хувьд монгол бүсгүйчүүд маань бусдаас юугаараа давуу байж чаддаг гэж боддог вэ?
-Бүтээлийг үзэж байгаа үзэгчийн мэдрэмж бүхэн өөр байдаг. Уран бүтээлч хүний өөрийнх нь төрх, дотоод шинжээс тэр өнгө дүрс зохиомж төрдөг. Английн нэртэй уран бүтээлч Даймен Хирст “  Би өөр юм хийе гэж бодсон ч эцэс сүүлдээ Даймен Хирст л болсон байдаг” гэж хэлсэн байдаг.
Миний хувьд гоё, өөдрөг зүйлд дуртай, эерэг энерги байдагт итгэдэг, өөрийн дотоод хүн рүүгээ өнгийж өөрийгөө судалж, мэдэрч нээхийг хичээдэг. Амьдралд надад өгсөн сайхан бүхэнд нь талархаж, намайг дайраад өнгөрөх шуурганд хүртэл ямар нэгэн сайн тал бий гэж хайдаг. Мэдээж зурагнуудад маань “би бүсгүй хүн” гэдэг чанар байнга илэрдэг.
Монгол эмэгтэйчүүдийг хараад, яагаад бүгдээрээ ийм сайхан юм бэ гэж дуу алдах хүмүүс зөндөө. Манай бүсгүйчүүд сурч мэдэхийг хүсдэг, чадалтай, гадаад гоо үзэмжиндээ анхаардаг, бардам, эрсдэлээс айдаггүй зоригтой бас их уужуухан.

-Таны бүтээлийг найруулагч О.Машбат “ өнгө үзэмж үлэмж тансаг хийгээд хээрийн салхи үнэртэж байна” гэж үнэлсэн байдаг. Хээрийг салхи гэдэг үгийг та хэрхэн хүлээж авах вэ?
-Зарим зураг маань нутгийн аялгатай, эгэлхэн хэрнээ эрхэмсэг бас ихэмсэг төрхтэй, хөдөлгөөнтэй зураас ихтэй, нээрээ л салхи татуулж байгаа ч юм шиг, хөнгөхөн бүжиж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдөг. О.Машбат гуай маш сайхнаар үнэлж. Их баярлалаа...

-Онгод гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Бүтээлч хүнд ямар нэг байдлаар сэтгэл хөдөлгөсөн өөрийн ч юм шиг, өөр нэгний ч юм шиг ертөнц рүү өөрийн мэдэлгүй дүүлээд, урсаад орох шиг… Үргэлжлүүлээд л зураад хийгээд л баймаар тийм их гоё сонин таашаалтай мөчүүдийг л онгод гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ заримдаа ямар нэгэн ер бусын хүч үйлчлээд байгаа ч юм шиг бидний биеэр болон гар, ухаанаар дамжуулан ямар нэгэн өнгө будаг тавилтууд ар араасаа хийгдээд байдаг үе бий. Онгодыг хөглөх дуудах олон янзын учир шалтгаан бий. Уул ус, байгаль ертөнц, хөгжим яруу найраг, урлагийн бүтээл цаашлаад хот барилга гудамж гээд л дурдаад барахгүй. Чи өөрөө юунаас таашаал авч, юунд хөглөгдөж байна, юуг мэдэрч байна гэдэг их чухал. Заримдаа дуулмаар, уйлмаар, гүймээр, бүжиглээд баясмаар, ар араасаа шинэ санаа төрөөд л…Энэ бүхэн л миний онгод доо.

-Зураачдын жаазанд баригдсан байдлыг эвдсэн хэд хэдэн бүтээлийг чинь харж байсан. Монгол хатдын тэр эртний төрхийг яагаад жаазнаас “давуулах” бодол төрөв өө. Өнөөгийн охид бол жаазнаас давж болох л юм. Монгол хатдын тухайд?
-Эртний Монголын хатдын зүүж эдэлдэг байсан эд өлгийн зүйлсийг деталиар нь ажиглахад гайхалтай хосгүй элементүүд, тансаг хээ хуар, өнгө материал, сонин гоё онцлогтой байдаг. Тэр бүхнээс санаа авч, монгол хатдыг орчин үеийн аргаар дүрслэн гаргахдаа ямар нэгэн хэв маяг, жаазанд баригдахгүй, хүрээнээсээ хальсан дүүлсэн урссан, хийссэн юм шиг элементүүд гаргахыг л зорьсон.

-Наранцацралт гэдэг эмэгтэйтэй анх уулзахад зураач гэхээс илүү балетын бүжигчин буугаад байсан л даа. Зураг, зураач гэсэн энэ ертөнцтэй хэрхэн холбогдсон бэ. Таны анхны бүтээл хэзээ хэрхэн анх төрж байсан бол…?
-Бүр жаахан охин байхаасаа л зурдаг байлаа. Миний төрсөн аав их сайхан зурдаг хүн байсан. Авьяас өвлөгддөг удамшдаг, бурхнаас өгсөн хишиг.
 Ээж маань бүжигчин бас хойд аав маань хөгжимчин, их сайхан хүн бий. Урлагийн гэр бүлд өсч төрсөн, маш чөлөөтэй хүмүүжилтэй, ээж маань юуг ч хорьдоггүй дураар нь байлгадаг тийм л орчин зураач болоход нөлөөлсөн байх. Хамгийн анх  “Дурсамж” нэртэй зургуудаа зурсан. Их удаан зурсаан. Цааш нь далд хийчихээд дахиад л гаргаж ирээд л дуусдаггүй.Тэгж тэгж анхны үзэсгэлэнгээ их зоригтой тавьж билээ.

-Монголд гаргасан энэ удаагийн үзэсгэлэнгийн тань гол онцлог нь юу байв аа. Та юу өгүүлэхийг хүсч ирэв ээ?
- “Амьдралын урсгал” нэртэй үзэсгэлэн маань сүүлийн 10 гаруй жил хийж туршсан ажлын үр дүнд бий болсон, уран зургаар, ижил давтамжтай орчин үеийн хээ гаргаж авсан, өөрөө өөртөө жижигхэн нээлт хийсэн гэж хэлж болно. Бас сүүлийн үед Европод их сонирхол татаж байгаа Plexi шилэн дээр болон  Alu Dibond төмрөн дээр холимог техникийн ашиглаж ажилласан бүтээлүүд хийж сонирхуулсан нь ирсэн зочдод маань маш их таалагдсан. Удахгүй өөрийн зурагнуудаараа маш сонирхолтой цоо шинэ бүтээгдэхүүн хийхээр том зорилго тавиад туршиж ажиллаж байна. Энэ маань юу гэхээр “ Zazaa” гэсэн орчин үеийг шийдэлтэй урлагийн бүтээгдэхүүний монгол брэнд гаргаж ирэх юм. Эхний ээлжинд хамгийн тансаг материал болох торго болон ноолууран хүзүүний алчуураас эхэлнэ. Цаашлаад зургийн Мотивоо төрөл бүрийн хэрэглээний бүтээгдэхүүн болон хувцас тавилга интерьер дизайнд ч ашиглаж болох юм. Энэ дашрамд үзэсгэлэн гаргахад тусалж дэмжсэн “BlueMon” төвийн хамт олондоо болон дотны бүх найз нөхөд гэрийнхэндээ маш их баярласнаа илэрхийлье.

-Та үзэсгэлэнгээс олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивласан гэж сонссон?
 -Үзэсгэлэн гаргах бүртээ нэг бүтээлээ дуудлага худалдаанд оруулж олсон орлогоо ямар нэгэн утга учиртай сайн санааны үйлсэд хандивлаж байя гэсэн бодол надад бий. Энэ санааг маань дэмжих хүн их олон байдаг юм билээ. Сэтгэлийн тус их бага гэлтгүй эзнээ олдог. Европод гаргаж байсан  үзэсгэлэнгүүдээс ч өвчтэй байгаа болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд тусладаг нийгэмлэгт хандивлаж байсан. Урд нь гаргасан үзэсгэлэнгээсээ  харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд хандив өгсөн. Хүүхдүүдээс өөрсдөөс нь асууж байгаад  яг хэрэгтэй зүйлийг нь авч өгсөн. Ертөнцийн сайхан гэрэл гэгээ, өнгийг бүрэн дүүрэн харах боломжгүй төрсөн гэдгийг харахаар сэтгэл маань өвддөг юм.
Гэхдээ тэр хүүхдүүд маань дотоод гэрэл гэгээтэй сайхныг мэдрэх мэдрэмжтэй  авьяастай өөдрөг цовоо сэргэлэн. Энэ удаагийн үзэсгэлэнгийн дуудлага худалдааны орлогыг  бас энэ сургуулийнхаа гал тогоог сайжруулахад зориулна. Дашрамд хэлэхэд бас  төр засаг маань энэ сургуулийн хүүхдийн амьдрах сурах байрны тохижилтонд илүү анхаараасай гэж бодогдож байлаа.

-Зураач хүнд зураас бүхэн нэг өгүүлбэр байдаг биз ээ. Тэгвэл та өөрийнхөө хүссэн төгс “роман”-аа туурвиж чадсан уу?
-Чадаагүй ээ. Дөнгөж сургуулиа төгсчихөөд л анхныхаа үзэсгэлэнг гаргах гэж байхдаа Л Бумандорж багшаасаа асуусан. Багш аа, хүн хэзээ яг өөрийгөө зураач гэж нэрлэдэг юм бэ гээд л… Багш маань “за даа зураач болно гэж зүтгэж явсаар байгаад л дуусдаг юм шиг байгаа юм” гэж билээ. Ажиглаад байхад миний хувьд хийж байгаа бүхэн туршилт. Гол нь  хөдөлмөрч л байх хэрэгтэй, болсон ч болоогүй ч юмаа хийгээд л зураад л туршаад л байх хэрэгтэй гэж боддог. Гол нь үр дүн нь биш, түүнд хүрэх гээд байгаа туулах зам нь бүтээх гэж байгаа хүсэл нь түүнээс авч байгаа таашаал л чухал юм.

-Зураач бүр өөрийн ертөнц, өөрийн хөргөө өвөрмөцөөр дүрсэлсэн байдаг. Та өөрийнхөө хөргийг зуржээ гэж би нэг зургаас чинь харсан л даа. Хэрвээ би андуураагүй бол тэрхүү хөрөгт буй мөр, маск юуг өгүүлж байгаа бол?
-Өөрийн хөрөгний эх зураг нь хүний захиалгын ажил байсан. Тэр баг нь өөр хүний дүрстэй бөгөөд нэг харахад толинд туссан тусгал юм шиг, намайг ажиглаад л  байгаа юм шиг. Миний хөрөг заримдаа надад их ойр, яг л би..Заримдаа харахад огт өөр хүн шиг. Хүн  гээч амьтан их олон талтай, ямар нэгэн дүрүүдэд хувираад л байдаг. Энэ бүхнээс би хэн бэ, ямар мөн чанартай төрсөн бэ, ямар үүрэгтэй, юуг бүтээхээр энэ хорвоод ирсэн юм, амьдралын утга учир нь юу билээ гэсэн асуултууд байнга гарч ирдэг.

- Мэдээж зураач хүн дэлхийн олон орноор аялдаг. Одоо ч та Берлиний нэгэн өрх гэрийн эзэгтэй. Гэхдээ л эх орон бол мөнхөд зүрхэнд байдаг.  Тэгэхээр Монголоо аль талаараа хөгжөөсэй, монгол залуучууд маань ямар сэтгэлгээтэй байгаасай гэж хүсдэг вэ?
-Олон орноор аялсан. Хот тосгон бүхэн өөрийн онцлогтой гайхмаар биширмээр эртний болон орчин үеийн сонин сайхан бүхнийг дуу алдан үзэж явахдаа тэр хормыг өөртөө шингээгээд авчихмаар их л шуналтай тогтож ажигладаг. Зарим нэг мэдрэмжүүд фото хальсан буудаггүй, гэхдээ гоё дурсамж үлдээдэг бас уран бүтээлд маань их нөлөөлдөг.
 Дэлхийн хаана ч амьдарч хаашаа ч явж байсан Монгол эх орон бол сэтгэл зүрхэнд уяатай байдаг. Нутгаасаа хол яваа хүн  эх оронч болчихдог.  Монгол орон маань их хөгжлийн ирмэг дээр байгаа гэж боддог. Гол нь төр засаг маань зөв бодлого явуулж энэ хэдхэн хүнээ хүний зэрэгтэй сайхан амьдруулах бүрэн боломж ирээдүйд маань байна. Дээр дооргүй оршин тогтнож байгаа хээл хахууль, авлигатай шударга тэмцэх хэрэгтэй. Бас хүн болгоны бухимдаж байгаа энэ их машины түгжрэл байхгүй бол хичнээн сайхан ажил бүтэж амьдрал урагшлах вэ. Манай залуучууд өдрөөс өдөрт их өөр болж, боловсорч соёлжиж байна. Хувь хүн бүр өөрөө хийж бүтээх хүсэлтэй ухамсартай зөв бодолтой ажлын моральтай хийх ёстой ажилдаа сэтгэлээсээ ханддаг шударга байгаасай гэж хүсдэг. Хэт  өнгө мөнгөний шуналд авталгүй амьдралын үнэ цэнийг ойлгодог, мэдэрдэг байвал сайхан. Бидэнд жаахан цаг хугацаа хэрэгтэй.  Уг нь бид чинь эрх чөлөөтэй, сайхан цагт амьдарч байгаа азтай хүмүүс. Аяндаа хөгжинө дөө хэмээн итгэж найдаж явдаг.

-Хэрвээ хэцүү биш бол гэр бүлээ танилцуулаач?
-Би хоёр сайхан охинтой. Том нь 17-той, их дөлгөөхөн бас урлагийн мэдрэмжтэй, дизайнер болох сонирхолтой. Бага охин маань удахгүй 10 хүрнэ. Айхтар ухаантай, хэл ам нь гүйцэгдэхгүй адтай охин бий. Найз залуутай. Одоогоор Берлин, Улаанбаатар хотод ирж очин амьдарч байна.

-Бидний саналыг хүлээж авсан танд баярлалаа.
-Танд болон танай сэтгүүлийн хамт олонд баярлалаа. Цаашдын бүтээх их үйлсэд чинь амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
мөөгий хаана байгаа юм бэ
Hi Zazaa toll..bayr xurgie.! Amraltand baixad net ruu olj boldoggui , saataltao baisan tul xumuustei xolboo barix bolomjgui blaa. Bis bald.Davaa
Хамгийн их уншсан