Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингис хаан”, “Соёмбо” бэлгэдлийг хэрхэн ашиглах тухай хуулийн төсөл өргөн барина

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Чингис хаан” гэсэн нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг архины шил болон бусад эд материалд хэрэглэх нь бус гэж үзсэн. Эдгээр нэр, бэлгэдлүүд зөвхөн Монгол Улсын өмч байх тухай заасан. Тэгвэл үүнийг зарим гишүүд хууль болгон санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болжээ. Тодруулбал, “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон журмын төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нар санаачлан өргөн барихаар болж. Хуулийн төслийг бүрэн эхээр нь толилуулж байна.


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны .. дугаар Улаанбаатар сарын ...-ны өдөр хот

“ЧИНГИС ХААН” НЭР, “ЧИНГИС ХААНЫ АЛБАН ЁСНЫ ХӨРӨГ”,
“СОЁМБО” БЭЛГЭДЛИЙГ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж

2.1. “Чингис хаан” нэр /цаашид “нэр” гэх/, “Чингис хааны албан ёсны хөрөг” /цаашид “хөрөг” гэх/, “Соёмбо” бэлгэдэл /цаашид “бэлгэдэл” гэх/-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад, хувь хүн аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад энэ хуулийг дагаж мөрдөнө.

3.2. Иргэний нэр болон энэ хуулиар хориглосноос бусад урлаг, соёлын бүтээлд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад энэ хууль хамаарахгүй.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. ““Чингис хаан” нэр” гэж Чингис хаан, Тэмүүжин болон эдгээр нэрийн утгыг шууд агуулах бусад нэр, тэдгээртэй адил, төстэй ойлгогдох, дуудагдах бусад хэллэгийг;

4.1.2. “Чингис хааны албан ёсны хөрөг” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажуулсан хөргийг;

4.1.3. ““Соёмбо” бэлгэдэл” гэж Монгол Улсын Төрийн сүлдний төв хэсэгт дүрслэгдсэн Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, түүний дүрслэл, нэр, түүнтэй адил, төстэй ойлгогдох, дуудагдах бусад хэллэгийг;

5 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдэл

5.1. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдэл нь Монгол Улсын төрийн мэдэл, өмчлөлд байна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах нөхцөл

6 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх ашиглах хүсэлт гаргах

6.1. Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах тохиолдолд, иргэн нэр, хөрөг, бэлгэдлийг аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэх, ашиглах тохиолдолд Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргана.

6.2. Энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтэд хүсэлт гаргагчын нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагаа болон нэр, хөрөг, бэлгэдлийг хэрхэн, юунд хэрэглэх, ашиглах талаархи мэдээлэл зэргийг тусгасан байна.

6.3. Хүсэлтэд хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

7 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлгийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл

7.1. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтийг хүлээн авч энэ хуулиар хориглосон нөхцөл байдал байгаа эсэх, тухайн хүсэлт гаргагчийн зүгээс нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахдаа хүндэтгэлтэй хандах байдал, Монгол Улс болон гадаад оронд бий болгосон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний нэр хүнд зэргийг харгалзан үзэж зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

7.2. Монгол Улсын Засгийн газар нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл олгохдоо холбогдох шийдвэрт нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах хүрээг тодорхой зааж өгнө.

7.3. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 6.1-д заасан хүсэлтийг хүлээн авсанаар аливаа этгээдийн өмнө нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрлийг олгох үүрэг хүлээхгүй.

7.4. Энэ хуулийн 7.1-д заасны дагуу нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахдаа хүндэтгэлгүй хандсан, зөвшөөрөлд заасан хүрээнээс өөр байдлаар хэрэглэсэн, ашигласан, мөн түүнчлэн уг зөвшөөрлийг бусдад худалдсан, бэлэглэсэн, шилжүүлсэн, ашиглуулсан, өвлүүлсэн бол оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар уг зөвшөөрлийг тухайн этгээдэд дахин олгохгүй нөхцлөөр хүчингүй болгоно.

7.5. Энэ хуулийн 7.1-д заасны дагуу нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, шилжүүлэх, ашиглуулах, өвлүүлэхийг хориглоно.

8 дугаар зүйл. Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах нөхцөл

8.1. “Чингис хаан” нэрийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд нь тухайн зөвшөөрөлд заасан хүрээнд “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг мөн хэрэглэж болох бөгөөд тэдгээрийг хүндэтгэлтэй хэрэглэх, ашиглах үүрэгтэй.

8.2. Нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрөл авсан этгээд хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээрийг зөвхөн зөөвшөөрөлд заасан хүрээнд өөрийн зар сурталчилгаанд хэрэглэж, ашиглаж болно.

8.3. Төрийн байгууллагын байр, албан тасалгаанд хөргийг байрлуулах болон төрийн байгууллагаас явуулж буй арга хэмжээнд хөргийг хэрэглэх бол албан ёсны хөргийг хэрэглэнэ.

8.4. Дараах тохиолдолд нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглахыг хориглоно. Үүнд:

8.4.1. нийгмийн сэтгэхүй, зан суртхуунд харш нөлөө үзүүлэх агуулгатай зохиогчийн эрхийн бүтээл, бүтээгдэхүүний загварт хэрэглэх, ашиглах;

8.4.2. нэр, хөрөг, бэлгэдлийг илтэд гажуудуулсан, гутаасан байдлаар хэрэглэх, ашиглах;

8.4.3. улс төрийн нам, төрийн бус байгууллагын нэр, бэлгэдэлд хэрэглэх, ашиглах;

8.4.4. нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах зөвшөөрлийг хуульд зааснаар олж аваагүй этгээд хэрэглэх, ашиглах;

8.4.5. согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэх;

8.4.6. согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх, худалдаалах, тэдгээрээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг нэрлэх;

8.5. Энэ хуульд заасан журмыг зөрчиж нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэсэн, ашигласан бараа, бүтээгдэхүүн болон аливаа биет зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

9 дүгээр зүйл. Нэрийг нэрэмжит болгон хэрэглэх

9.1. Нэрийг нэрэмжит болгон хэрэглэх, ашиглах эрхийг Монгол Улсын Засгийн газрын айлтгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зөвхөн үндэсний хэмжээний урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны үйл ажиллагаа эрхэлдэг болон зэвсэгт хүчний байгууллагад олгох бөгөөд мөн гудамж, талбайг нэрлэж болно.

9.2. Нэрийг нэрэмжит болгон хэрэглэх эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө санаачлагаараа олгож болно.

9.3. Энэ хуулийн 9.1, 9.2-т зааснаар нэрэмжит болсон этгээд нэр, хөргийг хэрэглэх, ашиглахдаа энэ хуульд заасан журмыг дагаж мөрдөнө.

10 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих

10.1. Энэ хуулийн хэрэгжилтэд оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

11 дүгээр зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага.

11.1. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хууль тогтоомж зөрчигчид эрх бүхий улсын байцаагч дараах захиргааны шийтгэл ногдуулна.

11.1.1.энэ хуулийн 7.4, 8.1, 8.2, 8.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн бол зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах;

11.1.2.нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх эрхийг энэ хуульд заасан журмын дагуу аваагүй этгээд тэдгээрийг дур мэдэн хэрэглэсэн бол иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах;

11.1.3. энэ хуулийн 8.5-д заасныг зөрчиж бараа, бүтээгдэхүүн болон аливаа биет зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн бол иргэн, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг өмнөх жилийн нийт борлуулалтын орлогын 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийн өмнөх жилийн нийт борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах;

11.2. Энэ хуулийн 8.3, 8.5-д заасныг зөрчсөн албан тушаалтанд эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

12 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

12.1. Энэ хуулийг 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны .. дугаар Улаанбаатар
сарын ...-ны өдөр хот

“ЧИНГИС ХААН” НЭР, “ЧИНГИС ХААНЫ АЛБАН ЁСНЫ ХӨРӨГ”,
“СОЁМБО” БЭЛГЭДЛИЙГ ХЭРЭГЛЭХ, АШИГЛАХ ЖУРМЫН
ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэж байсан хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэж байсан иргэн уг нэр, хөрөг, бэлгэдлийг үргэлжилүүлэн хэрэглэхийг хүсвэл “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн дагуу зохиох зөвшөөрлийг авна.

2 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр-ийг нэрэмжит болгон хэрэглэж байсан байгууллага, хуулийн этгээд уг нэрийг нэрэмжит болгон үргэлжлүүлэн хэрэглэхийг хүсвэл “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн дагуу зохиох зөвшөөрлийг авна.

3 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг оролцуудан шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийлгэж патент, гэрчилгээ авсан этгээд цааш үргэлжилүүлэн уг нэр, хөрөг, бэлгэдлийг ашиглах, хэрэглэхийг хүсвэл энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу зөвшөөрөл авна.

4 дүгээр зүйл. “Чингис хаан”, “Соёмбо” нэрээр нэрлэгдсэн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, улс төрийн нам энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын дотор нэрээ өөрчилж, улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ. Энэ хугацаанд бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дахин бүртгүүлж, нэрээ шинэчлээгүй бол бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхээс тухайн хуулийн этгээд, байгууллага, улс төрийн намыг татан буулгана.

5 дугаар зүйл. Энэ хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасны дагуу зохих зөвшөөрлийг аваагүй бол 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн тухайн иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах эрхгүй.

6 дугаар зүйл. “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын уг бараа бүтээгдэхүүнийг 2013 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн борлуулахыг хориглоно.

7 дугаар зүйл. Энэ хуулийг “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

0 Сэтгэгдэл
turiin suldee arhinii shilen deer naagaad haa saigui hog saga deer hayad baihaar mongol uls doroitolgui yahav dee tarhi ni ergesen humuus l zuvshuurul ogch bga haeiutslaga tootsoh heregtei
ih zuv sanaa bna, soyombo arhiig zarhiig bur musun horih heregtei
Хамгийн их уншсан