Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ТЭРБИШДАГВА: Дулаан хувцсаа аваарай, цаадуул чинь сагсайдана шүү


БҮРЭН БҮТЭН БАЙХЫН АЧ ХОЛБОГДОЛ
(Бүх ард түмний Их хурилдайн илтгэл)

          


    Бүх ард түмний их хурилдайд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт төлөөлөгчид та бүхнийхээ амар мэндийг эрж мэндчилье.
    Та бүхнээрээ дамжуулан нийт монголчуудынхаа амар мэндийг эрж мэндчилж байна.
    2012 оны УИХ-ын сонгуулийн дараа анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнээр хуран цугларч, уулзаж байгаа завшааныг ашиглан МАХН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг дэмжсэн сонгогчиддоо, нийт ард түмэндээ та бүхнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
    Шударга ёсны төлөөх хүнд хэцүү тэмцэлд тууштай хамтран зүтгэж ирсэн намууд, иргэний хөдөлгөөнүүдэд МАХН-ын гишүүд, дэмжигчид баярлаж талархаж байдгийг тэднийхээ нэрийн өмнөөс илэрхийлж байна.
Уг нь 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-АН хэмээх хариуцлагагүй тогтолцоонд луйвардуулаагүй бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн авсан санал албан ёсны гэх дүнгээс хамаагүй илүү байсныг та бид сайн мэднэ. Яагаад мэдээд байгаа юм бэ? гэхээр ард түмэн маань тэгэж хэлж байгаа. Хэлээд зогсохгүй бичиг баримтаар нотолж байгаа.
Хэдий тийм ч гэсэн 2012 оны УИХ-ын сонгуулиар ямар ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй тул өнгөрсөн дөрвөн жилд байсан МАН-АН хэмээх хариуцлагагүйн тогтолцоо дахин сэргэхээс сэргийлж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газарт орж, албан тушаал авснаараа бид шударга ёсны төлөө тэмцлийнхээ зорилтоос ухрах ёсгүй, харин ч улам эрчтэй үргэлжлүүлэх ёстой. Албан тушаал авснаар бид амаа үдүүлэх ёсгүй, ард түмнийхээ эрх ашгаас, итгэл үнэмшлээсээ, ардчилал, түүний үнэт зүйлсээс, нэг нэгнээсээ, нийт хамт олноосоо урваж шарвах ёсгүй.
Хэлэх ёстой үгээ хэлэх ёстой. Улам чанга, хэлсэн шиг хэлдэг байх ёстой. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэж, аль болохоор ихийг хийж бүтээх ёстой. Шударга бус явдлыг халах, авлига хээл хахуулийг устгахын төлөө, байгалийн баялгийг ард түмэндээ шударгаар хуваарилан өгөхийн төлөө, монгол хүн, монголын ард түмэн улс орондоо жинхэнэ эзэн суух цагийг ойртуулахын төлөө, хараат шүүхийг шударга шүүх болгохын төлөө, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ. Улам эрчтэй тэмцэнэ.
Чухамдаа хэлэх үгээ хэнээр ч хэлүүлэлгүй, хэнээс ч айлгүй хэлэхийн тулд, нийт Монгол даяар, хот хөдөөгүй шударга ёсыг тогтоохын тулд, ард түмнээ сонгогчдын нэрсийн жагсаалтанд байдаг, саналаа өгөөд дөрвөн жил мартагддаг амьгүй албат нарын нэрс биш, харин дор бүрнээ хүсэл эрмэлзэлтэй, зөв зорилго, мөрөөдөлтэй, авъяастай амьд хүмүүс хэмээн дээдлэн үзэж, жаргал зовлонг нь хуваалцаж, амьдралд нь дорвитой туслах арга чаргыг олж, хэрэгжүүлэхийн тулд халуун яриа өрнүүлэх зорилгоор, өөрсдийгөө болон өнөөгийн албан тушаалтнуудыг шүүмжлэхийн тулд энд хуран цугларсан билээ.
Шударга ёс шударга шүүмжлэл дээр тогтоно. Шударга бус явдал хов жив, бялдууч үгэн дээр тогтоно. Зоригтой байцгаагаарай, тууштай шударга байцгаагаарай хэмээн та бүхэндээ хандан уриалж байна.
Тэр тусмаа МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу хараат шүүхийн хууль бус шийдвэрээр эрхээ хасуулж, хэлмэгдэж байхад та бид дуугүй байх эрхгүй. Зүгээр суух ч эрхгүй. Шүүх нээлттэй хуралдаж болно. Тэгэх ч ёстой. Гэхдээ хамгийн гол нь шүүх өөрөө хараат бус байж, шийдвэр нь хууль, шударга ёсонд нийцсэн байх ёстой. Харамсалтай нь манай өнөөгийн шүүхийн шүүгчид хараат болж, гаргаж байгаа шийдвэр нь хууль бус, хууль зөрчиж байгааг Н.Энхбаяр даргад өөрт нь ямар ч холбогдолгүй, хууль зөрчөөгүй асуудлаар хүчээр ял тулган оногдуулж, хэлмэгдүүлж байгаа явдал тодорхой нотолж байна. Энэ бол хэлмэгдүүлэлт мөн.
Н.Энхбаяр дарга та бидэнтэйгээ хамт энэ танхимд, хот, хөдөөд ард түмэнтэйгээ хамт байхыг хүсч байгаагаа надтай уулзахдаа байнга хэлдэг. Энэ сайхан завшааныг ашиглан түүний нэрийн өмнөөс Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлж байгааг эсэргүүцэн тэмцэж, түүнийг, та биднийг дэмжиж байгаа намын гишүүд, дэмжигчид, нийт ард түмэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.
Одоо би хэрэв Н.Энхбаяр дарга та бидэнтэйгээ хамт энд байсан бол, ард түмэнтэйгээ биеэрээ уулзаж учирч байгаа бол юу гэж хэлэх байсан бол хэмээн өмнөөс нь бодож боловсруулсан илтгэлээ тавья. Энэ илтгэлд та бүхний санаа бодол ч шингэсэн байгаа гэдгийг тэмдэглэн хэлье. Учир нь та бүхэн, жирийн ард иргэд намын болон төр, засгийн шугамаар бидэнд захидал ирүүлж, санаа бодлоо хуваалцсаныг, биеэр ирж бидэнтэй уулзаж, сэтгэлийн бодлоо нээж илэрхийлснийг илтгэлдээ аль болохоор тусгахыг хичээсэн болно.
Ингээд илтгэлээ асуултаар эхэлье. Та бид ямар оронд амьдарч байгаа вэ? Монголд. Монгол маань ямар улс орон бэ? Ардчилсан орон уу? Эсхүл ардчилсан биш орон уу? Яагаад ингэж асууж байна вэ? гэвэл та бид сүүлийн 20 гаруй жилийн турш улс орондоо ардчилалыг байгуулах гэж зүтгэсэн. Монголын нийт ард түмэн зүтгэсэн. Их ч өндөр үнэ цэнэ төлсөн. Гэтэл үр дүн нь ямар байгаа вэ? Энэ асуултанд хоёр янзаар хариулж болно. Цаасан дээр байгаа хуулиар хариулж болно. Бодит амьдралд байгаа дүр зургаар хариулж болно. Аль хариулт нь зөв болох вэ? Мэдээжийн хэрэг бодит амьдрал хамгийн бодитой хариулт өгнө.
    Ардчилсан улс орон ардчилсан биш улс орноос юугаараа ялгаатай байдаг вэ? Ардчилсан оронд ам, ажил хоёр зөрдөггүй, хууль, амьдрал хоёр зөрдөггүйгээрээ.
    Ингээд өнөөгийн Монгол Улс ардчилсан орон мөн эсэх, ард түмэн 20 гаруй жил тэмцэж зүтгэсэн ч тэмцлийнх нь үр дүнд Монгол Улс ардчилсан улс орон болсон эсэхийг хамтдаа харцгаая.
Монгол Улсын Үндсэн хуулинд:
“1.2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”
    Мөн:
“3.2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.”
    Мөн:
“14.2. Хүнийг ... үзэл бодлоор ... нь ялгаварлан гадуурхаж үл болно.”
    Мөн:
“16. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
    16.9. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.
    16.14. ...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох ... эрхтэй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.
    16.16. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй.”
    Мөн:
    “49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
    49.2. Ерөнхийлөгч ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”
    Мөн:
    “54. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.”
    Мөн:
    “64.1. МУ-ын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн ... заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага ... мөн.”
    Мөн:
    “3.1.Монгол Улсад засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна.”
гэж тус тус заажээ.
    Маш чухал заалтууд. Аргагүй шүү дээ. Үндсэн хууль, түүний зүйл, заалтуудын цэг, таслал, үг, өгүүлбэр, утга санаа болгоныг ягштал баримтлан биелүүлэх ёстой хэмээн үзэж, олуулаа олон хоногийн турш санаа бодлоо уралдуулан хэлэлцэж, баталсан юм шүүү дээ.
Тийм ч учир Үндсэн хуулийн хамгийн сүүлийн буюу далдугаар зүйлд:
“70.1. Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.
70.2. Монгол Улсын Үндсэн хуулийг ... улс даяар дагаж мөрдөнө.
Мэдэгтүн, сахигтун!” гэсэн байдаг шүү дээ.
Гэтэл өнөөдөр буюу Үндсэн хууль батлагдсанаас хойш бүтэн 20 жил өнгөрөөд байхад бодит байдал дээр Үндсэн хууль, түүний зүйл, заалтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар аваад үзэе. Ингэхийн тулд эхлээд хэдэн энгийн асуулт тавья.
    -Өнөөгийн төр засаг хууль дээдэлж байгаа юу?
    -Иргэн төрийн байгууллагад шударгаар сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдэлж байна уу?
    -Шударга шүүхээр шүүлгэх эрх нь хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
-Хэргээ шүүлгэх ажиллагаанд биеэр оролцох эрхээ эдэлж чадаж байгаа юу?
-Өнөөгийн төр засаг, шүүх, хууль хяналтын байгууллагууд жирийн иргэнийг гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн мэтээр тооцож, түүнд харгис хэрцгий хандаж, харьцаж байгаа юу?
-Хэн нэгнийг мөрдөн мөшгөхдөө түүний гэр бүлийн гишүүд, төрөл садан, хамтран ажилладаг хүмүүсийг хоморголон хэлмэгдүүлж байгаа юу?
    -Хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үнэн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хангалттай эдэлж чадаж байгаа юу?
    -Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдаж байна уу?
    -Монголд хэн хамгийн их эрх мэдэлтэй байх ёстой вэ?
    Өөр олон асуулт тавьж болох боловч дээрх асуултуудад дэс дараатай хариулахад л өнөөдөр Монголд Үндсэн хууль, түүний зүйл, заалтууд хэрэгжиж байгаа эсэх нь тодорхой болно. Монгол Улс ардчилсан улс орон мөн эсэх нь тодорхой болно.
Эхний асуулт: Өнөөгийн төр, засгийнхан бүх шатандаа хууль дээдэлж байгаа юу? Шуудхан хэлэхэд: Үгүй. Харин ч эсрэгээрээ буюу төр, засгийн байгууллагууд өөрсдөө хамгийн их хууль зөрчдөг болсон байгаа. Тодорхой жишээ гэвэл хамгийн түрүүн луйврын сонгуулиудын тухай ярих ёстой. Луйврын сонгуулиар төрд шургална гэдэг нь төр засаг бүрдэж эхлэхээсээ л хууль зөрчсөн гэсэн үг. Тийм ч учир 2008 оны 7 сарын 1-нд сонгогчид эсэргүүцэж жагссан биз дээ? 5 хүн амь насаа алдаж, олон арван хүн шархадсан. Харамсалтай нь тэрхүү эмгэнэлт үйл явдлаас хойш байдал дээрдсэнгүй гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Сонгууль болгоны дараа луйвар булхайтай боллоо гэж бүгд ярьж байгаа. Харин хэн ч луйвар булхайг шалгасан шиг шалгахгүй байна. Шалгахгүй байна гэдэг нь өөрөө ихээхэн учиртай. Луйвар булхай болсон гэдгийн нэг ёсны баталгаа хэмээн олон түмэн үзэж, шүүмжилж байна.
Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулинд:
“3.2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн байгаа.
Луйврын сонгууль гэдэг бол их ч үгүй, бага ч үгүй зүгээр л төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа хэрэг. Тийм учраас аливаа хууль зөрчсөн үйлдлээс хамгийн ноцтой нь луйврын сонгууль гэж тооцогддог. Анхнаасаа хууль зөрчиж төрд шургалсан улс цаашид ч бараг алхам дутамдаа хууль зөрчиж ажиллана гэдэг нь ойлгомжтой. Энгийнээр тайлбарлавал сонгууль луйвардана гэдэг бол ард түмний санаа бодлыг үл харгалзаж, үл хэрэгсэнэ гэсэн үг. Ард түмний санаа бодлыг үл хэрэгсэж, төрд хууль бусаар шургалсан хүмүүс гэнэт ард түмнийхээ төлөө зүтгэдэг болно гэдэг бол ихээхэн эргэлзээтэй. Гэтэл АНУ-ын алдарт Ерөнхийлөгч Линкольн юу гэж хэлсэн байдаг билээ? “Ардчилал бол ард түмний байгуулсан, ард түмний төлөө, ард түмний засаглал” гэжээ. Энэ хариулт нь дараачийн асуулттай шууд холбоотой.
Асуулт: Иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдэлж байгаа юу? Шуудхан хэлэхэд: Үгүй. Луйврын сонгууль байгаа учир сонгох, сонгогдох эрхээ аль алийг нь бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байна. Сонгогч худлаа амлалтанд хууртана, сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасагдана, иргэний үнэмлэхийг нь солино, сонгогчийн үнэмлэхээ олж авч чадахгүй, бэлэн мөнгө, бэлэг сэлтийн барьцаанд орно гэх зэргээр саналаа шударга өгч, сонгох эрхээ ёсоор нь эдлэхэд түмэн саад бэрхшээлтэй учирна. Улмаар “сонголт” гэгч нь ч оновчтой болдоггүй нь гайхах зүйл биш. Тийм учир сонгох эрхээ ёсоор нь эдэлж чадахгүй байна. Үүнд жирийн сонгогчид гэхээс илүү сонгууль луйвардаж, сонгогчдыг хүнд хэцүү байдалд оруулж, саналаа шударгаар өгөх гэхэд нь элдвийн саад бэрхшээл учруулж буй этгээдүүд буруутай.
Нөгөө талаар сонгогдох эрхээ ч ёсоор нь эдлэх боломж бололцоогүй байна. Хамгийн тод жишээ: Н.Энхбаярыг прокурор, шүүх, Н.Лувсанжав даргатай СЕХороо хоорондоо хуйвалдаж, дээрээс өгсөн даалгаврын дагуу “УИХ-ын гишүүнээр ажиллахад мэдлэг боловсрол, ёс суртахуун нь хангалттай юу?” гэдэгт “эргэлзсэн” болж жүжиглээд хассан явдал. Инээдтэй ч юм шиг. Гэхдээ өнөөгийн Монголд төр засгийн байгууллага, албан тушаалтнууд Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж байгаа нь инээдтэй гэхээс илүү эмгэнэлтэй зүйл юм.
Энэ бол “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг шууд зөрчсөн явдал болсон юм. Дээрх жишээнүүдээс үзэхэд хоёр юм тодорхой байна. Нэг нь өнөөгийн төр засагт байгаа зарим хүн Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж байна. Хоёрт, тэд Н.Энхбаяраас, та бид нараас айж байна.
Гэтэл үнэн хэрэг дээрээ Н.Энхбаяр нь яг юу гээд хэлчихсэн юм бэ? Та бид юу гээд байгаа юм бэ? Яая гэсэн юм бэ? Ямар хортой юм хэлж яриад байгаа билээ? Та бид нараас юунаас нь айгаад байгаа юм бэ? “Шударга ёсыг тогтооё, луйврын сонгуулийг зогсооё, төрийн толгой дээр Үндсэн хууль зөрчсөн МАН-АН дахин сандайлан суухыг болиулая, хэлсэндээ хүрдэг болж, амлалтаа биелүүлцгээе, байгалийн баялгийг нийт ард түмэндээ буюу хүн бүрт ижил тэгш хүртээж, дундын өмч болгоё, төр засаг хамгийн түрүүн өөрөө хууль биелүүлдэг болох ёстой, хээл хахууль, хүнд сурталтай тууштай тэмцэе, төрийн өмчийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлдэг, дээд сургуулиудад үнэ төлбөргүй сурдаг болгоцгооё” л гэж хэлсэн.
Энэ буруу юу? Тийм их аймаар зүйл үү? Өөр хэн ч хэлэхгүй байгаа учир, хэлэхээсээ айгаад байгаа учир Н.Энхбаяр, та бид ингэж хэлж байгаа юм. Дахин хэлэе. Ингэж МАХН, “Шударга ёс” эвсэл л хэлж чадаж байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Энэ байр сууриа юугаар ч худалдаж болохгүй шүү гэж Н.Энхбаяр дарга захиж хэлдгийг сануулахад илүүдэх юун.
Харамсалтай нь хуулийг гууль болгосон үед хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхээсээ айж эмээдэг юм. Гэсэн хэдий ч Америкийн Ерөнхийлөгч Рузвельт “Айхаасаа л айх хэрэгтэй” гэж хэлснийг санацгаая.
Та бидний өмнөөс зарим этгээд Н.Энхбаяр, та нар одоо ярьж байгаагаа өмнө нь хийж байхгүй яасан юм бэ? гэж санатайгаар “мэдэн будилж” мушгин гуйвуулж асуусан болдог. Зөв. Би хэдхэн мөчийн дараа Н.Энхбаяр ч, МАХН ч, та бид ч юу юу хийж бүтээснийг хэлэх болно. Ялангуяа зарим эрх мэдэлтэн, тэдний гар хөл болсон этгээдүүд та биднийг буруутгахын тулд тийнхүү мунхагладаг.
Тэгээд яах ёстой болж байна? Хууль зөрчигддөг ийм утгагүй байдлыг хүлээн зөвшөөрөх болж байна уу? Үгүй ээ. Цаг цагтаа эзэн болж, тухайн үед тулгамдсан асуудлыг шийдэж байх нь жирийн хүний амьдралдаа баримтлах ёстой хатуу зарчим, харин өндөр албан тушаалтны хувьд хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг бус уу? Н.Энхбаяр ч тэр, МАХН ч тэр, та бид ч тэр мундаг сайндаа болоод ингээд байгаа юм биш, харин өнөөдөр олон түмэн нийгэмд тулгамдсан, ард түмний амьдралын чөдөр тушаа болоод байгаа асуудлуудыг хэлээд зогсохгүй бүр шийдээд өгөхийг хүсэж байгаа учир та бидний хэлж ярьж, зорьж байгааг дэмжээд байгаа юм биш үү?
Энд өөрийн дураар биш, харин бусдын эрхээр байхгүй байгаа Н.Энхбаяр даргын бусадтай, ард түмэнтэйгээ хамтран хийснээс нь хэлэе. Хэлж сануулах цаг нь ч болсон.
Цагийн юм цагтаа байх ёстой гэдгийн дагуу Н.Энхбаяр цагтаа хийсэн юмтай хүн. Хэний ч өмнөөс нүүр бардам харж чадна, бас хэлж чадна. Нуршихгүйн тулд заримаас нь буюу арван хоёр жилийг бэлгэдэж арван хоёрыг нь л сануулая. Түүний хийж бүтээснийг нь ярихын хажуугаар цаашид та бидний хийж бүтээх ёстой ажлуудыг хамтад нь хэлье. Үүнд:
1.ОХУ-д төлөх ёстой байсан 11,7 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Өнөөдрийнхөөр бол нийт 17,5 их наяд төгрөгийн өртэй байжээ. Нэг хүнд буюу хамгийн бага балчир хүүхдээс авахуулаад хамгийн өндөр настай буурал хүртэл оруулаад тооцвол хүн бүрт 6,5 сая төгрөгийн хэмжээний өр ноогдож байсан байна. Бог малд шилжүүлвэл 175 сая толгой малтай тэнцэх хэмжээний их өртэй байсан гэсэн үг. Энэ их өрийг тэгэлж чадсаны хүчинд монголчууд эдийн засгийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авч чадсан. Хүмүүс хамгийн түрүүн Монгол Улс байгалийн баялгаа өрийн барьцаанд тавьчихалгүй өөрсдөө шийдэх бололцоотой болсон гэж ярьдаг. Энэ нь ч үнэн. Түүнээс гадна энэ өр зээлийн хүчинд босгосон бүтээн байгуулалтуудын томохноос нь дурдахад УБ төмөр зам, Эрдэнэт, Дархан хотууд, цахилгаан станцууд, үйлдвэр, аж ахуйн газрууд, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүд, эмнэлгүүд, орон сууцны хорооллууд, хамгийн гол нь гадаадад бэлтгэгдсэн 200 мянган гаруй өндөр мэргэжлийн боловсон хүчин байгааг хэлэх хэрэгтэй. Их өрөөр хийж бүтээсэн болгоныг дурдаад байвал олон зуун хуудас болно. Тийм учир тоймлон дурьдлаа. Ер нь тухайн үед ЗХУ-аас авсан зээлээр боссон объектууд өнөөгийн Монголын нүүрийг тахалж, шилжилтийн хүнд хэцүү үеийн хямралыг давахад гол ачааг нуруун дээрээ үүрч гарч байгаа юм биш үү? Бас наанаа их хэмжээний өр зээл тавьж, цаанаа Монгол Улс тусгаар тогтносон улс орон болох асуудал давхар шийдэгдэж байсан хүйн холбоог ч мартаж, эсхүл дутуу үнэлж болохгүй. Энэ том асуудлыг Монгол Улсдаа, монголчууддаа ямар ч хүндрэлгүй шийдвэрлэнэ гэдэг улс орныхоо тусгаар тогтнолын тэмцлийн түүхийг бүрэн бүтэн, утга учиртай, үр дүнтэй болгоно гэсэн үг.
2.“Мянганы зам” хэмээх төсөл. Энэ төслийг эхлүүлсэн. Социализмын үед буюу ЗХУ-аас их хэмжээний зээл, буцалтгүй тусламж авч байсан үед энэ төслийг хэрэгжүүлж болоогүй юм байх даа? гэж бодогддог. Тэр утгаараа харин ч хожуу эхэлсэн ажил. Гэхдээ зайлшгүй хийж, гүйцээх ёстой их бүтээн байгуулалт. Авто зам, төмөр замын нэгдсэн сүлжээ, дэд бүтэцгүйгээр улс орон, ялангуяа асар уудам нутагтай Монгол Улс хөгжинө гэдэг үлгэр. Тухайн үедээ “Мянгуужингийн зам” гэж элдвээр муулагдаж, заримдаа ажлыг нь санаатайгаар саатуулж, хойшлуулж байсан ч сүүлийн хориод жилд биелж байгаа цөөн тооны хамгийн бодитой томоохон ажлын нэг. Одоо 21 аймгийн төвийг автозамаар холбож, “Мянганы зам”-ын ажлыг хурдан дуусгах хэрэгтэй юм. Үүнтэй зэрэгцээд “Мянганы төмөр зам” төсөл хэрэгжүүлж эхлэх, Монгол Улсын зүүн хязгаар болох Чойбалсан хотоос баруун хязгаар болох Ховд хот хүртэл төмөр зам тавьж, бүсүүдийн төвүүдийг холбох шаардлагатай. Мөн “Мянганы төмөр зам”-ын эхлэл, төгсгөлд нь байгаа Чойбалсан, Ховдын төмөр замыг хойд, урд хоёр хөршийн төмөр замын сүлжээнүүдтэй холбох хэрэгтэй. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол түүний хөгжил дэвшил. Гэхдээ хөгжил дэвшлийн үр шим цөөн хэдэн хүний хармаа халаасанд орох аргаар биш, харин нийт иргэдэд тэгш хүртээгдэж, хүн бүрийн амьдралд ахиц дэвшил авчрах замаар мэдэгдэх, мэдрэгдэх ёстой. “Мянганы төмөр зам” энэ асуудлыг шийдэхэд чухал хувь нэмэр оруулна. Хот, хөдөөгийн хооронд амьдралын хэлбэр нь өөр байж болох боловч, чанар нь адилхан болох ёстой. Үүнийг дэд бүтцийн хөгжилгүйгээр, ялангуяа төмөр замгүйгээр шийдэх ямар ч боломж байхгүй. Төмөр зам бараа, үйлчилгээний үнийг бууруулна, орон нутагт ажлын байр бий болгож, жинхэнэ хөгжил дэвшил авчирна, монголчуудын маань маргааш гэж юм хойшлуулдаг, эсхүл маргааш бүтэх биз хэмээн өөрөө хөдлөхгүй бол хэзээ ч бүтэхгүй юм аяндаа бүтнэ хэмээн хүлээж суудаг идэвхгүй байдлыг эрс өөрчилж, өнөөдөр, яг одоо ажил хэрэг нь бүтдэг, өнөөдөр, яг одоо өөрсдөө хийж бүтээдэг идэвхтэй байдлаар солиход тусална. Төмөр зам хаана байна, тэнд хурд байна. Хурд хаа байна, тэнд хөгжил байна. “Мянганы төмөр зам” Монголд хөгжлийн хурдыг авчирна.
3.Ирак болон дэлхийн бусад халуун цэг рүү сайн дурын үндсэн дээр монголын цэргийг явуулах шийдвэрийг анх гаргасан. Том гүрнүүдийн геополитикийн бодлогод Монгол Улс шиг жижиг орон багтаж орох нь хэцүү байдаг. Тэрхүү бодлогыг хэрэгжүүлэхэд оролцохын тухайд бол бүр хэцүү. Бараг боломжгүй зүйл гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Дэлхий дахинд терроризмтэй тэмцэх тэмцэл ид өрнөж байгаа энэ үед монголын цэргүүд Ирак зэрэг улс оронд энхийг сахиулах, сэргээн босгох үйл хэрэгт оролцож эхэлнэ гэдэг нь Монгол Улсын нэр хүнд өсөх, байр суурь нь бэхжих, монголын зэвсэгт хүчний үүрэг роль тодорхой болох, монголын цэрэг, офицерүүдийн бие бялдар ба онолын бэлтгэл өндөр төвшинд гарах зэрэг чухал ач холбогдолтой. Ирак болон дэлхийн бусад халуун цэгт алба хаагаад ирсэн монгол цэрэг, офицерүүдийг хараарай. Андашгүй байдаг юм. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой болсон байна, нуруу нь цэх, алхаа нь тэгш болсон байна. Бие бялдар, хөдөлгөөн, нүүрнийх нь байдал, нүдний нь гал цог өөртөө итгэсэн итгэлийг нь илэрхийлнэ. Иракт цэрэг явуулах шийдвэр гаргасны дараа нөгөө Н.Энхбаярын хийж бүтээснийг муулах нь амьдралынх нь зорилго, утга учир болсон байдаг зарим этгээд монголын цэрэг, офицерүүдээс нэг нь л амь насаа алдвал ганцхан Н.Энхбаяр буруутай шүү хэмээн монгол цэргүүдийн амь насны төлөө нэг их санаа зовсон хүмүүс болж шуугиулах гэж оролдсон. Монгол цэрэг, офицерийн заяа өндөр, тэднийг Бурхан ивээсэн тул нэг ч хүн амь насаа алдаагүй. Мэдээжийн хэрэг монгол цэрэг амь насаа алдаасай гэж тийшээ явуулаагүй шүү дээ. Тэр халуун цэгүүдэд өөр олон орны цэрэг, офицерүүд алба хааж байгаа. Тэднийг ч мөн адил тухайн улс орны төр засаг халуун цэг рүү явуулахдаа амь насаа алдаасай гэж явуулаагүй нь ойлгомжтой. Цэргийн алба эрсдэлтэйг бүгд мэднэ. Үргэлж тийм байсан, тийм ч байх болно. Хамгийн гол нь монгол цэрэг, офицер олон улсын хэмжээний жинхэнэ цэрэг, офицер болсон. Монгол Улсын нэр хүнд өссөн. Монгол Улс дэлхийн том гүрнүүдийн бодлогыг тодорхойлж чадахгүй ч гэсэн тэр бодлогод багтсан, хэрэгжүүлэхэд нь оролцдог болсон.
4. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буштай Цагаан ордонд хэлэлцээр хийж, Мянганы сорилтын сангаас Монгол Улсад 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авах гэрээнд гарын үсэг зурсаныг монголчууд телевизээр харж, сонины хуудаснаас уншсан. Зээл биш шүү. Буцалтгүй тусламж. Өнөөдөр энэ мөнгөөр монголын идэвх санаачилгатай иргэд, байгууллагууд дэмжлэг туслалцаа авч, тодорхой төсөл хэрэгжүүлж байна. Ажлын байр бий болж байна. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ буй болж байна. Цаашид улам олон хүн, байгууллагад тусална. Энэ том ажлыг бүтээхэд Ирак зэрэг халуун цэгүүдэд нэр төртэйгээр алба хаасан манай цэрэг, офицерүүд шууд бус ч гэсэн тойруу замаар тусалсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
    5.Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах бодлого зэрэг улс орон, бүс нутгийн хөгжлийн томоохон бодлогын баримт бичиг боловсруулахыг санаачилж, хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Эцсийн үр дүн нь тодорхой хугацааны дараа гарна. Гэхдээ эхний үр дүн нь гарч байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд сум бүр эрчим хүчний эх үүсвэртэй болж Эрчим хүний нэгдсэн сүлжээтэй холбогдож байгаа нь эдгээр бодлого хэрэгжиж байгаатай шууд холбоотой. Энд тэндээ бүрэн бүтэн биш гэрэлтэй байсан Монгол орон бүрэн бүтэн гэрэл гэгээтэй Монгол Улс болж байна. Үндэсний хөгжлийн цогц бодлого бол хялбаршуулан хэлвэл гурван 15-ын бодлого юм. Тодруулвал 15 жилийн турш эдийн засгаа жил бүр 15 хувиар өсгөж, улмаар 15 жилийн дараа нэг хүнд 15 мянган ам.долларын Дотоодын нийт бүтээгдэхүүн ногддог улс орон болъё гэж байгаа юм. Бараг өнөөдрийн Солонгостой адилхан болно гэсэн үг. Ингэснээр монголын олон мянган залуус Солонгост очиж, ажиллахын төлөө тэмүүлэн зүтгэдэг биш, харин эх орондоо ажлын байртай болж, тав тухтай амьдрах боломж бололцоотой болно гэсэн үг. Энэхүү бодлогыг тууштай хэрэгжүүлвэл 2021 онд Монгол Улс нэг хүнд 15 мянган ам.доллар ногддог эдийн засагтай орон болж, хөгжлөөрөө дэлхийн эхний 50 улсын тоонд багтах юм.
    6.Түүхэндээ анх удаа уначихсан байсан МАХН-ыг цогцоор нь шинэчилж, гадаад, дотоодод хүлээн зөвшөөрүүлэх ажлыг манлайлсан. Социнтернийн гишүүн нам болгосон. “Босоо бөх” гэж манай ард түмэн ярьдаг. Яг түүнтэй адил босоо нам болгосон. Н.Энхбаяр тухайн үеийн багтайгаа хамтраад МАХН-ыг 1996 оны орон нутгийн сонгуулиас хойш болсон Орон нутгийн 3 удаагийн сонгууль, УИХ-ын 2 удаагийн сонгууль, Ерөнхийлөгчийн 3 удаагийн сонгууль, олон удаагийн нөхөн сонгуулиуд, нийт 14 сонгуульд намаа ялуулж, дандаа олонхи, нэг л удаа хамгийн олон суудал авахуулсан байдаг. Харамсалтай нь хожим намын тухайн үеийн удирдлагын цөөн хэдэн хүн нийт гишүүд, дэмжигчдийнхээ санаа бодлыг сонсохын оронд тэдэнд алдаатай бодлогоо  тулгаж (алдаатай бодлого гэж Н.Энхбаяр ч ганцаараа хэлээд байгаа юм биш 2012 оны сонгуулиар ард түмэн тэгэж дүгнэчихлээ), МАХН-ын нэрийг солих нэрийдлээр голдуу хөрөнгөлөг цөөн хүний эрх ашгийг илэрхийлдэг, хамгаалдаг нам болгон хувиргаж, намынх нь нэг ёсны үндэс суурь болсон жирийн ард иргэдээсээ холдон хөндийрч, нийгэм дэх байр сууриа алдаж эхлэхэд нь МАХН-ын нэрийг хадгалан сэргээх ажлын дор МАХН-ын уламжлалт хөрс, суурь болсон жирийн ард иргэд, МАХН хэмээх дөрвөн үсгийн цаана байгаа улс орныхоо хөгжил дэвшил, хүнд хэцүү сорилтыг давж туулж ирсэн бүрэн бүтэн түүхэндээ үнэнч гишүүд, дэмжигчдийг татаж, шударга ёсыг ус агаар мэт үгүйлэн хүсч байдаг, байгалийн баялагийг шударга хуваарилж, хүн бүрт хүртээмжтэй байлгах бодлого баримтлах ёстой гэж үзэж байдаг иргэдийнхээ сэтгэлд шударга ёсыг тогтоож, Монгол орондоо өөрсдөө эзэд нь болох ёстой гэсэн итгэлийн гал асааж, Монгол Улсын сүүлийн хорь гаруй жилийн түүхэнд анх удаа жинхэнэ утгаар нь улс төрийн 3 дахь хүчнийг буй болгох ажлыг манлайлсан. Тухайн үеийн МАН-АН-гийн эрх баригчид хүчээр дарах гэж их оролдсон. Гэвч “даравч дардайж, булавч бултайна” гэдгийн жишээгээр монголын нийгмийн улс төрийн тавцан дээр “Шударга ёс” эвсэл гарч ирсэн. Монголд МАХН-ыг сайн мэднэ, одоо “Шударга ёс” эвслийг бас мэддэг болж байна.
    7.“Хүүхдийн өдрийн цай” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн. Анх ядуу айлын хүүхдүүд гэртээ уух цай, идэх хоолгүй байсан учир ихэд өлсөж, заримдаа сургуульдаа хичээл дээрээ сууж байхдаа ухаан алдан унаж байгаа тухай захирал, багш нарын яриаг сонсоод асуудлыг судалж, АНУ-д орлого багатай айлын хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлдэг хоолны хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж санаачилсан. Энэхүү хөтөлбөрт улс орон даяар 1-5-р ангийн нийт 250 мянга гаруй хүүхэд хамрагдаж байна. Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнест ихээхэн дэмжлэг болж байна. Өнөөдөр Монголд өлсөж цангаснаасаа болж сургуульдаа хичээл дээрээ ухаан алдан унадаг хүүхэд байхгүй болсон. Олон эмээ өвөө, аав ээж, ах эгч нар ач зээ, хүүхэд, дүү нар нь сургууль дээрээ хоол цайгаа идэж ууж байгаа учир санаа сэтгэл нь амгалан тайван байдаг болсон.
    8.Монголынхоо түүх, соёлыг дэмжих үйл хэрэгт зүтгэсэн. Мигзэджанрайсиг бурхныг сэргээн бүтээх ажлыг толгойлон хэрэгжүүлсэн. 80 тохой өндөр Бурханыг монголын урчууд өөрсдөө бүтээж чадсан нь гарамгай амжилт. Их зохиолч Ч.Лодойдамба гуайн эхнэр, алдарт жүжигчин, Хулан хатан Ч.Долгорсүрэн гуай Мигзэджанрайсиг бурханыг бүтээхэд ээмэг, бөгжөө хүртэл хуруунаасаа сугалан авч, хандивлан өгч байсныг тод санаж байна. Энэ мэтээр Монгол Улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Их Бурханыг сэргээн бүтээх их үйлсэд монголын сүсэгтэн олон идэвхтэй тусалсан, энэ их ажилд олон хүн дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ оролцсон. Олон арван жилийн турш Их Бурханаа хүлээсэн, хөндий хоосон байсан өндөр сүм дахин эзэнтэй болсон. Одоо тэнд монголын сүсэгтэн олны сэтгэлийг баясгаж, хол, ойроос ирсэн зочин гийчин, жуулчдын нүдийг хужирлаж, тэдэнд монголын соёл, уламжлалт шашиныг хүндэтгэх сэтгэл төрүүлж байдаг Мигзэджанрайсиг бурхан сүндэрлэн оршиж байна. Түүнийг зорьсон олны хөл хэзээ ч татрахгүй. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинд өргөн дэлгэр тэмдэглэх их ой болгосон. НҮБ-аар дэмжүүлж, шийдвэр гаргуулсан. Дэлхийн олон улс орны төр, засгийн тэргүүн нарт хандаж Их Монгол Улс, эзэн Чингисийн тухай санаа бодлыг нь албан ёсоор бичүүлэн авч, Монгол Улсын эртний түүхийг үнэн зөв үнэлүүлэх болон тусгаар тогтнолыг нь баталгаажуулах зорилго бүхий “Их эзэнт гүрэн” номыг бүтээсэн. Энэхүү бүтээлд олон улс орны төр, засгийн тэргүүнүүд Монголын түүхийг үнэн зөвөөр үнэлэн дүгнэснээс тухайлан дурьдвал Францын Ерөнхийлөгч Ж.Ширак Монголын Их эзэнт гүрний үед дэлхий ертөнц Paix Mongolica буюу Монгол ёсоор энх тайвнаар аж төрөн зэрэгцэн орших журмын дагуу дайн дажингүй, арилжаа наймаа эрхэлж, нэг нэгнийхээ соёл, шашиныг хүндэтгэн оршин тогтнож байсан тухай өгүүлсэн байдаг. Харамсалтай нь энэ номыг бүтээснийх нь төлөө өнөөгийн хэлмэгдүүлэгчид Н.Энхбаярт ял тулгах гэж улайран зүтгэсэн.
    9.Төрийн албаны тухай хууль санаачилж, төрийн албыг улстөрийн намуудын боловсон хүчний тал тохой татсан, намчирхсан, фракцалсан, хээл хахууль дээр тулгуурласан буруу бодлогын байнгын золиос байхаас хамгаалж, төрийн албыг намын гишүүнчлэлгүй болгож, эрх баригчид дураараа дургиж, үй олноор нь халж сольдог байсныг багасган цөөрүүлсэн юм. Ингэсний ачаар сүүлийн 4 жилийн хугацаанд төрийн алба харьцангуй тогтворжиж, мэргэшсэн шинж чанартай болж ирсэн. Төрийн албыг бэхжүүлж, тогтвортой болгож, хээл хахуулиас салгаж, хүнд биш хөнгөн сурталтай, шуурхай, мэргэшлийн өндөр чадвартай болгож чадаагүй цагт төр засгийн үйл ажиллагаа байнга доголдсон хэвээр, хээл хахууль улам бүр цэцэглэж, иргэд төр засгийн хооронд нүдэнд үл үзэгдэх боловч үнэн хэрэг дээрээ ямар ч хана хэрэмнээс бөх бат “хана хэрэм” үүсч байх болно. Төрийн албаа төрийн алба шиг болгох энэхүү ажлыг цаашид улам эрчимтэй, тууштай үргэлжлүүлж, сайн үр дүнд хүргэх хэрэгтэй. Гэхдээ “нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов” гэдэг болчихвий хэмээн санаа зовж байгаагаа нуух юун.
    10.Дэлхийн утга зохиолын шилдэг зохиолуудыг 50 ботиор орчуулан хэвлүүлэх ажлыг санаачилж, гардан гүйцэтгүүлсэн билээ. Хүн төрөлхтний итгэл бишрэл, оюун санааны хөгжил дэвшлийн суурь болсон Библи судар, Коран судар, Бурхан багшийн сургаалаас авахуулаад хүний авъяас чадвар, уран сайхны сэтгэлгээний охь болсон алдарт Сервантес, Шекспир, Достоевский, Ли Бай нарын зохиолуудыг багтаасан энэхүү цуврал нь монгол хэлээр хэвлэгдэн гарна гэдэг бол хүн төрөлхтний сэтгэл санаа, оюун ухааны үйл хөдлөл болгоныг монгол хэлээр дүрслэн гаргах, монгол хэлийг дэлхийн суут сэтгэгчдийн санаа бодол, хүний сэтгэл хөдлөлийн хамгийн нарийн ширийнийг оновчтой илэрхийлэх чадвартай болгож баяжуулсан, монгол хүний сэтгэлгээний цар хүрээг тэлж, гүнзгийрүүлсэн их үйл хэргийн эхлэл болсон юм. Эдгээр суут зохиолчдын ном бүтээл хэвлэгдэхээс өмнөх монгол хэл, хэвлэгдсэнээс хойшхи монгол хэл гээд харьцуулж үзвэл шууд гарт баригдахгүй ч гэсэн ихээхэн хөгжил дэвшил гарсан нь ойлгогдоно. Эдгээр 50 боть цувралыг Монгол Улсын бүх номын санд үнэгүй тараасан байгаа. Олон хүн, хүүхэд залуучууд уншсан, цаашдаа түүнээс ч олон хүн уншина гэдэгт эргэлзэхгүй байна.
    11.МҮОНРТ-ийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгох бодлогыг санаачилж, хэрэгжүүлсэн. Хэдийгээр өнөөгийн МҮОНРТ нь санасан хэмжээнд, жинхэнэ биеэ даасан, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж ажиллаж чадахгүй байгаа ч өмнөхтэйгээ харьцуулвал дэвшил гарсан гэдэг нь ойлгомжтой. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь шударга ёсны дуу хоолойг илэрхийлэгч байж, ард иргэдээ үнэн мэдээллээр хангах үүргээ биелүүлж байж, эрх мэдэлтнүүдийн луйвар булхайг илчилж байж жинхэнэ ардчилалыг бат бэх тогтооход өөрийн хувь нэмрийг оруулах бололцоотой болдог билээ. Өнөөдөр МҮОНРТ-ийн нийгэмд биелүүлэх ёстой үүргийг бусад телевизүүд, түүний дотор ТВ9 голлон хэрэгжүүлж байна гэж олон түмэн үзэж, ярьж байгаа нь хаа хаанаа нэгийг бодож, хоёрыг санах ёстой гэсэн дохио мөн. Өнөөгийнх шиг хагас үнэн, хагас ил тод байдлыг илэрхийлэгч, эрх баригчдын “далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг” хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх нь шударга ёсыг тогтооход ихээхэн саад бэрхшээл учруулж байна. Үнэн бол бүтэн байж үнэн болдог, ил тод байдал бүтэн байж л ил тод байдал болдог хуультай. Энэ бол ардчиллын хууль. Хагас үнэн, хагас ил тод байдал бол шуудхан хэлэхэд худал, хаалттай байдал л гэсэн үг. Нийгэм үнэн худалын тэмцэл дунд хөгждөг, хэрсүүждэг. Харин олон хагас үнэний хоорондын уралдаан нийгмийг туйлдуулдаг, идэвхгүй болгодог, дарангуйлагчдын даврах сайн хөрс болдог. Хагас үнэн буюу худлаас салж, бүтэн үнэнтэй болох, үнэний талд идэвхтэй, эрчимтэй тэмцэл явуулах цаг болжээ. МҮОНРТ-ийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгох ажлыг эхлүүлсэн, одоо тэр ажлыг жинхэнэ ёсоор нь бүрэн гүйцэд болгож, үр дүнд хүргэх хэрэгтэй байна. Мөн үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг МҮОНРТ-ийн жишгээр тусгайлан хууль гаргаж, гэхдээ гарсан алдааг нь давталгүйгээр төр, засгийн биш, түмэн олны эрх ашигт үйлчилдэг үндэсний мэдээллийн агентлаг болгох ёстой гэж үзэж байна.
    12.Монголын түүхэнд анх удаа Монгол Улсын иргэдэд үнэгүйгээр газар хувьчлах шийдвэр гаргуулсан. Энэ бол түүхэн шийдвэр байсан. Одоо иргэд маань газраа өмчилж авахаас гадна, түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулж, тодорхой орлого олох боломжтой болсон. Энэхүү түүхэн шийдвэрийг цаашид үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, газраа гадныханд алдахгүйгээр барьцаа болгож, зээл авдаг, жижиг, дунд бизнес эрхлэхэд хөшүүрэг болгон ашигладаг эрх зүйн харилцааг улам боловсронгуй болгох хэрэгтэй. Таван толгойн ордыг төрд буцаан авах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр буюу ард түмний мөнгөөр хайж олсон ордыг ард түмэн авах нь шударга ёсонд нийцнэ. Харамсалтай нь тухайн үеийн Засгийн газар Таван толгойн ордыг 100 хувь төрд буцаан авах талаар өгсөн үүргийг нь хагас дутуу биелүүлсэн. Чухал хэсэг нь буюу өөх тос, өрөм цөцгий нь тухайн үеийн төр, засгийнхантай ил далд утсаар холбогдсон цөөн тооны хувь хүмүүсийн нэр дээр очсон. Үнэн хэрэг дээрээ эрхтэн дархтнууд ард нь нуугдаж хамт авцгаасан гэж олон түмэн үздэг, ярьдаг, шүүүмжилдэг. Та бид ч тэгэж ярьж, шүүмжилдэг. Н.Энхбаяр ч тэгэж хэлдэг. Энэ үнэнийг хэлснийх нь төлөө өнөөдөр Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа гэж хэлвэл бас хэтрүүлсэн болохгүй. Гэхдээ ямар ч байсан Н.Энхбаяр Таван толгойн ордыг төрд буцаан авах бодлого, байр суурь баримталж байсны ачаар өнөөдөр Монголын төр засаг Таван толгойн ордыг өмчлөлдөө авч, хэрхэн ашиглах талаар шийдвэр гаргах бололцоотой болсон. Зөв шийдвэр гаргавал монголын ард түмэнд ашигтай болно. Буруу шийдвэр гаргавал цөөн хэдэн хүнд ашигтай, нийт ард түмэнд хохиролтой болно. Байгалийн баялагийн талаар цөөхөн эрхтэн дархтанд л ашигтай шийдвэр гаргахын тулд Н.Энхбаяр нарын нэрийг сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасч, хүчээр тулган ял өгч байгаа гэсэн ойлголт олон түмний дунд хүчтэй тархсан байгаа. Н.Энхбаяр өөрөө, Н.Энхбаярын багийнхан УИХ-д олноороо сонгогдсон бол, луйвар булхайн золиос болоогүй бол байгалийн баялагийг нийт ард түмэндээ ашигтайгаар шийдүүлэхийн төлөө тууштай тэмцэх байсан нь ойлгомжтой.
    Гэхдээ дээр дурьдсан бүх ажлыг Н.Энхбаяр ганцаараа хийсэн гэж хэлэх гээгүй юм шүү. Нэгд, өмнө нь юу хийж байсан юм бэ? гэж мэдэн будилан асуудаг хүмүүст өнөөдөр хэлмэгдээд, өөрөө үгээ хэлж чадахгүй байгаа Н.Энхбаяр даргынхаа нэрийн өмнөөс өргөн барьж байгаа нэг ёсны хариу. Тэгээд ч хүний хийж бүтээснийг хэл амаараа дайрч үгүйсгэх нь арчаагүй арга. Тэгэж их үгүйсгэмээр санагдаад байгаа бол өөрсдөө улам ихийг хийж бүтээснээрээ “үгүйсгэж” болно шүү дээ.
Монголчууд аа, улс орон, ард түмнийхээ төлөө улам ихийг хийж бүтээхийн тулд хүн бүр дор бүрнээ хариуцсан ажилдаа амжилт гаргахын төлөө зүтгэцгээе.
Хоёрт, олуулаа хамтарч хийсэн гэдгийг онцлон тэмдэглэх сайхан боломж олдож байгааг ойлгож байгаа тул дээр дурьдагдсан ажил болгоны ард баг байсан учир энэхүү завшааныг ашиглаж, эдгээр үйл хэргийг Н.Энхбаяр даргатай хамт бүтээлцсэн бүх хүмүүст МАХН болон энд хуран цугласан нийт хүмүүсийн нэрийн өмнөөс баярлаж, талархаж байдгаа илэрхийлье. Мөн эдгээр чухал ажлыг нийт монголчуудын сайн сайхны төлөө үргэлжлүүлэн хийж байгаа хүмүүст амжилт хүсэе.
Гэхдээ Н.Энхбаяр олон хүнтэй хамтран ажиллахдаа эдгээр ажлын хэд хэдийг нь өөрөө санаачилж эхлүүлсэн, ямар ч байсан бүх ажлыг нь удирдан манлайлж, зохион байгуулсан. Үр дүн нь гарч байгаа, цаашид ч улам их үр дүн гарна гэж хэлж болно. Гэтэл эрх баригчдын болон шүүх, прокурорын шахалтанд ороод тухайн үед Н.Лувсанжав даргатай СЕХ-ныхон юу гэж хэлж, Н.Энхбаярыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан байдаг билээ? УИХ-ын гишүүнээр сонгогдвол мэдлэг боловсрол, ёс суртахуун, хууль биелүүлэх ухамсар нь хүрэх үү? гэдэгт “эргэлзсэн” тул гэсэн байгаа.
Уг нь сонгох, сонгогдох эрхийг эдлэхэд зөвхөн ард түмэн л эргэлзэх эсэх эрхтэй байдаг. Эргэлзвэл сонгодоггүй, итгэвэл сонгодог. Өөр хэн ч элдвийн шалтаг эрж хайж, гох дэгээ тавьж, иргэний сонгогдох, ард түмний сонгох эрхэнд халдах эрхгүй. Энэ тухай  Үндсэн хуулинд юу гэж тунхагласан байдгийг эргэж саная:
“Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
    16.9. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.” гэжээ.
Харин тэр үед МАН-АН-гийн толгойд байсан эрх баригчид Н.Энхбаяр нарыг л сонгуульд оруулж болохгүй, орвол олон түмэн дэмжинэ, УИХ-д олуулаа сонгогдоно, тэгээд байгалийн баялагийг 100 хувь ард түмэнд өгнө гэж зүтгэцгээнэ, шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэцгээнэ гэж айсандаа шат шатандаа хуйвалдаж, Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас нэрийг нь хасуулж, өнөөдрийн Монголд хууль гууль болсныг тод томруун харуулсан.
Тэгээд ч зогсохгүй бүр сонгуулийн үеэр нийт иргэдтэй уулзахыг нь хорьж, Улаанбаатар хотоос гадагшаа гарч явахыг нь хориглосон. Эрх баригчдын энэхүү шийдвэрт олон түмэн эгдүүцэн дургүйцсэн. Ямар сайндаа олон түмний дунд хууль, шүүхийнхэн хууль зөрчихийг “дулаан хувцсаа аваарай, цаадуул чинь сагсайдана шүү” гэсэн ёж хэллэг гарч байхав дээ.
Монгол Улсын Үндсэн хуулинд:
“6.1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна.”
Мөн:
“14.2. Хүнийг ... үзэл бодлоор ... нь ялгаварлан гадуурхаж үл болно.”
    Мөн:
“16.16. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй” гэжээ.
Байгалийн баялагийг ард түмний мэдэлд өгөх хэрэгтэй гэсэн үзэл баримтлал баримталсных нь төлөө хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Ер нь Н.Энхбаяр дарга болон түүнтэй санаа бодол нэг байгаа та бидний бодлоор хялбаршуулан тайлбарлавал дэлхийд хоёр төрлийн баялаг байна. Нэг нь хүн авъяас чадвараа дайчилж, хөдөлмөрлөж, өөрөө бүтээсэн баялаг. Тухайлбал байшин барилга, цахилгаан станц, машин унаа, компьютер г.м. Хүмүүс ийм баялагийг бүтээж чадсан Билл Гэйтс, Стив Жобсыг хүндэтгэдэг. Нөгөө нь хэн нэгэн хүн, улс орны оролцоогүйгээр байгаль дэлхийн өөрчлөлт, хувьсал хөгжлийн үйл явцад өөрөө буй болсон баялаг. Тухайлбал ой, гол мөрөн, алт, нүүрс, зэс г.м. Эдгээр баялагийг байгалийн баялаг гэж нэрлэдэг нь ч санаандгүй хэрэг огт биш.
Тэгэхлээр хүн өөрийнхөө бүтээсэн баялагийг өмчлөх эрхтэй. Энэ эрхийг нь бүрэн эдлүүлж, өмчийг нь хуулиар хамгаалах хэрэгтэй. Билл Гэйтсийн “Майкрософт”-ыг булаацалдах санаа танд төрөхгүй байгаа биз дээ? Харин байгалийн баялагийн хувьд бол өөр аргаар шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ. Төрийн өмч болговол хээл хахууль, оновчгүй менежмент, “баялагийн хараал” буюу хөгжилгүй эдийн засаг, бусад улс орны түүхий эдийн хавсарга болно. Энэ бол Ази, Африк, Латин Америкийн олон орны өнгөрсөн, одоо, магадгүй ирээдүйнх нь хөөрхийлөлтэй дүр зураг. Хувьд өгвөл цөөн хэдэн хүн өөрсдөө бүтээгээгүй баялагийг ямар үндэслэлээр хувьдаа авсныг яагаад ч тайлбарлах боломжгүй байх бөгөөд зөвхөн тэд л баяжина, бас хээл хахууль цэцэглэнэ, байгалийн баялагийг шударга хуваарилах асуудал орхигдоно, нийгэмд байнгын бухимдал байх болно, баян хоосны ялгаа нэмэгдэнэ. Энэ бол бас л Ази, Африк, Латин Америкийн олон орны өнгөрсөн, одоо, магадгүй ирээдүйн хөөрхийлөлтэй дүр зураг.
Энэ юуг харуулж байна вэ? гэхлээр хэний ч оролцоогүйгээр өөрөө бүтсэн байгалийн баялагийг, ялангуяа томоохон ордуудыг нэг бол төрийн өмч, эсхүл хувийн өмчийн хэлбэрт шилжүүлэн өмчлөх нь зохимжгүйг харуулж байна. Энэ хоёрын алинаар нь шийдсэн ч байнгын хэрүүл маргаан намдахгүй, тэр ордыг булаацалдах тэмцэл зогсохгүй.
Тийм учир хамгийн зөв хувилбар бол тийм баялагийг тухайн улс орны нийт ард түмний дундын өмч болгож, хүн бүрт хувьцаа хэлбэрээр өгч, тухайн баялагийн эзэн болгох хэрэгтэй. Байгалийн баялагийн эзэн нь төр биш, цөөн тооны хэдхэн хүн биш, харин нийт ард түмэн байна гэсэн үг. Тухайн уурхайг нээх, ажиллуулах хөрөнгө оруулалтыг босгох, өдөр тутмынх нь үйл ажиллагааг эрхлэн явуулах менежментийг нь гэрээний үндсэн дээр хэн ч хийж болно. Харин өмчийн эзэн нь буюу тухайн улс орны хүн бүр жил болгон томоохон ордуудаасаа ногдол ашгаа авдаг байна. Төр бол зөвхөн татвараа авна. Ингэснээр байгалийн баялаг дагасан хээл хахууль арилна, баялагийг шударга хуваарилах асуудал шийдэгдэнэ, “баялагийн хараал” тусахгүй, оновчгүй менежмент алга болно.
Энэ бол эцсийн зорилго нь. Харин энэ зорилгодоо хүрэхийн тулд байгалийн баялагийг анх хэн, ямар зардлаар хайгуул хийж олсон бэ? гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Хэрэв хувийн компани, хувь хүн хөрөнгөө гаргаж, хайгуул хийж олсон байвал тэр хүн, компани нь тухайн ордыг баялагийн нөөцөөс нь шалтгаалан тодорхой хугацаанд эзэмшиж болно. Тухайлбал томоохон орд дээр энэ хугацаа дунджаар 15-20 жил байж болно. Өнөөгийн техник, технологийн хүрсэн түвшнийг бодвол тухайн хувийн компани, хувь хүн нь томооохон орддоо хөрөнгө оруулж ашиглаад гаргасан зардлаа нөхөх, ашиг олоход хангалттай хугацаа. Энэ хугацаа нь өнгөрсний дараа тухайн ордыг тухайн улс орны нийт ард түмний дундын өмч болгож өгнө. Харин төр засгийн байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр хайгуул хийж, томоохон орд олсон байвал түүнийг шууд ард түмнийхээ мэдэлд өгөх хэрэгтэй. Ингэдэг болсон цагт зөвхөн харьцангуй цөөн тооны томоохон ордыг л ашигладаг, энд тэнд газар ухаж сэндийлдэггүй, байгаль орчноо сүйтгэдэгггүй болно. Ингэдэг болсон цагт байгалийн баялагийг хувьдаа авахын тулд улс төрд ордог, луйврын сонгуулиар төрд шургалах гэж улайрдаг байдал арилна. Хээл хахууль үлэмж багасна. Шударга зарчим байгаа биз дээ?
Ийм санаа бодол дэвшүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хүнийг олуулаа нийлж ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ. Та бид хэний ч оролцоогүйгээр өөрөө бүтсэн дундын баялагийг нийт ард түмэн маань дундаа эзэмших ёстой гэдэг байр сууриа хатуу баримтлах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
    Ихийг хийж бүтээсэн, түүнээсээ ихийг хийж бүтээнэ хэмээн намын нөхөд, дэмжигчид, шударга ёсны төлөө тэмцдэг намууд, иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран зүтгэж явсан Н.Энхбаяраас юунаас нь айгаад хүчээр ял тулган хэлмэгдүүлээд байгаа юм бэ? гэж асуугаад өнөөгийн хууль, шүүхийнхнээс Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, гэм зэмгүй иргэдээ хэлмэгдүүлэхээ зогсоохыг шаардаж байна. Та бидний энэ шударга шаардлагыг монголын ард түмэн дэмжиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнөөдөр “ардчилсан”, “ардын” гэх мэт янз бүрийн чимэг тодотголтой албан тушаалтан олон болжээ. Ер нь албан тушаалтанд элдвийн тодотгол ямар хэрэгтэй байдаг юм бэ? Нөгөө л хагас үнэн гэдгийн үлгэрээр аягүй л бол өөрсдөө луйвраар “сонгогдсон” учир хагас албан тушаалтан болсныгоо бүтэн болгох гэж тодотгол нэмж байгаа нь тэр байгаа даа. Сонгуульд шударгаар ялвал ямар ч тодотголгүйгээр бүтэн албан тушаалтан байна. Харин сонгуульд луйвардсан бол ямар ч тодотгол нэмээд хагас л хэвээр байх болно. Хагас албан тушаалтнууд байгаа цагт хагас үнэн, хагас ил тод байдал тогтоно, ам ажил нь зөрнө, авлига хээл хахууль цэцэглэнэ (тухайлбал, сүүлийн 3 жилд Монгол Улс авлигын индексээрээ 80-р байрнаас 120-р байр руу ухарсан, өөрөөр хэлвэл Монголд авлига хээл хахууль газар авч, хэрээс хэтэрсэн гэж олон улсын байгууллагуудын судалгаа түгшүүрийн харанга “цохиж” байна. Ялангуяа уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих нь цаанаа авлигыг хэдэн арав, зуу дахин нэмэгдүүлдэг ажээ. Байгалийн баялгаа ард түмэндээ 100 хувь өгөөгүй цагт энэ байдал улам гүнзгийрэх нь ойлгомжтой. Энэ бодит үнэнийг  олон улсын байгууллагууд тогтоосон байна), шударга бус явдал газар авна, баян хоосны ялгаа нэмэгдэнэ, хүнд суртал өснө, шүүх хараат болно, айдас хүйдэс нэмэгдэнэ.
Одоо ер нь аливаа сонгууль луйвардсан албан тушаалтныг хагас албан тушаалтан гэдэг болъё. Хагас албан тушаалтан бол нэг хүн гэж хэлэхээс илүү үзэгдэл гэж хэлэх хэрэгтэй. Энэ үзэгдэл бол шат шатанд байна. Жирийн иргэн бүрт энэ үзэгдэл тодорхой нэг хагас албан тушаалтны дүрээр амилан харагдах нь ойлгомжтой. Тийм хагас албан тушаалтнууд дээрээс нь даалгавар өгдөг учир л хараат, хагас шүүгчид “намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэсэн байдлаар ажиллаж, даварч байна шүү дээ. Энэ эмгэнэлт байдлыг улстөрийн хүрээнийхэн бүгд ойлгож байгаа, шударга нэг нь дургүйцэж, шуналтай бөгөөд өштэй нэг нь юу ч болоогүй мэт царайлан дуугүй сууж байгаа, шударга шүүгчид бүр сайн ойлгож, хараат болсоор байгаа шүүх засаглалын бие даасан байдлыг сэргээхсэн хэмээн хүсч, дотроо бухимдалтай байгаа, одоо иргэдийн ихэнх нь ойлгосон, ойлгох тусмаа эгдүүцэн дургүйцэж байна.
Үндсэн хуулинд юу гэсэн байдаг билээ?
“Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
16.14. ...шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй”,  
мөн:
    “49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэжээ.
49.2. Ерөнхийлөгч ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”
мөн:
“54. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.”
Хараат шүүхээр биш шударга шүүхээр шүүлгэх эрхтэй, шүүгч хэн нэгний үүргийг биелүүлэгч биш, харин хэнээс ч хараат бус байна, түүнд захирагдах биш, хуульд захирагдана гэсэн байна шүү дээ.
Өөртэй нь холбоогүй зохиомол хэргийг хүчээр Н.Энхбаяртай холбож, түүнийг гэмт хэрэгт холбогдуулж, ял тулгаж байгаа гэдгийг эрүүл саруул ухаантай олон түмэн дүүргийн шүүхийн шүүх хуралдаанаас хийсэн ТВ-ийн шууд нэвтрүүлгүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэн бодит мэдээлэл, хуульчдын тайлбар ярианаас ойлгосон. Харин хагас албан тушаалтнуудын хараат албат болсон хагас шүүгчид өөрөөр “ойлгож”, Үндсэн хуулийг уландаа гишгэж, муйхарлан зүтгэж байгаа.
Тэд Үндсэн хуулийг зөрчиж, хуулинд бус хагас албан тушаалтнуудад захирагдаж, Н.Энхбаяр нарт хүчээр ял тулгаж байна. Эцэс сүүлдээ бүр өөрийг нь байлцуулахгүйгээр, шүүх хуралдааныг нууц байдалд явуулж, эчнээгээр ял тулгадаг болсон. Үүний цаана ямар учир начир нуугдаж байна вэ? Яагаад тэд нар ингэж их улайрч, хуулийг уландаа гишгэж, ардчилалыг булшилж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна вэ? Хариулт тодорхой: тэд улс төрийн гол өрсөлдөгч Н.Энхбаяраас айж замаасаа зайлуулах гэж байна, шударга ёсны төлөө тэмцэж байгаа МАХН-аас айж, сулруулах гэж байна.
Гэхдээ энэ бол зөвхөн Н.Энхбаяр, та бид нарын болон зарим хагас албан тушаалтнуудын хоорондын тэмцэл биш. Энэ бол үнэн ба хагас үнэн, зөв сайн санаа ба буруу санаа, ардчилал ба дарангуйлал, шударга ёс ба бурангуй ёс, байгалийн баялгаа нийт ард түмэндээ өгнө ба байгалийн баялгийг цөөн хүн авна гэсний хоорондын тэмцэл.
Одоо хамгийн чухал асуултыг тавья. Энэ тэмцэлд та өөрөө аль талд нь орох вэ? Зөв, шударга ёсны талд уу, эсхүл буруу, бурангуй ёсны талд уу? Байгалийн баялагтаа ард түмэн эзэн болохын талд уу, эсхүл байгалийн баялагийг цөөн хэдэн хүн өмчлөхийн талд уу? Шударга сонгуулийн талд уу, эсхүл луйврын сонгуулийн талд уу? Эрх чөлөөний талд уу, эсхүл хэлмэгдүүлэлтийн талд уу? Хууль дээдэлдэг төрийн талд уу, эсхүл хуулийг уландаа гишгэдэг луйварчдын талд уу?
Монгол Улсын Үндсэн хуулинд:
“1.2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж бичигдсэн байдгийг дахин сануулая.
Та бид нар энэ бүхнийг харсаар байгаад, хамгийн гол нь ойлгосоор байгаа мөртлөө юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлаад зүгээр суугаад байвал хэн хожих вэ? Цөөн тооны эрхтэн дархтан, луйврын сонгуулиар төрд шургалдаг хүмүүс, хараат шүүгч л хожно. Хэн хохирох вэ? Хамгийн эхлээд та өөрөө, ажилгүй, амьдрал нь тарчиг, гэм зэмгүй хүмүүс, өдөр бүр хүнд суртал, хээл хахуулийн дарамтанд ширвүүлж, шударга бус явдлын хана хэрэмийг мөргөж байгаа жирийн иргэд, хохирно.
Н.Энхбаярт зохиомол хэргээр хүчээр ял тулгаж байгаа нь нэгэнт ойлгомжтой болсон. Энэ бол түүний дуу хоолойг хааж боох гэсэн дэндүү бүдүүлэг, увайгүй оролдлого мөн.
Энэ илтгэлийн эхэнд Үндсэн хууль батлагдаад бүтэн 20 жил өнгөрсний дараа буюу өнөөгийн Монголд Үндсэн хууль, түүний зүйл, заалтууд хэрэгжиж байгаа эсэхийг авч үзэе гэж тохирсон. Аваад үзлээ. Ямар хариулт гарч байна? Шуудхан хэлэхэд Үндсэн хууль, түүний зүйл, заалтууд огт хэрэгжихгүй байна. Яагаад? Манай Үндсэн хууль муу учраас уу? Энэнээс муу Үндсэн хуультай ч гэсэн хүн ам нь манайхаас дээр амьдарч, ардчилал жинхэнэ утгаараа хөгжиж байгаа улс орон олон байна. Яагаад? Хариулт нь амархан: яагаад гэвэл тэнд муу ч гэсэн хууль нь яг бичигдэж, батлагдсанаараа хэрэгжиж байгаа учир. Ер нь өнөөдөр хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг, интернет зэрэг сүлжээгээр олж болох мэдээлэл өмнөх цаг үетэй харьцуулахад үлэмж нэмэгдсэн тул их муу хууль боловсруулж батлана гэдэг ойлголт үеэ өнгөрөөжээ.
Тэгвэл хэргийн учир юунд байна вэ? гэвэл хууль нь хэрэгждэг, эсхүл хэрэгждэггүйд л байна. Нэрэн дээрээ жижигхэн ялгаа мэт санагдаж болох боловч нидэр дээрээ асар том ялгаа. Энэ ялгаа нэг улс орныг буюу хууль нь ягштал хэрэгждэг орныг ардчилсан улс орон болгодог, нөгөө орныг буюу хууль нь хэрэгждэггүй орныг хагас ардчилсан буюу дарангуйлалын тогтолцоотой улс орон болгодог. Дарангуйлал тогтсон улс орон дандаа хагас ардчилсан харагдах гэж хичээнэ, зарим албан тушаалтан нь урдаа “ардчилсан” гэсэн тодотгол зүйх дуртай байна. Гэвч хагас ардчилал цаасан дээр бичсэн хуулийн утга санаа, үг, үсэг, цэг, таслал бүр хэрэгждэг болсон цагт бүтэн, жинхэнэ ардчилал болно. Энэнээс илүү юм хэрэггүй гэхэд дутуу юм байж таарахгүй.
Ер нь хагас ардчилалаас бүрэн бүтэн ардчилал руу шилжих гэж л өөрчлөн байгуулалт ЗХУ-д, ардчилсан хөдөлгөөн Монголд өрнөсөн юм байгаа биз дээ? Гэтэл өнөөдөр Монголд хэрэг дээрээ юу болов? Бүрэн бүтэн ардчилал биш харин хагасын хагас ардчилал буюу “сахил хүртэх гэж байгаад шал дордов” гэдгийн үлгэрээр болоод байна шүү дээ.
Хичнээн сайн ч гэсэн хэрэгждэггүй хуультай байх хэрэг байна уу? Цагаан дээр хараар биччихсэн хууль, түүний зүйл, заалтыг баримталдаггүй, хэрэгжүүлдэггүй хууль хяналтын байгууллага, шүүх гэсэн сүржин нэртэй даржин байгууллагуудтай байх хэрэг байна уу? Байгаа хуулиа мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй, хэрэгжүүлдэггүй хараат шүүгчидтэй байх хэрэг байна уу? Сонгууль нэртэй үнэн хэрэг дээрээ хэдхэн хүний дэглэсэн нэг ёсны “жүжиг” болох хуурамч луйврын сонгуультай байх хэрэг байна уу? Бүгдээрээ бодоцгооё.
Төр засаг нэртэй үнэн хэрэг дээрээ луйврын сонгуулиар шургалсан, амласнаа мартдаг, ард түмнээ тээршаадаг, амиа боддог, авлига хээл хахуульд идэгдсэн этгээдүүдийн орогнодог газар байж хэрхэвч болохгүй. Ийм төр засаг байвал түүнийг хагас төр засаг буюу эрэмдэг зэрэмдэг төр засаг, хагас шүүх буюу эрэмдэг зэрэмдэг, хараат шүүх гэж нэрлэдэг. Ямар ч байсан дэлхийд тэгэж нэрэлдэг. Манайд ч тэгэж нэрлэх ёстой. Ийм тогтолцоог хагас, зэрэмдэг ардчилал буюу дарангуйлалын тогтолцоо гэдэг. Дэлхийд тэгэж нэрлэдэг. Манайд ч тэгэж нэрлэх ёстой. “Юм үнэнээрээ сайхан” гэж монголчууд ярьдаг биз дээ? Ийм нөхцөлд олон хүн сэтгэл санаагаар унаж, идэвхгүй байдалд ордог. Зарим нь айдаг. Амаа хамхидаг.
Гэхдээ яагаад бүгдээрээ айдаггүй, санаа сэтгэлээр унадаггүй вэ? гэхээр бүрэн бүтэн ардчилал байдаг, хууль нь ягштал хэрэгждэг улс орон байдаг, шударга сонгууль байдаг, төр засаг нь амласнаа биелүүлдэг, ард түмэндээ үйлчилдэг тогтолцоо байдаг гэдгийг мэддэг учраас. Энэ бүхнийг мэддэг хүмүүс байдаг учраас. Энэ танхимд чухам үүнийг сайн мэддэг, мэдээд зогсохгүй тийм байх ёстой гэж үздэг, үзээд зогсохгүй шударга ёсыг тогтоохын төлөө тууштай тэмцдэг хүмүүс цугларсан гэдэгт эргэлзэхгүй байна. Та биднийг ард түмэн харж байна. Та биднийг ард түмэн хүлээж байна.
Ер нь хүн гэдэг бодгаль шударга ёсны гүн гүнзгий мэдрэмж, тэмүүлэлтэй төрдөг. Тэр мэдрэмж, тэмүүлэлийг нь ямар ч дарангуйлалын тогтолцоо дарж, устгаж чадахгүй. Харин олон түмэн тэрхүү төрөлхийн мэдрэмж, тэмүүллээрээ шударга ёсыг ус, агаар мэт үгүйлж, түүн рүү зүтгэн тэмүүлж байдаг. Дарангуйлагчид дарах тусам улам хүчтэй зүтгэнэ, улам хүчтэй тэмүүлнэ. Тийм учир сэтгэл санаагаар унаж болохгүй. Шударга ёсыг тогтоох тэмцлээ зөвхөн хэдэн хүн ажил төрөлтэй болохын төлөө биш, харин нийт улс орон даяар ард түмнээ нутаг усандаа жинхэнэ ёсоор эзэн сууж, амьдралтай болоход нь дэмжиж, хамтдаа амжилтанд хүрэхийн төлөө тэмцэл гэж ойлговол заавал үр дүнд хүрнэ.
Ард түмэн биш, хагас албан тушаалтнууд ялсан болдог хуурамч сонгууль та бидэнд, ард олонд хэрэггүй. Шударга бус сонгуулийг шударга сонгуулиар сольё, ард түмнийгээ нутаг усандаа жинхэнэ эзэн болоход нь туслахын тулд орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцоё гэж МАХН уриалж байна.
Шударга ёс гэж юу юм бэ? Энгийнээр хэлвэл хууль. Гэхдээ хэрэгждэг хууль. Шүүх. Гэхдээ хараат бус, хуулинд захирагддаг, шударга шүүх. Төр засаг. Гэхдээ шударга сонгуулиар, шударгаар сонгогдсон төр. Ард түмэндээ үйлчилдэг төр засаг. Баялаг. Гэхдээ нэг хэсэг цөөн хүнд оногддог биш, нийт ард түмэнд тэгш хүртээгддэг баялаг. Боловсрол. Гэхдээ цөөн хэдэн хүнд их мөнгөөр олддог биш, нийт хүмүүст чөлөөтэй олгогддог боловсрол. Чанартай боловсрол. Эрүүл мэнд. Гэхдээ цөөн хэдэн хүнд их хэмжээний мөнгөөр олддог биш, нийт хүмүүст хүртээлтэй байдаг эрүүл мэнд. Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ. Ая тухтай амьдрах орчин, ялангуяа онгон дагшин байгаль орчин. Гэхдээ цөөн хэдэн хүнд олддог биш, нийт хүмүүст хүртээлтэй байдаг таатай орчин, байгаль орчин. Энэ бүхнийг тогтоохын тулд сонгууль болдог болохоос биш хоёр нам л нэг нэгнийгээ ээлжлэн солихын тулд болдоггүй. Ийм л болох, болгохын төлөө та бид тууштай тэмцэх ёстой.
Энэ танхимд сууж байгаа, телевиз үзэж, сонсож байгаа та, та нар нутаг усандаа, аймаг, сумандаа, дүүрэг, хороондоо эзэн нь болж, шударга ёсыг тогтоох цаг болсон гэж үзэж байгаа бол МАХН тэргүүлж байгаа шударга ёсны төлөө урваж шарвалгүй, ухарч айлгүй, тууштай тэмцэж буй нам, иргэний хөдөлгөөнүүдийн хэлж ярьж байгааг тууштай дэмжиж, манай нэр дэвшигчдэд саналаа өгөөрэй хэмээн ард түмэндээ хандан МАХН-ынхаа нэрийн өмнөөс, хараат шүүхийн хууль зөрчсөн шийдвэрээр эрхээ хасуулан хэлмэгдэж, та бүхэнтэйгээ өөрийн биеэр уулзая гэж хүсэвч чадахгүй байгаа Н.Энхбаяр даргынхаа нэрийн өмнөөс, нийт гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс уриалж байна.
Нэг хүн нийт улс орныг хөгжүүлэхгүй, тэр бүү хэл нэг аймаг, сум, дүүрэг, хороог ч овойтол оцойтол нь хөгжүүлж чадахгүй. Энэ бол шударга намыг төлөөлсөн багийн хийх ёстой ажил. Тийм баг МАХН-д байна. Хүнийг нь гэхээсээ илүү МАХН-ын болон шударга ёсны төлөө тууштай тэмцэж байгаа намуудын багийг нь харж, багаар нь дэмжээрэй. Бид нэг нэгээрээ биш, нийт багаараа та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, ард түмнийхээ эрх ашгийг аль ч шатанд тууштай хамгаална гэдгээ энэ индэр дээрээс хариуцлагатай мэдэгдэж байна.
Дарангуйлалын тогтолцоо бол хараат хууль хяналтын байгууллага, хараат шүүхээр далайлган айлгах гэж тэмүүлдэг. Гэхдээ өдрөөс өдөрт түүнээс айх хүмүүсийн тоо цөөрдөг. Дарангуйлалын тогтолцооны хагас албан тушаалтнууд өөрсдөө аймхай байдаг. Тэд олон юмнаас айна. Тэд шударга сонгуулиас айна, тэд ард түмэн өмч хөрөнгөтэй болвол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болвол өөрсдийг нь солино, байх ёстой байранд нь тавина, өөрсдийнх нь нөлөө алга болно гэж бодож айдаг. Уг нь тэгсэн цагт хууль хэрэгждэг болно, шүүх, шүүгчид хараат бус болно. Шударга ёс тогтоно. Цөөн тооны эрхтэн дархтан л солигдоно, харин бүгд хожино.
Одоо та бүхнээс асууя. Өөрсдөө айгаад суугаад байх уу? Эсхүл тэд нарыг айлгаж солих уу? Монгол Улс шударга ёс алдагдсан, баян хоосны ялгаа нь нэмэгдсэн, хээл хахуульд баригдаж, идэгдсэн, иргэдийнх нь амьдрал, хувь заяа эрэмдэг зэрэмдэг болсон улс орон хэвээр байх уу? Монгол түмэн хэзээ бүтэн үнэнийг сонсож, бүтэн ил тод байдалд амьдрах вэ? Монголын ард түмэн хэзээ бүтэн сонгуультай, бүтэн ардчилалтай болох вэ? Монголын ард түмэн хэзээ байгалийн баялгийнхаа бүтэн эзэд болж, бүрэн бүтэн хувь заяатай болох вэ?
Эдгээр асуулт ганцхан МАХН-д, энд байгаа нам, иргэний хөдөлгөөнд хамаатай биш. Танд, та нарт, иргэн бүрт шууд хамаатай. Хамаатай учир хариу олох хэрэгтэй. Хамгийн эхлээд гараа хумхин битгий суу гэж зөвлөе. Шударга ёс тогтоохын төлөө өнөөдөр зүтгэцгээе. Маргааш гэж битгий хойшлуулцгаа. Өнөөдөр эвлэлдэн нэгдэж, эрэмдэг зэрэмдэг болсон эрхээ хамгаалцгаа. Та бүхэн маань бүгд нэгдэн нийлвэл та бүхний дуу хоолойг хэнбугай ч хааж боож чадахгүй. Та бүхний шударга сонголтыг хэнбугай ч өөрчилж чадахгүй.
Та битгий ай. Би айхгүй. Бид айхгүй гэж хүн бүр бод. Тэгэж хэл. Тэгэж итгэ. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рузвельтийн хэлснийг дахин сануулая: “Айхаасаа л ай. Өөр юунаас ч битгий ай”.
Монгол Улсын Үндсэн хуулинд:
“3.1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэжээ.
Үүнийг худлаа үг гэж битгий бодоорой. Зарим эрхтэн дархтан та нарыг тэгэж бодоосой гэж их хүсч байгаа. Байсхийгээд л шударга бус явдалтай учирсаар байгаад та бүхний зарим нь тэгэж боддог болсон ч байж магадгүй. Наад буруу бодлоосоо түргэн салцгаая.
Монголд хамгийн их эрх мэдэлтэй нь ард түмэн та нар өөрсдөө мөн шүү дээ. Өөрөөр хэлвэл энд сууж байгаа, энэ их хурилдайг харж, сонсож байгаа та, та нар. Гэхдээ шударга бус явдлын эсрэг хүчээ, дуу хоолойгоо нэгтгэн хамтарвал шүү дээ. Харин хамтрах хүн чинь гадаадад биш, Монголд байгаа, хол биш, таны дэргэд байгаа гэдэгт битгий эргэлзээрэй.
Дээрх үгийг, Үндсэн хуулийг шууд утгаар нь ойлгоцгоо. Цагаан цаасан дээр хар үсгээр бичсэнээр нь ойлгоцгоо. Дэргэдэх хүндээ хэлцгээ.
Бүх хүн сонсохоор бүгдээрээ нэгэн зэрэг чанга дуу хоолойгоор хэлцгээе: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”.
Үндсэн хуулийн энэ үгийг хэзээ ч битгий мартаарай. Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эрхээ эрхтэн дархтнуудад битгий өгч алдаарай.
Үүнийг хамтраад хэрэгжүүлцгээ. Тэгвээс та бүхний “далайсан газар далд ордог, далласан газар ил гардаг”, ард түмэндээ үйлчилдэг албан тушаалтнууд буй болно. Тэгвээс нийгэмд бүрэн бүтэн үнэн ялна, таны төлөө зүтгэдэг бүрэн бүтэн төртэй болно. Шударга ёс ялна. Бүрэн бүтэн ардчилал ялна. Та бүхэн маань бүрэн бүтэн амьдралтай болно.
Эцэст нь нэг чухал зүйл хэлье. Одоо зарим эрхтэн дархтан шүүхийн бүх шатанд хараат шүүгчдээрээ хүчээр ял тулган өгүүлсэн ч Н.Энхбаяр ялсан. Хотын шүүх дээрээс өгсөн даалгавраар хаалттай хуралдаан хийж, Н.Энхбаяр нарт эчнээгээр, хүчээр тулган ял хүлээлгэж, хууль бус шийдвэр гаргаснаас хойш энэ нь бүр тодорхой боллоо. Үнэхээр хэн нь буруутай, хэн нь буруугүй вэ? гэдгийг хараат шүүгчдийн хууль бус шийдвэрийг сонссоноороо биш, харин халуун зүрх, сэтгэлээ чагнаж, мэдэрснээрээ, үнэн бодит мэдээллийг олж сонсон уншсанаараа, зөв, бурууг дэнсэлж чаддаг саруул ухаанаараа эрэгцүүлэн бодсоноороо мэдэж ойлгодог олон түмэн Н.Энхбаярыг, түүний шударга үг, шударга үйл хэргийг дэмжиж байна. Энэ бол түүний ялалт, хамгийн гол нь та бидний ялалт. МАХН-ын ялалт. Шударга ёсны төлөө тууштай тэмцэж буй нам, хөдөлгөөний ялалт. Ард түмний ялалт. МАХН-ынхан бид ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй гэж үздэг. Гэхдээ Н.Энхбаяр дарга хэлмэгдэж байгаа цагт энэ бүхнийг хагас ялалт гэж үзэхээс өөр аргагүй.
Тийм учраас би, та бид, монголын шударга ард түмэн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, хэлмэгдэж байгаа Н.Энхбаяр даргыг хараат бус шүүхийн шударга шийдвэрээр цагаатгуулахын төлөө тууштай тэмцэх ёстой. Хэлмэгдүүлэлтийг таслан зогсоож, Н.Энхбаяр даргыг суллаж, цагаатгатал бид хагас ялалтанд тайвшрахгүй, бүтэн ялалтын төлөө тууштай тэмцэх болно. Бид албан тушаалаар шударга ёсны төлөө тэмцлээ худалдахгүй. Бид үүнийг энд байгаа бүх хүмүүст, нийт ард түмэндээ хандан амлаж байна. Та бүгд тууштай дэмжээрэй. Та нарын маань дэмжлэг хэлмэгдүүлэлтийг зогсоож, шударга ёсыг тогтооход шийдвэрлэх ач холбогдолтой шүү хэмээн анхааруулан уриалж байна. Монголын түүхэнд хэлмэгдэж, амь нас, амьдралаараа хохирсон бүх хүнд хүндэтгэл үзүүлж, нэг минут босож зогсоцгооё.
Ялалт та бүхний төрөлхийн шударга ёсыг хүсч, түүн рүү тэмүүлж байдаг мөн чанарт чинь байна. Тийм учир та өөрийгөө, та нарыг өөр хэнбуйгай ч зогсоож чадахгүй. Та, та бид нар ялна. Гэхдээ бүр ялсан шиг ялах ёстой. Та бидэнд бүтэн ардчилал хэрэгтэй. Илүү ч үгүй, дутуу ч үгүй.
Монголын ард түмэн нутаг усандаа, аймаг, сумандаа, дүүрэг, хороондоо жинхэнэ эзэн суух болтугай.
Ардчилал, эрх чөлөө, шударга ёс ялах болтугай.


         МАХН-ын дэд дарга, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс”
                      эвслийн удирдах зөвлөлийн дарга
                               Д.Тэрбишдагва

0 Сэтгэгдэл
Баянсэлэнгэ яах вэ.Манай төр засгийн дээгүүр албанд олон жил болж гаршсан луйварчид шиг ард түмний баялгаас тэгж их хулгайлж чадахгүй,гэм хоргүй амьтан.Ард түмний баялгийг хулгайлсан,гадаадынхнаас авилга авч газар нутгийг маань худалдсан АН-МАН-ы луйварчид л эх орныг минь гутааж,элгэн түмнийг зутрааж байна биш үү.Энхбаярын хэрэгт захиалгаар ажилласан хуулийн ажилтнуудад эрүүгийн хариуцлага тооцовол таарна.Баяр,Баярцогт мэтийн эдийн засгийн алуурчдыг шалгаж шудрага шүүхээр яллавал таарна.
яг үнэн шүү тэр баянсэлэнгэ гэдэг хүүхэн хаана байгаагаа мэдэхгүй төөрцөн амьтан шиг байхиймаа тэр одоо төр түшилцэж байгаа хүн шүү гэдгийн мах цусанд нь сайн ойлгуулаад өгөөч болохгүй бол албан тушаалын өөрчлөөд зүгээр л УИХ гишүүнээр 4 жил суралц гэж хэлэхгүй бол та бүхний нэр хүнд унж дууслаа
Bayanselengees ishih yumaa tanai heriig hugalna baigaa gants teneg heleh ugiig n beldej ugsh baigaash. Bitgiii l olon bayanselengetei bolooroidoo hagas galzuu ishmeeer thunder uurt n ishih bulshirhai algaa. Bid neg tiimerhuu huneer tuuriin tolgoid bailgamaargui l baina shuu
яг үнэн шүү тэр баянсэлэнгэ гэдэг хүүхэн хаана байгаагаа мэдэхгүй төөрцөн амьтан шиг байхиймаа тэр одоо төр түшилцэж байгаа хүн шүү гэдгийн мах цусанд нь сайн ойлгуулаад өгөөч болохгүй бол албан тушаалын өөрчлөөд зүгээр л УИХ гишүүнээр 4 жил суралц гэж хэлэхгүй бол та бүхний нэр хүнд унж дууслаа
humuus uneniig sain tungaaj bodoh heregtei shuu.enhbayr guai bol manaihan dotroo l namba-one shuu.mongold idej uugaagui hen bgaa ym be?ih baga gedeg deeree lzoruutei bolohoos.elbegee enhbayrt orshool uzuulmeer ym daa.ard tumnii yduu doroi baigaa ni oorsdoo l zorilgogui,hiij buteehguid baina shuu dee.ene 20jild hodolmorloj hol deeree bosson hichneen hun ail orh buig bodoj uzeh hergetei.taniig demjigch shd-18 horoonii songogch.
Terbishdagva said uneniig helsen,gal tsogtoi iltgel tavisan bna. Jinhene mongol er hun! Zaluuchuudaa mongolooroo setgej, mongoldoo ezen bj amidartsgaaya! Mongolchuud bid chadna!
Biokombinatiig Battogtoh gegchtei huivaldaj huuli busaar huvichilj avah gej baigaag chini medne shuu
ard tumneer uruvduulj arai gej heden suudal avsan zusee huvilgasan kominuustuud bolivol taarna
bodit baidaliig gold ortol heljee. enhbayariig arai denduu helmegduulj bna
enhbayar bol aguu udirdagch.
enhbayar uneheer aguu hun. iim hunee helmegduulj baigaag ers eserguutsej bna
Сарлагийн бух шиг шилээ шөргөөчихөөд муйхарлаад хүн гүтгээд төрийн нэрээр бусдыг хэлмэгдүүлж байр суриа бэхжүүлээд байдаг Сагсай шиг хүнийг хэн гэвэл таарах вэ та минээ.
enhbayar uneheer aguu hun. iim hunee helmegduulj baigaag ers eserguutsej bna
ÌÀÕÍ--ÕÀÍ ÃÝÆ Í.ÝÍÕÁÀßÐÛÍ ÍÝÐÝÝÍ ÀËÁÀÍ ÒÓØÀÀË ÃÎÐÈËÎÃÑÎÄ, ÀËÁÀÍ ÒÓØÀÀËÄ ÌßËÓÓÐÀÃÑÀÄ,,, ÑÓÓÄÀË ÍÜ ÇÎÕÈÕÃ¯É ÁÀÉÃÀÀ ÃÎÐ ÍÜ ÝÕÍÝÝÑÝÝ ÃÀÐ× ÁÀÉÕ ØÈÂ.. ÝÐÄÝÍÝÆÀÌÚßÍÃÀÀÑ ÝÕËÝÝÄ...
хүний заавраар ажиллаж байж ажилтай үлдснээс шударга байж байгаад ажилгүй болсон нь дээр дээ сагсай гуай
bas shudraga esnii darga geed gunshintai .........................huue malaa terbisheee zuv yav zuv amidar zuv uil hii.........................tengeriin huuli huuli zurchivul tenger shuune teneg bish bol uuniig sanaj yav...uiliin ur baidag shuu,,,,,,,buh yum har tsagaantai,,,,
odoo boloosh dee idej uugaad hudaldaj huraagaad yum duusna gej baidag biz dee...enhbayar 20 jil turd zasaglaad odoo mgl yaj uruudaj doroitsoniig harj baigaa bzi dee...hun uheh ni unen shuu buh hun uhdeg uhsenii daraa ene olon hunii haraal cham deer irj uiliin uree edelne gej bodoochee...hunii huuli gej baihad tengeriin huuli gej bas baidag yum.........zuv yav zuv amidar zuv uil hii................cham shig chutguruuded helsen tengeriin surgaali.......n. enhbayr bolon tuunii hamsaatant
terbishdavagtan ta baynhushuud zam tawij ugnu geed l bas hutsaad baisan
boliochee ta nar hechneen jil tur zasag bariad hiigeegui murtluu odoo yugaa hutsaad bgaa yum be enhbayr ta ene 20 jil mongol orond yu hiij giiguulew ard tumen yduu doroi bgaa ni tanii gavya ta iim l ard tumehg bii bologson shuu dee odoo hudlaa hutsaad baih yum ter shorondoo suu araas chini tanai {naiz}uudiig chini bas yavuulna
Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлө
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01