Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАГАНУУРЫН НҮҮРСИЙГ БҮХ ӨРХ ХҮРТЭХ БОЛЖЭЭ

Жил бүрийн өвлийг гэр хорооллын иргэд маань даарч зутруухан угтдаг. Тэгвэл 2012 оноос Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ хямд нүүрс нийлүүлэх болсон. Тарааж эхэлсэн цагаасаа сайн, муу хэл  ам дагуулсан Багануурын уурхайн нүүрс борлуулах цэг ямар байдалтай байгаа талаар хүргэе. Өдрийн 11:00 цагийн үед тус уурхайн нүүрс борлуулж буй цэгийг зорьж, 32-ын тойрог руу хөдөллөө. Дэнжийн 1000, Хайлааст орох зам дагуу нүүрс, мод өрөөстэй харагдана. Алаг толгой, Налайхын нүүрс шуудай нь 1200 төгрөг гэж бичжээ. Нүүрс  худалдаалах  эхний цэг дээр очиж ажвал Багануурын нүүрс  харагдсангүй. Худалдагчаас лавлавал “Энд хямд нүүрс байхгүй ээ. Борлуулалтын цэг дээрээ байгаа. Гэхдээ манай нүүрс ч ялгаагүй шүү дээ. Жижиг шуудайтай болохоос биш. Ав л даа” хэмээв. Харин ойр хавьд нь Багануурын нүүрс борлуулах цэг байгаа эсэхийг тодруулахад “Уг нь, манай хажууд байсан. Саяхан татан буугдсан” гэв.

Дараагийн нүүрс борлуулах цэг дээр очвол мөн л Багануурын шар шуудайтай нүүрс харагдсангүй. Зарим иргэн Багануурын нүүрсийг ченж нар авч дамлан зарж байна хэмээж байсан. Тэгвэл ямар ч байсан Дэнжийн 1000, Хайлаастын чиглэлд дамын наймаа байхгүй аж.

Ингэж явсаар нүүрс борлуулах 144 дүгээр цэгийг оллоо. “Та Багануурын нүүрстэй холбоотой санал хүсэлтээ 1243  дугаарын утсанд өгнө үү” гэсэн бичиг үүдэндээ наажээ. Харин хашаа руу орвол 50 гаруй шуудай нүүрс эгнүүлэн тавьчихсан хоёр борлуулагч зогсч байлаа. Тэд нүүрсээ ямар нэг талонгүй олгож байгаа гэв. Уг нь, Багануурын нүүрсийг нийслэлийн зургаан дүүрэг, 88 хорооны нутаг дэвсгэрт худалдаалах болсон. Ингэхдээ тухайн иргэн шуудай нүүрсний үнэ буюу 3200 төгрөгийг банкинд тушаан, хорооныхоо хэсгийн ахлагчид баримтаа өгч нүүрсээ авахаар зохицуулсан. Тэгвэл яагаад талонгүйгээр нүүрс өгч байгааг борлуулагчаас тодруулахад “Анх Багануурын нүүрсийг худалдаалж байхад ид өвлийн хүйтэн байсан. Ихэнх айлууд нүүрсээ аваагүй үе. Харин одоо бол бололцоотой нэг нь нүүрсээ машинаар нь бөөнөөр авчихсан. Иймээс иргэдийн хөл хөдөлгөөн харьцангуй бага болсон тул янз бүрийн зохицуулалт хэрэггүй болсон байх” хэмээн хариулав. Тэрэг түрсэн иргэд ирэх бөгөөд ихэнх нь хоёроос гурван шуудай нүүрс авч байв. 

 Ингэж зогсох хооронд гартаа 10 мянган төгрөг барьсан нэгэн эмээ ирж гурван шуудай нүүрс авлаа. Өөрийгөө Л.Сүрэн хэмээн танилцуулсан тэрээр “10 мянган төгрөгөөр гурван шуудай нүүрс авч, гурав хоног түлж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаараад сайхан боллоо. Гэхдээ зөөж өгөх хүн алга.

Өөр газраас шуудайгаар нүүрс авахаар үнэгүй хүргээд өгдөг. Өндөр настай болон нүүрсийг нь ойртуулж өгөх хүнгүй айлд бол хэцүү л дээ. Тэрнээс бэрхшээл алга” хэмээн ярив. Харин иргэн Л.Дорж “Өнөөдөр дулаахан өдөр болохоор иргэд нүүрс авах гэж хошуураад байгаа юм алга. Өдөр бүр ийм байхгүй. Цас орж вагон бага ирсэн өдөр дуусчихдаг” гэв.

Иргэд 40 килограммаар савласан Багануурын нүүрсийг 3200 төгрөгөөр авч байгаа, нэг хорооны нутаг дэвсгэрт хоёроос гурван төвлөрсөн цэг ажиллаж байгаа гэнэ. Ер нь, иймэрхүү нүүрс борлуулах цэгийг байгуулснаар 1000 гаруй хүнийг ажлын байртай болгосон гэдэг. 

Нүүрс борлуулах цэгүүдэд нүүрс хангалттай байгаа бөгөөд талоноор олгохоо больж, авахыг хүссэн хүн бүрт худалдаж байгаа гэнэ. Тухайлбал, Хайлааст, Сонгинохайрхан дүүргийн нүүрс борлуулах цэгүүдэд Багануурын нүүрсийг авахыг хүссэн хүн бүрт худалдаж байв. Энэ талаар 144 дүгээр цэгийн борлуулагч Д.Мэндбаяр “Юм хомс байх тусам иргэд хошуураад байх юм билээ. Харин хангалттай үед тэр бүр оочер дараалал үүсгэдэггүй” хэмээн ярьсан. Харин ченж нарын борлуулж буй нүүрсний хувьд портер нь 130 мянган төгрөгөөс эхлэн борлуулж байгаа юм билээ.


Д.МЭНДБАЯР: ӨДӨРТ 170-180 ШУУДАЙ НҮҮРС ЗАРДАГ

-Өдөрт хэдэн шуудай нүүрс борлуулж байна вэ. Иргэд хэр худалдан авч байна вэ?
-Вагон цөөхөн үед 80-90 шуудай нүүрс ирж зарагддаг. Харин их үед 170-180 шуудай нүүрс борлуулчихдаг. Ер нь, ирсэн нүүрс өдөртөө л зарагддаг.
Иргэд их авч байгаа. Энэ нүүрс гарснаар зах зээл дээрх нүүрсний үнийг харьцангуй барьж чадсан. Одоо шуудай нүүрс 1200 төгрөгөөс нэмэгдэхгүй л байна. Өмнө нь цас ороод их хүйтэрсэн үед л нүүрсний үнэ нэмэгдчихдэг шүү дээ.

-Энэ нүүрс амьдралын бололцоо тааруу айл өрхөд зориулагдсан. Яг тийм иргэд хэр авч байна вэ. Эсвэл бас л мөнгө санхүүгийн байдлаасаа болоод авч чадахгүй байна уу?
-Өдөртөө нэг, хоёр шуудай нүүрс авч байгааг харахад дандаа л нүүрсээ бөөнөөр авах бололцоогүй иргэд авч харагддаг. Нэг шуудай нүүрс зургаан жижиг шуудай нүүрс болдог. Тэгэхээр зургаан шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр авч байна гэсэн үг. Үнийн хувьд харьцангуй боломжийн.

-Багануурын нүүрсийг түлэхэд илч муу, тортог ихтэй  байна гэх юм. Тэгээд борлуулалт ч тааруу байгаа гэсэн?
-Манайх өөрөө түлдэг. Шаталт дажгүй, бусад нүүрстэй адилхан. Борлогдож л байна шүү дээ. Ирсэн нүүрс нь өдөртөө л зарагдчихдаг.

-Та цалингаа авсан уу. Урд талын нүүрс борлуулах цэг борлуулагчийнхаа цалинг өгч чадахгүйгээс татан буугдсан гэж байна билээ?
-Би цалингаа авч байгаа. Тэр яахав, нүүрс дутаагаад л татан буугдсан байх. Нүүрс дутаах юм бол цалингаас нь авна шүү дээ. Нүүрснийхээ тоог орлоготойгоо хамт тушаагаад байх юм бол асуудалгүй.

-Та энэ нүүрсийг гардан зарж байгаа хүний хувьд иргэдийн амьдралд хэр үр өгөөжөө өгсөн гэж бодож байна вэ?
-Ядарсан хүмүүст их нэмэр болж байгаа. Нэг шуудай нүүрсийг 1200 төгрөгөөр аваад өдөртөө түлж чадахгүй дуусна шүү дээ.

-Иргэдээс ямар нэгэн санал гомдол та нарт ирэх юм уу. Өнөөдөр хэдэн шуудай нүүрс зараад байна вэ?
-Одоохондоо өглөө болохоор мэдэгдэхгүй байна. Ямар ч байсан 20 гаруй шуудай нүүрс зарсан. Орой ажил тарах хүртэл зогсоход нэлээдийг зарчих байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан