Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгой төслийн талаар мэдээлэл сонслоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар Оюутолгойн  ажлын явцын талаар холбогдох эрх мэдэлтнүүдээс мэдээлэл сонсч байгаа юм. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, сонирхсон асуултад хариу авч байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Оюутолгойд монголчуудын оролцоо байна уу. Уг нь, тэр баялгийн эзэн нь монголчууд. Гэтэл энэ баялгийн 71 хувь нь монголын ард иргэдэд очих ашиг гээд л гудамжаар дүүрэн реклам өлгөөд байна. Яг үнэндээ монгол хүний оролцоо энд алга байна. Би баримттай ярина. Замын-Үүдийн боомтоор Оюутолгойд нийлүүлэгдэх бараа орж ирэхэд хар зах дээр 500 төгрөг байдаг шүгэл 30 ам.доллараар орж ирдэг. Үүнээс гадны бүх л ханган нийлүүлэлтийг гадаадын компани хариуцаж байна. Энд монгол хүний оролцоо байна гэж харагдахгүй байгаа биз дээ. Үнэхээр монголын талын оролцоо байна гээд байгаа бол есөн дэд захирлынх нь ядаж гурав нь монгол хүн байх ёстой. Гэтэл үгүй. Бүгдээрээ шар толгой хүн байна. Үүнийг тэгээд 71:29 хувийн харьцаатай гэж ойлгож болох уу.
Анхны хөрөнгө оруулалтаа нөхөж дууссаны дараа монголчуудад ашиг орж ирнэ гэж байгаа. Тэгвэл хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Анх 2.4 тэрбум ам.доллар гэж байсан. Өнөөдөр энэ хэмжээ бараг гурав дахин нэмэгдчихсэн байна. Маргааш дахиад л өснө. Том бялууны 34, жижиг бялууны 34 хувь гэдэг шал өөр. Бүр иргэдэд ойлгомжтойгоор ярьвал нас бие гүйцсэн эр хонины 34, жижиг хурганы 34 хоёрын дунд алд дэлэм зай бий шүү” гэж хатуухан шүүмжилж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг монголын ард иргэдэд таатай байдлаар өөрчлөх ёстой гэдгийг хэлсэн юм.
Харин эрхэм гишүүний асуултад “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Батбаатар хариулт өгсөн юм. Тэрээр “Бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Оюутолгой гэдэг ордыг гадаадынхан 100 хувь эзэмшээгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Учир нь, бид хөрөнгө оруулагчид, түүний хувьцаа эзэмшигч. Нэг үгээр хэлбэл хоёр жигүүрийн нэг нь бид гэсэн үг. Тиймээс бидний ажил Оюутолгой төсөл хэрхэн амжилттай хэрэгжихээс шууд шалтгаална. Одоогоор Оюутолгой амжилттай хэрэгжиж байна гэж би хэлж чадна. Бид нягтлан бодох бүртгэлийн дагуу л санхүүгийн тайлангаа гаргаад явж байгаа. Санхүүгийн тайланд бид оролцдоггүй, цэвэр Оюутолгой хариуцдаг ажил. Нэг үгээр хэлбэл, менежмент нь Оюутолгой талд байдаг. Гэхдээ бид хяналтын талаар ТУЗ-ийн хурал дээр байнга ярьж байгаа. Нэг зүйлийг тодруулахад, анхны хөрөнгө оруулалт өсч байгаа нь үнэн” гэсэн юм.
Оюутолгой төслийн ТУЗ-д хараат бус гурван хүн байдаг аж. Тэдний өгч байгаа мэдээллээр Оюутолгой компани Голомт, Худалдаа хөгжлийн банкинд банкинд өртэй байгаа аж. ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкинд харилцах данстай аж. Харин дотоод аудитын хяналтыг хараат бус гурван гишүүний нэг Цагаан хариуцан ажилладаг гэнэ. Ингэснээр дотоодын хяналтыг эзэн тал хариуцдаг олон улсын жишгий дагаж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг холбогдох хүмүүс хэлэв. Мөн Оюутолгой төслийг түшиглэж Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюутолгой хотхон” байгуулахаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгажээ. Үүнийгээ ойрын төлөвлөгөө болгон ажиллаж, ажилчин албан хаагчдаа тав тухтай орчинд, гэр бүлээрээ амьдрах боломжийг хангаж байгаа аж. Харин цаашид Эрдэнэтийн үйлдвэрийг түшиглэж Эрдэнэт хот байгуулсан шиг Оюутолгойг түшиглэж Оюутолгой хотхон бус хот байгуулах асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд ярих байх гэдгийг ТУЗ-ийн хараат бус гишүүд онцолсон.
Түүнчлэн монгол боловсон хүчнээ бэлтгэхийн тулд гадаадаас урилгаар ирж ажиллаж байгаа чадварлаг инженерүүдийг дагалдуулж ажиллуулдаг байна. Ингэснээр Монголчууд уул уурхайн салбарт чадварлаг боловсон хүчинтэй болох боломжийг бүрдүүлж байгаа гэдгийг хэлсэн.
Харин нэгэн дутагдалтай зүйл нь усны асуудал аж. Угийн усны хомсдолттой говьд нэг тонн усыг нэг төгрөгөөр хэрэглэдэг нь цаашид гүний ус ховордож цөлжилт улам тэлэх магадлалтай. Төсөл хэрэгжүүлэх үеэс эхлээд ердөө усны төлбөр гэж 100 сая төгрөг л татварт өгчээ. Тиймээс үүний цаашид анхаарах хэрэгтэй УИХ-ын гишүүд хэлсэн юм.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан