Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МОНГОЛ ПОП 2” буюу уламжлал, шинэчлэлийн барилдлага

Том танхимын үүдэнд Монголын уламжлалт хэв мая­гийг хадгалсан хэрнээ орчин үеийн өвөрмөц хув­цаслалт бүхий зургаар бичил үзэсгэлэн гаргажээ. Мөн хямдралтай үнээр худалдаалах цомог, хуанли эгнүүлэн байр­луулсан байв. Монгол Ул­сын Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Монгол поп” төслийн хоёр дахь цомгийн дуунуудаа амьдаар дуулж, уг бүтээлд нь гар бие оролцож хөдөлмөрлөсөн хөгжимчдийг урьж тоглууллаа. “Үүлэн домог”, “Ай намар аа”, “Хүн болж төрсөн минь учиртай”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй” гэсэн дуугаар ийн хэвлэлийнхээ хуралд ирсэн зочдын сонорыг мялаав. Энэ дашрамд, дуугаа хэрхэн бүтээсэн бяцхан түүх өгүүлэн тайлбарлалаа. Залуу реппэр “Пуужин” Баяраатай хамтарсан “Үүлэн домог” дууг тэрээр энэ цомгийн гол шинжийг агуулсан бүтээл гэж тодотгов. Өвөг дээдсийн үед хэрэглэж байсан хэнгэргийн чимээг суурь болгож орчин үеийн хөгжмөөр чимэглэсэн аж. Ер нь, уламжлалгүйгээр шинэчлэл гарахгүй, шинэчлэл­гүйгээр уламжлал оршихгүй гэж тэр үзсэн байна. “Үүлэн домог”-ийн үг, утгаар жинхэнэ болоод хуурамч, үнэнч болоод худлын тухай өгүүлнэ. Харин билгэ танхай яруу найрагч Р.Чойномын “Намар” шүлгээр бүтээсэн дуу хоёр дахь нь. Тэрээр аль ч цаг үед зохиосон бүтээлийг албан ёсны зөвшөөрлөөр ашиглах ёстой гэдгийг тодотгоод  Р.Чойномын “Өд” сангийн зөвшөөрлөөр энэ дуу бүтсэн гэлээ. Нөгөө талаар Р.Чойномын алдарт “Сүмтэй Бударын чулуу” номын шүлэг бүхэнд дуртай учраас энэ агуу бүтээлийг бидний хойч үе сонсч, шимтэж байхын тулд дуу болгоё гэж бодсон гэж ярив. Энэ үеэр “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд “Монгол поп”-ын эзэнд баяр хүргэсэн юм. Тэрээр “Дуучин Д.Болдын энэ цомог нь Чойномд зо­риулсан бэлэг юм. Харин бид­ний зүгээс түүний тухай барим­тат кино хийж байгаа” гэв.
“Камертон” хамтлагийн ахлагч, “В продакшн”-ы захи­рал, СТА Д.Болд “Монгол поп” анхны цомгоороо Төрийн соёрхол хүртсэн билээ. Монголчуудын өв соёлыг уламжлах асуудлыг орчин үеийн урлагтай холбох их ажил эхлүүлсэн нь түүний хувьд том зориг. Хоёр дахь “Монгол поп”-оор тэр олон улсын зах зээлд уран бүтээлээ худалдаалж эхэлсэн нь бас нэгэн дэвшилтэт алхам. Түү­гээр ч зогсохгүй ухаалаг утасны хэрэглэгчид үнэгүй татаж авч болох “Монгол поп” аппликэйшнтэй болжээ. Хэтэрхий их чамирхаж, туйлширсан гэж шүүмжлэх хүн байж болох ч энэ бол Д.Болд шиг хөдөлмөрч уран бүтээлчээс гарах бас нэгэн зориг. Түүний аппликэйшнийг татаж авснаар дуу, цомог, хувийн амьдрал, уран бүтээл гээд бүх төрлийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэсэн үг аж. Хэрэв апп-дэлгүүрээс түүний шинэ санаачилгыг татаж авч сонирхох бол “Болд” гэсэн нэрээр хайж олоорой. Удахгүй аппликэйшнээ баяжуулж Монгол ёс заншил, соёл уламжлалын нэгдсэн сантай болгох аж. Энэ удаа тэрээр олон улсын дуу, хөгжмийн бүтээлийн зах зээлийг албан ёсоор эзэгнэж буй “iTunes” цахим дэлгүүрт бүтээлээ байршуулсан. Түүний дуу хамгийн эрэлттэй бүтээлийн тоонд орсон нь хэр сайн, чанартай болсныг илэрхийлнэ. Дуучин Д.Болд хэдхэн хоногийн өмнө “Монгол поп 2” цомгоо танилцуулж Ерөнхийлөгчийн гэрт нь зочилсон. Ерөнхийлөгчөөс Төрийн соёрхолт хүртээд гэртээ хариад нэгэн дуу зохиосноо хэвлэлийн хурлын үеэр дуулж сонирхууллаа.  “Хүн болж төрсөн минь учиртай” хэмээх дууны үг, аялгууг тэр өөрөө зохиожээ. Эгэлхэн үгтэй энэ дуугаар амьд явахуйн учир утгыг илэрхийлжээ. Хөгжим аялгуу нь алгуур намуухан эхэлснээ оргил руу цойлж байгаа мэт хүчтэй өрнөлтэйгөөр зохиосон нь дууны үгийг улам ч хүчтэй болгож. Тэрээр хүн болж төрөөд хөгжмийн ертөнцөд нэвтэрч, дуучны чадвар эзэмшиж “Камертон” хамтлаг байгуулсан. Өөрийн продакшнтай болж, орчин үеийн дууг уламжлалтай сүлэлдүүлэн хоёр дахь цомгоо гаргалаа. Монголын поп дууны ертөнцөд шинэлэг, дэвшилтэт болгоны ард Д.Болдын нэр холбогдож явсан. Залгамж халаагаа бэлтгэх ажлыг мөн л түүний хамтлаг сэдэж, өнөөдөр дөрвөн залууг амжилттай шалгаруулаад байна. Д.Болд хүмүүний энэ ертөнцийг онож мэндэлсэн нь үнэхээр учиртай байсан гэдэгт чин зүрхнээсээ итгэжээ.
“Камертон” хамтлагийн “18 нас” дуу энэ жил 18 насны ойдоо хүрч байгаа. Тэр ч үүднээс хамтлагаараа шинэ уран бүтээл, тоглолт хийхээр болсон тухайгаа сэтгүүлчдэд дуулгав. Мөн “Камертон 2” буюу шинэхэн хамтлаг маань өдөр бүр ах нартайгаа нэрнийхээ тухай ярилцаж байгаа гэсэн юм. Тэд ирэх зургадугаар сард Сингапур улсад хэлний бэлтгэлд суралцахаар явах гэж буйг дуучин Д.Болд хэллээ.
Дөрөв дэх дуу нь “Чамдаа би хайргүй байхын аргагүй” хэмээх бүтээл байсан юм. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн бичсэн дээрх шүлгийг дуу болгохдоо мөн л зөвшөөрөл авсан. Авах авахдаа бүр шөнийн 00:00 цаг болж байхад гэрт нь очиж уулзаж ярилцаад авсан гэнэ. Б.Лхагвасүрэн “Өдий олон жил ханилсан гэргийдээ зориулсан шүлэг минь дуу болох гэж байгаад баяртай байна” хэмээжээ. Ийнхүү нэгэн сайхан гэргийд зориулагдсан шүлгийг аялгуулан амилуулахдаа хөг эгшгийг нь Д.Болд мөн эхнэртээ зориулсан аж. Цомогт багтсан долоон дууны нэг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” бүтээл цааш цаашдаа хүний хайр булаасан олон гэргийд зориулагдан эгшиглэнэ гэдэгт Д.Болд итгэлтэй байгаа аж.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан