Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХ МАЙДАР ЗАЛРАН ИРЭХ АЙСУЙ ӨДРИЙН ЧИМЭЭ

Их Майдар бурхныг 54 метрийн өндөртэй бүтээж байгаа нь АНУ-ын Эрх чөлөөний хөшөөнөөс найман метрээр өндөр болж байгаа юм. Бурхныг Хятад улсад урлаж дууссан бөгөөд өлмийг нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд залаад байгаа юм.
Төсөл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор хэрэгжиж байгаагаараа онцлог. Тэгвэл өчигдрөөс “Их Майдар” төслийн хүрээнд “Их Майдар сан”-гаас санаачлан буддын шашин судлал, сур­галт, эрдэм шинжилгээний байгууллагууд хамт­ран “Майдарын эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт Олон улсын эрдэм шин­жил­гээний анхдугаар бага хурлыг зохион байгуулж байна. Уг бага хурлаар эрдэмтэн, судлаачид буддын шашин, философи, урлаг соёлын орчин үеийн нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаархи сүүлийн үеийн шинэ судалгааныхаа үр дүнг толилуулсан юм.
“Майдарын эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдаж, сонирхсон эрдэмтэн багш, оюутан залуус олноор оролцлоо. Анхдугаар бага хурлаар өчигдөр МУИС-ийн НШУС-ийн Шашин судлалын тэнхимийн багш, гавж Т.Булган “Майдар шүтлэг ба монголчууд”, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Түвд судлалын хүрээлэнгийн орлогч захирал, доктор, профессор С.Ю.Лепехов “Буддын шашны соёл иргэншил дэх Майдарын соёл ба Монголын соёлын шүтлэг”, МУИС-ийн НШУС-ийн Шашин судлалын тэнхэмийн эрхлэгч М.Гантуяа “Майдарын эрин-Зөн билгийн эрин болох нь”, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, гэвш лам Н.Амгалан “Их хүрээний Майдар дацангийн уламжлалт ёсон”, ОХУ-ын Тувагийн Соёлын өвийн төвийн захирал, доктор Бичелдей Ульяна Пав­ловна “Тува дахь Майдар шүтлэг” гэх мэтчилэн сэдвээр эрдэм­тэн, судлаачид илтгэл тавьж, са­нал дүгнэлтээ хуваалцсан юм. Энэ үеэр “Их Майдар” төслийн хү­рээнд бүтээн бай­гуулж буй Их Май­дар бурхан бо­лон цог­цол­бор газ­рын талаар за­рим эрдэмтэн, хүмүү­­сээс санал сэт­гэгд­лийг нь сонссон юм.

Т.Булган: Бидний өвөг дээдэс Майдар бурхныг хойч үедээ өвлүүлж ирсэн

/МУИС-ийн НШУС-ийн Шашин судлалын тэнхимийн багш, гавж/

-Майдар бурхны талаар монголчууд сайн мэддэг. Ялангуяа, бидний өвөг дээдэс Майдар бурхныг шүтэж, ном сургаалийг нь судалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн ирсэн. Үүний нэг үргэлжлэл болж “Их Майдар сан”-гаас Их Майдар бурхны цогцолборыг бүтээж байна. Энэ нь бидний болон ирээдүй хойч үе болох хүүхэд, залуучуудад шашны өв, Их Майдар бурхныг танин мэдүүлэх, өвлүүлэн үлдээх, түүгээр ч зогсохгүй Монголын их уламжлал, зан заншлыг дэлхийн бусад оронд танилцуулахаар зорьж буй үйл хэрэг юм. Майдар бурхныг бурхан гэдэг талаас нь яривал их том агуулгатай. Өөрөөр хэлбэл, гэгээрсэн хүн юм. Яаж гэгээрсэн бэ гэхээр амьтныг хайрлах, нигүүсэх, бусдын төлөө үүрэг хариуцлага хүлээх, бусдын төлөө ажиллаж, сэтгэж, бүтээдэг хүн байсан. Майдар гэдэг үг маань өөрөө асрах, хайрлах, энэрэх гэсэн агуулгатай юм.
“Их Майдар” төслийг хэрэг­жүүлж байгаа нь монгол­чууд өөрсдийнхөө өв уламж­лал, шашин шүтлэг, түүх соё­лоо таньж, сэргээж буй яв­дал. Сэргээнэ гэдэг нь зөв­хөн нэг бурхан бүтээгээд зог­сох биш ирээ­дүй хойч үедээ хэрхэн амьд­рах гээд бү­хий л зүйлээ сайн сайхан байл­гахад оршиж байгаа юм. Өнөөдрийн анхдугаар бага хурлыг харж байхад гадаа­даас их олон эрдэмтэн Монго­лын шашин, бурхныг су­далж, маш сонирхолтой илтгэ­лүүд тавьж байна. Энэ нь, биднийг таньж, сонирхож байгаа­гийн нэг илрэл. Тиймээс энэ нь зөвхөн одоо цагаар тодор­хой­логдохгүй хойч үедээ өвлүүлэн үлдээж буй соёлын өв юм.

Н.Амгалан: Майдар бурхныг бүтээснээр маш том соёлын өв бий болж байна

/Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, гэвш лам/

-Майдар бурхан асар их энэрлийн бурхан юм. Тиймээс лам хүнийхээ хувьд хэлэхэд монголчууд эв нэгдэлтэй, эрүүл саруул, нэг нэгнийгээ асран, энэрэн, хайрлаж, бие биеэ хүндэтгэн дээдлэх хэрэгтэй гэж боддог. Энэ бүхэн байвал атаа хорсол үгүй болж, сайхан амьдрал цогцлон бүрдэх юм. Ер нь, одоогийн нийгмийг хараад байхад бие биеэ ойлгохгүй, гэм хорын үл ойлголцлыг үүсгэж, атаа хорслоор дүүрэн байна.
Тиймээс асрал, энэрлийн нандин бурхан болох Майдар бурхныг бүтээж байгаа нь их буянтай, ач холбогдолтой зүйл болж байгаа юм. Мөн Их Майдар бурхныг бүтээснээр монголчууд өөрсдөдөө соёл, шашны маш том өвийг бий болгоод зогсохгүй, дэлхий нийтэд монголчууд юу хийж чаддагаа харуулж байгаа нь маш сайшаалтай хэрэг билээ.

Н.Сувд: Том цогцолборыг дагаад аялал, жуулчлал эрчимтэй хөгжих байх

/Ардын жүжигчин, Төрийн шагналт/

-Их Майдар хэмээх шашны агуу их түүхт, нандин бурхныг бүтээж, үүнийгээ дагаад бүхэл бүтэн цогцолбор бий болгож байгаа нь маш сайхан үйл хэрэг. Миний хувьд их баяртай байна. Үүнийг дагаад монголчуудын оюуны болоод, соёлын асар том уламжлал яваа учраас улсын хөгжил болоод хүнийг хүн болгоход маш тустай үйл гэж бодож байна. Мэдээж ирээдүй хойч үеийн залууст том өв уламжлал болон үлдэж байгаа нь хамгийн сайхан хэрэг. Энэ их том цогцолборыг дагаад аялал, жуулчлал ч эрчимтэй хөгжих байх.

М.Гантуяа: Майдар бурхныг бүтээснээр өнөөгийн залууст уламжлалт шашны ойлголт, мэдлэгийг өгөх юм

/МУИС-ийн НШУС-ийн Шашин судлалын тэнхимийн эрхлэгч/

-МУИС-ийн НШУС-ийн Шашин судлалын тэнхим “Их Майдар сан”-тай хамтран ажиллаж, Их Майдар бурхныг бүтээхэд гар, бие оролцож байна. МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн багш, эрдэмтэн, судлаачид маш олон жилийн турш Монголын шашин, шашны соёл, шашин нийгэм, хүмүүс гээд шашинтай холбоотой олон салбарыг судалсаар ирсэн. Их Майдар бурхныг судлах асуудал ч үүний хүрээнд явж ирсэн. Юутай ч, энэ их буянтай үйл хэрэг бий болсноор бидний хойч үе болоод өнөөгийн залууст маш том ухаарал, эрт үеэс уламжлан ирсэн шашны ойлголт, мэдлэгийг өгөх юм. Зөвхөн Монгол Улсаар зогсохгүй гадаадын орнуудад ч таниулах зорилго оршиж байгаа гэж бодож байна.

Г.Балжинням

0 Сэтгэгдэл
Энэ хэнд хэрэгтэй юм бэ.
Хамгийн их уншсан