Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨМНӨ НЬ МАН-Д ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ БАЙСНЫГ НОТОЛЛОО

МАН-ынхан долоо хоног бүрийн мягмар гарагийн 12:00 цагт намынхаа дотоод болон цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийдэг болсноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар тэргүүтэй нарийн бичгийн дарга нар нь уржигдар ээлжит мэдээллээ орон нутгийн сонгуулийн дүн, сонгуулийн өмнөхөн бусад улс төрийн хүчин, нэр дэвшигч хууль зөрчсөн талаар цагдаагийн байгууллагад өгсөн гомдол, мэдээллийг нь хүлээж аваагүй, МАН-ынхны эрхийг зөрчлөө гэсэн сэдвээр өгсөн юм.

Энэ үеэр тэдний ярьсан, хэлсэн зүйлээс  анхаарал татсан нь бишгүй л байлаа. Тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Хууль, шүүхийн шинэчлэлийг хэрхэн хийж буйд дүгнэлт хийж, эргэж харах цаг нь болжээ. МАН-д хууль үйлчилдэг болоод хэдэн сар өнгөрч байна...” хэмээн байр сууриа илэрхийллээ. Хууль, шүүхийн шинэчлэлээс болж МАН “хохирч” байгаад гомдолтой яваа юм гэнэ. Тус намд өмнө нь хууль үйлчилдэггүй, хуулиар “тоглодог” байсныг түүний яриа нотлох шиг болов.

Хэрэв МАН-ынхан хууль зөрчөөгүйсэн бол өдгөө наад зах нь УИХ-д албан ёсны намын бүлэгтэй, Өвөрхангай аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан гээд байгаа Н.Төмөрхүү, С.Чинзориг нар нь парламент дахь гишүүдийнх нь тоог аль хэдийнэ хоёроор нэмэх байлаа. Хууль зөрчсөн үйлдэл нь л тэдэнд чөдөр тушаа болсныг одоо ч ойлгохгүй, харин ч бид хуулийн дагуу бүх зүйлийг хийдэг гэж буй нь эгдүүцэл төрүүлж буй. Шинэчлэлийн Засгийн газар МАН засаг барьж байх үеийнх шиг бүх зүйлд хандахгүй байгааг ч хүлээн зөвшөөрч чадахгүйдээ хийсэн юм болгоныг нь шүүмжилж, өөлөөд л. МАН УИХ, НИТХ, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-д далаараа тавиулчихаад байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр гурван шатны сонгуульд ялагдсандаа янз янзын л тайлбар хэлж сууна, тэд. УИХ, НИТХ-ын сонгуульд өвдөг шороодохдоо санал тоолох автомат машинд буруугаа чихэж, саналын хуудсыг дахин гараар тоолъё хэмээж байлаа. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуульд чамлахааргүй амжилт гаргасан ч, АН-ыг гүйцээгүй учир цагдаа, шүүхийн байгууллага улс төржсөн учир бид ялагдлаа гэсэн утгатай зүйл яриад сууж байна.

МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд “МАН-аас нэр дэвшигчдийн гомдлыг шүүх, цагдаагийн байгууллага хүлээн авч, хянахгүй байна. Сонгуулийн үеэр бидний гаргасан гомдол мэдээллийг хав дарж эсвэл буцааж байсан. Түүгээр ч зогсохгүй илт давуу ялсан нэр дэвшигчдийг эгүүлэн татахаар оролдож байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт 18 нэр дэвшигчийг бүгдийг нь шүүх, цагдаагийн байгууллагад өгсөн байгаа юм. Ингээд 3-4 аймагт шүүхийн оролцоотойгоор ялах бодлого баримталж байна” гэж гомдоллов. Хууль зөрчсөн л бол цагдаа, шүүхийн байгууллага шалгах нь зүйн хэрэг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэгчээр МАН-ын зарим нэр дэвшигч хууль зөрчсөн үйлдэл хийсэн учраас л хууль хяналтын байгууллага шалгаа биз гэдгийг эрүүл ухаантай хүн бүр л ойлгоно.

Цагдаагийн байгууллага ч МАН-ынхны дээрх гомдолд орон нутгийн сонгуулийн үеэр хуулийн хүрээнд ажил, үүргээ гүйцэтгэсэн хэмээн тайлбар хийлээ.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нийт 366 гомдол, мэдээллийг иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Үүний 236-г нь орон нутгийн цагдаагийн байгууллага, 130-ыг нь Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгасан байна. Ингээд дээрх гомдол, мэдээллийн хоёрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 61-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Мөн 73 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн гэнэ.
Аль намын нэр дэвшигч хэрхэн хууль зөрчсөнийг энд онцлоогүй ч орон нутгийн сонгуулийн үеэр хуудуутай үйлдэл гарсан нь тодорхой байна. Хууль зөрчсөн л бол “Манай намд л хууль үйлчлээд байна” гэж гомдоллох бус хариуцлагаа үүрээд гарах нь шударга ёсонд нийцнэ бус уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан