Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алтан тариа”-н гурил яагаад чанаргүй гарав?

Тус компанийн арав, арваннэгдүгээр сард үйлдвэрлэсэн гурил, ялангуяа нэгдүгээр гурилын хувьд илт чанаргүй байсан нь хэрэглэгчдээс гомдол дагуулсаар өнөөдрийг хүрэв. Компанийн захирлын тайлбарласнаар буудайн болц оройтсоноос болж ийн чанаргүй гурил үйлдвэрлэхэд хүрчээ. Гэхдээ буудайн болц оройцсон, хэвтэлт гүйцээгүй буудай байсан гэдэг шалтгаанаар хэрэглэгчдийг хохироох эрх хэнд ч байхгүй. Тус үйлдвэрт олон жилийн турш итгэж найдсан хэрэглэгчийн итгэл дээр дөрөөлөн, чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэх эрх хэнбугайд ч байх ёсгүй. Өөрөөр хэлбэл чанаргүй гурил үйлдвэрлэж буйгаа энэ олон жил үйл ажиллагаа явуулсан үйлдвэрийн лаборатор шинжлээд гаргаж ирсэн л байх ёстой. Хэрвээ үйлдвэрийн лаборатор гаргаж ирээгүй бол хяналт тавих үүрэгтэй мэргэжлийн хяналтынхан, хүнсний байцаагчийн хаагуур өнгөрсөн байж таарах вэ. Учир нь, бол долоо хоногийн хугацаанд л тус үйлдвэрээс гарсан гурил биш. Бүтэн хоёр сар гарсан гэдгийг компанийн захирал өөрөө хэлсэн байгаа юм. Үйлдвэрийн лабораторын хувьд компанийнхаа мэдэлд учраас аль нэг захирал үг дуугүй худалдаанд гарга гэсэн тохиолдолд болохгүй ээ гээд гүрийх нь юу л бол...Харин Мэргэжлийн хяналт бол тэдэнд захирагддаггүй л баймаар...

Хэрэглэгчдийн гомдлыг хэрхэн барагдуулсан бэ?

Компанийн захирлын хэлснээр хэрэглэгчдээс шаардлага хангаагүй гурилыг буцаан авч мөнгийг нь олгож эхэлсэн гэнэ. Гэвч хэдэн хүн ууттай гурилаа бариад “Алтан тариа” компани дээр очиж байгаа гэж... 6500 төгрөгөөр авсан 10 кг-ын гурилаа аваад очдог юмаа гэхэд 17000 төгрөгөөр авсан 25 кг  гурилаа солиулахын тулд “Алтан тариа” компани руу такси хөлөглөөд явах хүн хэд байх нь тодорхой. Бөөнөөр зарж байгаа дэлгүүрүүдийн хувьд “Бид үйлдвэрлээгүй ээ, үйлдвэртэй нь учраа ол” гэх хариу өгнө. Наад зах нь 10 кг гурил авсан манайх гэдэг айл хоёр удаа хоол хийж үзээд л хаях жишээтэй. Гэтэл одоо заргалдах хэрэг үү. Тэгэхээр энэ тал дээр О.Магнай дарга “Алтан тариа” компанитай хамтран албан ёсоор мэдэгдэл хийх ёстой л болов уу.

Хэрэглэгч яагаад гомдол гаргасан бэ?
 
“Алтан тариа” компанийн хувьд  хэрэглэгчдийн итгэлийг үнэхээр даагаагүй. Тус компанийн худалдаанд нийлүүлсэн нэгдүгээр гурилын технологи алдагдсан уу ямар ч байсан хоолонд хэрэглэхэд тун бэрх гурил гарчихсан.
Харин захирлынх нь хэлснээр “хэрэглэгч сонголтгүй болсон учраас гомдол гаргасан” гэнэ. Монгол Улс өнөөдөр тариалсан буудайгаараа дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж байна.  Зөвхөн гурил үйлдвэрлэдэг 73 үйлдвэр улсын хэмжээнд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, “Алтан тариа” жинхэнэ өрсөлдөгчтэй болчихсон учраас  хэрэглэгч гомдол гаргаж байна гэж  тус компанийнхан ойлгохгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Оросын гурилтай өрсөлдөж байтал үнэ нь нэмэгдээд өрсөлдөгчгүй болчихсон гэнэ. Гэтэл төр хэрэглэгчдийг хямдхан гурилаа сонголтгүй идэхээс аргагүй гэж тулгасан гэж тэр хэлжээ.
Хэрэглэгчийн өмнөөс заавал асуух ёстой гурван асуултад “Алтан тариа” иймэрхүү л тайлбар хийлээ. “Магадгүй , үйлдвэрээ ч хаах биз хэмээн бас “ сүрдүүлэв. Гэтэл яагаад гурилын хамгийн том үйлдвэрлэгч маань иймэрхүү хариуцлагагүй байдалд хүрч,  буруугаа өөрөөсөө хайхгүй байна вэ гэдэг үнэхээр анхаарал татна. “Алтан тариа”-тай холбоотой анхны гомдол энэ биш байх. Өмнө нь тариаланчид тус үйлдвэрт тушаасан буудайныхаа 20 хувийг хорогдолд тооцуулдаг, урдаас тус компанийн шошготой гурил орж ирсэн гэнэ гэх мэт гомдол гарч л байсан. Хэдийгээр үнэн, худлыг нь батлаагүй ч иймэрхүү гомдол байсныг дээр дооргүй л мэдэж байгаа. Үйлдвэрээ хаах шалтгаанаа Хөнгөлөлттэй зээлд хамрагдах санамж бичигт гарын үсэг зураагүй компани учраас нөөцийн буудай өгөхгүй. Тэгэхээр зургадугаар сарын 1-нд өөрийнхөө нөөцөлсөн буудайг дуусахаар хаалгаа барина даа” хэмээн компанийн захирал тайлбарлажээ. Тус компанийн гурилыг хэрэглэдэг хүмүүсээ боддоггүй юм аа гэхэд ажиллаж байгаа хэдэн зуун хүнээ бодоод ийм амархан хаалгаа барина гэмээргүй.  Хэрэглэгчийн гомдлыг төрд үүрүүлэх гэсэн компаниас хэрхэн хариуцлага нэхэх хэрэгтэй вэ. Хэргийн эзэн санамж бичгийн талаар эргээд саная л даа.
“Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдөр ҮХААЯ баталсан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд  “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Монголбанкнаас 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гурил үйлдвэрлэгчдэд олгохоор болсон. Зээлд хамрагдах шалгуур үзүүлэлтийн нэг нь нэгдүгээр гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон худалдааны томоохон зах төвүүдээр борлуулагдах жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй барих байсан. Улсын хэмжээнд гурилын үйлдвэрлэл явуулдаг том жижиг 73 үйлдвэр байдгаас 46 нь энэхүү зээлд хамрагдах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Санамж бичиг байгуулсан үйлдвэр дунд нэгэн цагт улсын хэмжээний гурилын бараг 70-аад хувийг дангаар хангаж байсан “Алтан тариа” байсангүй. Зээл авах шаардлагагүй байж болно. Бас заавал 550 төгрөгөөр гурилаа нийлүүлэхгүй ээ гэсэндээ ийнхүү гарын үсгээ зурахаас татгалзсан байж болно.. П.Цэнгүүн захирлын татгалзсан хөнгөлөлттэй зээл авах нөхцөлд:
-Гурилын үнийг тогтвортой байлгах талаар ҮХААЯ-тай санамж бичигт гарын үсэг зурсан байх
-Тариаланчид болон ТЭДС-аас хүнсний улаанбуудай худалдан авсан болон авахаар гэрээ байгуулсан
-Тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь зах зээлд танигдсан
    -Нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон томоохон худалдааны зах төвүүдээр борлуулах   жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр худалдаалахыг зохион байгуулах гэх мэт юм.
Харин нөөцийн буудайг улсаас санал болгосон үнээр нь авах эрх аль ч үйлдвэрт нээлттэй л баймаар. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлд хамрагдаагүй, санамж бичигт гарын үсэг зураагүй бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улаан буудай худалдан авахыг нь хориглоно оо гэж хаана ч алга. Тэгэхээр чухам яагаад гурил үйлдвэрлэгчид болоод тариаланчдыг дэмжих бодлогод “Алтан тариа” дургүй байгаа юм бол... Үнэхээр манай хувийн хэвшлийнхэн төрийн оролцоогүйгээр бизнес эрхлэх бядтай болчихсон гэж үү.

Н.Бат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан