Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Карлос Слим: Дэлхийн тэргүүн баян гэдэг аваргын алтан титэм биш

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Мексикийн тэрбумтан Карлос Слим ажил амьдрал, бизнесийн түүх, гэр бүлийнхээ талаар CNN телевизэд илэн далангуй ярилцлага өгснийг хүргэж байна.  
-Өнөөдөр манай студид дэлхийн хамгийн баян хүн ирээд байна. Дэлхийн тэргүүн баян хүн гэж хэлэгдэх ямар мэдрэмж төрүүлдэг бол гэж хамгийн түрүүнд асуумаар байна?
-Ялгаа байхгүй дээ. Угаас энэ бол чухал биш. Харин чи юу хийж бүтээж байна, компани чинь яаж ажиллаж байна гэдэг л хамгийн чухал.
-Тэгэхээр дэлхийн тэргүүн тэрбумтан гэдэг тийм ч сүйдтэй алдар нэр биш байх нь?
-Тийм ээ. Энэ чинь аваргын алтан титэм биш шүү дээ. Зүгээр л хүч, боломж, бололцоо юм.
-2010 онд “Форбeс” сэтгүүлээс дэлхийн толгой баячуудын хөрөнгийг үнэлэхдээ таныг 53.5 тэрбум ам.доллараар тэргүүлсэн хэмээн зарлаж байсан. Таны хөрөнгийн хэмжээг тэд зөв тодорхойлж уу?
-Миний хөрөнгийн хэмжээ яг хэд вэ гэдгийг би төдийлэн анхаардаггүй. “Форбeс” сэтгүүлийнхэн хөрөнгийн хэмжээг үнэлэхдээ манай компанийн сандал ширээ гээд бүхий л эд хогшил, хөрөнгө оруулсан компанийн зах зээлийн үнэлгээ зэргийг авч үздэг байх. Гэхдээ зах зээлийн үнэ өдөр бүр, цаг тутамд өөрчлөгдөж байна шүү дээ. Хэрэв үнэхээр үнэн зөвөөр тодорхойлох гэж байгаа бол бизнесийн үйл ажиллагаа, технологийн хөгжил, компанийн хөрөнгө оруулалтыг авч үзэх нь илүү чухал.  
-Ингэхэд та хэдэн компанитай вэ?
-Манай томоохон компаниуд дороо салбар компаниудтай л даа. Бид голдуу санхүүгийн зах зээлд ажиллаж байна, санхүүжилт, хөрөнгө оруулалт, арилжааны банк, даатгал гээд. 45 жилийн өмнө байгуулсан компани маань ийм болтлоо өргөжөөд байна. Манай бизнес Латин Америк даяар, дээр нь АНУ-ын цахилгаан холбооны салбарыг бүхэлд нь хамаардаг. Үүний зэрэгцээ уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
-Танай гэр бүлийн мэдэлд 200 компани байдаг гэлцдэг. Энэ их ажлыг удирдахад асар өндөр хариуцлага нуруун дээр ирдэг байх?
-Тийм шүү. Эрх мэдлийг дагаад үүрэг хариуцлага ирдэг. Гэхдээ ганц би юмуу манай гэр бүлийнхэн ч бус компанийн маань менежментийн баг давхар өндөр хариуцлага хүлээх ёстой.
-Танай компанид нийтдээ хэдэн хүн ажиллаж байна вэ?
-АНУ, Мексик, Латин Америкийн бүх ажилтнаа тооцвол 250 мянга орчим.
-Та энэ олон компанийн толгой дээр суугаад яг юу хийдэг юм бэ?
-Хэрэв аливаа нэг бизнест орсон бол бизнес гэж юу болохыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Хэрэв та бизнес сайн мэддэг бол компанид чинь юу болоод байгааг тоо хэлээд өгнө. Тоогоор бүхнийг уншина гэсэн үг. Юу болж байна, хаана юу доголдоод байна гэдгийг тооноос хараад шууд мэднэ.
-Та тоондоо сайн биз?
-Тийм ээ. Сайн гэж бодож байна. Зарим хүмүүс бичигтээ сайн байдаг шиг би тоог илүү ойлгодог.  
-Та ер нь бизнесийнхээ гарааг яаж эхэлсэн бэ?

-12 настайдаа анхны хөрөнгө оруулалтаа хийж байлаа.
-12-оо?
-Тийм ээ, магадгүй түүнээс ч өмнө байх. Хамгийн анх би өөртөө данс нээсэн юм. Тэгээд хэсэг бонд худалдаж авч байлаа. Харин 13 настайгаасаа хувьцаа худалдан авдаг болсон. Аавтайгаа зэрэгцээд хувьцаа худалдан авч, хөрөнгө оруулдаг болсон. Намайг бага байхад Мексикт амралтын өдрөөр тэтгэмжийн мөнгө өгдөг байсан тул надад хөрөнгө оруулах өөрийн гэсэн мөнгө байсан юм. Түүнээс биш мөнгө олох гэж  юм уу амьдралын эрхээр тийм зүйл хийдэггүй байсан юм. Манай гэр бүл ч хангалуун чинээлэг амьдралтай байлаа. 1920-иод оны үед манайх маш баян айлын тоонд ордог байв.
-Тэгэхээр та эд баялаг дунд төрж өсчээ?
-Тиймээ.
-Гэхдээ та зүгээр суулгүй, хөдөлмөрлөсөн байна.
-Би 1965 онд анхны компаниа байгуулсан. Тамхи худалдаж бизнесээ эхэлж байлаа. Харин цаг хугацаа өнгөрөхөд бид илүү даацтай, томоохон хөрөнгө оруулалт бүхий бизнес хийж эхэлсэн.
-Тэр олон бизнесээс аль нь таны сонирхлыг хамгийн их татдаг вэ?
- Үл хөдлөх хөрөнгийн салбар миний сонирхлыг их татаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд уул уурхай болон цахилгаан холбооны салбарт хөрөнгө оруулах нь нэмэгдэж байна даа.
-Таны энэ амжилтыг эцэг тань харж чадсан болов уу?
-Үгүй ээ. Намайг 13 настай байхад аав минь өөд болсон. Гэхдээ намайг бизнест дуртай, энэ чиглэлээр явна гэдгийг аав маань мэддэг, сэтгэл хангалуун ч байсан.  Аав маань биднийг бизнест сургах гэж дэлгүүр нээж байсан юм. Уг нь түүний бизнес бүр 1911 онд эхэлсэн л дээ. Гэхдээ 1929 оны их хямрал эхлэхийн өмнөхөн компаниа хааж байсан юм. Аав маань  хямрал эхлэхийг  урьдчилж мэдээд компаниа хаагаад, 1940 оноос дахин эхэлсэн. Гэхдээ дахин бизнест орсон нь хүүхдүүдээ сургахын тулд байсан юм.  
-Таны аав Ливанаас Мексикт цагаачилж ирсэн гэсэн. Ээж тань Мексик хүн байсан уу?
-Манай ээж ч бас Ливан гаралтай. Аавыг 14 настайдаа Мексикт  ирсэн жил ээж маань хорвоод мэндэлсэн гэдэг.   
-Танайх хэдүүлээ вэ?
-Бид уг нь эцэг эхээсээ зургуулаа. Зургаан хүү байлаа. Би тав дахь нь. Гэвч одоо дүү бид хоёр л үлдэж дээ.  Би өөрөө ч бас зургаан хүүхэдтэй, гурван хүү, гурван охин.
-Та аавынхаа арга барилаар хүүхдүүдээ хүмүүжүүлсэн үү?
-Тийм ээ. Хэрвээ хүүхдүүдэд 1000 ам.доллар бэлнээр өгчихвөл тэднийг яаж амьдралд сургах вэ. Манай хүүхдүүд тансаг амьдралд өсөөгүй.  Тэд бүгдээрээ нэг орон дээр унтдаг.
-Яагаад?
-Нэгдүгээрт тэд хоорондоо ганц хоёр насны зөрүүтэй. Тиймээс ойр дотно байдаг. Хоёрдугаарт тэд хүмүүс хэрхэн хамтдаа амьдардгийг сурах ёстой. Миний ор, миний өрөө гэсэн өмчлөх зүйлгүйгээр хамтдаа бүхнийг эзэмшиж сурах хэрэгтэй. Ингэж нэг дор олуулаа амьдарснаар тэд хүмүүстэй зохицож, бас нэгдсэн зохион байгуулалтад орж сурна. Хэн нь түрүүлж ариун цэврийн өрөөгөө ашиглах вэ гэдгээ хоорондоо зохицохоос эхлээд цагийн хуваарьтай болно. Хамгийн гол нь тэд маань бие биенээ илүү их хайрладаг болсон.
-Саятнаас тэрбумтны хэмжээнд хүргэсэн гол эргэлт, өөрчлөлт таны амьдралд хэзээ тохиолдсон бэ?
-Хөрөнгө оруулалт. Аав маань хэлдэг байсан юм. Мөнгө ууршдаг гэж. Энэ нь хөрөнгө оруул, дахин хөрөнгө оруул гэсэн үг гэж би ойлгодог. Манай компанийн бас нэг онцлог нь бид одоо болтол оффисын барилгагүй. Манайхан үйлдвэр дээрээ байрладаг.  Харин манай бизнест гарсан гол өөрчлөлт гэвэл 1982 онд тохиолдсон. Тэр үед дэлхий нийтээр санхүүгийн байдал сайнгүй, хүмүүс үл хөдлөх хөрөнгө, компаниа зарах нь их байсан. Харин надад түүнийг нь худалдан авах мөнгө байсан.  
-Хүмүүс бодохдоо дэлхийн хамгийн баян хүн маш тансаг харшид амьдардаг байх гэж төсөөлдөг. Харин таны амьдралын хэв маяг маш энгийн юм?
-Манайх одоогийн байшиндаа 14 жил амьдарч байна. Энэ байшинд надаас гадна хүүхдүүд маань бүгдээрээ гэр бүлтэйгээ амьдардаг.
-Та яагаад ийм даруухан амьдардаг юм бэ. Үүнээс 10 дахин том байшинд амьдарч болох л хөрөнгө бэлтэй хүн шүү дээ, та?
-Тийм том байшингаар юу хийх вэ. Тэрэн дотор чинь хүн өөрийгөө гээчихнэ шүү дээ. Хэрэв том харшид амьдарвал гэр бүлийнхнийгээ ч олж харж чадахаа байна. Манай гэр бүлийн хувьд орон зайг бус хамтдаа байхыг л эрхэмлэдэг. Би бага байхдаа том байшинд амьдарч үзсэн. Эхнэр маань ч орд харш ямар байдгийг мэднэ. Тиймээс одоо бидэнд тэр хэрэггүй.  
-Тэрбумтнууд бусдын төлөө хөрөнгө мөнгөө зориулах нь их болжээ. Та ч бас тэдний нэг. Ирэх онд та хэдий хэмжээний мөнгийг бусдад хандивлахаар төлөвлөж байна?
-Би энэ жил хэдэн саяыг, дараа нь хэдэн мянгыг гэх мэтээр төлөвлөж, тодорхой хязгаар тогтоодоггүй. Гол нь хаана асуудал бэрхшээл байна, түүний судлаад хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй байна тэр бүгдийг өгдөг. Манай сан зөвхөн Мексикт биш Латин Америк даяар үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, манай мэс заслын хөтөлбөр Латин Америкийн бүх оронд хэрэгждэг. Манайх Мэс засалчдын холбоотой хамтраад эмч нарын  зав чөлөөтэй цагаар нь өвчтэй хүмүүст үнэгүй хагалгаа хийлгэдэг. Түүний бүх зардал, тоног төхөөрөмж, ажлын нөхцлийг бид хангадаг.
-Эрчүүд бэлжихээрээ спортын баг худалдан авах нь элбэг байдаг. Танд тийм бодол бий юу?
-Үгүй дээ. Зүгээр л харж баясах нь дээр. Хэрвээ нэг баг худалдаад авчихвал тэр чинь ажил болоод, баясч чадахаа болино шүү дээ.
-Таны зорилго мөнгө олох мөн үү?
-Үгүй. Мөнгө хэзээ ч миний зорилго байгаагүй. Харин компаниа өргөжүүлэх, хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвартай байх, өөр салбарт хүч сорих, үр ашигтай бизнес эрхлэх нь миний зорилго. Миний бас хамгийн том зорилгын нэг нь компанийнхаа ажилтнуудыг хөгжүүлэх. Хүнээ чадваржуулахгүйгээр юу ч бүтээж чадахгүй.
-Таныг дэлхийд байхгүй уран зургийн цуглуулгатай гэж сонссон?
-Эхнэр маань уран зурагт ухаангүй дуртай байсан юм. Бид 1966 онд бал сараа тэмдэглэж байхдаа анхны зургаа авснаас хойш арвин баялаг цуглуулгатай болсон. Үүгээр 16 жилийн өмнө музей нээсэн. Мексикчүүд маань төдийлэн хилийн чанадад аялаад байж чаддаггүй болохоор тэдэнд дэлхийн урын сангаас үзүүлэх нь миний нэг зорилго. Удахгүй бас нэг шинэ музей нээнэ.
-Та ингэхэд ямар нэг зүйл худалдан авахдаа үнийг нь асуудаг уу?
-Асуулгүй яах вэ. Бараа бүтээгдэхүүн ямар үнэ ханштай байгааг, зах зээлд юу болж байгааг мэдэх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ ямар нэг худалдан авснаар аз жаргалтай болдоггүй гэдгийг би сайн мэднэ. 20 машинтай байна уу, 40 цагтай байна уу хамаагүй. Энэ аз жаргал биш. Харин ч энэ асуудал л нэмдэг. Хүүхдэд тоглоом авч өгөх тусам тоохоо больдог шиг.  

Б.Сэвжидмаа


0 Сэтгэгдэл
mehica erch delhiin hamgiin bayan hvn gehed daruuhan baina shvv ih uhaantai bas aztai yumaa ingej bayjdaggui yumaa gehed mongol mongooroo terbumbatan gej tsolluulah yumsan sanaj yabahad bvteh baihaa
gaihaltai
ymar goe yariltslaga bolo we :O
mongo uurshdag,togloom avch ogox tusam tooxoo bolidog engiin bayan setgeltei yum
uneheer augaa. iim uchraas l delhiin terguun bayan hun bolson bh daa
Хамгийн их уншсан