Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ГАМЛЕТ” ХОЁР ОФЕЛИЯТАЙ

“Тэр үхсэн шүү дээ. Түүнийг шороонд булчихсныг бодохоор нулимс өөрөө л асгараад байна” хэмээн мэгшин уйлна. Тэгснээ “Гэхдээ миний аав сайхан үхсэн гэсэн” хэмээн тачигнатал инээнэ. Тэгснээ дуу аялаад л...
Энэ бол “Гамлет” жүжгийн хоёрхон эмэгтэй дүрийн нэг Гамлетын хайртай бүсгүй Офелия аавынхаа үхсэнийг дуулаад сэтгэлийн хямралд ордог тэр  үзэгдлийн хэсэг. Төрсөн эцэг нь өөрийнх нь хайртай залуугийнх нь гарт амь алдсаныг сонсоод хямарч байгаа нь энэ. 

Дэлхийн утга зохиол, тэр дундаа жүжгийн  ноён оргил болсон бүтээлийн тоонд  зүй ёсоор багтдаг У.Шекспирийн “Гамлет” жүжгээр УДЭТ өвөл цагийн тоглолтоо нээх гэж байгаа.  УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулан тавих гэж байгаа “Гамлет” жүжгийн гол дүр  хэн байх бол гэж хэн хүнгүй  чих дэлдийлгэсэн ч найруулагч өөрөө жүжигчин С.Болд-Эрдэнийг сонгосон. Харин Офелия бүсгүйд тоглох жүжигчнийг өчигдөр УДЭТ-ын тайзнаа сонгон шалгарууллаа. Шалгаруулалтад энэ сонгодог жүжгийн дүрд тоглочих гэсэн УДЭТ-ын, театр студийн 10 гаруй  жүжигчин оролцсоны дотор  ХБНГУ-ын Берлин хотын театр урлагийн сургууль төгссөн Г.Ариунболор ч байсан. Тэд дээр  өгүүлсэн Офелиягийн сэтгэл хямарсан тэр л мөчийг  өөр өөрсдийнхөөрөө гаргаж найруулагчид үзүүлсэн.

Ингээд дүн гарахад УДЭТ-ын жүжигчин А.Ганчимэг шалгарсан. Энэ удаа зөвхөн ганцхан Офелия шалгаруулах байсан ч гэсэн жүжигчдийн ур чадварыг харгалзан үзээд УДЭТ-ын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Ганцэцэгийг мөн шалгаруулсан юм. Тэд хамтдаа Офелиягийн дүрийг сургуулилж жүжигт ээлжлэн тоглоно.

Офелияд тоглох жүжигчдийг шалгаруулах шүүгчдээр “Гамлет” жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар, туслах найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг, жүжгийн бүжгийн багш Т.Төгсөө нар гээд энэ удаагийн “Гамлет”-ийг өлгийдөж авах уран бүтээлчид байлаа.  Шалгаруулалтын үеэр УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу “Өнөөдрийн энэ шалгалт бол манай театрын биш агуу их зохиолч Уильям Шекспирийн өөрийнх нь  шалгалт  шүү. Хэн зохиолоо уншаад тэр аугаа зохиолчийн хэлэх гэж байсан санааг ойлгож хамгийн сайн гаргаж чадаж байна гэдэг л энэ удаагийн гол шалгуур” гэсэн юм.
Монгол Офелиянууд ингэж ярьж байна.


А.ГАНЧИМЭГ: Дүрээ цааш нь улам сайн судална

/УДЭТ-ын залуу жүжигчин/

-Үзэсгэлэнт Офелия болсонд тань  баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ гайхамшигт жүжгийн гол дүрд тоглох болсондоо үнэхээр  баяртай байна. Сая бол би дүрээ  өөрийнхөө судалж мэдсэн хэмжээндээ л гаргасан. Одоо нэгэнт тэнцсэн болохоор улам л сайн судална.
-Энд ирсэн  бүх жүжигчин нэг ижил, Офелиягийн сэтгэл санаа хямарсан тэр хэсгийг үзүүллээ...?
-Офелия хэдий гол дүр ч гэсэн тайзан дээр бага гардаг. Тэгээд яг энэ хэсэг нь жүжигчдээс хамгийн их ур чадвар шаарддаг болохоор би энэ хэсгийг  сонгож авсан.
-Гамлетийн анх тавьж байхад  Офелиягийн дүрийг Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд гуай бүтээж байсан гэсэн. Дүрээ яаж судлав даа?
-Сувдаа эгчийг дүрээ хэрхэн судалж байсан талаар найруулагч Наранбаатар бидэнд жаахан ярьж  өгсөн. Түүнээс  будаа идээд, зохиолоо уншиж байгаад л тэр хэсгийг өөрийнхөөрөө илэрхийлсэн. Бэлтгэлээ хийхэд минь Монгол Улсын гавьяат жүжигчин Уранчимэг эгч маань их тусалсан.


Д.ГАНЦЭЦЭГ: Дүрээ судлах гэж Шар хадны эмнэлэг орсон

/УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан/

-Офелиягийн орлон тоглогч боллоо. Энэ жүжигчдээс хамгийн ахмад нь юм уу даа?
-Хамгийн гол нь шалгарсандаа л баярлаж байна. Нээрээ энэ  жүжигчдээс хамгийн залуу нь  надаас 10  дүү байсан. Гэхдээ дэлхийн сонгодогуудад  30 гарсан хүмүүс ч тоглодог жишиг бий гэж өөрийгөө тайтгаруулаад  зориглон орсон доо.
-Дүр судална гэж том ажил байдаг. Энэ мундаг жүжгийн гол дүрийг яаж судлав.  Бусдаас арай  өвөрмөгц харагдсан?
-Би дүрээ судлах гэж  Шар хадны эмнэлэг орсон. Гэсэн ч тэнд байгаа хүмүүст тайвшруулах тариа хийчихсэн байсан болохоор тэндээс би юу ч олж чадаагүй. Тэгээд эмчийнх нь зөвлөсний дагуу дуудлаганд хамт явлаа.  Тэгэж байж л үнэхээр сэтгэлийн хямралд орчихсон бүсгүй хүн ямар байдгийг харсан. Үнэхээр  эцгийгээ зуурдаар алдчихсан Офелия яг ийм байх болов уу гэж өрөвдөж, тэр сэтгэлээрээ л энэ дүрийг  сайн гаргах ёстой гэж өөртөө хэлсэн дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан