Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛС ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БҮС НУТАГ

Сүүлийн үед уран түүнийг тойрсон цацраг идэвхит бодисын асуудал нэлээд яригдах болсон. Тэр дундаа Монгол Улс уран олборлоно, атомын цахилгаан станц барина, цөмийн ашигласан түлш буюу хог хаягдал булна гэж байгаа билээ. Цөмийн энергийн газар өчигдөр “Мэдлэгт тулгуурласан цацрагийн хяналтын төлөө” уриалга гаргаж байгаагаа илэрхийлж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийв. Тус агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч, цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр “Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цөмийн хаягдал булшлах, атомын цахилгаан станц барих асуудал байхгүй. Ерөнхий сайд ч энэ талаар тодорхой мэдэгдсэн. Манай цацрагийн хяналтын салбар иргэд, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудад нээлттэй хамтарч ажиллана. Шинэчлэлийн Засгийн газрын 1111 төв, манай агентлагт хэдийд ч хандаж болно. Манайд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Олон улсын атомын энергийн газраас баталгаажуулсан лаборатор, тоног төхөөрөмж бий” хэмээв.
Цацраг идэвхит бодис байгаль дээр түгээмэл тархсан зүйл. Тэгэхээр хүн, амьтан, ургамал байгаль дээрх цацрагийн нөлөөнд байнга байдаг гэсэн үг.  Жишээлбэл, нэг ширхэг гадил жимсэнд кали, тамхинд плони 114 гэдэг цацраг идэвхит бодис байдаг. Монгол Улс 1960-аад оноос цацраг идэвхит үүсгүүр, цөмийн технологийг улс ардын аж ахуй, үйлдвэрлэл, шинжлэх ухаанд ашиглаж ирсэн түүхтэй. Эдүгээ улсын хэмжээнд анагаах ухааны салбарт 156 рентген оношилгооны байгууллага  326 ширхэг  цацраг идэвхит үүсгүүртэй тоног төхөөрөмж ашигладаг. Энэ бүгдийг Цөмийн энергийн газар аюулгүйн стандартад заасан хэмжээнд байгаа эсэхийг хянадаг  ажээ.
Цөмийн салбарын мэргэжилтнүүд цөмийн хог хаягдал буюу ашигласан түлш, цацрагийн хаягдал нь тус тусдаа зүйл гэдэг. Учир нь, өнөөдөр бүхий салбарт цөмийн технологи ашигладаг билээ. Тухайлбал, уул уурхай, анагаах ухаан, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, шинжлэх ухаан  гээд бүхий л чиглэлээр ашиглаж буй юм. Энэ бүхэнд ашигладаг үүсгүүрийн идэвх дуусахаар цацрагийн хаягдал болдог байна. Харин атомын цахилгаан станцад ашигласан нь цөмийн түлшний хог хаягдал болдог аж. Монгол Улс уранаа экспортлоод хаягдлыг нь авч булшлах нь гэсэн хардлага, яриа гарах болсон. Тэгвэл үүнийг Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд “Олон улсын цөмийн энергийн агентлагийн зөвлөмжид тухайн улсын экспортолсон  ураны цөмийн түлшний хог хаягдлыг эргүүлэн авч булшилж болно гэсэн зөвлөмжийг гишүүн орнууддаа өгсөн. Энэ нь цацраг идэвхит материалын тоо бүртгэлийг хянах л гэж гаргасан зөвлөмж. Уг зөвлөмжийг дагах эсэх нь тухайн улс болон авч, өгч байгаа улсын гэрээ хэлцэл, эрхийн  асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг гарсан. Үүнд, Монгол Улс ураны ямар нэг хог хаягдал буцааж авахыг хориглосон. Тэгэхээр манай улсад цөмийн хог хаягдал булшлах асуудал одоо болон ирээдүйд байхгүй. Яагаад гэвэл, монгол нутагт зөвхөн бид амьдраад өнгөрөхгүй. Бидний үр хүүхэд үеийн үед амьдарна” гэж дээрх хэвлэлийн хурлын үеэр ярилаа.
Өнөөдөр Монгол Улсад ураны хайгуул судалгаа нэлээд хийгдэж байгаа. Тухайлбал, өнөөгийн байдлаар манай улсад 16 компани хайгуулын 94 лицензтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний хоёр нь дотоодын хөрөнгө оруулалттай, үлдсэн нь гадаадынх болон манайхтай хамтарсан компани юм. Өмнө нь Цөмийн энергийн тухай хууль батлагдахаас өмнө ураны хайгуул болон ашиглалтын лицензийг Ашигт малтмалын газар мэддэг байв. Энэ үед газрын ховор элемент олборлох ашиглалтын лиценз хоёр компанид олгожээ. Эдүгээ тэд уран, тори зэрэг цацраг идэвхит ашигт малтмал олборлоогүй аж. Харин газрын ховор элементтэй цацраг идэвхит бодис заавал байдаг. Үүний тунгийн хэмжээ, тархалтад Цөмийн энергийн газар хяналт тавин ажиллаж буй бөгөөд аюулгүйн хязгаар даваагүй  байна.
Нэг хэсэг Мардайн ураны ордын орчмын шороо цацраг идэвхит бодист хордсон гэсэн яриа гарсан. Үүнийг тус агентлаг шалгаж үзсэн. Ингээд энэ ордын шороонд буй цацрагийн тунгийн үзүүлэлт 10 мянган метр өндөрт нисч буй  онгоцон дахь  цацрагийн үзүүлэлт адилхан байжээ.  
Байгаль дээр байгаа ураны агууламж нь 0.1 хувь байдаг. Түүнийг хүдрээс нь ялгаж авахад 70 хувь болно. Гэхдээ ялгарах цацрагийн хэмжээ нь байгаль дээрхтэйгээ адилхан  байдаг  гэнэ. Үүнийг  шар нунтаг гэж нэрлэдэг аж. Монголд ураны нөөц бий тул газрын хөрсөнд тархаж тэр дундаа нүүрсэнд хөрсний тогтоцноосоо шалтгаалж тодорхой тунгаар агуулагддаг байна. Иймээс өнөөдөр манайд ураны 1000 гаруй илрэл тогтоогджээ. Гэхдээ олон улсын стандартад заасан аюулгүйн хэмжээнээс хэтэрдэггүй аж. Жишээ нь, Шивээ-Овоо ордын  нүүрсэнд уран, тори, кали, бради гэсэн цацраг идэвхит элемент ямар байгааг тогтоосон байдаг. Багануурын нүүрсийг шатаагаад гарсан үнсэнд нь цацраг идэвхит бодис бий. Мөн Алаг толгойн нүүрсэнд байдаг.
Дэлхийн хэмжээнд 2009 оны байдлаар тогтоогдсон ураны нийт нөөц таван сая 404 мянган тонн гэдэг. Үүний  96.5 хувь нь 14 улсад ногдоно. Үлдсэн хувь нь 30 гаруй улсад бий. Монгол Улс тухайн үед 49.300 тонн нөөцөөрөө 15 дугаар байрт жагссан. Энэ нь дэлхийн нөөцийн 0.90 хувь нь гэсэн судалгаа гарчээ.

Т.Эрдмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан