Дэлхийд цаг агаарын ажиглалт явагдаж эхэлсэн тэр үеэс хойш бүртгэгдсэн хамгийн халуун сарын нэг нь өнгөрсөн долдугаар сар боллоо. Зуны оргил үе болохоор долдугаар сард агаарын хэм нэмэгдэх нь зүйн хэрэг ч энэ жил олон жилийн дунджаас хол илүү халж хүн, амьтны үйлийг үзэв.
Жишээлэхэд, Хятадад сүүлийн 140 гаруй жил болж байгаагүй халуун болсны улмаас онц байдал зарласан. Тус улсын төв ба зүүн мужуудад хэдэн долоо хоногийн турш цельсийн нэмэх 40 хэмийн халуун байлаа. Аймшигтай халуунаас болж олон арван хүн нас барж, зуу зуун хүн наранд цохиулан эмнэлэгт хүргэгдлээ. Халуунаас зугатсан хүмүүс агаар сэрүүцүүлэгч төхөөрөмжтэй томоохон худалдааны төв, дэлгүүрүүдийг дүүргэх болж, бассейн, усан оргилуур орчимд сэрүүцэх гэсэн хүмүүсээ багтааж дийлэхгүй болсон аж.
Орост долдугаар сарын хэт халуунаас болж 13 бүс нутгийн 1,450 сая га газрын тариалан наранд түлэгдэн шатсанаас 40 гаруй тэрбум рублийн алдагдал хүлээгээд байна.
Словакид хэзээ ч байгаагүйгээр халуун болж, сүүдэр газар нэмэх 40,1 градус хүрэв. Халуунаас болж зүрхний шигдээс, тархины цус харвалтад нэрвэгдсэн өвчтөнүүдийн тоо нэмэгдэж, ойн түймэр олноор гарч байна.
Чехэд нэмэх 36 хэм хүртэл халж, үүнийг дагаад энэ улсад ер болж байгаагүй торнадо хуй салхи дэгдэж ургаа моддыг үндсээр нь суга татан, байшингийн дээврийг ховхолж, цахилгааны шугамыг тасалжээ. Австрид мөн л 30 градус давсан халуун болж дөрвөн хүн хэт халуунаас болж нас барсан. Долдугаар сарын сүүлээр хэт халуунаас болж нас баралт таван хувиар өссөн аж.
Румынд өнгөрсөн сарын сүүлийн хоёр өдөр 40-45 градус хүртэл халж, үүнээс үүдэн 10 гаруй хүн нас барав.
Румыний эрх баригчид мөн л онц байдал зарлаад байгаа бөгөөд түргэн тусламж, эмнэлгүүд онцгой байдлын горимоор ажилласан төдийгүй агаар сэрүүцүүлэгч төхөөрөмжтэй эмийн сан, үзлэгийн өрөөнүүдийг иргэдийг сэрүүцүүлэх, анхны тусламж үзүүлэх төв болгон хувиргажээ. Халууны улмаас “цахилгаан” менингит гэдэг онц аюултай өвчний вирус идэвхжиж 150 хүн өвдсөн байна. Өрөөнүүдийг нь агаар сэрүүцүүлэгчээр тоноглоогүй улсын албан газруудын ажлын цагийг богиносгожээ. Хэт халууны улмаас замын асфальт хайлж зөөлөрсөн болохоор том замуудаар өдрийн цагт долоон тонноос илүү ачаа тээдэг машин явахыг хориглосон. Мөн наран цэцэг, эрдэнэ шишийн тариалангийн тэн хагас нь үхсэн бөгөөд газар тариалангийн салбар нь 160 сая ам.доллар хохирол амсаад байна.
Молдавт 40 градус давсан халуун болж замын асфальт зөөлөрснөөс олон улсын шинжтэй хэд хэдэн замууд эвдэрч машин явахад бэрхшээлтэй болсон тул өдрийн цагаар ачааны машин явахыг хориглосон аж.

Украйнд долоон сарын сүүлийн долоо хоногийн турш нэмэх 37-40 градус хүрч халав. Халуунаас залхсан хүмүүс наймдугаар сарын эхээр нэмэх 30 хүрч “хүйтэрнэ” гэснийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Зарим хотод замыг эвдрэхээс сэргийлэхийн тулд өдрийн цагаар такси, троллейбус явахыг хориглосон. Жин үдийн ид халууны үед компьютер, гар утас хүртэл халж ажиллахгүй болжээ. Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн моддын навчис наранд түлэгдэн унасан байна. Грект Крит, Родос арлуудад ойн түймэр дэгдэж эрх баригчид гал унтраагч онгоц, нисдэг тэрэг дайчлахад хүрчээ.Испанийн Майоркт сүүлийн 20 жил болж байгаагүй ойн түймэр дэгдсэнээс 700 гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд түймрийг унтраахаар 300 гаруй гал сөнөөгч, аврагч өдөр шөнөгүй ажиллав.
Америкт мөн л аймшигтай халж, хууч өвчтэй олон зуун хүн нас барлаа. Өнгөрөгч сарын сүүлийн хэдэн өдөр Аризона мужид нэмэх 47 градус хүртэл халав. Калифорни мужид байдаг Үхлийн хөндийд агаарын халуун нэмэх 51 градус хүрсэн. “Боинг” мэтийн зорчигч тээврийн том онгоцууд нь нэмэх 52 градус хүртэлх халуунд нисч чаддаг ч нэмэх 47 градусын халуун нь онгоц хөөрөх, газардахад ихээхэн бэрхшээл учруулдаг болохоор халуунаас болж зарим мужийн агаарын харилцааг түр зогсоож ч магадгүйд тулсан.

Японы хувьд Яманаси, Гумма мужид агаарын хэм нэмэх 39 градус байсан бол Токиод нэмэх 35 градусаас буулгүй олон хоножээ. Үүний улмаас 19 хүн нас барж, 14 мянга орчим хүн наранд цохиулсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдлээ.
Италийн Генуя, Болонья, Больцано, Вероне, Перужа, Триест, Турин, Флоренц гэсэн найман том хотод агаар хэт халснаас болж онц байдал зарласан. Эдгээр хотод нэмэх 40 хүртэл халсан юм. Гурван талаасаа далайгаар хүрээлэгдсэн болохоор Италид хэт халууныг дагаад агаарын чийгшэл эрс нэмэгдсэн болохоор өдрийн цагаар хүн амьсгалахад бэрх болсон байна.
Хэт халуунаас болж эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж халуунаас хэрхэн сэргийлэх, наранд цохиулсан үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгдөг үнэтэй дугаар нээн ажиллуулжээ. Долдугаар сарын сүүлийн хэдэн хоног Италид 10 жилд болж байгаагүйгээр халсан аж.

Англид долдугаар сард мөн л хэт халснаас 800 орчим хүн нас барсан байна.
Германд Мюнхен хот хоорондын төмөр зам рельс уярч өөрчлөгдсөн тул хөдөлгөөнийг түр хаасан байна.
Судлаачдын тогтоосноор нас баралтын төвшин хамгийн бага байдаг агаарын халуун 20-22 градус. Энэ халуун 10 градусаар дээшлэхэд хүн амын нас баралт 10 хувь нэмэгддэг.
Энэ жил агаар ингэж халж байгаагийн гол “буруутан” нь нарны идэвх гэнэ. Нарны өндөр идэвхийн 11 жил үргэлжилдэг мөчлөг 2008 онд эхэлсэн бөгөөд оргил үе нь энэ жил таарч байгаа юм байна. Нарны идэвх нэмэгдэхийн дагаа дэлхийн соронзон орны хүчтэй хэлбэлзэл буюу соронзон шуурганы тоо эрс нэмэгдсэнээр соронзон оронд өөрчлөлт гарч, түүнийг дагаад агаарын даралт, цаг агаарт өөрчлөлт гардагийн нэг илрэл нь өнгөрсөн сарын аймшигт халуун байсан аж.