Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“БАГАНУУР” АЛДСАН ЛИЦЕНЗЭЭ АВЧ НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭ НЬ 9.9 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Стратегийн зарим ордод лиценз давхардаж олгосон асуудал гарсан билээ. Тухайлбал, дотоодын эрчим хүчний станцуудыг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоо зэрэг томоохон уурхайн лицензтэй талбайг хэсэгчлэн хуваасан маргаан хоёр жилийн өмнөөс гарах болсон. Энэ маргааныг Ашигт малтмалын газар нааштай шийдвэрлэж өгөх байх хэмээн найдаж буйгаа “Багануур” ХК-ийн удирдлагууд мэдэгдэж байсан билээ. Тэгвэл эдүгээ Уул уурхайн яамнаас өгсөн үүрэг даалгавраар Ашигт малтмалын газар хууль зөрчиж олгосон лицензийг нь хүчингүй болгожээ.  Ингээд “Багануур” ХК-ийн ашиглалтын лицензийг төр мэдэлдээ авсан байна. Одоо уг ордын нийт нөөцийн 65 хувь болох 450 сая тонн нүүрс “Багануур” ХК-ийн мэдэлд шилжсэн аж. Энэ нөөцийг зах зээлийн ханшаар тооцвол 9.9 их наяд төгрөг бөгөөд уурхайн насжилт 40-45 жилээр уртассан аж.
“Багануур”ХК Төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан станцуудын нийт хэрэглээний 60 хувийг хангадаг. Тус уурхай энэ онд 3.4 сая тонн нүүрс олборлож, нийлүүлэх учиртай. Уурхайн гүн жил ирэх тутам нэмэгдэж байгаа, хөрс хуулалтын зардал, техник технологийн шинэчлэлт хийх гээд олон асуудал бий гэдэг. Иймд хөрөнгө оруулалт нэмж татах зорилгоор 9.8 сая ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр манай улсын эдийн засгийн гол тулгуурын нэг. Өнөөгийн хүчин чадлаараа ажиллахад 25 жил ашиглах нөөцтэй. Засгийн газар саяхан “Эрдэнэтийн овоо” ордын орчимд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудын эзэмшиж байсан хайгуулын таван лицензийг өөрийн мэдэлд авахаар болжээ. Эдгээр лицензийн талбайд 1960-1980 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, хэтийн төлвийг нь тогтоосон аж.
Ингэснээр төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компаниар дамжуулан хайгуул хийн ашиглах юм байна. Үүний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн насжилт 20-25 жилээр нэмэгдэх нь. Жишээлбэл,  тус үйлдвэрийн ашиглах нөөц  гурван сая тонн зэс, 55 мянган тонн молибденээр нэмэгдэж буй ажээ. Эл нөөцийг 24 тэрбум орчим ам.доллар хэмээн үнэлж байна. Эрдэнэтийн овоо ордын хүдэр дэх агууламж буурч буй өнөө үед нөөц нь энэхүү нэмэгджээ. “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн жилүүдэд техник, технологийн шинэчлэлт хийж ирсэн. Одоогоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 90 хувийг шинэчлээд байгаа аж.
Уг үйлдвэр улсын төсвийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн онд 1.2 их наяд төгрөг олжээ. Үүнээс үйлдвэрийн цэвэр ашиг нь 300 гаруй тэрбум төгрөгт хүрэв. Мөн орон нутгийн төсөвт 600 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэн ажилласан байна. Дээрхи ордуудаас гадна Шивээ-Овоогийн нүүрс, Асгатын мөнгөний ордын лицензийг  хуулийн хүрээнд удахгүй шийдвэрлэх нь. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан