Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЕРИКААС ТҮҮСЭН “ЧУЛУУ” аян замын тэмдэглэл-2


НҮБ-ын 67 дугаар ассамблей харуул хамгаалалттай цагаан хашаан дотор орших НҮБ-ын байранд болж байгаа. Энд 193 орны төр засгийн төлөөллөөс гадна тэдний байр суурийг “танадах” гэсэн төдий хэмжээний сэтгүүлчид ирсэн. Харин гадаа нь уулын Түвдийн төлөөлөл болсон жагсагчид “Бан Ги Мүн Ичээч, Ичээч. НҮБ Сэрээч, Сэрээч. Хятадын хуурамч багийг хуулаач” хэмээн цагаан хоолойгоор дуу хоршин хашгирна.  Цаахна талд нь Ираныг эсэргүүцэгчид Ахмаденажидын багийг өмсч буу бариад, Башар Асадыг утсан хүүхэлдэй болгон бүжиглэж байгаа харагдана. Ахиад таван алхмын зайд Конгын байдлыг таниулах гэж тэнд өлсгөлөнд нэрвэгдэж, дайны хөлд үрэгдэж буй хүүхдийн зургийг бариад чимээгүйхэн зогсоно.

Мэдээж цус нэгтэй гэдэг болохоор зовж зүдэрч байгаа уулын түмний төлөөлөл болсон жагсагчдын өмнүүр явахаар өөрийн эрхгүй зогтусна. Америк бол эрх чөлөөт орон. Тиймээс түвдийн жагсагчид зөвхөн энд л чанга яригчаар хашгирч, НҮБ-д нутаг нэгтнүүдийнхээ дуу хоолойг мэдрүүлэхийг хичээнэ. Тэдний дуу хоолой энэ олон төлөөлөгчдөд хэрхэн хүрч байгааг хэн нь ч мэдэхгүй. Гэхдээ Бан Ги Мүнийг “ичээж” байгаа гэдэгтээ итгэнэ.
Тэдний өмнүүр Нью-Йоркод ирсэн  хятад жуулчид гайхсан царай гарган өнгөрнө. Нью-Йорк бол тэнгэр эсгэх шахсан өндөр байшин, хэт шигүү байршил, авто замын бөглөрөл, худалдааны төвүүд гээд дэлхийн улс төр, санхүү эдийн засаг, соёл урлагийн төв хотын нэг.

Гоё ганган биш, цэвэрхэн ч биш орчин. Өдөр шөнөгүй түм түжигнэж, бум бужигнаж, дохиолол хангинасан хот.  Тайван, огт санаа зовох зүйлгүй амьдарч буй мэт гаднаасаа харагдах хүмүүс нь нохой хөтөлж, гартаа кофе эсвэл хөнгөн зууш бариастай алхана. Хааяа нэг урдаа төмөр сав тавьсан хүн таарч задгай мөнгө “нэхнэ”. Энд тэндгүй цэцэрлэгт хүрээлэн байгаа харагдавч, эцэг эхийн хараа хяналтгүйгээр хүүхдээ тоглуулна гэж үгүй.
Сонины хуудаснаа 11 настай хүүг хөнөөсөн маньяк эр, 21-тэй бүсгүйг хөнөөсөн негрийн тухай хар мэдээ ч харагдана. Тэгэхээр АНУ-д үр хүүхдээ гараасаа салгалгүй  явсаар 18 нас хүргэх ёстой.


Мартах учиргүй өдрийн гэрч

Нью-Йоркод ирсэн хүн 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт үйл явдал болсон газарт очиж, ихэр цамхагийн суурь буй газарт очиж хүндэтгэл үзүүлэх нь зүй биз. Дэлхийн худалдааны төв болсон ихэр цамхагт зорчигч тээврийн онгоц барьцаалсан алан хядагчид халдсан нь олон мянган хүний амийг авч одсон төдийгүй хаана ч хэзээ ч иймэрхүү халдлага болж болзошгүй гэсэн болгоомжлолыг дэлхий нийтэд буй болгосон.

2001 оны есдүгээр сарын 11-ний цогцолборт очиход биднийг Саманта гэх  бүсгүй угтлаа. Гар барин угтах бүсгүй  долгионтой шаргал үсээ даран саравчтай малгай өмсч, зузаан цамц, жинсэн өмд өмсчээ. Тэр бүр гоёж гоодоод байдаггүй жирийн л америк охин.  Ихэр цамхагийн суурийг аймшиг үйл явдлын үеэр нас барсан 3000 хүний нэр бүхий гантиг чулуугаар эмжин, усан хүрхрээ болгожээ. Тэр өдрийн гэрч болон үлдсэн ганц модыг төмөр утсаар хэрэн дөрвөн талд нь тулгуур баганаар тогтоож цэцэрлэгт суулгасан ч цэцэглэхээ больсон гэнэ. Дурсгалыг хүндэтгэхээр босгосон музейд засвар хийж байгаа бололтой.

Цаахна талд нь ихэрлүүлэн цамхаг босгож байгаа харагдав. 415 метр өндөр, 110 давхар хуучин ихэр цамхгаас шинээр баригдаж байгаа ихрүүд өндөр байх аж. Хоер жилийн дараа ашиглалтад орох тухай Саманта яриад энэ дурсгалын цогцолборт ажиллагсдын ихэнх нь есдүгээр сарын 11-ний халдлагад ойр дотны хүмүүсээ алдагсад гэв. Халдлагын дараа ихэр цамхагийн нурангид ажилласан олон мянган аврагчдаас олонхи нь өнөөдөр хорт хавдрын нян тээгч болсон нь Нью-Йоркийн захиргааны толгойны өвчин болжээ.

Тийм учраас хэрвээ хар өдрийн аврах ажиллагаанд оролцоод хорт хавдартай болсон нь батлагдсан бол эмчилгээний зардлыг төрөөс даах албан ёсны шийдвэр гарсан байна. Аймшигт халдлагыг зохион байгуулагч, өдөөгч нь хэн байв ? Аль Кайда юу Америк өөрөө юу хэмээн өнөөг хүртэл маргаан дагуулсаар байгаа энэ үйл явдлын талаар ярих нь дэндүү хөндүүр тул бидний хэдэн сэтгүүлч машиндаа суугаад сэдвээ өөрчлөе гэсэн нэгнийхээ санааг дуу нэгтэй дэмжив.


Ахиад НҮБ-ын өдрүүд

Гол зорилго болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганыхаа нэг өдрийг өндөр төвшний уулзалт дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн эргэн тойрноор  үргэлжлүүлье.
“Ардчиллын үндсэн зарчим бол хуулиас дээр хэн ч үгүй, хэн ч байх ёсгүй. Энэ нь төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд эгэл жирийн иргэнд ч ижил үйлчлэх учиртай” хэмээн НҮБ-ын индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. CNN  ч энэ үгийн цаад учрыг ухаж буй мэт “Танай улсын экс Ерөнхийлөгч шүүхээр яллагдсан. Энэ талаар юу хэлэхсэн бол хэмээн асууж байсан юм. Ерөнхийлөгч “Монгол бол шударга ёсыг тогтоохын төлөө авлигатай өргөн далайцтай тэмцэж байгаа орон. Хэн ч, ямар ч албан тушаалтан хуулиас дээгүүр эрх эдэлж болохгүй. Энэ бол ардчиллын амин сүнс. Бид ард түмнийхээ эрх чөлөөний сонголтоор олж авсан ардчиллыг хам­гаалахын тулд зарим хүндрэл бэрхшээлтэй халгалгүй тулах ёстой” гэв. Энэ бол олон улсад Монголыг сонирхох бас л нэг асуудал байлаа. Ардчилал Авлига хоёр хэзээ ч нэг зам дээр хамтдаа байж болохгүй гэсэн утга олон улсын төрийн тэргүүний хэлсэн үгэнд дурдагдлаа.

НҮБ-ын “Үндэсний болон олон улсын төвшин дэх хуулийн засаглал”-ын асуудлаархи  өндөр төвшний уулзалтын үеэр “Авлига нь халдварт өвчний нян лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой бөгөөд энэ нь нэн тэргүүний зорилт байх учиртай юм” гэсэн ишлэлийг ХБНАУ-ын Ерөнхийлөгч Хайнз Фишерээс эхлээд олон хүн иш татаж, жишээ болгон өөрийн үгэндээ ашиглав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр хэмээн өмнөө тодотголтой байсан энэ ишлэл НҮБ-ын анхаарлыг татаж, цаашид хэрэгжүүлэх ажил болоод бодлогын нэгээхэн цөм болсон.

Энэ өдрийн хуралдаанд 37 орны төрийн тэргүүн үг хэлснээс Монгол гэдэг улс авлигатай тэмцэж, хүний эрхийг дээдэлж, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө эрхзүйн шинэчлэл хийж байгаа юм байна гэдэг үндсэн ойлголт чуулганд оролцогсдод үлдэв.


Эрх чөлөөг тунхаглагч “Ногоон бүсгүй”

Оёдлын машиныг бүтээсэн Исаак Зингерийн эхнэр Изабелла Бойерыг модель болгон бүтээсэн Нью-Йоркийн бэлгэдэл энэхүү хөшөөг Францын уран барималч Фре­дерик Огюсту Бартольди бүтээжээ. Анх “Азийн гэрэл” нэртэйгээр хөшөөг бүтээж Египтийн Порт Саид хотод байрлуулахаар яригдаж байсан ч түүнийг зөөвөрлөх угсрах үйл явцад хэт их хөрөнгө зарцуулна хэмээн Египт хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Харин Америкийн хувьс­галын 100 жилийн ойгоор Францын иргэдээс өгөх бэлгийн талаар яригдах үед “Эрх чөлөөний бүсгүй”-г Америкт байрлуулж угсра­хаар тохиролцжээ. 31 тонн зэс, 125 тонн төмөр, 27 мян­ган тонн жинтэй бетонон суурьтай 93 метр өндөр хөшөөг 350 хэсэг болгон 214 хайрцагт хийн зөөж авчирсан гэдэг.

Боолын наймааны гол төв байсан Бедлоу буюу өнөөдрийн эрх чөлөөний аралд байдаг хөшөөг үзэх гэж жил бүр хэдэн мянган хүн усан онгоцонд суудаг. Усан онгоцны тасалбар 17 ам.доллар буюу 23 мянга гаруй төгрөг.
2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагаас үүдэн 2004 он хүртэл энэ арал руу явдаг замыг түр хаасан байна.

Биднийг очиход арал руу усан онгоц зогсоо чөлөөгүй зорчигч зөөвөрлөж байлаа. Хэдий урт дараалалгүй ч хүн тасрахгүй байгаа хараг­дав. Жуулчдыг арлын байн­гын “оршин суугч” бол­сон цахлайнууд угтана. Жижигхэн аралд эрх чөлөө­ний хөшөө, цэцэрлэгт хүрээ­лэн, бэлэг дурсгалын нэг дэлгүүр байх. Хамгийн гүйлгээтэй дэлгүүр гэж онцлохоос аргагүй. 18 цаг хүртэл тасрахгүй хөшөөг зоригсод дэлгүүрээс хамгийн багадаа дурсгалын хоёр зүйл худалдаж авдаг. Хямдхан нь гурван ам.долларын үнэтэй түлхүүрний оосор юм билээ. За тэгээд “Ногоон бүсгүй”-н баримал том жижиг, хийсэн материалаасаа шалтгаалаад янз бүр.
Зэсээр бүрсэн бүс­гүйн баримал зуун жилийн явцад номин өнгөтэй болон хувирчээ. Эрх чөлөөний хөшөө нь баруун гартаа бамбар, зүүн гартаа тунхаг барьсан байдаг. Бамбар нь эрх чөлөөний гэрэл цацрахыг бэлгэддэг.  Тунхаг дээрх бичиг нь «JULY IV MDCCLXXVI» гэдэг нь 1776 оны долдугаар сарын 4 гэсэн огноог ром тоогоор бичсэн юм. Энэ өдөр АНУ-ын эрх чөлөөний тунхагийг баталжээ. “Эрх чөлөө  бүсгүй” нь нэг хөлөөрөө тасар татагдсан гинжин дээр зогсч байдаг. Гинж нь боолчлолыг илэрхийлнэ. Эрх чөлөөний титэм дээр 25 цонхтой. Эдгээр нь дэлхийн бүх үнэт чулууд ба дэлхийг гэрэлтүүлдэг тэнгэрийн цацраг. Титмийн долоон цацраг нь долоон тив ба долоон далай “Барууны газар зүйн уламжлалд тав биш долоон тив байдаг гэж үздэг”.


