Чойжин ламын сүмд Монголын урлагийн шилдэг мастерууд, уран зураач, барималч, цутгуурч, сийлбэрч, зээгт наамалчдын сор болсон хосгүй үнэт бүтээлүүд хэдэн зууны турш хадгалагдаж ирсэн түүхтэй. Тус сүмийн арчлалт хамгаалалт хэр байгааг сонирхохоор өглөөний 10:00 цагийн үед очвол сүмийн ажил хэдийнэ эхэлж музейг сонирхохоор ирсэн хүүхэд, залуус анги хамт олноороо музей руу орж байлаа.
Зуны урь орсон тул цэцэрлэгт хүрээлэнд нь нялх ногоо соёлж, эргэн тойрон нам гүн байх агаад цаанаа л Монголын бурхан шашны өв, оюун ухааны сор бүтээлүүд заларсан учир хүч, энерги мэдрэгдэх шиг. Манайд их хэлмэгдүүлэлтийн үед 700 гаруй сүм хийдийг устгасан гэдэг. Харин хэдхэн хийд, сүм дуганыг нураалгүй үлдээсний нэг нь Чойжин ламын сүм. ҮIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж бариулсан уг сүм 1908 онд ашиглалтад оржээ. Ийм агуу өв соёл шингэсэн сүмээ бид хэрхэн хамгаалдаг юм бол оо. Сүмийн хаалгаар оронгуут хашааных нь шар шавар ховхорч унасан, эмтэрч, хэмхэрсэн дүр зураг угтахад өөрийн эрхгүй харамсч байлаа. Цааш явбал эргэн тойрон засвар хийх гэж байгаа бололтой шинэ тоосго буулгасныг хараад сэтгэл уужрав. Сүмийн цэцэрлэгжилт, ногоон байгууламж өнгөтэй, цэвэр сайхан харагдсан. Учир нь, Монголын урлагийн зөвлөл Чойжин ламын музейтэй хамтран “Чойжин ламын сүм музейн цэцэрлэгжилт” төслийг хэрэгжүүлж энэ ажлын хүрээнд 2000 гаруй мод 4050 ам.метр талбайн хөрсийг зүлэгжүүлж өнгийг нь зассан юм билээ. Харамсалтай нь, тус сүм эргэн тойрныхоо газраас хувийн компаниудад алдан олон талаасаа хавчигдах болсон гэнэ. Зүүн талд нь гэхэд арван давхар өндөр барилга сүндэрлэнэ. Урд талын хашаанд нь тулсан төмөр хашаа энэ газар эзэнтэй шүү гэсэн шиг харагдах аж. Энэ хашаа нь Чойжин ламын музейн урд талыг халхлан түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн сүр барааг дарж, эртний уран барилгын дизайныг эвдэж байх шиг.
Монголын архитектурын vнэт дурсгалд тооцогдох энэ музейг 1941 онд улсын нэгдvгээр зэргийн хамгаалалтад авч байжээ. Мөн 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хоёрдугаарт “Хамгаалалтын бүсэд түүх, соёл үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байх” гэх заалтын дагуу тус газрыг хамгаалалтад авахыг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга байсан М.Энхболдод даалгасан байдаг. Ингэж Чойжин ламын сүм музейг бүрэн хамгаалалтад авч, онцгой объект болгосон юм. Уг нь, Соёлын өвийг хадгалж, хамгаалах тухай хуульд онцгой объектоос дотогш 300 метрийн газарт ямар нэгэн барилга, байгууламж барихыг хориглодог ч өнөөдөр тус сүмийн эзэмшил газар руу хэдэн талаас нь хэн, хаанаас нь зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэхгүй компаниуд нэвтэрчээ. Энэ талаар Чойжин ламын сүм музейн менежер Н.Алгирмаа “Манайх анх 2010 онд хоёр га талбайтай гэж газрынхаа гэрчилгээг авсан. Гэтэл хажууд баригдаж буй барилгууд манайх руу түрээд орж ирсэн. Музейн газрын гэрчилгээг авах гэж кадастрын зураг хийлгэсэн чинь гол сүмийн хэмжээгээр 609.7 ам.метр талбайтай газартай гэж гарч ирсэн. Ингээд нэлээд ажил болгож байгаад газрын албанд хандан хоёр га га газрынхаа кадастрын зургийг хийлгэж аваад байна” хэмээн ярьсан юм.
Одоо жуулчид ирэх цаг болж байна. Иймээс засвар, хамгаалалтаа сайн хийж сүмийнхээ үйл ажиллагааг олон нийтэд дэлгэрүүлэх хэрэгтэй. Мөн сүмийн сэргээн засалтын ажлыг 2010 оноос эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн оноос хашаагаа засч эхэлсэн гэнэ. Сэргээн засалтын ажил дуусч сайхан сүм болно гэдгийг ч дуулгасан. Ямартай ч, хотын А зэрэглэлийн газар нүдний гэм болж буй өнөө үед түүх соёлын өвийг хадгалан хойч үедээ таниулан мэдүүлэх үүрэг хүлээсэн соёл, урлагийн газрууд халдлагад өртсөөр л байна. Чойжин ламын сүм музейн ажилтнуудад тулгарч буй хар сүүдэр Богд хааны ордон музейд ч туссан. Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүс 5.7 га байхаар тогтоосон ч нийслэлийн Засаг даргын 2002 оны 485 тоот захирамжаар “Номун гэрэл” төвд 5500 ам.метр газрыг шашны зориулалтаар эзэмшүүлжээ. Мөн хамгаалалтын бүсээс 16 мянган ам.метр газрыг “Ван трейд” ХХК-д үйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаатай тус тус эзэмшүүлсэн байна. Харин ордны хойт талын 16 мянган ам.метр талбайг “Нийслэл” фитнессийн зориулалттай барилга барьж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Музейн удирдлагууд салбарын яамнаас энэ талаар нааштай хариу ирнэ хэмээн чих тавин сууж байна гэсэн. Цөвүүн цагт мөхөөгүй сүм, хийд энх цагт хомхой сэтгэлтнүүдийн “гайгаар” устах вий дээ.