Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭДХЭН ДОЛЛАР ТАВИАД ХЭДЭН САЯЫГ ХОЖ. ЭСВЭЛ...


Лас-Вегас хотыг аялал жуулчлалын, тэр дотроо мөрийтэй тоглоомын дэлхийн хамгийн том төв гэчихвэл хэтрүүлэг болохгүй. Цөл газар байдаг энэ хотод хэтэвчээ хоослох, нүдээ хужирлах юм болгон бий.

Анх 1829 онд Техасаас Лос-Анжелос орж явсан арилжааны цуваа төөрснөөр хотын түүх санамсаргүйгээр эхэлсэн байдаг. Төөрч будилсан хүмүүс олон цагийн турш халуун наран дор явсаар эцэж, цуцахын туйлд хүрээд арга буюу түр амсхийж. Энэ зуур хэдэн хүн усны эрэлд гарч яваад цөлийн дунд гүний усны гаралтай баян бүрд олсноо Лас-Вегас буюу “нуга” гэж испаниар нэрлэсэн байдаг. Зэлүүд газар болохоор хот суурин газар байгуулагдалгүй нэлээд удсаны эцэст 1905 онд Америкийн өрнө ба дорно нутгуудыг холбосон төмөр зам дагуух томоохон өртөө хот байгуулаад тухайн газрын нэрээр Лас-Вегас гэжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Лас-Вегас төмөр замын чухал өртөө байхаа больсон. Нэгэн цагт энд төмөр замын том өртөө байсан гэдгийг өдгөө «Main Street Station» нэртэй казино л өөрийн нэрээр сануулж байдаг.

Лас-Вегас хотын байрлаж байгаа Невада муж нь дотроо ихээхэн чөлөөтэй, хүн агшин зуур баяжиж, эсвэл байгаа бүхнээ алдаж болдог гэдгээрээ тэр үед алдартай байлаа. Тиймдээ ч мөрийтэй тоглоомыг онц хориод байдаггүй. Улмаар 1915 онд казино дотор тоглож болдог хөзрийн тоглоомын тоог нэмж, анхны автомат тоглоомуудыг байрлуулсан нь Лас-Вегас хотыг хаяагаа тэлэхэд хүчтэй нөлөө үзүүллээ. Гэвч тухайн үед Христийн шашны хүчтэй нөлөө, улмаар мөрийтэй тоглоомыг эсэргүүцэгчид олон байсан болохоор 1919 онд мужийн хэмжээнд хориглож орхив. Үр дүнд нь Лас-Вегас хотын эдийн засаг доройтсон нь ойлгомжтой.

Гэвч аз болж 1931 онд Невада мужид бүх төрлийн мөрийтэй тоглоомыг зөвшөөрсөн байдаг. АНУ-ын бусад мужид мөрийтэй тоглоомыг хориглох кампанит ажил өрнөж байсан юм. Тиймээс Америкийн өнцөг булан бүрээс мөрийтэй тоглох дуртай хүмүүс Лас-Вегас руу ирдэг боллоо. Үүний дээр тэр жилдээ хотоос 25 бээрийн зайнд Гуверын усан цахилгаан станц барих ажил эхэллээ. Ингэснээр 1936 он гэхэд цахилгаан станцыг усаар хангадаг Мид нэртэй хиймэл нуур, өндөр хүчин чадалтай цахилгаан станц бий болсноор цөлд байрласан Лас-Вегас хот цахилгаан, усны асуудлыг нэг мөр шийдсэн байдаг. 1940 онд Лас-Вегас хотод мөрийтэй тоглоом тоглох гэж 9000 орчим хүн ирдэг байсан бол 20 жилийн дараа энэ тоо 64 мянга болсон байлаа. Лас-Вегаст казино буюу мөрийтэй тоглоомын төв олноор нээгдээгүй бол ингэж нэмэгдэх байсан нь юу л бол. Энэ хотын хамгийн анхны казино «El Rancho» нэртэй байсан гэдэг.

Ингэж олон казино нээгдэхэд  бохир мөнгөө угаах шаардлагатай тулгарсан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд буюу мафи маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1946 онд тухайн үеийн зартай гангстер Багси Сигел “Фламинго” нэртэй казино нээснээр мафийнхны замыг нь зааж өгсөн байдаг.

Энэ үед бусад мужийн мөрийтэй тоглоомын талаархи хууль дүрэм улам хатуу, чанга болсон нь мафийнханд Лас-Вегасыг зорих бүр ч таатай нөхцөл бүрдүүлж өгөх нь тэр. 1952 оноос 1972 оны хооронд мафийнхан ба мормоны шашинт банкны эзэд эрчимтэй хөрөнгө оруулалт хийснээр «Sahara», «Sands», «Riviera», «Tropicana», «Binion"s Horseshoe» гэх мэт олон казиног байгуулсан юм. Яваандаа казино Лас-Вегасын орлогын үндсэн эх үүсвэр болж хувирсан юм.

Цөмийн зэвсгийн эрин үе дөнгөж эхлээд байсан 1950-иад он. Тэр үед Америкийн Засгийн газар нь Невада мужийн элсэн цөлд цөмийн ил дэлбэрэлт хийж турших нь бараг хэвийн үзэгдэл шахуу болсон байсан юм. Цөмийн туршилт хийдэг газар нь Лас-Вегас хотоос хойд зүгт 100 км-ийн зайтай байлаа. Үүнийг сүйхээтэй хүмүүс дор нь ашиглан цөмийн дэлбэрэлтээр үүсдэг “мөөг”-ийг харах тусгай аян зохион байгуулж, жуулчид нь зочид буудлынхаа тагтан дээрээс цөмийн дэлбэрэлт харан суудаг байсан гэдэг.

Лас-Вегас хотыг зөвхөн казино гэж төсөөлөх нь өрөөсгөл. Аялал жуулчлал, үзэсгэлэн худалдаа нь хотыг баяжих бас нэг эх үүсвэр болж өгдөг. Хараад үнэхээр гайхаш алдмаар олон барилгатай, төдийгүй жуулчдын анхаарлыг татсан үзэсгэлэн гэх мэт томоохон арга хэмжээ тогтмол явагдаж байдаг болохоор Лас-Вегас нь аялал жуулчлалын маш том төв юм. Цаашлаад мөрийтэй тоглохгүй ч чамин хийц маягтай казиног харж нүдээ хужирлах гэсэн өч төчнөөн хүн ирнэ. Жишээлэхэд, “New York Hotel & Casino”. Казино зочид буудлын энэхүү цогцолбор нь Нью-Йорк хотын багасгасан хуулбар юм. Зочид казинод орохын тулд алдарт Бруклины гүүрний багасгасан хувилбар дээгүүр гарна. Гүүрний дунд хэсэгт гуравны нэг харьцаагаар хийсэн Нью-Йоркийн хамгийн алдартай тэнгэр баганадсан 12 байшинг харан нүдээ хужирлаад төгсгөл хэсэгт нь Эрх чөлөөний хөшөөг хардаг. Ганцхан энэ цогцолборт гэхэд л жуулчдад зориулсан 2400 тоглоомын автомат, блэк жекийн 41 ширээ, рулетк тоглоомын долоон ширээ тогтмол ажилладаг.

Лас-Вегас руу хүмүүсийг хамгийн их татдаг зүйл бол мэдээж мөрийтэй тоглоом. Хэдхэн доллар тавиад хэдэн саяыг хожих боломж. Синтия Жей нэртэй эгэл зөөгч бүсгүйн жишээ хүмүүсийг хүсэл шуналыг маш ихээр хөдөлгөж байдаг. Лас-Вегас хотын нэгэн зоогийн газарт зөөгч хийдэг байсан энэ бүсгүй нэгэн өдөр ажлаа тараад казинод тоглож үзэхээр шийджээ. Зүгээр л стрессээ тайлах гэж тоглож байсан бүсгүй найз залуутайгаа танилцсан өдрийн тоотой адил ам.долларыг буюу 27 ам.долларын бооцоо тавиад автомат тоглоом дээр тогложээ. Гэтэл гэнэт үнэхээр гайхамшигтай зүйл болон хувирч мань бүсгүй 35 сая ам.долларыг хожсон байна. Зөвхөн залуучууд ингэж хожоод байдаг юм уу гэвэл үгүй. Лос Анжелос хотноо амьдардаг эмээ 74 насныхаа баярыг тэмдэглэхээр Лас-Вегаст иржээ. Анхнаасаа мөрийтэй тоглох гэж бус харин нүдээ хужирлах гэж ирсэн эмээ ёсыг бодоод 170 ам.доллараар автомат тоглоомын хасаа худалдан аваад тоглож эхэлжээ.

Гэтэл гэнэт 22 сая доллар хожоод шоконд орж ухаан алдан унасан ч тохиолдол байдаг. Үүний дараагаар хамаатнуудынхаа хамтаар зугаалахаар ирээд байсан залуу гурван ам.доллараар автомат тоглоомон дээр тоглож байгаад 40 сая ам.доллар хожсон байдаг. Лас-Вегас хотод мөрийтэй тоглохоор ирж байгаа хүмүүс мэдээж ийм мөнгө л хожих гэж ирдэг ч дийлэнхдээ алдаад таардаг. Үгүй байсан бол олон тэрбум ам.доллараар казино бариулсан хөрөнгө оруулагчид бүгд дампуураад дуусах байсан биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан