Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.ЖАМЦДОРЖ: УУЛ УУРХАЙГААС БОЛЖ ЗАЛУУС АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ЭГНЭЭНД ШИЛЖИХ БОЛЛОО

Уул уурхай хөгжихийн хэрээр иргэдийн эрх зөрчигдөж , байгаль орчин сүйдэх болсон. Энэ талаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин Т.Жамцдоржтой ярилцлаа.
 
 -Танай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ. Талбайгаа  нөхөн сэргээж байна уу?
-Манай сумын 80 гаруй хувийг уул уурхайн компаниуд лиценз зөвшөөрлөөр эзэмшсэн  байдаг. Ингээд бодохоор нутаг орон  ямар болсон гэдэг нь хэн бүхний нүдэнд  харагдаж байгаа байх.  Суманд уул уурхайн гурван том  компани  үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр  уурхай нээгдээгүй байхад  нутаг минь  хулан зээр давхиж, гол мөрөн урсдаг сайхан  байгальтай  байлаа. Одоо хэн ч харсан нүд хальтирмаар болсон. Ан, амьтад дайжаад гол, булаг  ширгэсэн. Ийм байдалтай болсон нутгаа хараад малчин хүн сэтгэл амар сууж чадахгүй болоод байна.  
-Уул уурхайн компаниуд нутгийн иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлдэг гэдэг.  Харин та  нарын хувьд ?
-Миний мэдэж байгаагаар суманд нэг спорт заал барьж өгсөн. Гэтэл тэр барилга нь ямар ч чанаргүй иргэдийн сэтгэлд нийцэхгүй байгаа. Одоо “МАК”  компани сургууль, дотуур байр барьж  эхэлсэн. Үүнийг ашиглалтад орохоор нь л харъя. Бас нэг компани нь цэцэрлэг барьж өгсөн. Гэсэн ч чанартай  хийж өгсөн юм алга.  Сургууль, цэцэрлэг барьж өгсөн гэсэн нэр зүүхээ  л гол зорилгоо болгох болж. Хэдийгээр цэцэрлэг шинээр ашиглалтад орж  байгаа ч цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй сумын ихэнх хүүхдүүд гэртээ өнждөг.  Уул уурхайг дагаж хүн ам нэмэгдсээр л. Гэтэл байгалийн баялгаас ашиг хүртэж буй том  компаниуд харамсалтай нь олигтойхон  цэцэрлэг бариад өгчихгүй л  байна шүү дээ.
-Малчид,  нутгийн иргэдээс  ажилд авч байна уу. Сумын хэмжээнд ажилгүйдэл хэр байдаг вэ?
 -Иргэдийг  олон шалтгаан дурдаад  ажилд авдаггүй. Иймд  ажилгүй залуучууд сумын төвөөр л нэг байгаа.  Мөн  өндөр цалин амладаг ч үнэн хэрэгтээ хэлсэндээ хүрдэггүй. Тэр дундаа эмэгтэчүүдийн цалин маш бага.  Тэднээр цэвэрлэгчээс өөр ажил  хийлгэдэггүй. Цааш нь сургая гэсэн бодол ер нь байдаггүй.
-Нутгийн иргэд үүнтэй хэрхэн тэмцэж байна вэ. Ямар нэгэн ахиц гарч байна уу. Холбогдох төрийн байгууллагууд хэр анхаардаг вэ?
-Нутгийн иргэд нэг  хэсэгтээ дуугүй байж хүлээцтэй хандсан. Гэтэл уул уурхайн компаниуд “даварсаар даварсаар давгийн оронд очно”  гэгч болж эхэлсэн. Үүнийг хараад суугаад байх юм бол нутаг минь  эргүүлсэн  шороо болж орхих нь гэж бодсон. Тиймээс  нутгийн иргэд нийлээд энэ жилээс төрийн бус байгууллага байгуулах гээд явж байна.  Төрийн байгууллагуудын хувьд  бидэнтэй хамтардаггүй.
Харин бусад төрийн бус байгууллагынхан л биднийг дэмждэг шүү. Манай сум төвөөс хэт алс хол болохоор  мэдээ мэдээлэл муутай. Иймээс  нутгийн иргэд тэр бүр  олон талын мэдээлэл  авч чаддаггүй.  
Уул уурхайн компаниуд болохоор ингэж  интернэт тавилаа, тэгж  агаарын олон суваг суманд оруулж ирлээ л  гэдэг. Нутгийн иргэд түүнийг нь мэдрээд тэр олон хийж байгаа ажлынх нь  үр шимийг    хүртэж чадахгүй л байна.  Үүнээс гадна  тэдний үйл ажиллагаанаас болж малчид  нүүдэллэх бэлчээргүй  болсон.  Уул уурхайн компаниуд  өндөр цалин амлаж, гоё сайхан ганган үг хэлж залуучуудын толгойг эргүүлэх болсон. Ингэснээр тэд  уул уурхай руу хошуурч мал маллахаа байлаа. Гэтэл компаниуд нь залуучуудыг ажилд авахгүй байсаар тэд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна.  Ингээд манай нутаг малчингүй, малгүй бэлчээр ч үгүй бөөн ажилгүй залуусаар дүүрлээ.
 -Уул уурхай хөгжсөн газруудад  мал үнэд орсон. Танай сумын хувьд ямар байна. Хонь хэдэн төгрөг хүрч байх юм?
-Том эр хонь 180 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Гэхдээ мал үнэд орлоо гээд малчдад наалдаж байгаа юм алга. Учир нь мал маллах газар нутаггүй болж байгаа. Малчид аль болох цөөн мал маллах боллоо шүү дээ. Бэлчээргүй юм чинь.
Манайх л гэхэд өмнө нь 300 гаруй толгой малтай байсан. Одоо эхнэр уул уухайн компанид ажилд орж хүүхдүүд сургуульд ороод  цөөн малтай байхаас аргагүй болоод байна шүү дээ.

Б.Мишээл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан