Билгийн

Доллар (USD)

2814.0

Улаанбаатар

+18°C
USD / 3589.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.66₮
SEK / 391.7₮
JPY / 25.2₮
RUB / 49.73₮
EUR / 4112.0₮
CHF / 4407.0₮
GBP / 4871.0₮
HKD / 459.8₮
CAD / 2617.0₮
AUD / 2378.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2198.0₮
TRY / 94.7₮
USD / 3589.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.66₮
SEK / 391.7₮
JPY / 25.2₮
RUB / 49.73₮
EUR / 4112.0₮
CHF / 4407.0₮
GBP / 4871.0₮
HKD / 459.8₮
CAD / 2617.0₮
AUD / 2378.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2198.0₮
TRY / 94.7₮
USD / 3589.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.66₮
SEK / 391.7₮
JPY / 25.2₮
RUB / 49.73₮
EUR / 4112.0₮
CHF / 4407.0₮
GBP / 4871.0₮
HKD / 459.8₮
CAD / 2617.0₮
AUD / 2378.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2198.0₮
TRY / 94.7₮
USD / 3589.0₮
CNY / 500.4₮
KRW / 2.66₮
SEK / 391.7₮
JPY / 25.2₮
RUB / 49.73₮
EUR / 4112.0₮
CHF / 4407.0₮
GBP / 4871.0₮
HKD / 459.8₮
CAD / 2617.0₮
AUD / 2378.0₮
SGD / 2814.0₮
NZD / 2198.0₮
TRY / 94.7₮
С.ОЮУН: БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХЯНАЛТ ТАВЬЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунтай ярилцлаа.

-Танай яамыг өнгөрсөн жилээс ерөнхий чиг үүргийнх болголоо. Энэ хэрээр бүтэц данхайж, орон тоо 40 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн?
-Ерөнхий чиг үүргийн яам болсон ч орон тоо нэгдсэн байдлаар нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл, Ус, Ойн агентлаг татан буугдаад яаманд газар болсон. Энэ агентлагуудад ажиллаж байсан мэргэжилтнүүдийг яамны ажилтнуудтай нийлүүлэхээр харин ч яамны орон тоо багассан. Ерөнхий чиг үүргийнх болгодог нь Шинэчлэлийн Засгийн газар байгаль орчны асуудлыг эрэмбээр нь дээш татаж байна гэсэн үг. Улмаар ногоон хөгжлийг тусгасан нь ганц байгаль орчин бус бүхий л салбарт хамааралтай болж байгаа юм.
-Жишээлбэл?
-Эрчим хүчний хэмнэлт ногоон хөгжилд маш чухал. Учир нь, эрчим хүчийг нүүрс шатааж гаргадаг. Нүүрс шатаахаар хүлэмжийн хийн бохирдол бий болно. Сэргээгдэх эрчим хүч нэвт­рүүлэх нь ногоон хөгжил учраас эрчим хүч, уул уурхайн сал­барын ч асуудал юм. Манайд уул уурхай хөгжиж байгаа ч нөхөн сэргээлт муу хийгддэг. Үйлдвэрлэлээ да­гаад замаа барихгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг уул уурхай ногоон хөгжил биш. Хөдөө аж ахуй маш их ус хэрэглэдэг. Ус бага хэрэглэдэг систем нэвтрүүлэх зүй зохистой хэрэглээ рүү орохгүй бол болохгүй байна. Тий­мээс байгаль орчинд сөрөг нөлөө багатай ээлтэй хөгжлийг хүсч байгаа бол, байгалийн баялгийг зүй зохистой ашигладаг боло­хын тулд ерөнхий чиг үүргийн яам байхаас өөр аргагүй болсон. 1990-ээд оны дундуур зах зээлийн нийгмийн шилжилтийн үед асуудлын эрэмбэ арай өөрөөр тавигдсан. Ямартай ч, эхний ээлжинд энэ шилжилтийг давж гарах нь чухал байв. Иргэд ажилтай, орлоготой, хувийн хэвшил хөл дээрээ тогтох ёстой байсан. Тиймээс байгаль орчны салбарт нүдээ аниад, алт олборлосон ч нөхөн сэргээлт хийдэггүй, үйлдвэрлэл явууллаа ч бохирдсон усыг голд нийлүүлж байв. Тэгсэн хэр нь хариуцлага хүлээдэггүй замбараагүй байдлаар явж ирсэн. Одоо манай эдийн засаг нэг үеэ бодвол тогтвортой өсч байна. Байгаль орчны салбарт ямар нэг арын хаалга байхгүй болж байна. Хувийн хэвшлийнхэн байгаль орчинд хариуцлагатай хандах нь зүй ёсны хэрэг боллоо. Байгаль орчны тухай багц хууль гарсантай холбогдуулан манай яам өнгөрсөн жил 80 гаруй журам боловсруулсан. Үүнээс эхний ээлжинд тодорхой хэсгийг нь Засгийн газраар оруулж батлууллаа.
-Усны хэрэглээний төл­бөрийг шинэчлэн тогтоохоор болсон. Үйлдвэрлэл ялан­гуяа нүүрсний уурхайн ус ашиглалтын мөнгө нэмэг­дэхээр иргэдэд үнийн дарамт ирэхгүй байгаа?
-Үйлдвэрлэлийн зориулал­таар ашиглаж буй усны төлбөрийг нэмж байгаа. Ахуйн зориулалтаар ашиглаж буй айл өрхийн ундны усны тариф нэмэгдэхгүй. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй ус манайд маш хямдхан. Туул голын нэг шоо метр ус 50 төгрөг. Ус сувагт нийлүүлж буй төлбөр нь 1100 төгрөг байх жишээтэй. Ус ашигласны төлбөр бага байдаг учраас замбараагүй хэрэглээ бий болж байна. Тиймээс бид Засгийн газраар хэлэлцүүлж буй журамд тусгаж өгөх юм. Энэ нь нэг талаар гамнах, хэмнэх явдлыг бий болгоно. Нөгөөтэйгүүр усыг дахин эргэлтэд оруулж ашиглавал тэр хэрээр хөнгөлөлт үзүүлнэ. Манай улсад усны голын сав газар 29 байдаг. Энэ газрууд бүгд захиргаатай болж байна. Захиргаатай гэдэг нь эзэдтэй болж байна гэсэн үг. Тухайлбал, Орхон голын сав газрын захиргаа нөөц нь ямар байгаа, яаж ашиглах ёстой, нөөцийг нэмж бүрдүүлэх ёстой юу, бохирдуулбал хэнд хариуцлага тооцох вэ гэдэгт хяналт тавихын зэрэгцээ судалгаа хийнэ. Тухайн ком­пани технологио шинэчилж чадахгүй ус бохирдуулаад бай­вал цаашид үйлдвэрлэл нь ашиггүй ажиллах хэм­жээний төлбөр ногдуулах механизм рүү шилжинэ. Тэгэхээр үйлдвэрүүд өөрийн эрхгүй технологио шинэ­чилж, урьдчилан цэвэрлэх төхөөрөмжөө суурилуулах хэрэгтэй болж буй юм. Арьс ширний үйлдвэрлэл явуулж байгаа ч урьдчилан цэвэрлэх төхөөрөмж сайтай компани ч бий.  Дээрээс нь төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй байгаа учраас Туул голд бохир ус ихээр нийлүүлж байгаа. Тиймээс эхний ээлжинд Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийг хийнэ. Концессын гэрээгээр тендер зарлаад цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. Үүнтэй зэрэгцээд бохирдсон Туул голыг цэвэрлэх ажил эхлэхгүй бол үр дүнгүй. Ер нь голыг цэвэрлэнэ гэдэг амаргүй ажил байдаг юм билээ. Бид Азийн хөгжлийн банкныхантай урьдчилсан байдлаар ярьж байна. Туул голын сав газрын захиргаа гэж байгуулсан.  Тус захиргаа Туул голын менежментийн төлөвлөгөөг гаргасан. Туул голын сав газрын байдал ямар байна вэ, цаашид яаж ажиллах ёстой вэ гэх зэрэгт анхаарал хандуулж байна. Энэ төлөвлөгөөр явбал маш их мөнгө зарцуулах юм билээ. Гэхдээ олон улсын бай­гууллага болон улсын төсвөөс хөрөнгийг нь үе шаттайгаар шийдээд явах ёстой.

Нөхөн сэргээлт, уул уурхайн асуудалд хатуу байр сууринаас хандах цаг болсон

-Байгаль орчны тухай багц хууль өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан. Хуу­лийн хэрэгжилт ямар байна вэ. Амьдрал дээр төдийлэн мөрдөгдөхгүй байгаа юм шиг ээ?
-Багц хууль батлагдсаны дараа түүнийг дагаад нарийвчилсан журмууд гардаг юм байна. Үүнтэй уялдуулан 80 гаруй журам боловсруулсны 30 гаруйг нь сайдын тушаал болон Засгийн газраар батлууллаа. Журмууд батлагдаад ирэхээр энэ хууль бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Хэдийгээр чадлаараа яаравчилж байгаа ч амьдралд нийцсэн журам боловсруулахын тулд хугацаа их шаарддаг юм байна. Учир нь, ямар нэг журмыг тооцоо судалгаагүй боловсруулахад амархан. Харин бодит амьд­ралд нийцүүлэхийн тулд судалгаа зайлшгүй шаард­лагатай. Тиймээс бид журам болгон дээр хэлэлцүүлэг явуулж байна. Тухайлбал, усны тариф нэмэх журмыг Засгийн газраар хоёр ч удаа хэлэлцсэн, энэ долоо хоногт дахин хэлэлцэхээр болсон. Ху­вийн хэвшлийнхэн болон бусад байгууллагуудтай ярилцаж байна. Усны тарифыг нэмэх нь зөв ч нөгөөтэйгүүр бизнесийг юу юугүй сөхрөөж болохгүй. Тэгэхээр балансыг нь тэнцвэржүүлэх ёстой. Бай­галь орчны нөхөн сэргээлтийн стандарт гэж гарах ёстой. Ялангуяа уул уурхайн нөхөн сэргээлт. Иргэд тэр бүр мэддэггүй байж магадгүй. Манай улсад уул уурхайн нө­хөн сэргээлт 2008 он хүртэл байхгүйтэй адил байсан юм билээ. Алтны олон шороон ордыг нөхөн сэргээх ёстой гэдэг ч ямар стандартаар хэрхэн нөхөн сэргээх вэ гэсэн хуульчилсан стандарт байгаагүй. Ингээд 2008 онд Алтны шороон ордуудын тухай стандарт гарсан. Одоо алт гэлтгүй олон талт ашигт малтмалын талаар ил, далд, шороон орд уу гэдгээс нь хамааран чиглэл бүрээр нь дэлхийн жишигт нийцсэн стандарт гаргана. Энэ талаар манай холбогдох газар маш эрчимтэй судалж байна. Учир нь, дэлхийн олон орны стандартыг судлахад цаг хуга­цаа маш их шаардаж байгаа. Манай салбарын энэ жил хийх томоохон ажлын нэг юм.
-Богдхан уулын тусгай хам­гаалалттай газарт замбараагүй газар олголт явагдсанаас тэнд нэг хороолол бий болчихоод байна. Үүнийг үе үеийн Байгаль орчны сайд нар цэгцэлнэ гэдэг ч чаддаггүй. Энэ талаар та бодитой ямар ажил хийх вэ?
-Яаманд шинэ удирдлага ирээд Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт шинээр газар олгохыг хориглосон. Бид ямартай ч сүүлийн 10 гаруй жил замбараагүй олгосон газар олголтыг лавшруулж нэмж олгохгүй. Өнгөрсөн хугацаанд тэнд юу болсон тухай судлуулахаар ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргалаа. Хэчнээн газрын зөвшөөрлийг хэдэн иргэн, аж ахуйн нэгжид өгсөн эсэх, хэд нь газраа зориулалтын бусаар ашигласан, хэчнээн нь хуульд заасан хугацаанд газраа ашиглаагүй зэргийг судаллаа. Тус тусгай хамгаалалттай газарт өнөөдрийн байдлаар 700 гаруй иргэн амьдарч байна. 1995 оноос өмнө амьдарч байсан иргэдийг тогтоож байна. Учир нь, 1995 онд Богд уул дархан цаазтай болсон. Тэндхийн  оршин суугчид “Бидний газрын асуудлыг шийдэж өгч чадахгүй байна” гэж бухимдан манай яаманд ирсэн. Бид хуулиараа иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх эрхгүй. Тусгай хам­гаалалттай газар нутагт таван жил хүртэл аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны яам өгөх эрхтэй. Энэ хугацаагаа сунгаж болно. Гэтэл сүүлийн 10 гаруй жил буруу зохицуулалтаар явж ирж. Тэнд амьдарч байсан иргэдийг “Газраа чөлөөлж өг” гэсэн хэр нь мөнгө төгрөг, бэл бэнчинтэй хүмүүст барилга барихыг нь зөвшөөрснийг иргэд шударга бус гэж үзэж байгаа. Би сайдаар ажиллах хугацаандаа тэндхийн иргэдийг “Газраа чөлөөлж өг” гэсэн шийдвэр гаргахгүй. Гэхдээ тэглээ гээд газар өмчлүүлэх эрх нь надад байхгүй. Энэ асуудал манай яамны мэдлээс давсан учраас Засгийн газар, УИХ-аар шийдүүлнэ. Бид энэ асуудлыг өргөс авах мэт хурдан хугацаанд шийдэж чадахгүй. Хэрхэн яаж шийдэж болох талаар чиглэл тус бүрээр нь судалгаа хийнэ.
Манай яам Горхи тэрэл­жийн тусгай хамгаалалттай газарт ажлын хэсэг гаргалаа. Тодорхой хугацаанд газар олголтыг зогсоогоод, тэнд хэчнээн байгууллагад газар өгсөн, даац нь хэтэрч буй эсэхийг нь судалж байна. Хөвсгөлд ч мөн газар олголтыг зогсоож, ажлын хэсэг гарган судалгаа хийж байгаа.
-Газраа зориулалтын бусаар ашиглаад амины орон сууц барьж худалдсан компаниудад ямар хариуцлага тооцох юм бэ?
-Байгаль орчинд үзүүлсэн хохирлын үнэлгээг эхний ээлжинд гаргаж ирнэ. Бас л УИХ, Засгийн газрын төвшинд шийдэх асуудал болчихоод байна. Манай яамны буруу шийдвэрүүд ч бий. Аялал жуулч­лалын зориулалтаар өгсөн хэр нь орон сууц бариад байхад нь нүдэн балай чихэн дүлий суугаад байдаг. Барилгын болон МХЕГ-ын зөвшөөрөл гарч байхад мэдээгүй дүр эсгэсэн. Энэ байгууллагуудад ч бид хандана. Ер нь Дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар нутгийг цаашид зөв ашиглах нь хамгийн чухал. Яармагт нэлээд газрын зөвшөөрөл олгочихсон байгаа юм билээ. Тэнд олон байшин барилга баригдаж эхлээгүй ч газрын зөвшөөрөл авчихсан байна.  Бүгд аялал жуулчлалын зориулалтаар газраа авсан байгаа юм. Тэгэхээр аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бид хориглох эрхгүй. Харин амины болон бусад зориулалтаар орон сууц бариулахгүй байх тал дээр хатуу хяналт тавих ёстой. Богдхан уулын тусгай хамгаалалттай газар болон Яармагт ая тухтай орчинтой амарч тухлах газар болон парк байгуулж яагаад болохгүй гэж. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутагт  Манзушир хийдийн талаас иргэдийн алх­даг жим бий болгож, цэвэр агаарт гардаг газар бий болгож болно.
-Байгаль орчны яам байгаль орчноо хамгаалах, түүний онгон сайхан байдалд нөлөөлөх ажил хийх ёстой байтал уул уурхайн компаниудад дийлдээд тэдний эсрэг ажил хийж чадахгүй байгаа юм шиг харагддаг. Энэ талаар та бүхэн ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Бид байгаль орчны нөлөөллийн үнэлгээ баталдаг ч хяналт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байдаг. Ихэнх орнуудад Байгаль орчны яам нь хяналт тавьдаг газар байдаг юм билээ. Бохирдсон газраас эхлүүлээд нөхөн сэргээлтээ хийгээгүй бол хяналт тавьдаг. Гэтэл манайд 2003 оноос хойш Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бүх хяналт төвлөрсөн. Хоорондоо салангид учраас уялдаа холбоо муутай. Манай яаманд нэг бичиг ирэхэд түүнийг шийдэхийн тулд бид МХЕГ руу албан бичиг явуулдаг. Мэргэжлийн хяналтын шинэчлэлийн талаар Засгийн газрын хуралдаанаар ярьж байгаа. Байгаль орчны яам хяналтаа аваад цогц бодлого хэрэгжүүлэх нь чухал. Мэргэжлийн хяналтыг буруу зөрүү гэхээсээ илүү яаман дээр цогцоороо байвал ажил илүү хурдан урагшилна. Ямар ч оронд Байгаль орчны яам гэвэл байгаль орчны хяналт гэж толгойд буудаг шүү дээ. Манайд бол нэг л сүрхий бодлого, хууль ярьдаг ч хэрэгжилтийг нь хянадаг газар нь тусдаа болчихоод байна.
-Танай яаманд “Алтайн хүдэр” компанийн талаар гомдол ирсэн гэсэн?

-Манай яам нөхөн сэргээлт уул уурхай дээр маш хатуу байр сууринаас хандах ёстой юм. 10 гаруй хоногийн өмнө Говь-Алтай аймгийн “Алтайн хүдэр” компанитай холбоотой гомдол “Шинэ зууны цээл” байгууллагаас манайд ирсэн. Бид ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагаа тайлагналаа. Орон нутгийнхан нэгдүгээрт замд маш их тоосжилт бий болж байгаа, хоёрдугаарт бая­жуулах үйлдвэрийн тоос­жилт, гуравдугаарт орон нутагтай хамтран ажиллах хариуцлагын гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэл хэлсэн. Тэр нь 150 гаруй км зам юм билээ. Үүний эхний 80 км-т хамгийн олон хүн суурьшдаг юм билээ. Энэ замыг ямар ч байсан энэ жил дуусгах үүрэг өглөө. Компанийнхан “Бид асфальтан зам тавихаар төлөвлөөд байсан. Гэтэл энэ зам хурдан эвдэрдэг учраас бетонон зам тавихаар боллоо. Энэ нь асфальтнаас арай илүү өртөг шаардагддаг учир хугацаа шаардлагатай байна” гэсэн. Нэг талдаа бетонон зам тавьж байгаа нь сайн хэрэг ч тийм ч амар шийдэх асуудал биш. Баяжуулах үйлдвэрийн тоосжилтод санал хүргүүлсэн. Орон нутагтай байгуулах гэрээгээ тухайн орон нутгийн удирдлагуудтай ярилцаад байгуулж буй гэж ойлгож байгаа. “Петро Чайна Дачин Тамсаг” гэрээгээ шинэчлэх хүсэлт Уул уурхайн яаманд тавихад Засгийн газар “Та нар 219 км замаа тавих ёстой. Тавихгүй бол үйл ажиллагааг чинь зогсоох санал тавина” гэж хэлсэн. Тэд ирэх намраас өмнө замаа тавихаа Засгийн газарт амласан. Зам тавих амлалтыг автал нь энэ асуудлыг Засгийн газар дээр хойшлуулж байсан. Хууль хяналтын байгууллагынхан маш эерэг хандлага бий болгож байгаа. Мөрдөн байцаах газар Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тасгийнхаа хүнийхээ тоог хоёр дахин нэмэгдүүлсэн. Мөн Эрүүгийн цагдаагийн газарт Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг шинээр байгууллаа. Байгаль орчин ногоон хөгжлийн яам ерөнхий чиг үүргийнх болж байгаа учраас аливаа асуудалд нэлээд хатуу байр суурьтай ажиллах ч амьдралд нийцэхгүй уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй болтол нь дүрэм журам гаргахгүй. Хуулийнхаа дагуу явж л байвал компаниудыг дэмжинэ. Харин эсрэг үйл ажиллагаа явуулж байвал хариуцлага тооцоод явах учиртай.
С.Батзаяа

0 Сэтгэгдэл
Английн the Economics сэтгүүлийг унших, сонсох, орчуулах чадварыг эзэмших англи хэлний өндөр мэдлэгтэй хүмүүст зориулсан тусгай курст бүртгэж байна. 99922603
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан