Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭ ОНООС ӨМНӨ ПАРЛАМЕНТ ЭЛЭГ БҮТЭН БОЛОХГҮЙ НЬ

Парламент бүрдсэнээс хойш чамгүй хугацаа өнгөрч, олон ч асуудлыг баталж, нийгэмд хэрэг­жүүлэхээр төлөвлөчихлөө. Гэвч өнөөг хүртэл УИХ-ын 76 гишүүн бүрдээгүй, хууль тогтоох байгууллага элэг бүтэн болоогүй л байна. Хоёр тойргийн асуудал бүрэн шийдэгдээгүй гэсэн шалтгаанаар зарим гишүүний  тангараг өргөх асуудлыг хойшлуулсан. Үүний нэг тойргоос тодорсон хоёр хүн гишүүний тангар­гаа өргөн бүрэн эрхээ хэрэг­жүүлээд эхэлчихсэн байгаа. Гэхдээ нэр дэвшиж, сурталчилгаа хийх явцдаа хууль зөрчсөн гэж хэрэгт татагдаад буй.
Бараг л бүрэн эрхээ хураалгах дээрээ тулчихсан. Мөн дахин сонгуульд ялалт байгуулсан нь тан­гараг өргөх өдрөө хүлээн, жаг­саал­­таар парламентад орж ирэх нэг нь гишүүний батлахаа хэзээ гар­дах бол хэмээн чих тавин сууна. Уг нь, 14 орчим хоногийн өмнө л танга­раг өргөчихнө гэсэн яриа гарч, УИХ-ын Тамгын газ­рынхан бэлтгэлийг нь базааж бай­сансан. Гэтэл сүр дуулиантайхан тарсан энэхүү зар биеллээ олсонгүй. Өнөөдөр ч таг чиг. Эзэн­гүй суудал хэзээ түшээдээ хүлээн авах юм бол гэсэн хүлээлт ч нийгэмд үүсчихэж.
Тангараг өргөх, өргүүлэх асууд­лыг парламент дахь намууд, тэр дундаа цөөнх нь шийддэг болчих­сон мэт. Уг нь, СЕХ тухайн тойрогт ялалт байгуулсан хүмүүсийг өр­гөн мэдүүлсний дагуу УИХ-ын Там­­гын газар тангараг өргөх үйл ажил­лагааг зохион байгуулдаг гэдэг. Харин өнөөдөр энэхүү журам огт хэрэгжихгүй болжээ.
СЕХ өөрийн үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, эзэнгүй сандал, тух­лаг өрөөний эздийг аль эрт тод­руулчихсан буюу 20 гаруй хоно­гийн өмнө төрийн тэр­гүүнд айлтгаж, УИХ-ын даргад өргөн мэдүүлчихсэн юм. Үүний дагуу тухайн цаг үеэс хойш парламентаар хэлэлцэх асуудлын дараалалд байнга оруулсаар ирэв. Харин энэ долоо хоногт алга. Тиймээс таван гишүүнийг тангараг өргүүлэхгүй гэсэн үг.
Элэг бүтэн болох эсэх нь иргэдэд туйлын их хамаатай. Харин улс төрийн хүчнүүдэд тийм ч их хамаатай бус. Зөвхөн нэг нэгэндээ шантааж хийх нь л гол зорилго нь мэт. Маргаан үүссэн ч асуудал нь нэг тийш болсон Өвөрхангайн тойргийн асуудалд МАН гэдийчихлээ. Учир нь, Ардын намаас сонгогдсон гэх хоёр хүн хууль зөрчсөн тул ялагчаар тооцохгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл уг шийдвэрийг МАН-ынхан эсэргүүцэн, ардын засгийн хүүг ад үзлээ хэмээн тангараг өргөх чуулганд бойкот хийж, тасалдуулсаар. Магадгүй дээрх шийдвэр АН-ын эсрэг чиглэн, 90 гарсан настай намыг дэмжсэн тогтоол болон хувирахгүй бол эзнээ хүлээсэн таван суудал эзгүй хэвээр л байх бололтой. Гэхдээ ийм зүйл хэзээ ч болохгүй биз. Хараат бусаар ажиллах ёстой шүүхийнхэн хууль журмын дагуу асуудлыг шийдсэн тул шийдвэрээ өөрчлөхгүй гэсэн үг.
Дан ганц МАН шүүх засаглалыг эсэргүүцэн парламентын чуулганы нэгдсэн хуралдааныг тасалдуулаад байгаа хэрэг биш. МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвсэл ч үүнд маш их нөлөө үзүүлэх болов. Тус эвслээс намын жагсаалтаар ганц хүн парламентад орох эрх нь нээлттэй байгаа.
Сонгуулийн төв байгууллагаас өнгөрсөн долдугаар сард тус намаас жагсаалтаар орж ирэх хүний асуудлыг шийдэж, холбогдох бүх шатны байгууллагад өргөн мэдүүлсэн. Ийнхүү “Шударга ёс” эвслээс тангараг өргөх 11 дэх гишүүнээр Ц.Оюунбаатар тодорч, УИХ-ын Тамгын газрынхан бэлтгэл ажлаа базаагаад байсан ч түүний оронд Н.Энхбаяр, Э.Батшугар нарын аль нэгийг парламентад суулгахаар эвслийнхэн шийдэж, тангараг өргүүлэх ажиллагааг зогсоов. Өдгөө ч энэ л асуудлаас үүдэлтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй, ирц бүрдүүлэхгүйг хичээсээр.
Ийнхүү 22 жилийн түүхтэй, Монгол Улсын ардчилсан парламентад тангараг өргөх гэхээр чуулганыг тасалдуулах гэдэг нэгэн шинэ өвчин дэлгэрэв. Энэхүү өвчнийг илааршуулж, анагаах эмийн жор хараахан алга. Зөвхөн өвчнийг түр намдаах бэлдмэл л бий. Тэр нь, тангараг өргөх чуулганыг хойшлуулах. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол МАН, МАХН-ын бойкотоос үүдэн чуулган тасалдах болгонд хэлэлцэх бусад асуудал ч хойшилсоор. Иймд зарим асуудлаа урагшлуулах зорилготойгоор тангаргийн асуудлыг оруулахгүй байхаар шийджээ, олонхийн бүлэг.
Энэ байдал цаашид үргэлжилсэн хэвээр байх юм бол парламент маань таван гишүүнээр бүл нэмж, элэг бүтэн болох нь “лөөлөө” бололтой. Лав л энэ ондоо багтаж таван гишүүн суудлаа эзлэхгүй нь. Ер нь, олонхид тавих цөөнхийн бойкот 22 жилийн хугацаанд байгаагүйгээр дээд цэгтээ тулж байх шиг. Ийм буруу ч гэмээр юм уу, эсвэл улс төрийн гажиг ч гэхээр нөхцөл байдал үүсчихлээ. Харин үүнийг засч залруулах ажил огт хийгдэхгүй байсаар.

Э.Мөнгөн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан