Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голландаас зугтаж Норвегийг сонгох уу

Газар доорх баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд дэлхий дахинд олон бий.  Монголын зэс, нүүрс, алт, уран, газрын ховор элемент хүртэл дэлхийд моодонд орж, Монголд хөрөнгө оруулж, уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхийн төлөө тэд  ширүүхэн өрсөлдөх болсон. Гэхдээ баялагтай бүхэн баяждаггүй гэдгийг дэлхийн олон орон туршлагаараа нотлоод буй. Манайхтай адил баялагтай хөгжингүй орнуудын ихэнх нь баялгийн хараалд өртөж, авлига хээл хахууль, өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн жишээг дурдаад байвал дуусахгүй байх. Бид Африкийн орнууд, Ливи, Нигери шиг баялгийн хараалд өртөхгүйн тулд газрын доорх ашигт малтмалаа зөв зүйтэй ашиглах Норвегийн туршлагаас суралцах ёстойг сэтгүүлчдийн төлөөлөл хэлж, “Баялгийн хараалаас хэрхэн зугтах вэ” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлого аюулгүй байдлын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу нар оролцов.
Цаг агаарын эрс тэс нөхцөл, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ, байгалийн баялаг ихтэй гэдгээрээ Норвеги манай улстай ойролцоо ч эдийн засгийн хурдацтай өсөлт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ тэнгэр газар шиг зөрүүтэй. Хүний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг энэ улсын хурдацтай хөгжлийн түүх 40 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэх. 1860-аад оны үед өлсгөлөнгөөр олон мянган хүн үхэж байсан энэ улс Европын ядуу өнцгөөс тогтвортой хөгжилд ирж чаджээ. 1969 оны арванхоёрдугаар сарын сүүлээр АНУ-ын нэгэн компани Хойд Европт орших Норвегийн нутгаас асар их нөөцтэй газрын тосны орд илрүүлсэн байна. Буурай хөгжилтэй байсан тэдний хувьд энэ боломжийг алдахгүйн тулд зөв нүүдэл хийх хамгийн чухал сонголт тулгарав.
Мэдээж энэ үед тэднийг дэлхийн томоохон компаниуд шохоорхон “Танай ашигт малтмалыг чинь олборлоод өгье. Харилцан хамтарч ажиллая” хэмээн янз бүрийн санал тавьж байсан нь манай улсын өнөөгийн дүр төрхтэй төстэй байгаа биз. Харин норвегичүүд энэ баялгаа хэрхэн ашиглах талаар бүтэн гурван жил ярилцаж 1972 онд хууль гаргасан аж. Ингэхдээ газрын тос бол Норвегийн ард түмний өмч, үүнээс олох орлогоо хойч үе ирээдүйдээ зарцуулах “Баялгийн сан” байгуулах ёстой. Мөн эндээс орж ирэх бүх мөнгийг гадаадад байршуулж, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулах явдал гэжээ. Улмаар 1996 онд Баялгийн тусгай сан байгуулж, 300 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр  гараанаасаа хөдөлж байсан бол одоо 650 тэрбум ам.доллартай болжээ. Манайх шиг уул уурхайгаас орж ирж буй хөрөнгөө бүгдийг нь дотооддоо ашиглах  бус гадаадад байршуулж, 60 хувийг нь ашигтай наймаанд оруулж, 35-40 хувийг нь үнэт цаас худалдаж авах, 0-5 хувийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулж өсгөдөг аж. Гэтэл бид уул уурхайгаас олсон ашгаа хойч үедээ үлдээх нь байтугай бэлэн мөнгө тараах зэргээр халамжийн үйлчилгээ үзүүлээд дуусч байгаа.
Мөн тус сангийн мөнгөөр хөрөнгө оруулахдаа том компанийн хувьцаанаас олныг худалдаж авах бус ашигтай ажиллаж буй 8000-9000 жижиг компанийн хувьцаанаас нэг хувийг нь авдаг гэнэ. Энэ нь эрсдэлгүй орчин бий болгодог гэх. Улмаар гадаадад байршуулсан уг мөнгийг ашиглах хэрэгтэй гэж үзэн 2002 онд “Дөрвөн хувийн дүрэм” буюу баялгийн сангийн хөрөнгөнөөс улсын төсөвт оруулахдаа дөрвөн хувиас хэтрүүлэн авч болохгүйг баталгаажуулж өгчээ. Ирэх оны төсөвтөө үүнийхээ 3.3 хувь буюу 20 тэрбум ам.долларыг оруулахаар болсноо Норвегийн Сангийн сайд нь мэдэгджээ.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Норвеги, Швед улсад айлчлаад ирсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу уг хэлэлцүүлгийн үеэр “Норвеги татварын бодлогоор ихэнх асуудлаа шийдчихдэг юм байна. Тухайлбал, уул уурхай, ашигт малтмалын компаниудаас ашгийнх нь 78 хүртэлх, бусад компаниас 28 хувийн татварт авдаг. Тэднийг хөл дээрээ босоход түлхэц үзүүлсэн нэг чухал зүйл нь төрийн өмчит компаниудыг олноор байгуулсан явдал. 100 жилийн өмнө байгуулсан усан цахилгаан станц нь ашигтай ажиллаж байгаа тул одоо ч 100 хувь төрийн өмчит компани хэвээрээ байгаа. Бас 34-67 хувийг төр нь эзэмшдэг хэд хэдэн компани байдаг юм билээ.
Хамгийн гол нь энэ компаниуд улс төрийн ямар нэгэн хүчний нөлөөлөлгүй, менежментээ бизнесийн зарчмаар хийдэг. Энэ сард Норвегиос албаны хүмүүс ирж, Баялгийн тусгай сангийнхаа туршлагаас бидэнтэй хуваалцана” гэв. Манайх шиг нэг агентлагийн даргыг Засгийн газар нь томилдоггүй учир эдний компаниуд хөгждөг юм шиг. Төрийн өмчит компаниудын Удирдах зөвлөл нь хоёр жил тутам хуралдаж, ажлаа ил тодоор тайлагнадаг аж. Гэтэл манай төрийн өмчит томоохон компаниуд болох “Эрдэнэт”, “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн  удирдах зөвлөл, үйл ажиллагааны тайланг бид төдийлэн мэддэггүй. Мөн ТУЗ-ийнх нь 40 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэнэ. Дээр дурдсан энэ мэт шалтгаанууд Норвегийн төрийн өмчит компаниудын ашигтай ажиллаж ирсэн нууц нь аж.
2030 он гэхэд тус улсын газрын тосны нөөц багасна. Нөөцгүй боллоо ч ирээдүйдээ үлдээх хангалттай хөрөнгөтэй болсон байна хэмээн тус улсын Засгийн газар тооцоолчихож. Норвегийн эл туршлагаас   үлгэрлэн дэлхий 60 гаруй улс ийм сантай болжээ. Харин бид яах вэ. Дэлхий нийт хошуураад буй Оюу толгой, Таван толгойн нөөц дуусвал ухаж сэндийчиж, сэглэгдсэн газар шорооноос өөр юм үлдэхгүй нь. Гэхдээ дан ганц Норвегийн туршлагаас хуулбарлана хэмээн туйлширлалгүй компанийн засаглалаа сайн төлөвлөж, Төв банк менежментээ үүнтэй уялдуулж байж энэ арга барилд шилжихгүй бол эрсдэлтэй гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан онцолж байв. Тэрээр “Норвегийн туршлагыг зөв талаас нь авч үзэх хэрэгтэй. Тэдэнд өнгөрсөн хугацаанд алдаж оносон зүйл ч бий байх. Манайхан үүнд ул суурьтай хандах хэрэгтэй” хэмээн ярьсан. Гэхдээ л тэд газрын доорх баялгаа зөв ашиглаж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 53300 ам.долларт хүрсэн. Харин манайдв ДНБ 4000 ам.доллар байгаа. Норвегийн  ажилгүйдлийн төвшин нь  3.3, инфляц 1.4 хувь болоод буй. Өнгөрсөн сарын байдлаар манайд инфляц 15.4 хувьд хүрээд байгааг үүнтэй харьцуулахад бас л тэнгэр газар шиг ялгаа харагдана. Ямартай ч, манайх баялгаасаа болж баларсан орон болохгүйн тулд зөв ашиглаж дэлхийд тэргүүлэх орны тоонд орж чадсан энэ мэт улсын арга барил, жишээнээс суралцахад илүүдэхгүй болов уу.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан