Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн бохир аргууд


Ардчилсан тогтолцоотой ямар ч оронд парламентын сонгууль гэдэг хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл, иргэдийн анхаарлын төвд байдаг маш чухал үйл явдал. Ингэж олны анхаарал татаж байгаа үед ил цагаан, эсвэл далд нууц арга хэрэглээд байх хэцүү. Бүгд анхаарч буй тэр болгоныг анзаарч мэдээд ил болгох хүн заавал байж байдаг. Харин орон нутгийн парламент, манайхаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр байдал өөр. Аль ч улсад ялгаагүй. Хүмүүс тэр бүр тоогоод байдаггүй, оролцох идэвх багатай, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлоод байдаггүй, дууссаных нь дараа л тэр яллаа гэсэн мэдээлэл цацсан болоод өнгөрдөг. Тэгэхээр анхааралд орж чаддаггүй энэ  дутагдлыг нь далимдуулаад элдэв бохир арга хэрэглэх боломж өндөр байдаг. Манай хойд хөршийн орон нутгийн сонгууль үүний тод жишээ. Оросын орон нутгийн сонгуульд ашиглагддаг зарим шалгарсан аргыг сонирхуулъя.

Олонд нэртэй, ялах магадлал өндөртэй хүн өрсөлдөж байгаа тойрогтоо адил нэртэй хүнийг бүртгүүлэн өрсөлдүүлдэг. Үр дүнд сонгогчдын зарим хэсэг саналын хуудас бөглөхдөө андуурч адил нэртэй хүний төлөө саналаа өгдөг. Хамгийн хямд арга гэж болно.

Үндсэн өрсөлдөгч дэмжигчдийн хүсэл, хүлээлтэд бүрэн таарч тохирсон хүнийг сонгон авч нэр дэвшүүлдэг. Нэр дэвшигч болгонд түүний төлөө гарцаагүй өгөх хүмүүс ба санал өгөхөө шийдээгүй эргэлзэж буй сонгогч гэж бий. Эдгээр эргэлзэж байгаа хүннь тодорхой хүнд биш харин өөрийн төсөөллийнхөө хүнд өгөх хандлага их байдаг. Тэгэхээр тэр төсөөлөлд яв цав нийцсэн хүнийг санал болгосноор гол өрсөлдөгчийнхөө саналаас хулгайлах боломжтой. Энэ аргыг хэрэглэхийн тулд сонгогчдын дунд маш нарийн судалгаа явуулах шаардлагатай болдог. Гэхдээ зардал ихтэй.

Нэг тойрогт хэтэрхий олон хүнийг өрсөлдүүлэх. Орон нутгийн сонгуульд олны анхаарлыг татаж чаддаг, гоц хүмүүс оролцдоггүй гэж болно. Улмаар дийлэнх нэр дэвшигчид нь адилхан, дундаж харагддаг. Сонгогч  “За, энэ ч дээ” эсвэл “Санасныг бодвол гайгүй юм”  гэж үзэмжээр шийддэг. Маш олон нэр дэвшигч өрсөлдөх үед жирийн сонгогч тэр болгоны намтар, хэрэгжүүлэх хөтөлбөр зэрэгтэй нарийвчлан танилцахаас залхдаг. Тэгээд санал өгөх болохоор бараг л нүдээ аниж байгаад аль таарсан хүнд нь өгдөг. Огт санаанд ороогүй байсан хүн ялж, ялах байх гэсэн хүн унах магадлал нэмэгдэнэ.

Хашиж байгаа албан тушаалынхаа боломжийг ашиглах нь хамгийн түгээмэл. Сонгуулийн үеэр ажлаа хийнгээ сурталчилгаагаа явуулдаг. Ингэснээр өрсөлдөгчдөөсөө илүү болж харагдах нь мэдээж. Цаашлаад дүүрэг, аймагт нь байгаа том үйлдвэр эсвэл цэргийн ангиудын дарга нартай хариу тус хүргэх нөхцөлтэйгээр тохиролцон санал өгүүлнэ. Мөн өөрөөс дээгүүр албан тушаалтны боломжийг үүн дээр нэмээд өгвөл бараг л гарцаагүй ялна. Сонгуулийн хороодод дарамт үзүүлэх боломжтой. Зардал багатай, хямд арга. 

Мэдлэг, боловсрол, биеэ авч яваа байдал зэргээрээ яагаад ч өөртэйгээ тэнцэхгүй, ямар ч тохиолдолд таагүй сэтгэгдэл төрүүлэх хүнийг сонгон авч өөрийн өрсөлдөгч болгон өрсөлдүүлнэ. Хөлсний хүн нь сонгогчидтой бүдүүлэг харилцах, уулзалт мэтгэлцээн явуулах дээрээ тулбал хоёр үг холбож чадахгүй ээрэх гэх мэтээр жинхэнэ нэр дэвшигчийг илт сайн болгон харуулах үйлдэл хийнэ. Баригдчихгүй л бол их үр дүнтэй аргад тооцогддог.

Цуваа нэртэй нэгэн аргыг хамгийн өргөн ашигладаг гэж болно. Ялангуяа санал өгөх өдөр ашигладаг. Сонгогч нь бөглөөгүй саналын хуудас авч гарч ирээд нэр дэвшигчдийн дэмжих бүлэг дээр очиж шаардлагатай нэрийг дугуйлаад шанд нь 10, 20 цаас, эсвэл шил архи аваад  явна. Дараагийн сонгогч нь хуудсыг нь авч ороод санал хураах хайрцганд хийгээд, гарч ирэхдээ хоосон саналын хуудас авч гарч ирээд дэмжих бүлэг дээр очин шаардлагатай нэрийг дугуйлаад урамшууллаа аваад явна гэх мэтээр. Мөнгө хангалттай бол маш үр дүнтэй аргад тооцогддог.
Хөлсний нэр дэвшигч ашиглан гол өрсөлдөгчөө муулуулах аргыг мөн өргөн ашигладаг. Ингэснээр өөрөө нэр цэвэр, шударга нэр дэвшигч болж харагдан, гол өрсөлдөгчийн рейтинг хөлсний нэр дэвшигчийн элдэв дайралт, гүтгэлгийн үр дүнд их бага тодорхой хэмжээгээр буурдаг.

Тэтгэврийнхэн, эмзэг бүлгийнхэн гэх мэт хүмүүсийг сурталчилгаа явуулсаар өрсөлдөгчийнхөө эсрэг турхирах, уулзалтын үеэр дайралт хийх,  тархи угаах гэх мэтээр орон нутгийн сонгуулийн үеэр ашигладаг бохир арга олон ажээ.
Эрхэм уншигч, сонгогч та соргог байж энэ мэт бохир арга хэрэглэж байгааг олж мэдсэн тохиолдолд алгуурлалгүй илчлэх, зохих газарт нь мэдэгдэх зэргээр иргэний ухамсар гарган жинхэнэ ардчилсан сонгууль болоход бага ч болов хувь нэмэр оруулаарай.

Б.БАДРАЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан