Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИД АВСАН ШИГЭЭ ӨРТЭЙ...

Хүний хөгжил сан”-гийн мөнгийг бид аль хэдийнэ үрээд дуусчихсан. 2010 онд 70 мянга, 50 мянга, 2011 оноос эхлэн сар бүр 21 мянган төгрөг гээд нийтдээ иргэн бүр 500 мянган төгрөг авсан. Үүнээс гадна ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөг, оюутны төлбөрийн 500 мянган төгрөг гээд л. Сангийн сайд Ч.Улаан “Хүний хөгжил сан” байгуулагдсан гурван жилийн хугацаанд нэг их наяд 900 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт хийгдсэн. “Эрдэнэс МГЛ”, Оюу толгой, Таван толгой, “Эрдэнэт” үйлдвэрээс урьдчилгаа төлбөр авсан. “Хүний хөгжил сан”-гийн мөнгө тэр аяараа урьдчилгаа төлбөр дээр тогтсон. Нэг их наяд гаруй төгрөгийн өр гэсэн үг. Энэ өрийг Засгийн газар төлж барагдуулах ёстой” хэмээн халаглаж сууна. Бидэнд мөнгө өгөхийн тулд хаана, хаанаас зээл авсныг жагсааж үзье.
2009 оны аравдугаар сарын 20-нд Оюу толгойн гэрээний урьдчилгаа төлбөр болох 100 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурцгаасан. Ингээд иргэн бүрт өгөх 70 мянган төгрөгийн эх үүсвэр болох 115 тэрбум төгрөгийг анхны санхүүжилт олдох нь тэр. Үнэндээ энэ нь өр л дөө. Монгол хүн бүр 70 мянган төгрөг авсан хэдий ч өртэй болсон л гэсэн үг. Үүний дараа нижгэр алга ташилт дунд дахиад л Сангийн сайд маань 50 сая ам.доллар авсан. Бид ч ахиад 50 мянган төгрөгөө авцгаасан. 2011 оны нэгдүгээр сарын 6. Монгол Улсын Засгийн газар Оюу толгой компанитай байгуулсан гэрээний дагуу гурав дахь удаагийн урьдчилгаа төлбөр болох 100 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү мөнгийг 21 мянга, оюутнуудын сургалтын төлбөрт олгох 500 мянган төгрөгийн өрөнд явсан. Оюу толгойн хөрөнгө оруулалтын урьдчилгаа төлбөрт жилийн 1,59 хувийн хүү төлнө. Түүнчлэн урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамтаар хөрөнгө оруулагчийн татвараас таван жилийн дотор суутган тооцож барагдуулах ёстой.

Хятадын “Чайналко”-гоос 460 тэрбум төгрөг зээлэв

“Нүүрс алт, зэсээр илүү их орлого, хөрөнгө төсөвт цутгана” хэмээн төсөөлж байсан нь биелэлээ олж байгаа. “Хүний хөгжил сан”-гийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд өгөх дараагийн өгөөш нь Таван толгой. Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ тонн тутамд 70 ам.доллараар зарахаар БНХАУ-ын төрийн өмчит компани “Чайлко”-гоос 250 сая ам.доллар царайчлав. Таван жилийн турш ганцаараа нүүрс борлуулах эрх авсны эцэст тохиролцоонд хүрэх нь тэр. 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг 1-1,5 жилийн хугацаанд төлж дуусахаар гэрээ хийцгээсэн.
Гэтэл дахиад 100 сая ам.доллар нэмж авсаар “Чалко”-д нийтдээ 460 гаруй тэрбум төгрөгийн өртэй болов.  Дэлхийн зах зээлд тонн нүүрс 90 орчим ам.доллар байсан атал эхний нэг сая тонн нүүрс нийлүүлж дуустал 70 ам.доллараар борлуулж, үнийг нь тогтвортой байлгахаар гэрээлсэн. 2011 онд 1,3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж санасандаа ч хүрсэн. Ингээд энэ оны гарснаас хойш “Чалко”-гийн өөрийн хүссэн үнээр нийлүүлсэн. Өдгөө 70 ам.доллар нь 56 болтлоо доошилж, цаашдаа ч уруудах төлөвтэй байгаа.  

Монголбанкинд 220 тэрбумын өртэй


“Хүний хөгжил сан”-г бүрдүүлэхийн тулд барьцаанд тавьсан хамгийн том өгөөш нь Оюу толгой, Таван толгой. Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амласан нэг сая төгрөгийн түрүүч болох 330 мянган төгрөгийг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд олгож эхэлсэн. Тухайн үед Сангийн дэд сайд Ч. Ганхуяг “Эрдэнэтээс өмнөх жилийн ногдол ашиг 70 сая ам.доллар орж ирсэн” хэмээн тайлбарлаж байсан удаатай.
Гэтэл нийт 287,7 мянган хүнд олгосон уг мөнгөний эх үүсвэрийг “Эрдэнэт” үйлдвэрээс 110 тэрбум төгрөгийн урьдчилгаа авсан болох нь илэрсэн. Нэг сарын дараа хоёр дахь ээлжийн мөнгө болох 330 мянган төгрөгийг тараасан.
Харин сонгуулийн өмнө нэг сая төгрөгийн сүүлч болох 340 мянгыг Засгийн газраас өгөхөөр хэтэрхий улайрсан ч үхрийн сүүлэн дээр хутга гэгч нь болсон. Аргаа барахдаа гурван аймгийн ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөгийг гүйцээсэн. Сангийн сайд Ч.Улаан “Өмнөх Засгийн газар хувь хишиг тараахын тулд Монголбанкнаас 220 тэрбум төгрөгийг богино хугацаатай зээлсэн. Энэ онд багтаан төлөх ёстой. Энэ мөнгийг цаг хугацаанд нь төлж, төлбөрийн дарамтаас гарах ажлын хэсэг гарч ажиллаж байна” гэсэн. Сая төгрөгийн үлдэгдлийг өгөхөд 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэгтэй ч тэр хэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүний хөгжил сан”-гийн данс улайж 924 сая тэрбумын өртэй байгаа. Өмнөх жилүүдэд бэлэн мөнгөний амлалт өгч түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зээл, урьдчилгаа төлбөр авсаар өр хуримтлагджээ. Одоо өгдөг мөнгө байхгүй, эхний ээлжинд өрөө барагдуулах л арга хэмжээ авна” хэмээн бас л үнэнээ өчсөн. Иргэн бүр 500 мянга, оюутнууд сая төгрөг, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 660,000-1,000,000 төгрөг авсан.
Гэхдээ бид эргээд энэ хэмжээний өртэй гэдгээ ч бас санах л хэрэгтэй.
У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01