НҮБ-ын нэг өдөр ба эмэгтэйчүүдийг магтъя

Есдүгээр сарын 27. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд үг хэллээ. Төрийн тэргүүн  нь үг хэлэх үед л  тухайн улсын сэтгүүлчдэд хэвлэл мэдээллийн танхимаас гарч, чуулганы танхимд орох эрх олгодог. Гэхдээ сэтгүүлчдэд зориулсан цонхноос л зураг дүрс авна. Аварга том дурантай нүсэр техник хэрэгсэлтэй дэлхийн том том агентлагуудын дэргэд бид мэт нь хүүхдийн тоглоом барьчихсан харагдах нь тодорхой. Гэсэн ч манайхан хамгийн сүүлийн үеийн камер, зургийн аппарат үүрчихсээн. Уг нь үзүүлэлт энэ тэрээр дутаад байх нь гайгүй ч нэмэлт тоноглолын хувьд үнэхээр жулдана.Тив алгасаад нисэхэд нүсэр техник чирээд явах ч арга байхгүй л дээ үнэндээ.

 Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг дэлхийн төр засгийн тэргүүн нараас гадна ажиглагчид чих тавин чагнаж байлаа. Түүний хэлсэн “Бид улам олон удирдагч эмэгтэйтэй болох хэрэгтэй. Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудал бэрхшээлийг даван туулахад эмэгтэйчүүд онцлог байдлаар хандах нь дамжиггүй. Илүү олон эмэгтэй эрх мэдэлтэй байсан бол бид илүү эв найртай, илүү хамтач, арай бага зовлон зүдгүүртэй, арай бага зөрчил тэмцэлтэй байх байсан гэж би боддог” гэсэн үг  НҮБ-ын чуулганд оролцсон эмэгтэйчүүдэд хамгийн таатай үг байсан нь дамжиггүй.

 Монгол 2008-2012 оны парламентдаа гуравхан эмэгтэй гишүүнтэй байсан бол 2012 оны сонгуулиар есөн бүсгүйтэй болсон. Бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн эмэгтэйчүүдийн ачаар парламентаас бодит амьдрал хамгийн сайн бууж хэрэгжих хуулиуд гарна гэж сонгогчид итгэж буй.

НҮБ-ын танхимд Ерөн­хийлөгчийн хэлсэн үгийн ардаас аль ч улсад нийгмийн гол хөдөлгөх хүч болсон бүсгүйчүүдийн маань  оролцоо улс төрийн төвшинд үргэлж доогуур байдгийг Монголоос эхлэн халах уу гэдэг асуулт ч гарч байлаа.
НҮБ-ын танхимыг чимэх бүсгүйчүүдэд ажил хэрэгч нь дэндсэн барууныхан голлон, Арабын ертөнцийн өндөр албан тушаалд хүрсэн ганц нэгхэн, Африкийн төлөөлөл болсон алтанд хулдсан эмэгтэйчүүд л бүрдүүлж байгаа харагдсан. Харин Азийн ертөнцийг төлөөлөгчдөөс бүсгүй хүн ховорхон байлаа.Ийм үед бүсгүйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх талаар чангахан хэлсэн нь НҮБ-ын хувьд өлгөх сэдэв байсан нь дамжиггүй. 

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ Монгол Улс дорно дахь ардчиллын түгээн дэлгэрүүлэгч, хөтөч болж байгаагаараа бахархдаг. Монголын газар шороонд цөмийн хог хаягдлыг булшлахын эсрэг бид баттай зогсч байгаа” гээд авлигыг таслан зогсоох байгаль хамгаалах, чанартай боловсролыг тогтолцоог бүрдүүлэх зэрэг хэд хэдэн сэдэв хэлсэн үгэндээ онцолсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан