Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.МОНГОЛ: МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ҮНЭЛЭХ ЦАГ БОЛСОН


Монгол хүний амь нас, эрүүл мэнд хэдэн төгрөг вэ. Энэ асуултын хариуг олохоор өмгөөлөгч Ц.Монголыг энэхүү буландаа урьсан юм. Түүнтэй Монгол Улс хүнийхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалсан эрх зүйн ямар зохицуулалттай болон цаашид юу хийх ёстой талаар ярилцлаа.
 
-Үндсэн хуульд монгол хүн амьд явах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр амьд явах байтугай эрүүл аж төрөх ч баталгаа алга гэж хүмүүс ярих юм?
-Тийм ээ. Үндсэн хуульдаа монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах, өөрт учирсан хохирлыг барагдуулуулах эрхтэй гэж үндсэн эрхийг нь тунхагласан байгаа. Гэвч энэ эрхээ бүрэн утгаар эдэлж чадахгүй байгаа нь үнэн.
Тухайлбал, барилгын салбарт гэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Нийгмийн шилжилтийн явцад эмх замбараагүй, хариуцлагагүй, сахилгагүй байдал үүсч, түүнийг нь засаагүй. Үүний илрэл нь ч, өнөөдөр барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлын журмаа мөрддөггүй. Хяналт тавьдаг систем нь ч ажилладаггүй. Хэн гэдэг хүний ямар компани, хэний зөвшөөрөлтэйгээр барьж байгаа нь тодорхойгүй. Барилгын салбарт дараалсан осол гараад тоолж бүртгэх гэхээр хотын захиргаанаас эзнийг нь эрж сураад ч олохгүй байна шүү дээ. Энэ талын хууль, тогтоомжийг маш боловсронгуй болгох ёстой. Нөгөөтэйгүүр, зөвшөөрөлгүй хятад ажилчин авчраад шаардлага хангахгүй жижигхэн байранд чихэж байрлуулдаг. Бөөнөөрөө хүн амьдарч байгаа газарт гэмт хэрэг гардаг. Хүн чинь нийгмийн амьтан шүү дээ. Энэ талаар ярих биш хийх цаг нь болсон л доо.

-Та барилгын салбараар жишээ авлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангаагүйгээс энэ салбарт амиа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн  олон байх шүү?
-Хүний амь эрсэдсэн нөхцөлд гарах хохирлыг нь гэм буруутай этгээд гаргах ёстой л доо. Өнөөдөр хүний амь насыг хохироосон этгээд зөвхөн оршуулгынх нь зардлыг л  төлдөг. Тэр хүний ард үлдэж буй насанд хүрээгүй хүүхэд, хань ижил нь тэжээгчээ алдаж, нийгмийн баталгаагүй үлддэг. Тиймээс эхлээд хүнийхээ амьд явах эрхийг нь хангахын тулд барилгын хөл толгойгүй замбараагүй байдлыг цэгцлэх ёстой. Эхнээс нь цэгцлэх гэж буй хотын даргын шийдвэр зөв. Гэхдээ манайд хэтэрхий их төвлөрөл бий болсноос осол гарахад Засгийн газар, УИХ-ын хэмжээнд ярьж байна. Угтаа, тухайн хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр осол гарвал байцаагч үйл ажиллагааг нь зогсоох эрхтэй байх ёстой. Харин арай томхон осол бол дүүргийн хэмжээнд ярьж, бүр том бол яам, хотын захиргааны хүрээнд шийдэх ёстой. Ийм хариуцлага, эрх мэдлийн тогтолцоо байхгүйгээс хот эрх мэдэлгүй. Дүүрэг, хороонд нь энэ талын бүртгэл байхгүйгээс компани хариуцлага хүлээдэггүй, нөхөн төлбөр ч өгдөггүйгээс монгол хүний амь нас, эрүүл мэнд баталгаагүй байгаа юм. Төрийн  байгууллага нь гэмтнийг хайгаад олохгүй байгаа юм чинь хохирсон хүмүүс нь олоход хэцүү биз дээ. Ийм хариуцлагагүй байдлыг далимдуулаад хууль хэрэгждэггүй, завхаруулдаг.  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зөв бүтэцтэй  хариуцлагын тогтолцоог бий болгож хатуу шаардлага тавих ёстой юм. Үүний дараа хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн хэмжээгээр хохирол учруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь өндөр байх юм.  Ингэснээр эдийн засгийн үнэлгээтэй болно.

-Ер нь, эрх зүйн орчинд хүнийхээ амь нас, эрүүл мэндийг үнэлсэн эсвэл хамгаалсан заалт хэр байдаг юм бол?
-Эрүүгийн хуулиар хүний амь нас хохироосон хүн ямар ч хохирол төлдөггүй, санхүү эдийн засгийн аргаар нөхөн төлүүлэх заалт ч байдаггүй. Ер нь бол, янз бүрийн л гэмт хэрэг гарна шүү дээ. Гарсан хохирлынх нь хэмжээ өөр. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд нэхэмжлэх их түвэгтэй байдаг. Ослын дараа нуруу нугас нь гэмтээд эмчлүүлээд гайгүй болсон ч гэсэн хэсэг хугацааны дараа гадаад, дотоодод эмчлүүлэх шаардлага гарч болно.
Тиймээс дараа нь гарч болзошгүй хохирлыг нь мөнгөн хэлбэрээр нарийн тооцоолж гаргах хэцүү. Харин хөнгөн гэмтэл авсан хүнд эмчилгээний зардлаас гадна таван сая төгрөгийн нөхөн төлбөр өгдөг болговол хүн гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжилнэ. Эдийн засгийн аргаар л хөшүүрэгдэх хэрэгтэй. Ийм байдлаар ч хариуцлага тооцох ёстой. Одоо бол хүн зодоод эрүүл мэнд, гоо сайханд нь халдчихаад эмчилгээний төлбөр өгөхгүй байна шүү дээ. Иймд хуулийн заалт нь хатуу, хариуцлага өндөр байвал хувь хүн өөрийгөө гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ. Ингэснээр гэмт хэргийн гаралт ч буурна.

-Монгол хүний эрүүл мэнд, амь нас хэдэн төгрөг юм бэ. Яаж тогтоох уу?
-Үнэлгээ хийх их бэрхшээлтэй л дээ. Хүний амь нас, эрүүл мэндийг мөнгөөр үнэлэх хэцүү шүү дээ. Гэхдээ гадаадынхны жишгээр үнэлэх ёстой л доо. Ингэж мөнгөн хэлбэрээр илэрхийлж гаргаж ирвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн нөхцөлд хохирогчийн эдийн засгийн баталгааг хангах ач холбогдолтой. Санаатай үйлдэгдсэн хэргүүдэд шүү дээ. Хууль зүйн шинжлэх ухаан гэдэг чинь  нарийн учраас судлаад Эрүүгийн хуульд их бага, хэмжээгээр шинээр тусгах хэрэгтэй. Одоо байгаа заалт нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна. Ардчилсан нийгэм, ардчилсан төр л юм  бол хүн рүүгээ бодлогоо чиглүүлэх ёстой л доо. Наад зах нь, эрүүл мэндийн салбарт гэхэд тулгамдсан олон асуудал байна.

-Наанадаж, орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмж нь хангалттай байдаг бол хүмүүс заавал гадаадад явж оношлуулж, эмчлүүлэх шаардлагагүй байх л даа. Энэ ч гэсэн хүний амьд явах эрхэд орно биз дээ?
-Өнөөдөр төр хүнийхээ хойноос тэр бүр явахгүй байна шүү дээ. Монголчуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангачихвал амь нас эрүүл мэнд нь баталгаатай болно. Өнөөдөр хүндээр өвдвөл мөнгөгүй нь үхэхээ хүлээж, мөнгөтэй нь гадаад руу явж эмчлүүлж байна. Зарим хүн хамаг байдгаа зараад явж байна шүү дээ. Би ардчиллыг дэмждэг. Гэхдээ Монголд  нэгд хүний эрх, хоёрд албан тушаалтны амбицыг тавьдаг болбол гэж бодох юм.

-Эрүүгийн хуульдаа заалт нэмэх шаардлагатай гэж ярилаа. Гэхдээ эдийн засгийн энэ хөшүүргийг нь хэн суулгаж өгөх ёстой юм бэ?
-Нэн даруй өөрчлөх ёстой. Монгол хүний эрүүл мэнд, амь нас цаашлаад үнэлэмж гэвэл маш өргөн хүрээтэй асуудал шүү дээ. Нийгмийн харилцааг зохицуулсан сайн хууль гарвал эргээд гэмт хэргийн гаралт буурна. Тэгж байж эрсдэл багасдаг. Нийгэм цаанаасаа ийм зүйл шаардаж байгааг Засгийн газар мэдэрч болохгүй юмыг нь зохицуулсан хууль гаргах ёстой. Зүгээр л гаргах ёстой юм шиг хууль батлаад байж болохгүй. Наад зах нь Хөдөлмөрийн тухай хуулиар монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх шаардлагатай байна. Өнөөдөр Оюу толгойд гадаадын иргэн 30-40 мянган ам.долларын цалин авч байгаа бол монгол хүн 1000 ам.доллар авч байна. Нэг ёсондоо эх орондоо боолын хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс л эхлэх ёстой байхгүй юу. Тэгэхээр хуульдаа энэ талын зохицуулалт хийх цаг нь болсон.

0 Сэтгэгдэл
Sain hyn shyy
Хамгийн их уншсан